Та нарын үйлчлэх ариун үүрэг

Залуу Эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч

Дэвид Л.Бэк


Чи санваарт томилогдсон тэр мөчид бусдад үйлчлэх хүч, эрх мэдэл болон ариун үүргийг хүлээн авсан.

Үйлчилснээс ирдэг баяр баясал

Аароны санваартай залуу эрэгтэйчүүд ээ! Та нар бол Бурханы хайртай хөвгүүд бөгөөд та нараар хийлгэх агуу ажил Түүнд бий. Энэ ажлыг амжилттай бүтээхийн тулд, та нар бусдад үйлчлэх ариун үүргээ гүйцэтгэх ёстой.1

Та нар үйлчлэх гэж юу гэсэн үг болохыг мэдэх үү? Намайг та бүхэнд Чаи Жонсон гэдэг охины тухай ярьж байх зуур энэ асуултын талаар бодоорой.

Өнгөрсөн жил Чаиг ахлах сургуульд ороход нь хүүхдүүд ноцтойгоор дээрэлхжээ. Түүнийг ангид орж ирэхэд муухай хандаж, түлхэж, шоглож зарим сурагчид бүр түүн рүү хог шидсэн байна. Та нар ч гэсэн сургууль дээрээ хүүхдүүд иймэрхүү байдлаар дээрэлхүүлж байхыг харсан байх.

Олон хүний хувьд өсвөр нас бол ганцаардал, айдсын үе байдаг. Гэхдээ энэ нь заавал тийм байх албагүй. Аз болоход Чаигийн сургууль дээр үйлчлэх гэж юу гэсэн үг болохыг ойлгодог залуу эрэгтэйчүүд байсан юм.

Чаигийн ээж нь багш нараас охиныг нь дээрэлхэхийг зогсооход туслахыг хүссэн боловч энэ нь үргэлжилсээр л байв. Тэрээр Аароны санваартан, Америк хөл бөмбөгийн багийн гарааны тоглогч Карсон Жоунстой ярилцаж охиныг нь хэн дээрэлхээд байгааг олоход туслахыг хүсчээ.

Карсон туслахыг зөвшөөрсөн ч тэрээр зүгээр л дээрэлхдэг хүүхдүүдийг зааж өгөхөөс хавьгүй илүү зүйл хийж чадна гэдгийг зүрхэндээ мэдэрчээ. Чаид бусдын хайрыг мэдрэхэд нь туслах хэрэгтэй гэж Ариун Сүнс түүнд шивнэжээ.

Карсон багийнхаа зарим тоглогчдоос хамтдаа үйлчлэхийг хүссэн байна. Тэд Чаи–г үдийн хоолны цагаар хамт суухыг урьж, түүнийг аюулгүй байгааг мэдэхийн тулд анги руу нь хүргэж өгч байлаа. Гайхах зүйлгүй. Хөл бөмбөгчин найзуудтай болсон Чаиг дахиж хэн ч дээрэлхсэнгүй.

Тэр үе нь хөл бөмбөгийн багийн хувьд сэтгэл догдлуулсан мөч байлаа. Хэдийгээр улирлын турш ганц ч ялагдалгүй баяр хөөрөөр дүүрэн байсан ч эдгээр хөвгүүд Чаиг мартаагүй юм. Тэд түүнийг тоглолтын дараа талбай дээр багтаа нэгдэхийг урьсан байна. Чаи бусдын хайр, хүндлэл, мөн аюулгүй байдлыг мэдэрчээ. Тэр аз жаргалтай байлаа.

Хөл бөмбөгийн баг нь мужийн аваргын төлөө үргэлжлүүлэн тоглохоор болсон юм. Гэхдээ хөл бөмбөгийн аваргаас илүү чухал зүйл тэдний сургууль дээр боллоо. Эдгээр хөвгүүдийн үлгэр жишээ бусад сурагчдыг илүү нөхөрсөг, нийтэч байх урам зориг өгсөн байна. Одоо тэд бие биедээ илүү эелдэг, хүндэтгэлтэйгээр ханддаг болсон.

Үндэсний хэвлэл мэдээллийнхэн эдгээр хөвгүүдийн хийсэн зүйлийг олж мэдээд орон даяар тэдний талаар мэдээлсэн байна. Нэг хүнд үйлчлэх хичээл зүтгэл олон мянган хүмүүсийг мөн адил үйлчлэлд хөтөлж байна.

Чаигийн ээж нь хөвгүүдийг “дүрээ хувиргасан тэнгэр элчүүд” гэж дууддаг.Харин Карсон болон түүний найзууд нь бид Чаигийн амьдралд адислал болсноос илүүтэйгээр тэр бидний амьдралыг бүр илүүгээр адисласан гэж маш урамтай хариулдаг байна. Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулах юм бол чи өөрийгөө олох болно гэдэг чинь л энэ шүү дээ.2 Эдгээр хөвгүүд үйлчилснээс ирдэг баяр баяслыг мэдэрсэн бөгөөд цаашид бусдыг адислах боломжуудыг үргэлжлүүлэн эрж хайдаг. Хэдэн сарын дараа тэд үйлчлэлээ бүрэн цагийн номлогчийн хувиар үргэлжлүүлнэ гэхээс тэсэн ядан хүлээж байна.3

Хэрэгцээ ба үүрэг

Чаи Жонсон шиг Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэх хэрэгтэй хүмүүс дэлхий даяар мянга мянгаараа байгаа. Тэд танай сургууль, санваарын чуулга, бүр гэр бүлд чинь хүртэл бий. Зарим нь шууд л толгойд орж ирдэг. Харин бусдынх нь хэрэгцээ тийм ч ил тод байдаггүй. Үндсэндээ та нар өөрсдийн мэддэг хүн бүрийг үйлчлэлээрээ дамжуулан адислах боломжтой. Их Эзэн та нарыг тэдгээр хүмүүст үйлчилнэ гэдэгт найдаж байгаа.

Бусдад үйлчлэхийн тулд чи алдартай тамирчин байх албагүй. Чи санваарт томилогдсон тэр мөчид бусдад үйлчлэх хүч, эрх мэдэл мөн ариун үүргийг хүлээн авсан билээ. Ерөнхийлөгч Жэимс Э.Фауст ингэж заажээ, “Санваар бол Бурханы нэрээр үйлчлэхийн тулд эрэгтэй хүнд өгөгдсөн эрх мэдэл юм.”4 Аароны санваар нь тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгадаг.5

Та нар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хайрласнаар Тэр та нарыг удирдаж, тэнгэр элчүүд та нарт туслах болно.6 Та нарт бусдын амьдралыг адисалж, бодгалуудыг аврах хүч өгөгдөх болно.

Есүс Христ бол та нарын үлгэр жишээ юм. Тэр “Үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн.”7 Үйлчлэх гэдэг нь бусдыг хайрлаж, халамжлахыг хэлдэг. Энэ нь тэдний биеийн болон сүнслэг хэрэгцээг хангах гэсэн үг. Энгийнээр хэлэхэд Аврагч энд байсан бол Тэр юу хийх байсан бол гэсэн үг юм.

Танай гэр бүл

Өөрийнхөө гэрээс эхлэх хэрэгтэй. Энэ нь та нарын хувьд үйлчлэлээ хийх хамгийн чухал газар юм.8

Та нар нэг сонирхолтой туршилт хийж үзмээр байна уу? Хэзээ нэгэн цагт ээж чинь чамайг гэрийн ажилд туслахыг хүсэхэд нэг иймэрхүү хариулт хэлээрэй “Асуусанд баярлалаа, ээжээ. Би дуртайяа тусална.” Тэгээд юу болохыг хараарай. Та нарын зарим нь үүнийг туршихаасаа өмнө ер нь анхны тусламж яаж өгдөг вэ гэдгийг дахиад нэг уншчих хэрэгтэй байх аа. Учир нь чи ээжийгээ гэнэтийн цочролд оруулж мэднэ. Ээжийгээ сэргээсний дараа та хоёрын харилцаанд мэдэгдэхүйц ахиц гарч гэр дэх Сүнслэг байдал нэмэгдсэнийг чи харах болно.

Энэ нь гэртээ хэрхэн үйлчлэх талаар ганцхан жишээ юм. Өөр зөндөө арга зам бий. Гэрийнхэндээ эелдэг үгс хэлснээр тэдэнд үйлчилж болно. Мөн та нар ах, эгч, дүү нартаа хамгийн сайн найзууд шигээ хандаж үйлчилж болно.

Магадгүй хамгийн чухал нь чи аавдаа гэрийнхээ сүнслэг удирдагчийнх нь үүргүүдэд тусалснаар үйлчилж болно. Гэр бүлийн үдэш, гэр бүлийн залбирал болон гэр бүлээрээ судраас судлахад бүхий л тусламж, дэмжлэгээ үзүүл. Ариун Сүнсийг гэртээ байлгахын тулд өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хий. Энэ нь танай аавыг үүрэг хариуцлагад нь хүчирхэгжүүлж, чамайг ирээдүйд эцэг болоход бэлтгэх болно. Хэрэв танай гэрт эцэг хүн байхгүй бол гэр бүлдээ үйлчлэх чиний хариуцлага бүр илүү хэрэгтэй.

Танай чуулга

Та нар мөн өөрийн чуулгадаа үйлчлэх үүрэгтэй.

Санваар нь дэлхий даяар түгэн дэлгэрч байна. Ерөнхийлөгч Монсоны бусдыг аврах дуудлагыг та нарын олон нь сонсож байгаа билээ. Одоо сүмийн түүхэнд урьд өмнө байснаас илүү их идэвхтэй Аароны санваартнууд байна. Гэсэн хэдий ч идэвхгүй болсон мөн та нарын тусламж хэрэгтэй хүмүүс олон бий.

Өнгөрсөн зургаан сард Энэтхэг улсын Бангалор хотод шинэ салбар нээгдэхэд санваарын цуглаанд байсан цорын ганц залуу эрэгтэй нь саяхан диконы албанд томилогдсон Гладвин гэдэг хүү байдаг.

Гладвин Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгч болон салбарын ерөнхийлөгчтэйгөө идэвх султай залуу эрэгтэйчүүд рүү утсаар ярьж, тэдний гэрт нь очиж эхлэв. Удалгүй хоёр дахь залуу эрэгтэй болох Самуэл гэдэг хүү сүмдээ явж эхэллээ.

Гладвин, Самүэл хоёр долоо хоног бүр чуулгын цуглаандаа ирээгүй хөвгүүд рүү утсаар ярьж, юу сурснаа хуваалцдаг байв. Мөн тэр хоёр, хөвгүүдийн төрсөн өдрөөр нь утсаар ярих эсвэл гэрт нь очдог байжээ. Идэвх султай залуу эрэгтэйчүүд нэг нэгээрээ тэдний найзууд болж чуулгын үйл ажиллагаанд оролцох урилгыг хүлээн аван чуулгын цуглаандаа явж, улмаар өөрсдийн үйлчлэлээ хийдэг болсон байна. Өнөөдөр салбарын бүх залуу эрэгтэйчүүд сүмдээ идэвхтэй болсон.

Аароны санваарын чуулгууд нь зөвлөлд сууж, нэг нэгнээ сэнхрүүлэх хүчирхэгжүүлэх үүрэгтэй гэж судрууд заадаг.9 Та нар сайн мэдээний үнэнүүдийг зааж, сүнслэг туршлагуудаа ярилцан, гэрчлэлээ хуваалцсанаар бусдыг сэнхрүүлдэг. Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах материал нь эдгээр харилцааг чуулгын цуглаануудад уриалдаг боловч энэ нь зөвхөн чуулгын гишүүн бүр хайр хүндэтгэлийг мэдэрсэн цагт л биеллээ олох юм. Шоолох, тохуурхах явдал чуулгын цуглаанд байх ёсгүй, ялангуяа сэтгэлээсээ ярилцаж байгаа үед. Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүд чуулгын цуглаануудыг хүн бүр оролцож болохуйц аюулгүй, таатай уур амьсгал бүхий орчинг байлгах ёстой.

Төлөөлөгч Паул ингэж анхааруулжээ: “Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө.”10

Санваартнууд хэзээ ч бүдүүлэг, бохир үг хэллэг хэрэглэдэггүй. Бид хэзээ ч бусдыг дээрэлхэж, өвтөгдөггүй. Харин бусдыг дэмжиж, хүчирхэгжүүлдэг. Энэ нь үйлчлэх энгийн боловч хүчирхэг арга зам юм.

Ямар ч үед

Үйлчлэх нь зөвхөн ёслолууд, гэрийн багшлалт хийх, эсвэл үйлчлэл үзүүлэхээр хязгаарлагддаггүй. Бид бүгд үргэлж санваартан ах нар байдаг. Зөвхөн ням гарагт биш, зөвхөн цагаан цамц, зангиатай байхдаа ч биш юм. Бид хаа ч байлаа гэсэн үйлчлэх үүрэгтэй. Үйлчлэх нь бидний зүгээр л нэг хийдэг зүйл биш, энэ нь биднийг хэн бэ гэдгийг тодорхойлдог юм.

Өдөр бүр бусдад үйлчил. Үйлчлэх боломж нь та нарын эргэн тойронд байдаг. Тэдгээр боломжуудыг эрж хай. Тэдгээрийг олж танихын тулд Их Эзэнээс тусламж хүс. Та нар тэдгээр боломжуудыг Есүс Христийн дагалдагчид болоход нь хүмүүст тусалдаг өчүүхэн боловч чин сэтгэлийн үйлсээс олж харах болно.11

Та нар Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах зохистой байдлыг эрэлхийлэх аваас үйлчлэхийг сануулсан мэдрэмж, бодлуудыг таних болно. Та нар эдгээр сүнслэг мэдрэмжийн дагуу үйлдсэнээр бүр ихийг хүлээн авч, үйлчлэх боломж бололцоо тань өсөн нэмэгдэх болно.

Залуу ах нар минь, та нар Бурханы нэрээр үйлчлэх гайхамшигтай Аароны санваарын эрх мэдэл ба хүчийг хүлээн авсан гэдгийг би гэрчилж байна.

Бусдад үйлчилснээр та нар хүмүүст туслах Бурханы мутар дахь зэмсэг байх болно гэдгийг би гэрчилж байна. Та нарын амьдрал илүү сайхан, утга учиртай байх болно. Та нар хилэнцийг эсэргүүцэх илүү агуу хүчийг олж авах болно. Мөн та нар жинхэнэ аз жаргалыг, зөвхөн Есүс Христийн жинхэнэ дагалдагчдын мэддэг тэр аз жаргалыг олох болно.

Та бүхэн үйлчлэх ариун үүргээ гүйцэлдүүлэхээс ирдэг баяр баяслыг мэдрэх болтугай хэмээн Есүс Христийн нэрээр би залбирч байна, амен.

Show References

  1.  

    1. Сургаал ба Гэрээ 84:111 –ийг үзнэ үү.

  2.  

    2. Марк 8:35–ыг үзнэ үү.

  3.  

    3. Trent Toone, “Kindness of Arizona High School QB Carson Jones and Teammates Has Gone Viral,” Deseret News, Nov. 9, 2012 deseretnews.com/article/865566351/Kindness-of-Arizona-high-school-QB-Carson-Jones-and-teammates-has-gone-viral.html –г үзнэ үү.

  4.  

    4. Жэимс Э.Фауст, “Ач хөвгүүддээ хэлэх захиас,” Ensign or Лиахона, 2007 оны 5-р сар, 54; тодотгол нэмсэн.

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 13–ыг үзнэ үү.

  6.  

    6. Сургаал ба Гэрээ 84:88–ыг үзнэ үү.

  7.  

    7. Матай 20:27–28–ыг үзнэ үү.

  8.  

    8. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.4.5 –ыг үзнэ үү.

  9.  

    9. Сургаал ба Гэрээ 107:85.

  10.  

    10. Ефес 4:29

  11.  

    11. Гарын авлага 2, 3.2.3 –ыг үзнэ үү.