Тэдний шархыг боо

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх,


Бидний мөнх бус аялалд Их Эзэн биднийг санваарын ямар ч үйлчлэлд тохоосон бай үүнийг хийхэд бид бэлтгээсэй хэмээн би залбирч байна.

Бид бүгдээрээ бусдад халамж тавих үүрэгтэй билээ. Бурханы санваарыг атгахдаа Түүний хүүхдүүдийн мөнхийн амьдралын төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдэг. Энэ нь бодитой бөгөөд гайхалтай, бас зарим үед хэмжээлшгүй их санагдаж болно.

Үүнийг сонсож байгаа ахлагчдын чуулгын ерөнхийлөгчид миний хэлэх гэсэн санааг ойлгож байгаа. Та нарын нэгэнд нь ийм зүйл тохиолдож байсан. Бүр та нарын ихэнхэд чинь—хэд хэдэн удаа тохиолдож байсан байх. Тохиолдлууд нь өөр өөр ч нөхцөл байдал нь адилхан билээ.

Таны сайн мэдэхгүй нэг ахлагч танаас тусламж хүсчээ. Тэрээр эхнэр болон бяцхан хүүгээ амьдарч байсан байрнаасаа ойролцоо буй өөр нэг байр руу нүүлгэх хэрэгтэй болсноо саяхан мэдсэн байв.

Тэд гэрийнхээ эд хогшлоо нүүлгэхээр нэг найзаасаа ачааны машиныг нь нэг өдрийн турш хэрэглэхээр аль хэдийн гуйсан байлаа. Найз нь тэдэнд машинаа зээлсэн ба залуу эцэг бүхий л эд хогшлоо ачиж эхлээд хэдхэн минутын дараа нуруугаа гэмтээчихэж. Машинаа зээлсэн найз нь туслахад хэтэрхий завгүй байв. Цөхөрсөн залуу эцэг та нарын тухай, ахлагчдын чуулгынхаа ерөнхийлөгчийн тухай бодлоо.

Түүнийг тусламж хүсэх үед үдээс өмнө байсан бөгөөд энэ нь сүмийн оройн хурал болох өдөр байлаа. Та эхнэртээ гэрийн ажилд нь тусална гэж аль хэдийн амласан байв. Таны хүүхдүүд танаас ямар нэг зүйл тэдэнтэй хамт хийхийг хүссэн байсан ч танд үүнийг нь хийх цаг байсангүй.

Танай чуулгын гишүүд, ялангуяа хамгийн итгэлтэй, та үргэлж тусламж хэрэгтэй үед дууддаг тэдэнд ч бас тантай адил хэцүү нөхцөл байдал байгааг та мэдэж байлаа.

Их Эзэн таныг энэ дуудлагад дуудахдаа танд иймэрхүү хүнд өдөр тохионо гэдгийг мэдэж байсан, тиймээс Тэрээр та бүхнийг урамшуулахаар нэгэн түүхийг өгсөн билээ. Энэ нь тун завгүй санваар атгагчдад зориулсан сургаалт зүйрлэл юм. Бид заримдаа үүнийг сайхан сэтгэлт Самари хүний түүх гэж нэрлэдэг. Гэвч энэ нь үнэндээ өнөөгийн завгүй, хэцүү эцсийн өдрүүд дэх агуу санваар атгагчдад зориулсан түүх билээ.

Ажилдаа дарагдсан санваарын үйлчлэгчдэд энэ түүх төгс тохирдог. Та өөрийгөө шархадсан хүний хажуугаар өнгөрдөг прист эсвэл Лэви хүн бус харин Самари хүн гэдгээ санагтун.

Тиймэрхүү сорилт бэрхшээлүүд тулгарсан үед та бүхэн энэ түүхийн тухай бодож байгаагүй байх. Гэвч тийм өдрүүд мэдээж ирэх бөгөөд тэр үед та уг түүхийг бодоосой хэмээн би залбирч байна.

Судрууд бидэнд уг Самари хүнийг яагаад Иерусалимаас Иерихо хүрэх замд дээр аялж байсныг хэлдэггүй. Хулгайчид сэрэмжгүй нэгнийг отож байсыг мэдэж байсан учраас тэр мэдээж хэрэг ганцаараа явж байгаагүй байх. Тэрээр чухал аялалд явж байсан ба тэр заншлын дагуу тос, дарс болон хүнд ачаа хөллөсөн малтай байсан.

Уг Самари хүн шархадсан хүнийг “харуутаа өрөвдөн” зогссон хэмээн Их Эзэн хэлсэн.

Тэрээр зөвхөн өрөвдөөгүй бөгөөд үйлдэл хийсэн юм. Уг түүхийн дэлгэрэнгүй хэсгийг үргэлж санагтун:

“Тэр … түүн уруу ирж, шарханд нь тос, дарс асгаж боогоод, адгуусан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.

“Маргааш нь тэр хоёр денар авч буудлын эзэнд өгөөд, ‘Түүнийг асарч байгаарай, Та илүүг зарвал, би буцахдаа танд дахин төлье’ гэжээ.”1

Санваар атгагчид болон удирдахаар дуудагдсан та бүхэн үүнээс хамгийн багадаа гурван амлалт авч чадна. Нэгдүгээрт, хэрэв та асуувал Их Эзэн гачигдсан тэднийг өрөвддөг шиг тэрхүү өрөвдөх мэдрэмжийг танд өгнө. Хоёрдугаарт, Тэрээр дэн буудлын эзэн шиг таны үйлчлэлд нэгдэх хэн нэгнийг илгээх болно. Гуравдугаарт, Их Эзэн сайхан сэтгэлт Самари хүн шиг, гачигдсан тэдгээрт туслах хүн бүхнийг илүүгээр шагнах болно.

Чуулгын ерөнхийлөгчид та бүхэн эдгээр амлалтууд дээр нэг бус удаа үйлдэж байсан байх. Та Их Эзэний санваартнуудаас тусламж хүсч, тэднийг өрөвдөх сэтгэлтэйгээр тусална гэсэн итгэлтэйгээр асуусан байх. Тэдэнд өрөвдөх сэтгэл илүү амархан төрнө гэдгийг та мэдсэн учраас өмнө нь үргэлж тусалж байсан тэдэнд хандахаас айгаагүй. Тэд өмнө нь туслана гэдэг сонголт хийхдээ Их Эзэний өгөөмөр занг мэдэрсэн гэдгийг та мэдэх учраас тэдэнд хандсан юм. Ихийг золиосолбол их шагналыг Их Эзэнээс хүртэнэ гэдгийг мэдэх учраас та аль хэдийн хүнд бэрхшээлтэй байгаа зарим нэгнээс туслахыг гуйсан. Урьд нь тусалж байсан тэд Аврагчийн агуу талархлыг мэдэрсэн билээ.

Та хэн нэгнээс тусламж хүсэлгүйгээр тэр ачааны машинд ачиж, буулга гэсэн мэдрэмж авсан байж болно. Удирдагчийн хувьд та чуулгынхаа гишүүд болон тэдний гэр бүлийг мэддэг билээ. Их Эзэн тэднийг төгс мэддэг.

Нөхөр нь эхнэртээ хийх шаардлагатай ажилд нь туслах цаг гаргаж чадахгүй байснаас болж эхнэрт нь маш хэцүү байсныг Их Эзэн мэддэг. Хүүхдүүд нь аавыгаа дахин нэг удаа бусдад туслахаар явж байгааг харснаар адислагдах байсан уу эсвэл тэр өдөр аав нь хүүхдүүддээ цаг гаргаснаар хүүхдүүд нь аавынхаа хувьд үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх нь чухал байсан уу гэдгийг Их Эзэн мэднэ. Хамт үйлчлэхэд бэлэн эсвэл хүсэлтэй мэт харагдахгүй байгаа ч асуувал зөвшөөрөх тэднийг Их Эзэн түүнчлэн мэддэг билээ.

Та чуулгынхаа бүх гишүүдийг төгс мэдэхгүй ч Бурхан мэднэ. Тиймээс та маш олон удаа хийж байсан шигээ бусдад хамтдаа үйлчлэхийг хэнээс асуухаа мэдэхийн тулд залбирсан. Хамт үйлчлэхийг хэнээс асуувал тэр хүн адислагдахыг мөн хэнээс асуухгүй байвал түүний гэр бүл адислагдахыг Их Эзэн мэдэж байгаа. Энэ бол та санваарт удирдахдаа ирэхийг хүлээх тэр илчлэлт билээ.

Би залуу байхдаа түүнийг тохиолдохыг харсан юм. Би пристүүдийн чуулгын нэгдүгээр туслах байлаа. Нэг өдөр бишоп гэртээ байхад маань над руу залгасан юм. Тэр надаас тусламж үнэхээр хэрэгтэй байгаа нэгэн бэлэвсэн эгчийнд хамт очихыг хүсч байгаа бөгөөд миний хэрэг байна гэж хэллээ.

Намайг авахаар манайд ирэхийг нь хүлээж байхдаа би гайхаж байлаа. Бишоп хүчирхэг бас мэргэн зөвлөхүүдтэй гэдгийг би мэдэж байв. Нэг нь нэртэй шүүгч, нөгөө нь том компанитай бөгөөд хожим нь ерөнхий эрх мэдэлтэн болох байлаа. Бишоп өөрөө ч бас нэг өдөр ерөнхий эрх мэдэлтэн болох байв. Бишоп яагаад туршлагагүй пристэд “чиний тусламж хэрэгтэй байна” гэж хэлдэг билээ?

Бишоп маань надад “Их Эзэн чамайг адислах хэрэгтэй байна” гэж хэлж байсныг нь би одоо сайн ойлгодог. Бэлэвсэн эмэгтэйгийнд тэрээр түүнд өмнө нь орхисон төсвийн маягтийг бөглөхөөс нааш сүм тусалж чадахгүй гэж хэлэхийг нь хараад би их гайхаж билээ. Гэртээ харах замдаа тэр миний хэр их цочирдсон байгааг хараад инээд алдан: “Хэнри, зарцуулах зүйлдээ хяналт тавибал тэр бусдад туслах боломжтой байх болно” гэлээ.

Бас нэг удаа бишоп маань архи уудаг нэгэн гэр бүлтэй уулзахаар намайг хамт авч явлаа. Биднийг очиход тэд айдаст автсан хоёр жаахан охиноороо хаалгаа нээлгэв. Хоёр жаахан охинтой товчхон ярилцсаны дараа бид буцах үед бишоп надад: “Бид одоохондоо тэдний амьдрал дахь гай зовлонг өөрчилж чадахгүй ч Бурхан тэдэнд хайртай гэдгийг тэд мэдэрч чадна” гэлээ.

Өөр нэгэн орой тэр намайг сүмд олон жилийн турш ирээгүй нэг залуугийн гэрт дагуулж очсон юм. Бишоп түүнд хэр их хайртайгаа болон тойрогтоо тэр хэр их хэрэгтэй байгааг хэлэв. Энэ нь түүнд нэг их нөлөөлөөгүй мэт санагдлаа. Гэвч бишоп намайг тэр үед, мөн авч явах үе бүрд надад хүчтэй нөлөөлж байсан юм.

Бишоп тэдгээр айлчлалаар өөртэй нь хамт явснаар аль прист адислагдана гэдгийг залбирч мэдсэн эсэхийг би ерөөсөө мэдэхгүй. Тэр магадгүй бусад пристүүдийг олон удаа авч явсан байх. Гэвч хэзээ нэг өдөр намайг бишоп болоод итгэл нь хөрсөн тэднийг сайн мэдээнд эргүүлэн авчрахаар урина гэдгийг Их Эзэн мэдэж байсан билээ. Хэзээ нэг өдөр намайг зуурдын хэрэгцээндээ цөхөрсөн хэдэн зуун, бүр хэдэн мянган Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө санваарын үүрэг хариуцлага хүлээн авна гэдгийг Их Эзэн мэдэж байсан.

Залуу эрэгтэйчүүд ээ, Их Эзэн та нарт санваарын ямар хариуцлага өгөхөөр бэлтгэж байгааг та нар мэдэхгүй. Гэвч санваар атгагч хүн бүрийн хувьд илүү том шалгуур нь сүнслэг тусламж өгөх явдал юм. Бидэнд бүгдэд маань энэ хариуцлага бий. Энэ нь чуулгын гишүүн бүрд ирдэг билээ. Энэ хариуцлага гэр бүлийн гишүүн бүрд ирдэг. Хэрэв чуулгын чинь эсвэл гэр бүлийн чинь хэн нэгний итгэл рүү Сатан довтолбол та түүнийг өрөвдөн хайрлах сэтгэлийг мэдэрнэ. Яг л Самари хүний үзүүлсэн үйлчлэл болон нигүүлсэлтэй адил та нар түүнчлэн хэрэгцээтэй цагт нь тэдний шархыг эдгээх тосоор үйлчлэх болно.

Бүрэн цагийн номлогчид оо, та бүхэн үйлчилж байхдаа сүнслэг байдлаар гачигдсан мянга мянган хүнтэй уулзах болно. Та нар тэдэнд заахаас нааш тэд өөрсдийгөө эцэс төгсгөлгүй зовлон авчрах сүнслэг байдлын шархтай гэдгээ мэдэхгүй. Мөн тэр шархаа эмчлэхгүй яваа гэдгээ тэд мэдэхгүй байгаа. Та нар тэднийг аврахаар Их Эзэний зараалаар явах болно. Тэд мөнх амьдрал руу хөтлөх ёслолуудыг хүлээн зөвшөөрөх үед зөвхөн Их Эзэн л тэдний сүнслэг байдлын шархыг эдгээж чадна.

Чуулгын гишүүн, гэрийн багш болон номлогчийн хувьд та нарын итгэл хүчирхэг биш бол та нар хүмүүст сүнслэг шархуудаа эдгээхэд нь тусалж чадахгүй. Энэ нь судруудыг тогтмол уншиж, тэдний төлөө залбирахаас илүү зүйл билээ. Товчхон залбирал, судраас хальт унших нь хангалттай бэлтгэл биш юм. Та нарт хэрэгтэй амлалт Сургаал ба Гэрээний 84-р хэсэг дэх зөвлөгөөтэй хамт ирдэг: “Мөн та нар юу хэлэхээ урьдаас бүү бод; харин амьдралын үгсийг оюундаа ямагт нөөцөл, мөн хүн болгонд хэмжигдэх тэрхүү хэсэг нь яг тэр цагт та нарт өгөгдөх болно.”2

Энэхүү амлалт нь бид зөвхөн амьдралын үгсийг “нөөцлөн” мөн үүнийг үргэлж хийх юм бол биелэх болно. Судрыг нөөцлөх гэсэн хэсэг нь надад үгсийн тухай ямар нэг зүйлийг мэдрэх гэсэн утгатай санагддаг. Жишээ нь, бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлагын талаарх итгэлдээ ганхсан хэн нэгэнд туслахаар явахдаа би энэ мэдрэмжийг мэдэрдэг.

Энэ нь зөвхөн Мормоны номны үгс биш юм. Энэ бол намайг Мормоны номны хэдхэн мөрийг уншихад л ирдэг үнэний нотолгооны мэдрэмж билээ. Бошиглогч Иосеф Смит эсвэл Мормоны Номны талаар эргэлздэг хүн бүрд энэ мэдрэмж ирнэ гэж би амлаж чадахгүй. Гэхдээ би Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч гэдгийг мэднэ. Би Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг мэднэ, учир нь би үүнийг нөөцөлсөн юм.

Та нар үнэний энэхүү нотолгоог Сүнсээр авч чадна гэдгийг би мэднэ, учир нь энэ нь надад ирсэн юм. Их Эзэн биднийг үнэний дайсанд шархадсан хайртай хүмүүсийн маань замд тавихаас өмнө тэрхүү нотолгоо бид бүгдэд байх ёстой.

Бидний хийх ёстой бас нэгэн бэлтгэл бий. Энэ нь бусдын өвчин зовлонд хатуурхах хүмүүний зан араншин билээ. Энэ нь Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хэрхэн халамжилж дэмжихээ мэдэхийн тулд тэдний бүхий л өвчин зовлон, уй гашууг өөр дээрээ авах тухай болон Цагаатгалынхаа тухай хэлэхийн тулд ийм их зүйлсийг хийх болсон шалтгаан юм.

Тэнгэрлэг Эцэгийн хамгийн сайн мөнх бус санваартнууд хүртэл тийм их өрөвдөх сэтгэлийг амар олж авч чаддаггүй. Бидний хандлага гэвэл бидэнд үнэхээр тодорхой байгаа үнэнийг харж чадахгүй байгаа хүнд тэвчээргүй хандах явдал юм. Бидний тэвчээргүй байдал буруутгал, эсэргүүцэл мэт харагдахгүйн тулд бид анхааралтай байх ёстой.

Их Эзэний санваарын үйлчлэгчдийн хувьд бид Түүний төлөө халамж дэмжлэг өгөхөөр бэлтгэхэд биднийг удирдах судар байдаг. Энэ нь Их Эзэн биднийг хаана ч илгээх байсан бидний аялалд хэрэг болох бэлгийг агуулдаг. Сайхан сэтгэлт Самари хүнд тэрхүү бэлэг байсан юм. Бидэнд энэ нь хэрэгтэй бөгөөд Их Эзэн бидэнд үүнийг хэрхэн олж болохыг хэлсэн:

“Иймийн тул, хайрт ах дүүс минь, хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой—

Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.

Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.”3

Бидний мөнх бус аялалд Их Эзэн биднийг санваарын ямар ч үйлчлэлд тохоосон бай үүнийг хийхэд бид бэлтгээсэй хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.