Түүний үгийг тунхаглахаар дуудагдсан юм

Ахлагч Рэнди Д.Фанк

Далын гишүүн


Хэрэв та нар даруу, дуулгавартай байж, Сүнсний дуу хоолойг анхааран сонсох юм бол номлогчийн үйлчлэлээсээ агуу их аз жаргалыг олох болно.

Би өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдэн батлагдах үедээ Энэтхэгт номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм. “Энэ сүмийн номлогчид үнэхээр гайхалтай сайхан хүмүүс шүү”1 хэмээн өөр нэгэн номлолын ерөнхийлөгч байсан хүн хэлж байсан нь үнэн болохыг би хувьдаа ойлгосон билээ.

Фанк эгч бид хоёртой хамт үйлчилж байсан олон гарамгай номлогчийн нэг нь Непалаас ирсэн ахлагч Покрэл байв. Тэрээр сүмийн гишүүн болсноосоо хойш дөнгөж хоёрхон жилийн дараа Энэтхэгийн Банглорт англи хэлээр ярьдаг номлолд үйлчлэхээр дуудагджээ. Тэрээр өөрийгөө сайн бэлтгэгдээгүй гэдэг байв. Энэ нь ч ойлгомжтой юм. Непалд залуу номлогчид байдаггүй учраас тэр өөрөө номлогч болох хүртлээ нэг ч номлогчийг хараагүй ажээ. Тэрээр номлолын дуудлагынхаа захидал доторх заавруудыг уншиж ойлгохоор англи хэлийг хангалттай сайн мэддэггүй байв. Покрэл номлогчийг бэлтгэх төв рүү явахдаа гоё өмд, цагаан цамц, зангианууд авч явахын оронд өөрийнх нь хэлснээр “таван хос жинсэн өмд, богино ханцуйтай хэдэн цамц, үс хэлбэржүүлэгч нэлээн ихийг”2 авч явсан гэнэ.

Тэрээр номлолд тохирох хувцастай болсныхоо дараа ч эхний хэдэн долоо хоногт өдөр бүр өөрийгөө номлолд тэнцэхгүй юм шиг санадаг байжээ. Покрэл номлолынхоо тэр үеийн тухай: “Англи хэл сурах нь л зөвхөн хэцүү байсан юм биш, номлолын ажил бүр хэцүү байлаа. … Эдгээрээс гадна би өлсөж, ядран, гэрээ санадаг байв. … Гэхдээ нөхцөл байдал хүндхэн байсан ч би шийдвэр төгс байсан юм. Тэр үед би өөрийн сул дорой байдал болон номлолын ажилд тэнцэхгүй гэдгээ мэдэрч байсан болохоор Тэнгэрлэг Эцэгтээ хандан тусламж хүсч, залбирдаг байсан. Би залбирах болгондоо тайтгарснаа мэдэрдэг байлаа”3 хэмээн хэлжээ.

Ахлагч Покрэлийн хувьд номлолын ажил шинэ бөгөөд сорилт бэрхшээл ихтэй байсан ч тэр агуу итгэл, идэвх зүтгэлтэйгээр үйлчилж; судруудаас болон Миний сайн мэдээг номло номоос тэрчлэн номлолын удирдагчдаасаа сурч мэдсэн зүйлээ ойлгож, дагахыг хичээдэг байлаа. Тэрээр сайн мэдээг англи хэлээр заадаг хүчирхэг багш, онцгой сайн удирдагч болсон юм. Тэр номлолынхоо дараа Непалд хэсэг хугацаанд байж байгаад Энэтхэгт буцаж ирэн, үргэлжлүүлэн суралцжээ. Энэ нэгдүгээр сараас тэрээр Шинэ Делид салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байна. Покрэл номлогч байхдаа олж авсан бодит өсөлт хөгжлийнхөө ачаар эдүгээ Энэтхэг дэх сүмийн бодит өсөлтөд хувь нэмрээ оруулж байна.

Урьд өмнө нь ямар ч номлогчийг хараагүй байсан залуу эр сүнсний ийм их хүч чадлыг хэрхэн олж авсан юм бол? Та номлогчийн хувьд өөрийн үйлчлэх номлолдоо хүмүүсийн гэр оронд болон зүрх сэтгэлд нь имэйл болон бусад электрон хэрэгслүүдээр дамжуулан хүрч болох сүнсний хүчийг хэрхэн олж авах вэ? Энэ асуултын хариу ихэвчлэн судруудаас болон амьд бошиглогчид, төлөөлөгчдийн үгээс олддог.

1837 оны долдугаар сард Англид сайн мэдээ анх номлогдож байх үед Их Эзэн “Миний нэрээр чи хэнийг ч илгээлээ гэсэн, тэд ах дүүсийн чинь, Арванхоёрын дуу хоолойгоор зохих ёсоор зарлигдуулж мөн чамаар зөвшөөрөгдөж мөн эрх мэдэлтэй болгогдож, тэднийг чи тийш нь илгээсэн аль ч үндэстэнд миний хаант улсын хаалгыг нээх хүчтэй байх болно”4 гэж илчилсэн юм.

Та нарыг хааш нь ч илгээлээ гэсэн, аль ч номлолд томиллоо гэсэн Арванхоёрын нэг гишүүн томилолтыг тань зохих журмын дагуу зөвлөмж болгосноор Их Эзэний бошиглогч та нарыг дууддаг гэдгийг мэд. Та нар “бошиглолоор мөн гар тавилтаар”5 дуудагддаг билээ.

Дараа нь Их Эзэн энэхүү амлалт биелэгдэх нөхцөлүүдийг өгч, хэлэхдээ: “Тэд [илгээгдэх номлогчдыг хэлж байна] миний өмнө өөрсдийгөө даруусгаж [1] мөн миний үгэнд оршиж [2] мөн миний Сүнсний дуу хоолойг сонсохын [3] хэрээр буюу”6 гэжээ [хэрээр гэдэг нь хэрэв гэсэн үг бөгөөд хэрэв тэгвэл амлалт биелэгдэх болно гэсэн утгатай].

Их Эзэний амлалтууд тодорхой юм. Та нар илгээгдсэн үндэстэндээ Бурханы хаант улсын хаалгыг нээж өгөхөд шаардлагатай сүнсний хүчийг эзэмшихийн тулд даруу, дуулгавартай мөн Сүнсийг анхааран сонсож, дагах чадвартай байх ёстой.

Эдгээр гурван шинж чанар хоорондоо нягт холбоотой юм. Хэрэв та нар даруу байвал дуулгавартай байх болно. Хэрэв та нар дуулгавартай байвал Сүнсийг мэдрэх болно. Сүнс зайлшгүй чухал; учир нь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Сүнсгүй бол та хэчнээн авьяас чадвартай байлаа гээд хэзээ ч амжилт олж чадахгүй”7 гэж сургасан билээ.

Би номлолын ерөнхийлөгчийн хувьд, хараахан бүрэн цэвэр болж чадаагүйн улмаас өөртэйгөө тэмцэлдэж буй номлогчидтой үе үе ярилцлага хийдэг байлаа. Tэд сүнслэг байдлын чадавхаасаа доогуур амьдарч байв. Тэд хэчнээн шаргуу ажилладаг байсан ч эсвэл хэчнээн сайн үйлсийг бүтээлээ ч гэсэн өөрсдийгөө даруусгаж, бүрэн наманчлан, Аврагчийн нигүүлсэл хийгээд ач ивээлийг хүртэх хүртлээ амар амгаланг мэдэрч, Ариун Сүнсний нөхөрлөлийг эдэлж чаддаггүй байлаа.

Сүнслэг байдлын хувьд эрүүл болох үйл явц нь харууссан зүрхтэй байхаас эхэлдэг учраас Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд даруу байхыг заадаг. Хуучин байдлыг нь өөрчилснөөр тэдгээр нь хэрхэн ашиг тустай зүйл болдгийг бод доо: Улаан буудай тарихын тулд хөрсийг нь хагалдаг. Талх хийхийн тулд улаан буудайг тээрэмддэг. Мөн талхыг ариун ёслолын бэлгэдэл болгохын тулд үйрүүлдэг. Тэгвэл наманчилж байгаа хүн харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ариун ёслолоос хүртсэнээр цэвэр ариун болдог билээ.8 Бид наманчилж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр ариун болсноор Аврагчид үйлчлэх үедээ Түүнд санал болгох илүү их зүйлтэй байх болно. “Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн.”9

Хэрэв та нүглийн дарамтад байгаа бөгөөд наманчлах хэрэгтэй бол даруйхан наманчил. Аврагч зовж шаналсан хүмүүсийг эдгээж, тэднийг босч, алхахад олонтоо урьдаг байсан. Тэд тэр дороо эдгэрсэн тухай ч судруудад цэдэглэсэн байдаг.10 Сүнсний зовлон шаналлаасаа эдгэрэхийн тулд босч, алхах Түүний урилгыг хүлээн авагтун. Бишоп, салбарын ерөнхийлөгч эсвэл номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилцахаа хойшлуулалгүй, наманчлалын үйл явцаа одоо эхэл.

Цагаатгалын эдгээгч хүч бодгальд тань амар амгаланг авчирч, Ариун Сүнсийг мэдрэх боломжийг та нарт олгох болно. Аврагчийн золиослол хэмжээлшгүй их бол харин бидний үй олон, ноцтой нүгэл тоолж болохуйц бөгөөд мөн бид гэм нүглээ хүлээж, орхих буюу уучлагдах боломжтой юм. “Мөн наманчилдаг бодгальд түүний баяр хөөр хичнээн агуу их билээ!”11

Энэхүү хүчирхэг амлалт Сургаал ба Гэрээнд: “Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг; тийнхүү итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно.”12 Та нар ариун журамт амьдралаар амьдарвал Бурханы өмнө зохистой байхдаа амар амгаланг олж, Сүнсний хүч өөрт тань байгааг мэдрэх болно13 хэмээн бичигдсэн байдаг.

Сүмийн зарим шинэ гишүүд эсвэл сүмд саяхан эргэж ирэн, бүрэн идэвхтэй болсон гишүүд “Би одоо зохистой болсон учир үйлчлэх хүсэлтэй байна, гэвч үйлчлэхэд хангалттай мэдлэг надад бий эсэхийг мэдэхгүй байна” хэмээн хэлж болох юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Томас С.Монсон “Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байх юм бол үнэний мэдлэг болон бидний хувьд хамгийн чухал асуултуудын хариу ирдэг”14 хэмээн заасан юм. Бид дуулгавартай байдлаараа дамжуулан мэдлэг эзэмшдэгийг мэдэх нь тун их итгэл төрүүлдэг билээ.

Зарим хүмүүс өөрийгөө авьяас чадвар дутмаг эсвэл бусдад санал болгох туршлагагүй гэж боддог байж магадгүй. Хэрэв та ингэж боддог бол ахлагч Покрэлийн туршлагыг санагтун. Чадлынхаа хэрээр бэлтгэвэл бидний Тэнгэрлэг Эцэг өөрийн тань даруухан бөгөөд дуулгавартай хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх болно гэдгийг мэдэгтүн. Ахлагч Ричард Г.Скот: “Бид Их Эзэний зарлигуудад дуулгавартай байж, амин хувиа хичээлгүй Түүний хүүхдүүдэд үйлчилбэл бид өөрсдийнхөө хийж чадахаас илүү их зүйлийг хийх хүч---Бурханаас ирэх хүчийг хүлээн авдаг нь энэхүү үйлчлэлийн зүй ёсны үр дагавар юм. Их Эзэнээс хүч чадал хүлээн авснаар бидний мэдлэг, авьяас чадвар өсөн нэмэгддэг билээ”15 хэмээх урам хайрлагч зөвлөгөөг өгсөн билээ.

Та Их Эзэнд болон Түүний сайн сайханд итгэх юм бол Бүхнийг Чадагч Бурхан танаар дамжуулан хүүхдүүдээ адислах болно.16 Невадагийн ахлагч Холлингс номлолынхоо эхээр үүнийг мэдэж авчээ. Тэр Энэтхэгт ирснийхээ маргааш Фанк эгч бид хоёртой хамт Рахамандри руу явсан юм. Энэ бол түүний очсон анхны газар байлаа. Ахлагч Холлингс, Ганапарам хоёр тэр өдрийн үдээс хойш ээжтэйгээ хамт амьдардаг сүмийн нэг гишүүний гэрт очжээ. Сайн мэдээ охиных нь амьдралыг хэрхэн адисалсныг харсан учраас ээж нь сүмийн тухай мэдэхийг хүсдэг байжээ. Фанк эгч тэдэнтэй нөхөрлөхөөр шийдэв. Хичээлийг англи хэлээр заах ёстой атал ээж нь зөвхөн тэлэгү хэлээр л ярьдаг учир салбарынх нь нэг ах заасан зүйлийг нь түүнд орчуулж өгөхөөр болсон байна.

Ахлагч Холлингсийн заах анхны хичээл нь бошиглогч Иосефын үгсийг ашиглан, Анхны үзэгдлийн тухай тайлбарлах байлаа. Хичээл орчуулгатай явагдана гэдгийг тэр мэдэж байсан учир Фанк эгчид хандан, “Би үүнийг заавал үгчлэн, тодорхой тайлбарлах ёстой юу?”гэж хичээл эхлэх үеэр асуужээ.

Фанк эгч “Өөрийн чинь ярьсан зүйлийг Сүнс гэрчлэхийн тулд үг бүрийг хэл” гэж хариулсан байна.

Энэ шинэ номлогч бошиглогчийн үгсийг ашиглан, Анхны үзэгдлийг чин сэтгэлээсээ заахад сайхь эгчийн царай нь өөрчлөгдөж, нүдэнд нь нулимс цийлэгнэжээ . Aхлагч Холлингс тэрхүү алдарт захиасыг зааж дуусгах үед ярьсан зүйлийг нь орчуулахаас өмнө тэр эмэгтэй нүд дүүрэн нулимстайгаар, өөрийн төрөлх хэлээр “Би баптисм хүртэж болох уу? Та миний хүүд зааж болно биз дээ?” хэмээн асуусан юм.

Миний нөхөд, залуу үйлчлэгчид ээ, дэлхий даяарх Бурханы хүүхдүүдэд амар амгалан, итгэл найдварыг авчрагч-сайн мэдээний захиасын үүд хаалга болон зүрх сэтгэл өдөр бүр нээлттэй байна. Хэрэв та нар даруу, дуулгавартай байж, Сүнсний дуу хоолойг анхааран сонсох юм бол номлогчийн үйлчлэлээсээ агуу их аз жаргалыг олох болно.17 Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа энэ үе нь номлогч байхад хэчнээн гайхамшигтай хугацаа вэ!

Бидний Аврагч, Есүс Христийн тухай мөн “явж, бүх үндэстнүүдийг дагалдагч болгогтун”19 гэсэн Түүний “бурханлаг зарлигийг” 18 гэрчилж байна. Энэ бол Түүний сүм. Тэрбээр өөрийн сүмийг амьд бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг билээ. Тэргүүн Зөвлөл дараагийн цагуудад бидэнд заах бөгөөд бид Мормоны адилаар “ажиглан ойлгохдоо түргэн”20 байх болтугай. Иймийн тулд бид дуудлага ирэхэд Сүнсний хүчээр: “Болгоогтун, Бурханы Хүү, Есүс Христийн шавь билээ би. Тэд үүрдийн амьдралтай байж болохын тулд түүний үгийг түүний хүмүүсийн дунд тунхаглахаар түүгээр дуудагдсан бөлгөө би”21 хэмээн тунхаглахуйц зохистой бөгөөд чадвартай байх ёстой юм. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. Кэнтакигийн Лүивилл номлолын ерөнхийлөгч Дэннис К.Бримхоллтой хийсэн хувийн ярилцлага, 2005 оны 8-р сар.

  2.  

    2. Ашиш Покрэлийн, “My Name Is Ashish Pokhrel and This Is My Story,” (хэвлэгдээгүй хувийн түүх) 2011 оны 9-р сар.

  3.  

    3. Покрэл, “My Name Is Ashish Pokhrel and This Is My Story,” 2011.

  4.  

    4. Сургаал ба Гэрээ 112:21.

  5.  

    5. Итгэлийн тунхаг 1:5.

  6.  

    6. Сургаал ба Гэрээ 112:22.

  7.  

    7. Эзра Тафт Бэнсон, номлолын шинэ ерөнхийлөгчдийн семинар, 1986 оны 6-р сарын 25; Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж (2004), хуудас 176-аас эш татжээ.

  8.  

    8. Эдгээр санаануудыг Ютагийн Баунтифул хойд гадасны чуулган дээр ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгээс авчээ, 2013 оны 6-р сарын 8–9.

  9.  

    9. Oмнаи 1:26.

  10.  

    10. Maрк 5:41–42; Иoхан 5:8–9-ийг үзнэ үү.

  11.  

    11. Сургаал ба Гэрээ 18:13.

  12.  

    12. Сургаал ба Гэрээ 121:45.

  13.  

    13. Сургаал ба Гэрээ 121:46-г үзнэ үү.

  14.  

    14. Toмас С.Монсон, “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 89.

  15.  

    15. Ричард Г.Скот, “For Peace at Home,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 30.

  16.  

    16. Ахлагч Рассэлл М.Нэлсон: “Тэд номлогчдын аль хэдийн хийсэн зүйлийг хийх болно. Тэд сайн мэдээг номлох болно! Тэд Бүхнийг Чадагчийн хүүхдүүдийг адислах болно!” (“Catch the Wave,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5-р сар, 45) хэмээн олон шинэ номлогчийн хийдэг ажлыг дүрсэлжээ.

  17.  

    17. Миний сайн мэдээг номло, v хуудсыг үзнэ үү.

  18.  

    18. Toмас С.Монсон, “Бурханы бүх хүүхдүүд та нар ирцгээ,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны, 66.

  19.  

    19. Maтай 28:19.

  20.  

    20. Moрмон 1:2.

  21.  

    21. 3 Нифай 5:13.