Бид өөрсдөдөө байгаа зүйлээ мэддэг үү?

Кэрол М.Стэфэнс

Халамжийн Нийгэмлэгийн Ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх


Аврагчийн Цагаатгалаар боломжтой болсон Бурханаас амлагдсан тэдгээр адислалуудыг бүрэн дүүрнээр эдлэх боломжийг санваарын ёслолууд болон гэрээнүүд бий болгодог.

Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т: “Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг, эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд ийм учраас хүн бүр бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм”1 хэмээн тунхагласан билээ. Энэхүү бурханлаг хувь тавиландаа хүрэхийн тулд Бурханы хүү, охин бүр санваарын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг хийх ёстой юм.

Бидэнд баптисм хэрэгтэй. Бид баптисмаар усанд умбуулах үедээ Түүний Сүнс бидэнтэй үргэлж хамт байж болохын тулд Христийн нэрийг өөрсдөдөө авч, Түүнийг байнга санаж мөн эцсээ хүртэл Түүнд үйлчилнэ хэмээн гэрээ байгуулдаг.2

Бидэнд Ариун Сүнсний бэлэг хэрэгтэй. Энэ ёслолоор дамжуулан, Түүний байнгын нөхөрлөлийг эдлэх боломж бидэнд олддог. Ерөнхийлөгч Вилфорд Вүдраф: “Бурханы сүмд нэгдсэн мөн нүглийнхээ ангижралын төлөө баптисм хүртсэн эрэгтэй, эмэгтэй хүн бүр нь ажилдаа туслуулахдаа, хүүхдүүддээ заахдаа, өөрийн удирдахаар дуудагдсан тэдэнд эсвэл хүүхдүүддээ зөвлөгөө өгөхдөө илчлэлийг хүлээн авах эрхтэй, Бурханы Сүнсийг эдлэх эрхтэй. Ариун Сүнс нь зөвхөн эрэгтэй хүмүүст, төлөөлөгчид эсвэл бошиглогчдод ирдэг биш; энэ нь итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүн бүрд мөн Христийн сайн мэдээг хүлээн авах насны хүүхэд бүрд ирдэг юм”3 хэмээн заажээ.

Мөн бид ариун сүмийн хишгээ хүлээн авах хэрэгтэй. Ахлагч М.Рассэлл Баллард: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ариун сүмд санваарын хүчтэй адил хүчээр хишиг хүртдэг. … Хишиг бол чухамдаа хүч чадлын бэлэг юм”4 хэмээн хэлсэн билээ.

Бидэнд лацдан холбогдох ёслол хэрэгтэй бөгөөд энэ нь “Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу бэлэг болох”5 мөнх амьдрал руу биднийг хөтөлдөг юм. Санваарын энэхүү ёслолыг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр л хамтдаа хүлээн авдаг. Ахлагч Рассэлл М.Нэлсон “Гэр бүлүүд мөнхөд хамтдаа лацдагдан холбогдож болохын тулд санваарын эрх мэдэл сэргээгдсэн юм”6 гэж заасан билээ.

Мөн бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ шинэчлэх боломжтой байдаг. Хожмын үеийн бошиглогчид болон төлөөлөгчид бид ариун ёслолоос зохистойгоор хүртэх үедээ зөвхөн баптисмын гэрээгээ төдийгүй бас “Их Эзэнтэй хийсэн бүх гэрээгээ”7 шинэчлэх боломжтой хэмээн бидэнд заасан юм.

Санваарын эдгээр ёслолууд болон гэрээнүүд нь Бурханы амласан адислалуудыг бүрнээр нь авах боломжийг бидэнд олгодог. Мөн эдгээр адислалууд нь Аврагчийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон билээ. Эдгээр нь Бурханы охид, хөвгүүдийг Бурханы хүчээр8 зэвсэглэдэг бөгөөд мөнхийн амьдралтай болж, Бурханы дэргэд эргэж очин, Түүнтэй хамт мөнхийн гэр бүлд амьдрах боломжийг бидэнд олгодог.

Би саяхан Гондурас улсад очоод тэдний санваарын удирдагчидтай хамт дөрвөн эмэгтэйн гэрт айлчилсан юм. Эдгээр эгч нар болон тэдний гэр бүлүүдэд санваарын түлхүүр ба эрх мэдэл, санваарын ёслолууд ба гэрээнүүд мөн санваарын хүч чадал болон адислалууд хэрэгтэй байв.

Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй нэгэн эрхэм эгчийнд бид зочилсон. Тэр эгч итгэлтэй мөн сүмд идэвхтэй явдаг ба хүүхдүүддээ зөвийг сонгохыг заадаг. Нөхөр нь түүнийг сүмийн үйл ажиллагаанд оролцохыг дэмждэг ч өөрөө сүмийн гишүүн биш байв . Тэдний гэр бүл нь бат бэх ч гэсэн илүү агуу хүч чадлыг мэдрэхийн тулд тэдэнд санваарын нэмэлт адислалууд хэрэгтэй юм. Аав нь баптисмын болон Ариун Сүнсний бэлгийн ёслолыг хүлээн авч, санваартай болох нь тэдэнд хэрэгтэй байлаа. Мөн хувийн хишгээр болон лацдан холболтоор ирэх санваарын хүч тэдэнд хэрэгтэй байв.

Дараа нь бид ганц бие, агуу итгэлтэй хоёр эгчийнд очсон. Нэг эгч нь хүүгээ номлолд явуулахаар бэлтгэж байсан бол нөгөө эгч нь хорт хавдраа эмчлүүлж байв. Тэд сэтгэл санаагаар унаж, уйтгар гунигт автах үедээ Аврагчийн Цагаатгалыг санаж, итгэл найдвараар дүүрэн болдог байв. Ариун сүмийн ёслолуудаар дамжуулан авч болох нэмэлт адислалууд болон хүч чадал тэдэнд хэрэгтэй байсан юм. Тиймээс тэдгээр ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд ирээдүйн номлогчтойгоо нэгдэхийг бид тэдэнд санал болгосон билээ.

Хамгийн сүүлд бид нөхөр нь гэнэтийн ослоор өөд болоод удаагүй байсан нэгэн эгчийн гэрт очсон юм. Сүмд дөнгөж элсээд байсан тэр эгч өөрийн хишгийг хүлээн авсан ч нөхөртэйгээ лацдан холбогдож болдог гэдгийг мэдээгүй байв. Түүнд болон нас барсан нөхөрт нь эдгээр адислалууд ирэх боломжтой хэмээн биднийг заах үед тэр эгчид найдвар төрсөн юм. Тэр эгч ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүдээр дамжуулан гэр бүл нь лацдан холбогдож чадахыг мэдэж авсан учраас цаашид тулгарах бэрхшээлүүдийг даван туулах итгэлтэй бөгөөд шийдвэр төгс байсан юм.

Энэ эгчийн хүү нь Аароны санваараа хүлээн авахаар бэлтгэж байгаа бөгөөд хүүгийнх нь санваар ээжид нь болон гэр бүлд нь агуу адислал болох юм. Тэд гэртээ санваартантай болно. 

Гондурасын эдгээр итгэлтэй эгч нартай уулзаад би тэднийг гэр бүлээ сайн мэдээнд идэвхтэй байлгахыг хичээж байгааг нь олж харсан юм. Тэд өөрсдийг нь халамжилж, материаллаг болон сүнслэг хэрэгцээнд нь дэмжиж тусалдаг, гэрээнүүдээ сахигч тойргийн гишүүддээ талархаж явдгаа илэрхийлж байв. Гэхдээ эдгээр эгч нарт бүгдэд нь урьд өмнө нь гүйцээж байгаагүй нэг л хэрэгцээ байсан юм.

Эдгээр гурван айлд зочилж очоод тэдний ухаалаг санваарын удирдагч нь эгч бүрээс санваарын адислал хүртэж байсан эсэхийг нь асууж билээ. Тэр болгонд тэд үгүй гэж хариулсан. Тэр өдөр тэд бүгд санваарын адислалыг хүсч байсан бөгөөд түүнийгээ ч хүлээн авсан билээ. Тэнгэрлэг Эцэгээс зохистой санваар атгагчаар дамжуулан ирсэн тайвшрал, урамшуулал болон удирдамжийн төлөө эгч нар талархлаа илэрхийлж байхдаа бүгд уйлж байсан юм.

Эдгээр эгч нар надад үнэхээр сүнслэгээр нөлөөлсөн. Тэд Бурханд болон Түүний хүч чадал, эрх мэдэлд хүндэтгэл үзүүлсэн юм. Надтай хамт эдгээр эгч нарынд зочилсон санваарын удирдагчдад би мөн талархаж байлаа. Айл бүрийнд очоод гарсны дараа, гэрээний зам дээрээ урагшилж, гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд нь мөн хэрэгтэй ёслолуудаа хүлээн авахад нь эдгээр гэр бүлүүдэд хэрхэн тусалж болох талаар бид ярилцсан билээ.

Өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс Бурханы охид, хөвгүүдийн хувьд бие биеэ хүндэлж сурах мөн Тэнгэр дэх Эцэгт болон Түүний санваарт, Түүний хүч хийгээд эрх мэдэлд хүндэтгэл үзүүлж сурах хэрэгцээ шаардлага их байна.

Бидэнд зориулсан төлөвлөгөө Түүнд байдаг бөгөөд бид итгэлээ ашиглах үед мөн Түүний төлөвлөгөөнд найдах үедээ Түүнийг болон Түүний санваарын хүч ба эрх мэдэлд хүндэтгэлтэй хандах нь нэмэгдэх болно.

Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь сэдэвт дэлхий даяарх удирдагчдын сургалт дээр гэр орондоо санваартан байхгүй ч тэдгээр эгч нар … хэзээ ч ганцаардах ёсгүй гэж заасан. Тэд өөрсдийн хүлээн авсан ёслолууд хийгээд сахих гэрээнүүдээрээ дамжуулан адислагдаж мөн хүчирхэгжиж байдаг. Тусламж хэрэгтэй үедээ бусдаас тусламж гуйхаас бүү эргэлзээрэй. Ахлагч М.Рассэлл Баллард заахдаа гэрт нь ирж, тэдэнд тусалж мөн Рөүзмэри М.Виксом эгчийн нэмж хэлснээр тэдэнд “адислал өгч”9 чадах найдвартай бишоп болон ахлагчдын чуулгын ерөнхийлөгч, гэрийн багш болон өөр зохистой санваар атгагчид байгаа гэдгийг сүмийн эгч бүр мэдэж байх хэрэгтэй гэсэн билээ.

Түүнчлэн ахлагч Баллард: “Тэнгэр дэх Эцэг маань Өөрийн хүчийг харамгүй өгдөг бөгөөд бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралд нь туслах энэхүү хүчийг авах боломжтой юм. Их Эзэнтэй ариун гэрээнүүд хийсэн, тэдгээрийг сахидаг хүн бүр хувийн илчлэлт хүлээн авах, тэнгэр элчүүдийн үйлчлэлээр адислагдаж [мөн] Бурхантай харилцах эрхтэй болдог юм”10 гэж заасан билээ.

Бид бүгд бие биедээ хэрэгтэй. Бурханы хөвгүүдэд Бурханы охид хэрэгтэй, Бурханы охидод Бурханы хөвгүүд хэрэгтэй.

Бид бүгдээрээ өөр өөр бэлэг хийгээд хүч чадалтай. Нэгдүгээр Коринтын 12-р бүлэг Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид бүгдээрээ хувийн үүрэг хариуцлагаа мөн бүгд ашиг тус олж болохын тулд Их Эзэний төлөвлөгөөний дагуу биелүүлэх ёстойг онцлон өгүүлсэн байдаг.11

Бурханы хөвгүүд ээ, та нар өөрсдийгөө хэн болохыг мэддэг үү? Та нарт юу байгааг мэдэж байна уу? Та нар санваарын хүчээр үйлдэж мөн санваарын хүчийг болон адислалуудыг хүлээн авахуйц зохистой байгаа юу? Та нар эцэг хүний хувьд, өвөө, хүү, ах, дүү, нагац, авга ахын хувьд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрдөг үү? Та нар эмэгтэй хүмүүст, эхчүүдэд хүндэтгэлтэй ханддаг уу?

Бурханы охид оо, бид өөрсдийгөө хэн болохыг мэддэг үү? Бидэнд юу байгаа гэдгийг мэдэж байна уу? Бид санваарын хүч, адислалыг хүлээн авахаар зохистой юу? Бид өөрсдөдөө ирэх бэлгийг талархалтайгаар, халуун элгэн сэтгэлээр хүлээж авдаг уу? Бид эх хүний хувьд, эмээ, охин, эгч, дүү, авга, нагац эгчийн хувьд гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрдөг үү? Бид эрэгтэй хүмүүст, эцгүүдэд хүндэтгэлтэй ханддаг уу?

Гэрээт охид, хөвгүүдийн хувьд Тэнгэрлэг Эцэг болон Түүний бидэнд зориулсан мөнхийн төлөвлөгөөнд итгэх итгэл бидэнд байна уу? Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл бидэнд байгаа юу? Бид бурханлаг шинж чанар, хувь тавиландаа итгэдэг үү? Энэхүү хувь тавиланг хүртэж, Эцэгт байгаа бүхнийг хүлээн авахын тулд12 хичээл зүтгэл гаргахдаа бид гэрээнүүдийг хийж, сахиж мөн шинэчлэхээр хичээдэг билүү?

Бид бурханлаг шинж чанар хийгээд хувь тавилантай бөгөөд Тэнгэрлэг эцэг, эхийн хайртай сүнслэг охид, хөвгүүд билээ. Бидэнд туйлын их хайртай байсан Бидний Аврагч, Есүс Христ бидний төлөө амиа золиосолсон юм. Түүний Цагаатгал, ариун санваарын ёслолууд болон гэрээнүүдээр дамжуулан тэнгэрлэг гэртээ буцаж очих мөн уг зам дээр урагшлах арга замыг бэлтгэсэн юм.

Санваарын эдгээр ёслолууд болон гэрээнүүд нь Бошиглогч Иосеф Смитээр дамжин дэлхий дээр сэргээгдсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч Томас С.Монсон дэлхий дээрх санваарын бүх түлхүүрүүдийг атгадаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмд байх санваарын эрх мэдэл нь, Тэнгэрлэг Эцэгтэйгээ Хүүгийнх нь нэр дээр чанд гэрээнд орох ёслолуудыг хийдэг. …Хэрвээ та нар Бурхантай хийсэн гэрээгээ сахих аваас Тэрээр та нарт өгсөн амлалтууддаа хүрэх болно”13хэмээн заажээ.

Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Show References

  1.  

    1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11 сар, 129.

  2.  

    2. Моронай 4:3; 6:3-ыг үзнэ үү.

  3.  

    3. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 49.

  4.  

    4. М.Рассэлл Баллард, “Let Us Think Straight” (Бригам Янгийн Их Сургуулийн Боловсролын долоо хоногийн онцгой цугларалт, 2013 оны 8 сарын 20); speeches.byu.edu.

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 14:7; түүнчлэн Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү.

  6.  

    6. Рассэл М.Нэлсон, “Nurturing Marriage,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 37; эсвэл Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 134.

  7.  

    7. Delbert L. Stapley, Conference Report, 1965 оны 10 сар, 14; “As Now We Take the Sacrament” –д Л.Том Пэрригийн иш татсанаар, Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 41; мөн Teachings of Gordon B. Hinckley, (1997), 561-ийг үзнэ үү; The Teachings of Spencer W. Kimball, хянан тохиолдуулсан Эдвард Л.Кимбалл (1982), 220;

  8.  

    8. Сургаал ба Гэрээ 109:22-ыг үзнэ үү.

  9.  

    9. M.Рассэл Баллард ба Рөүзмэри M.Виксом, Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь дотор “Гэр орон дахь санваарын адислалууд,” (дэлхий даяарх удирдагчдын сургалт, 2013); lds.org/broadcasts.

  10.  

    10. M.Рассэл Баллард, “Let Us Think Straight”; speeches.byu.edu.

  11.  

    11. Сургаал ба Гэрээ 46:9, 12-ыг үзнэ үү.

  12.  

    12. Сургаал ба Гэрээ 84:38-ыг үзнэ үү.

  13.  

    13. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрээний хүч чадал”, Ensign эсвэл Лиахона, 2009 оны 5 сар, 22.