Их Эзэний тоглоомын дүрмийг яаравчлан дага!

Ахлагч С.Гиффорд Нийлсэн

Далын


Бүрэн цагийн номлогчидтой мөр зэрэгцэн үйлчлэхийн тулд бид өөрийн гэсэн тоглоомын дүрмийг боловсруулж, түүнийгээ мөрдөх ёстой.

Хэдэн жилийн өмнө, гадасныхаа нэг бишопын эхнэртэй нь ярих шаардлага гарсан учраас би түүний гэр рүү залгасан юм. Бага хүү нь утсаа авахад би: “Ээж нь байна уу? Ярьж болох уу?” гэлээ. Тэрээр:

“Болно оо. Дуудчихъя. Та хэн бэ?” гэж асуув.

Би: “Ерөнхийлөгч Нийлсэн байна гээд хэлчих” гэсэн юм.

Хэсэг дуугүй байсны эцэст, тэр хүү нэлээн сэтгэл нь хөдөлсөн байдалтай “Ээж ээ, ерөнхийлөгч Хинкли тантай ярья гэнэ ээ!” гэж хашгирахыг нь би сонсов.

Тэр эмэгтэй тэр үед яг юу гэж бодож байсныг би төсөөлөхгүй байв. Түүний хувьд утсандаа хариулах гэж хамгийн их удсан мөч нь ч байсан байж магадгүй. Ерөнхийлөгч Хинкли болон жүжиглэж, жаахан тоглодог юм бил үү гэсэн бодол төрсөн ч би тэгсэнгүй. Гэхдээ л бид хоёр сайхан хөгжилдөцгөөж билээ. Бодоод байхад, ерөнхийлөгч Хинклитэй биш надтай ярьсандаа тэр эмэгтэй дурамжхан байсан болов уу гэж санагдаад байдаг юм.

Их Эзэний бошиглогч үнэхээрийн тань руу залгавал та яах вэ? Өө нээрээ тийм, тэр залгаад бидэнтэй ярьчихсан л даа. Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнтэй ярьж, биднийг нэгэн чухал ажилд дуудсан юм. “Бодгалиудыг Их Эзэнд авчрахын тулд гишүүд болон номлогчид нэгдэж, Түүний усан үзмийн талбайд хамтран хөдөлмөрлөх цаг одоо ирээд байна” гэж тэр бидэнд хэлсэн билээ. (“Авралын ажил дахь итгэл”, [дэлхий даяарх удирдагчдын сургалт, 2013 оны 06-р сар], lds.org/broadcasts).

“Бид түүний энэ үгсэд хангалттай анхаарал тавьсан бил үү?”

Дэлхий даяарх гадас, дүүрэг, номлолууд шинэ эрч хүчээр дүүрч, Аврагчийн 1832 онд Бошиглогч Иосеф Смитэд хандан: “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно ” (С ба 88:73) гэж тунхагласан үгс нь биелэлээ олж байна.

Ах, эгч нар аа, тэр цаг ирээд байна! Би үүнийг мэдэрч байна. Та нар ч мөн ялгаагүй мэдэрч байгаа байх.

Би ч мөн адил энэ талаарх сэтгэл хөдлөл, Есүс Христэд итгэх өөрийн итгэлээ ажил хэрэг болгомоор байна. Би америк хөл бөмбөг тоглодог байхдаа аливааг тоглоомын дүрэмтэй холбон боддог байж билээ. Бид зөв дүрмийн дагуу тоглоомонд оролцох юм бол хожих нь гарцаагүй гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Энэ бол агуу мэдрэмж. Гэтэл саяхан би Бригам Янгийн Их Сургуулийн домогт дасгалжуулагч Лавэлл Эдвардстай тоглоомын дүрмийн талаар ярилцаж байхад тэрээр “Оноо авч л байвал та нар тоглоомын аль дүрмийг ашиглах нь надад огт сонин биш байсан!” гэж хэлж билээ. Түүний багийн ахлагч байсны хувьд би түүнтэй санал нийлээгүй ч түүний нэрээр нэрлэгдсэн цэнгэлдэх хүрээлэн байдаг нь энэхүү энгийн хандлагатай нь хамааралтай байж болох юм гэж бодогдсон билээ.

Бид бүгдээрээ Их Эзэний багт тоглодог. Иймээс хожил авчрах тоглоомын дүрэм бидэнд байна уу? Сүмийн гишүүдийн хувьд бид гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсаддаа үнэхээр хайртай л юм бол сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээ тэдэнтэй хуваалцахгүй байж чадна гэж үү?

Зургаан сард болсон шинээр дуудагдсан номлолын ерөнхийлөгчдийн семинарт урьд өмнө байгаагүй олон буюу шинэ 173 ерөнхийлөгч эхнэрүүдийнхээ хамт оролцон, үйлчилж эхлэхээсээ өмнө удирдамжаа авсан билээ. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын бүх 15 гишүүн тэнд цуглараад байсан олонд онцгой хандан, үг хэлсэн юм. Ингэж чухалчлан үзсэн нь тэдний тоглоомын дүрмийг юунаас ч илүү тодорхой болгож байгаа юм биш гэж үү?

Ахлагч Л.Том Пэрри: “Сүмийн түүхэн дэх хамгийн агуу эрин үе одоо тохиож байна. Бид үүнийг Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад урагшилж мөн тохинуулахад суурь болдог бүх зүйлүүдтэй буюу Анхны үзэгдэл, бидэнд бэлэг болж ирсэн Мормоны Ном, сайн мэдээний сэргээлт зэрэг агуу тохиолдлуудтай адилтгаж болно” хэмээн хаалтын үгэндээ хэлсэн юм. (“Хаалтын үгс” [шинээр дуудагдсан номлолын ерөнхийлөгчдийн семинар дээр хэлсэн үгнээс, 2013 оны 6-р сарын 26], 1, Сүмийн Түүхийн Сан, Солт Лэйк Сити).

Бид удирдагчдынхаа хөөрсөн сэтгэл болон бүрэн цагийн номлогчдынхоо сэргэсэн амлалтад хүрэхүйцээр чармайлт гарган, ажиллах шаардлагатай байна. Суудалдаа шигдэн, хүний нүдэнд өртчихгүй шиг өнгөрөх гэж бүү хичээцгээ. Харин бидний оролцоогүйгээр энэ ажил Их Эзэний санасанчлан урагшлахгүй нь байна гэдгийг ухаарцгаа! Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бидний нас, боломж, сүмийн дуудлага, амьдарч байгаа газар зэргээс үл хамааран, Түүний бодгалиудыг аврах ажилд Түүнтэй нэг болон ажиллахыг Тэр биднээс хүссэн юм” гэдэг үгийг санацгаа. (“Бид нэг билээ,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 5 сар, 62-р хуудас).

Амьдралын туршлагуудаа эргэн санаж, залбирч мөн Миний сайн мэдээг номло гарын авлагын 13-р бүлгийг уншиж байхдаа хэрэгжүүлэх ёстой хэмээн мэдрэмж авсан ялалтад хүргэх хувийн тоглоомын дүрмийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахыг надад зөвшөөрнө үү? Би та бүхнийг өөрсдийнхөө дүрмийг гаргахдаа гурван зүйлийг анхаарахад урьж байна.

Нэгд, өдөр бүр хэн нэгнийг Аврагч болон Түүний сайн мэдээнд авчрах талаар тодорхой залбир. Ингэхийн тулд бид хүн болгоныг бие биедээ гэртээ харихад нь туслахыг зорьж байгаа Бурханы хөвгүүд мөн охид шиг харж сурах хэрэгтэй. Ингэснээр хэчнээн олон, шинэ найз нөхөдтэй болж болохоо бодоод нэг үз.

Хоёрт, танайд үйлчилж байгаа номлогчид болон тэдний сонирхогчдын нэрийг нь хэлэн, залбирах хэрэгтэй. Үүнийг зөвхөн тэдэнтэй мэндэлж, нэрийн тэмдгийг нь уншиж, тэднийг нэрээр нь дуудаад зааж байгаа хүмүүсийнх нь талаар асууснаар л гүйцэтгэж болно. Ахлагч Рассэлл М.Нэлсон: “Хүний нэр, царайг нь мэдэхгүй бол Их Эзэн та нарт тэр хүний зүрх сэтгэлийг мэдэхэд тусалж чадахгүй” гэж тун мэргэн хэлсэн билээ.

Баптисм хүртэж байгаа нэгэн гайхалтай эгч гэрчлэлээ хуваалцах үед би тэнд байлаа. Түүний “Өмнө нь миний төлөө ийм олон хүн залбирч, би ийм их хайрыг мэдэрч байгаагүй! Энэ ажил үнэн гэдгийг би мэднэ!” гэж хэлснийг нь би үргэлж санах болно.

Гуравт, найзаа ямар нэг үйл ажиллагаанд урих явдал юм. Аль нэг газар очиж, ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөхдөө хамт явчихаж болох хүний талаар бодож, Сүнсээр Их Эзэний удирдамж танд ирэхийг сонс.

Сайн мэдээнээс суралцаж байхад минь Аврагч надад үл мэдэгдэм замаар нэгэн зүйл заасан нь “яаравчлуулах” дуудлагад шууд хамааралтай гэдэгт би итгэж байна. Би сэтгэлийг минь хөдөлгөсөн аливаа зүйлийг тэмдэглэхдээ “хүчтэй мэдрэмж, маш чухал зүйлийг харуулдаг” гэдгийг илтгэх (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. [2003], “exclamation point”), анхаарлын тэмдэг тавьдаг.

Алмагийн “Ай би тэнгэр элч болж, зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой, тиймээс би явж мөн Бурханы бүрээн дуугаар, газар дэлхийг сэгсрэх дуу хоолойгоор ярьж мөн хүмүүс болгонд наманчлалыг зарлаж болдог ч болоосой!” (Aлма 29:1) гэдэгтэй адил анхаарлын тэмдгээр төгссөн, “цугларалт”-ын талаарх судрууд ар араасаа анхааралд минь өртөж эхлэхэд миний сонирхол ихэд хөдөлж билээ.

Судруудад номлогчийн сэтгэл хөдлөлийг харуулсан ийм 65 шүлэг байдгийг би олж мэдсэн юм. Эдгээрийн дотор дараах судар орно:

“Мөн наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хичнээн агуу билээ! …

“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (С ба Г 18:13, 15–16) гэсэн судрын хэсгүүд ч мөн багтаж байгаа билээ.

Эдгээр өвөрмөц судруудыг олж харсан явдал нь Бүсийн Далаар дуудагдаад анхны даалгавраа аваад явж байхад минь их тус болж билээ. Би нэгэн гадасны чуулганд төлөөлөгч Квинтин Л.Күкийн хамтрагчаар явах болсондоо ихэд сандарч, тайвшралыг хүсэн залбирч байсан юм. Хурал болох гадасны ерөнхийлөгчийн өрөөнд ороод би ширээний арын шүүгээн дээрх нэлээн хуучирч яажийсан, боронзон өнгөтэй, дээр нь анхаарлын тэмдгээр төгссөн судар бүхий хос гутлыг олж харав. Юу сурч байгааг минь Их Эзэн мэдэж байж гэдгийг, Тэрээр залбирлын маань хариуг надад өгч байгааг мөн догдолсон сэтгэлийг маань хэрхэн тайвшруулахыг Тэр мэдэж байгааг гутлан дээрх судрыг уншиж байхдаа би ойлгож билээ.

Тэр гутлын түүхийг надад ярьж өгөхийг би гадасны ерөнхийлөгчөөс хүссэн юм.

Тэрээр:

“Энэ гутал сүмийн нэгэн залуу хөрвөгчийнх юм. Гэр бүл нь ядуу ч гэсэн тэрээр амжилттайгаар номлолд үйлчлэхийг ихэд хүсч байсан бөгөөд Гватемалад үйлчилсэн юм. Номлолоо дуусгаад ирэхэд нь нэр төртэйгөөр үйлчилснийг нь батлах гэрчилгээг гардуулахын тулд би түүнтэй уулзав. Тэгэхэд би түүний гутал нь авах юмгүй яажийсан байсныг харж билээ. Тэр залуу гэр бүлээсээ ямар ч дэмжлэг авалгүйгээр, өөртөө байгаа бүх зүйлээ Их Эзэнд зориулсан байсан юм.

“Гутал руу нь харж байгааг маань анзаараад тэрээр ‘Яасан бэ, ерөнхийлөгч өө’ гэж асуухад нь

“би ‘Яагаа ч үгүй ээ. Чи надад наад гутлаа өгчих, тэгэх үү?’ гэж гуйсан юм.”

Гадасны ерөнхийлөгч цааш үргэлжлүүлэн: “Би тэр буцаж ирсэн номлогчийг маш ихээр хүндэлж мөн хайрлаж байж билээ. Тэнд мэдэрсэн зүйлээ мөнхлөхийн тулд би түүний гутлыг боронздуулсан юм. Энэ гутал надад нөхцөл байдлаас үл хамааран бид хүч чармайлт гаргах ёстой гэдгийг өрөөнд орж ирэх болгонд сануулдаг юм. Гутлан дээр Исаяагийн ‘Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, “Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ!’ гэх судар (Исаиа 52:7) байгаа” гэж ярьж билээ.

Хайрт ах, эгч нар аа үгийнхээ эхэнд дурдсан бишопын сайн эхнэр яагаад бошиглогч түүн рүү залгах болов гэж гайхаж байсан байх. Тэр эмэгтэй ч мөн та бид ч бүгд гайхаад байх шаардлагагүй боллоо гэж би гэрчилж байна - АНХААРЛЫН ТЭМДЭГ.

Бид бүгд бүрэн цагийн номлогчидтой мөр зэрэгцэн эрч хүчтэйгээр үйлчлэхэд туслах өөрсдийн тоглоомын дүрмийг боловсруулж, хэрэгжүүлэх ёстой - АНХААРЛЫН ТЭМДЭГ.

Бошиглогч Иосеф Смитийн гэрчилснийг “Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” гэж би бататган гэрчилж байна (С ба Г 76:22). Есүс Христийн ариун нэрээр, амен.