“Би чамайг хаяхгүй мөн орхихгүй.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон


Тэнгэрлэг Эцэг маань … биднийг ирэх зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулан, тэдгээрийг ялан дийлснээр илүү ихийг сурч, хөгжиж, улам хүчирхэг болдог гэдгийг маань мэддэг.

Би өнөө орой өдрийн тэмдэглэлдээ “Энэ бол миний оролцож байсан ерөнхий чуулгануудаас хамгийн их урам зориг өгсөн чуулган байлаа. Бүх зүйл хамгийн агуу хийгээд сүнслэг мөн чанартай байна” гэж бичих болно.

Ах, эгч нар аа, бид зургаан сарын өмнө Ерөнхий чуулганаар энд цуглаад байхад миний эхнэр Франсис чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө маш эвгүй унаж, бэртсэний улмаас эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэр маань таван сард, нэлээн хэдэн долоо хоног эдгэх гэж цуцалтгүй тэмцсэний эцэст бэртлүүдээ даалгүй, мөнхийн оронд одсон билээ. Түүнийгээ алдах аймшигтай байлаа. Би түүнтэй 1948 оны 10-р сарын 07-нд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн юм. Маргааш бид хоёрын гэрлэсний 65 жилийн ой болох юм. Эхнэр минь миний амьдралын цорын ганц хайр, хамгийн сайн итгэмжит нөхөр мөн хамгийн дотны минь найз байсан. Би түүнийгээ үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр санаж байна .

Ерөнхийлөгч Давид О.Маккэй намайг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудсаны 50 жилийн ой энэ чуулганаар тохиож байна. Энэ олон жилийн турш хайрт эхнэр минь намайг бүрэн дүүрэн дэмжиж ирсэн юм. Надад дуудлагаа хийх боломж олгохын тулд тэр тоолж барамгүй их золиослол гаргадаг байж билээ. Нэлээн хэдэн өдрөөр, заримдаа бүр хэдэн долоо хоногоор түүнийгээ хүүхдүүдтэй нь хамт орхин явах шаардлага гарахад ганц ч удаа гомдлын үгс унагаж байгаагүй юм даг. Тэр минь, яалт ч үгүй, тэнгэр элч байсан юм.

Франсисыг минь нас барахад надад болон гэрийнхэнд маань үзүүлсэн тэр их агуу хайрын төлөө би талархлаа илэрхийлье. Дэлхийн өнцөг булан бүрээс эхнэрийг минь дурссан, намайг тайтгаруулсан зуун зуун ил захидал болон захиа ирж байсан. Хэдэн арван үзэсгэлэнтэй цэцгийн баглааг бид хүлээж авсан билээ. Түүнчлэн эхнэрийн маань дурсгалд зориулж, сүмийн номлогчийн ерөнхий санд олон тооны хандив өргөсөн та бүхэнд бид талархаж байна. Эхнэрийн минь ардаа үлдээгээд явсан бүх хүмүүсийн өмнөөс би та нарын чин сэтгэлд маш их баярласнаа илэрхийлэхийг хүсэж байна.

Түүнээсээ хагацсан тэрхүү мөчид Есүс Христийн сайн мэдээний талаарх миний гэрчлэл болон хайрт Франсис минь амьдарсаар байгаа гэдэг мэдлэг намайг үнэхээр их тайвшруулж байсан. Бид түр салцгаагаад байгаа гэдгээ би мэднэ. Газарт болон тэнгэрт лацдах эрх мэдэлтэй нэгнээр Бурханы гэрт бид хоёр лацдан холбогдсон гэдгийг би мэднэ. Нэгэн өдөр бид хоёр дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэнэ гэдгийг ч би бас мэднэ. Энэ мэдлэг л намайг хүчирхэгжүүлж байна.

Ах, эгч нар аа, зовлон, гашуудал туулалгүй амьдарсан нэг ч хүн үгүй мөн хүмүүний түүхэнд үймээн самуун, гаслан зовлон тохиолдоогүй нэг ч мөч байхгүй гэж хэлэхэд үнэнээс нэг их гажихгүй байх.

Амьдрал биднийг ганц сайн сэгсрэхэд “Яагаад заавал намайг гэж?” хэмээн асуумаар үе тохиолддог. Заримдаа хонгилын үзүүрт бүртийх ч гэрэл харагдахгүй; шөнийн харанхуйг эвдэн, нар хэзээ ч дахин мандахгүй юм шиг санагдах үе ч ирнэ. Ийм үед мөрөөдөл замхран алга болох үеийн гансрал, найдвар алдагдах үеийн цөхрөл хоёроос өөр юу ч үлдээгүй юм шиг санагддаг. Библид гардагчлан “Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү?”1 хэмээх цөхрөлийн үгсийг бид бувтнадаг. Бид хэнд ч хэрэггүй, уй гашууд дарагдсан, ганцаардсан нэгэн болон хувирна. Бидэнд тохиолдоод байгаа золгүй явдлуудаа гутранги үзэлтний томруулдаг шилээр харах хандлага ч ажиглагддаг. Асуудлаа шийдэх гэж яаран, тэнгэрлэг зан чанар - тэвчээртэй байдал гаргах хэрэгтэй гэдгээ бид мартдаг билээ.

Бидэнд тохиолдох бэрхшээлүүд тэсвэр тэвчээрийг маань сорьсон жинхэнэ шалгалт болдог. “Бууж өгөх уу эсвэл эцэст нь хүргэх үү?” – гэдэг хамгийн чухал асуултад бид өөрсдөө л хариулах ёстой. Бидний зарим маань асуудлаа шийдэж чадахгүй, бууж өгдөгсөн. Харин эцэст нь хүргэнэ гэдэг нь амьдралынхаа төгсгөл хүртэл хичээсээр байхыг хэлнэ.

Тохиолдож буй явдлуудынхаа талаар эргэцүүлэн бодохдоо бид Иовын адил “хүн зовлонгийн төлөө л төрдөг”2 гэж хэлцгээж болно. Иов бол “гэм зэмгүй, шулуун шударга” хүн байсан бөгөөд тэрээр “Бурханаас эмээдэг болоод бузар муугаас зайлдаг”3 нэгэн байсан. Зөв шударгыг үйлдэгч, хөрөнгөө өсгөн нэмэгдүүлж чадсан Иов хэнийг ч устгаж чадах тийм хэцүү даалгаврыг давах хэрэгтэй болдог. Хамаг хөрөнгөө алдаж, найз нараараа доромжлуулан, зовлонд унаж, гэр бүлээ алдан, цөхрөнгөө барсан түүнд “Бурханыг хараагаад, үхэх”4 л зам байсан. Гэвч тэрээр тэрхүү уруу таталтад автагдалгүй, өөрийнхөө сүрлэг сайхан сэтгэлийн гүнээс:

“Харагтун, миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна,”5

“миний Золигч амьд”6 хэмээн тунхагласан юм.

Иов итгэлтэй үлдсэн. Бидэнд ирэх зовлон бэрхшээлүүдтэй нүүр тулахдаа бид ингэж чадах болов уу?

Амьдралын нугачаанд нухлагдан, сөхрөх үедээ бусад хүмүүс ч гэсэн энэ замыг туулж, тэвчиж мөн ялан гарсан гэдгийг санацгаая.

Энэ үед буюу сайн мэдээний бүрэн дүүрэн байдлын үед асуудалтай тулгарсан ч тууштай мөн өөдрөг хэвээрээ үлдэж чадсан хүмүүсийн талаар сүмийн түүхэнд зөндөө гардаг. Тэд яаж ингэж чадсан юм бол? Есүс Христийн сайн мэдээ тэдний амьдралын цөм нь болсон байдаг юм. Юу ч тохиолдсон, сайн мэдээ л бидэнд зовлон бэрхшээлээ даван туулахад тусална. Хүнд бэрх үе ирж л таарна, гэвч бид толгойгоо бөхийлгөлгүй зогсож, зоригтой байснаар эцэст нь тэдгээрийг ялан дийлдэг билээ.

Зовлонд нухлуулан, дэрэн дээрээ нулимс дуслуулан хэвтэж байхад минь “Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй”7 гэх тэнгэрлэг бөгөөд үнэт амлалт биднийг дээш өргөн, босгох болно. Ийм тайтгарлыг үнэлэхийн аргагүй билээ.

Дуудлагат ажлаа хийн, дэлхий даяар аялж байхдаа би олон зүйлийг, тэр дундаа уй гашуу, зовлон бэрхшээл гэдэг чинь хаа ч гэсэн байж л байдаг юм байна гэдгийг олж мэдсэн юм. Уй гашууд автсан, өвдөж шаналсан, эхнэр эсвэл нөхрөөсөө салж байгаа, замаа алдсан хүүхдийнхээ төлөө сэтгэл зовон суугаа эсвэл нүглийнхээ үр дагаврыг амсан зовж байгаа хүмүүстэй уулзахад зүрх минь хэрхэн шаналж, сэтгэл минь хэрхэн өвддөгийг тайлбарлах боломжгүй юм. Бидэнд ирж болох зовлон бэрхшээлүүдийг бүгдийг тоочих ч аргагүй билээ. Энэ олон зовлон дундаас тодорхой нэгэн жишээг онцлон хэлэх хэцүү ч зовлон бэрхшээлийн талаар бодох тоолонд, намайг бага байхад ням гарагийн хичээл заадаг байсан Бремз ах санаанд минь ордог юм. Тэрээр алтан зүрхтэй, сүмийн итгэлтэй гишүүн байсан юм. Түүний эхнэрийг Сэйди гэдэг байсан бөгөөд тэд бидэнтэй ойролцоо насны 8 хүүхэдтэй байж билээ.

Франсис бид хоёр гэрлээд тэр тойргоос явсны дараа ч бид Бремз ах, эгчийн гэр бүлтэй хурим найр, оршуулганд эсвэл тойргийн уулзалт дээр тааралддаг байв.

1968 онд Бремз ахын эхнэр Сэйди нь нас барж мөн хэдхэн жилийн дотор түүний 8 хүүхдийн 2 нь нас барсан юм.

Бараг 13 жилийн өмнө, нэгэн өдөр Бремз ахын ач охин нь над руу залгаж билээ. Тэрээр надад өвөө нь 105 наслаад байгааг хэлсэн юм. Тэр охин “Өвөө маань ахмад настангуудыг асардаг жижиг төвд амьдарч байгаа. Гэсэн ч ням гараг бүр өвөө маань гэр бүлийнхнийгээ цуглуулж, сайн мэдээнээс хуваалцдаг” гэж хэлээд үргэлжлүүлэн, “Өнгөрсөн ням гарагт өвөө маань бидэнд ‘Би энэ долоо хоногт үхнэ, тиймээс Томми Монсон руу ярь. Тэр яах ёстойгоо мэднэ’” гэж хэллээ гэв.

Маргааш орой нь би Бремз ах дээр очлоо. Түүнтэй уулзалгүй их удсан байж. Тэр сонсголгүй болсон учир түүнтэй юм ярьж чадсангүй. Хараагүй болсон байсан учир бичгээр харьцаж ч болсонгүй. Гэр бүлийнхэн нь түүний баруун гарын хуруугаар зүүн гарынх нь алган дээр ирсэн хүний нэрийг үсэглэн бичиж, түүнд мэдэгддэг тухайгаа надад хэлсэн юм. Түүнтэй ярилцах ганц арга нь л тэр байж. Би тэрхүү аргыг ашиглан, хуруугаар нь “Т-О-М-М-И М-О-Н-С-О-Н” гэж бичлээ. Тэр намайг тэгж нэрлэдэг байсан юм. Бремз ах ихэд баярлан, миний гарыг авч толгой дээрээ тавьсан юм. Санваарын адислал хүсэж байгааг нь би ойлгов. Тэр асрах газарт намайг хүргэж ирсэн жолооч бид хоёр Бремз ахын толгой дээр гараа тавин, түүний хүсч буй адислалыг нь өгсөн юм. Бид түүнийг адисалж дуусахад түүний аниастай нүднээс нулимс нь урсан гарч байсан бөгөөд талархлаа илэрхийлэн, бид хоёрын гарыг атгаж билээ. Хэдий Бремз ах түүнийг адисалж байгаа үгсийг сонсож чадаагүй ч гэсэн, Сүнсийг хүчтэй мэдэрч, түүний хүсэж байсан адислалыг бид түүнд өгч гэдгийг тэрээр мэдсэн гэдэгт би итгэдэг. Тэр ах харж, сонсож чадахаа больсон байсан. Асрах газрын бяцхан өрөөнөөс өдрөөр ч мөн шөнөөр ч гарах боломж түүнд байдаггүй байсан. Гэсэн хэдий ч түүний инээмсэглэл тодорсон царай мөн хэлсэн үгс нь миний зүрх сэтгэлд гүн шингэсэн юм. “Та нарт баярлалаа” гээд тэрээр “Миний Тэнгэрлэг Эцэг надад сайхан амьдрал өгсөн шүү” гэж хэлж билээ.

Бремз ах зөгнөн хэлснийхээ дагуу тэр долоо хоногтоо нас барсан юм. Тэрээр өөрт нь дутагдаж байсан зүйлээ мартаж, түүнд ирж буй олон адислалдаа талархдаг нэгэн байсан.

Бидэнд хязгааргүй баяр баяслыг өгдөг Тэнгэрлэг Эцэг маань биднийг ирэх зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулан, тэдгээрийг ялан дийлснээр илүү ихийг сурч, хөгжиж, улам хүчирхэг болдог гэдгийг маань мэддэг. Биднийг гансруулан, хамаг тэвчээрийг маань барж, зүрхийг маань үхүүлэх уй гашууг мэдрэх үе ирнэ гэдгийг бид мэддэг. Гэхдээ ийм бэрхшээлүүд нь биднийг илүү чадварлаг болгож, бидэнд Тэнгэрлэг Эцэгийн заасны дагуу амьдралаа өөрчлөх боломжийг олгон, биднийг өөрчилдөг билээ. Бид байснаасаа хамаагүй илүү болж, бидний ойлголт тэлж, бусдыг илүү их хайрлах чадвартай мөн өмнөхөөсөө илүү хүчтэй гэрчлэлтэй болцгоодог юм.

Бидний зорилго бол цөхрөлтгүйгээр урагшилж, даван туулах явдал юм. Тийм ээ. Гэхдээ бид бас нар, салхийг сөрөн гарахын тулд сүнсээ хүчирхэгжүүлэх ёстой билээ. Хэрэв бидэнд даван гарах ёстой бэрхшээлүүд мөн шийдэх ёстой асуудлууд байдаггүй байсансан бол бид хэзээ ч өөрчлөгдөхгүй хэвээрээ үлдэж, мөнх амийг авах зорилгодоо ер ойртолгүй эсвэл үл ялиг л ойртсон байх байсан юм. Нэгэн яруу найрагч энэ санааг дараах шүлгээрээ гаргасан байдаг:

Хөрөө даах сайн мод амархан бий болдоггүй,
Хүчтэй салхийг сөрөн, хүч чадлаа олж авдаг юм.
Хөх тэнгэрт тэмүүлэн байж, урт шулуун болж,
Хүчит шуургыг даван бат бөх болдог юм.
Хүйтэн, халуун, цас, бороонд хатуужсанаар
Хүн ч тэр, мод ч тэр хүдэр чийрэг болдог юм.8

Зөвхөн бидний Эзэн л бидний сорилт, өвчин шаналал, зовлон бэрхшээлийн маань хүнд хүчрийг мэддэг. Зөвхөн Тэр л бидэнд гай зовлонгийн дунд мөнхийн амар амгаланг өгч чадна. Зөвхөн Тэр л бидний шаналж буй зүрх сэтгэлийг маань:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн”9 гэх үгсээр тайвшруулж чадна.

Хамгийн сайн сайхан цагт ч тэр, хамгийн муу муухай үед ч гэсэн Тэр бидэнтэй хамт л байдаг. Тэр үргэлж бидэнтэй хамт байна гэж амласан.

Ах, эгч нар минь, бүгдээрээ амьдралд маань ямар ч муу зүйл тохиолдсон бай хамаагүй бид хэзээ ч Тэнгэрлэг Эцэгээсээ урваж, холдохгүй гэж амлацгаая. Түүнийг санахын тулд асуудал гарахыг бүү хүлээ. Түүнд итгэж найдахын өмнө заавал даруусгагдах шаардлагагүй юм.

Тэнгэрлэг Эцэгтээ ойрхон байхыг хичээцгээе. Ингэхийн тулд Түүнд хандан залбирч, Түүний үгийг өдөр болгон дагах хэрэгтэй. Нар мандаж байна уу, усан бороо цутгаж байна уу ялгаагүй, Тэр бидэнд зайлшгүй хэрэгтэй. Түүний “Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй,”10 гэх үгсийг үргэлж санаж байгаарай.

Зүрх сэтгэлийнхээ бүхий л эрч хүчээр би Бурхан амьд мөн биднийг хайрладаг гэдгийг гэрчилж байна. Түүний Цорын Ганц Хүү бидний төлөө амьдарч мөн үхсэн. Есүс Христийн сайн мэдээ нь амьдралын маань хамгийн харанхуй мөчүүдийг ч гэрэлтүүлэх гэрэл гэгээ болдог. Энэ нь үргэлж мөнхөд хэвээрээ байгаасай хэмээн би Есүс Христийн ариун нэрээр залбирч байна, амен.

Show References

  1.  

    1. Иеремия 8:22.

  2.  

    2. Иов 5:7.

  3.  

    3. Иов 1:1.

  4.  

    4. Иов 2:9.

  5.  

    5. Иов 16:19.

  6.  

    6. Иов 19:25.

  7.  

    7. Иошуа 1:5.

  8.  

    8. Даглас Маллок, “Good Timber,” Стёрлинг В.Хийлийн, Making the Most of Yourself (1971) – д тэмдэглэгдсэнээр, 23.

  9.  

    9. Матай 11:28–30.

  10.  

    10. Иошуа 1:5.