2010–2019
Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил
Аравдугаар сар 2013


Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил

Бидний сорилт бол аливаа боолчлолоос зугтаж, сонгосон хүмүүсээ цуглуулахад нь Их Эзэнд туслан, өсвөр үеийнхний төлөө золиослол хийх явдал юм.

Гэрлээд удаагүй байхдаа би эхнэр Мэритэйгээ хоёулаа хамтдаа явж болох үйл ажиллагаануудад боломжийнхоо хэрээр оролцож байх шийдвэр гаргасан юм. Мөн бид эдгээр үйл ажиллагаануудад зарцуулах мөнгөндөө ухаалаг хандаж байхыг хүссэн билээ. Мэри хөгжимд дуртай бөгөөд намайг спортын тоглолтуудад хэт их ач холбогдол өгч магадгүй гэж бодсон учраас үзсэн спортын тоглолт бүрийнхээ хариуд хөгжмийн болон дуурийн эсвэл соёлын хоёр үйл ажиллагаанд оролцох болно хэмээн надтай тохиролцсон юм.

Эхэндээ дуурь үзэх нь надад тийм ч их таатай байсангүй. Гэвч энэ хэдэн жилийн туршид миний үзэл бодол өөрчлөгдсөн юм. Ялангуяа Жузеппе Вердигийн1 дууриуд надад таалагдаж эхэлсэн билээ. Энэ долоо хоногт түүний 200 жилийн ой тохиох гэж байна.

Верди өсвөр насандаа бошиглогч Иеремиаг ихэд сонирхож байсан бөгөөд 1842 онд 28 настай байхдаа тэрээр Вавилоны хаан Небухаднезарын итали богино нэрээр нэрлэгдсэн, Набукко хэмээх дууриа тавьж, нэр алдарт хүрсэн билээ. Энэхүү дуурь нь Хуучин Гэрээн дэх Иеремиа, Гашуудал болон Дуулал номуудаас санаа авсан байдаг. Уг дуурь нь Иерусалимын эзлэн түрэмгийлэлт болон иудейчүүдийн олзлогдолт ба боолчлолыг агуулдаг. Дуулал 137-р бүлэг Вердигийн сэтгэлийг хөдөлгөн, онгодыг нь төрүүлсэн бөгөөд тэрээр “Еврей боолуудын дуулал (Chorus of the Hebrew Slaves)”-ыг зохиосон юм. “Олзлогдсон үедээ иудейчүүд Вавилоны гол мөрнүүдийн дэргэд уйлцгаасан бөгөөд гуниг харамслынхаа улмаас тэд Сионы дууллуудыг дуулж чадсангүй” гэх судар дээрх энэхүү дууллын эхний хэсэг маш эмгэнэлтэй билээ.

Боолчлолд болон эрхшээлдээ оруулах олон хэлбэрийг авч үзэх нь миний хэлэх гэж буй зүйлийн гол зорилго юм. Би Иерусалимын устгалаас өмнөх Иеремиагийн өдрүүд дэх нөхцөл байдлыг өнөө үеийн зарим нөхцөл байдлуудтай харьцуулах болно. Энэхүү сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөхдөө сүмийн ихэнх гишүүд Иеремиагийн үед Бурханы хувьд нүгэлт байсан тэрхүү маягаар биеэ авч явахаас зайлсхийж, зөв зохистой байгаад би талархалтай байдаг.

Иеремиагийн бошиглол болон гашуудлууд нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд чухал билээ. Иеремиагийн өдрүүд дэх Иеремиа болон Иерусалим нь Мормоны Номын эхний бүлгүүдэд дурдагддаг үйл явдлын ерөнхий байдал юм. Иеремиа, бошиглогч Лихайтай нэгэн цаг үед амьдарч байсан юм.2 Их Эзэн Иеремиагийн урьдаас томилогдсон байсан талаар: “Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон”3 хэмээн гайхалтайгаар хэлсэн.

Лихай Их Эзэнээс ирсэн өөр дуудлага, зорилго, даалгавартай байсан билээ. Тэр өсвөр насандаа дуудагдаагүй харин өтөл насандаа дуудагдсан юм. Эхэндээ түүнийх сэрэмжлүүлгийн дуу хоолой байсан ч Иеремиагийн тунхаглаж байсантай адил, захиасыг итгэлтэйгээр тунхагласных нь дараа Их Эзэн Лихайд гэр бүлээ авч, аглаг буйд тийш зугтахыг зарлиглажээ.4 Үүнийг хийснээр Лихай зөвхөн өөрийн гэр бүлийг төдийгүй бусад бүх хүмүүсийг адисалсан билээ.

Иерусалим устгагдахаас5 хэдэн жилийн өмнө Их Эзэний Иеремиад өгсөн захиасууд мартахын аргагүй байлаа. Тэрээр:

“Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ. …

“… Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулд амийн усны ундарга болох Намайг умартсан юм”6 хэмээн хэлжээ.”6

Иерусалимын оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг ярихдаа Их Эзэн “[Тэдний хувьд] ургац хураалт өнгөрч, зун дууссан бөгөөд [тэд] аврагдаагүй байна”7 хэмээн гашуудсан юм.

Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сайн муугийн хооронд сонголт хийхдээ эрх чөлөөтэй байгаасай хэмээн хүссэн. Муу сонголтууд нь соёл заншил эсвэл үндэстнийг давамгайлахад энэ дэлхийд болон ирэх амьдралд аль алинд нь ноцтой үр дагаврууд бий болдог. Хүмүүс зөвхөн хор хөнөөлт, донтуулагч бодист төдийгүй зөв шударга амьдралаас холдуулдаг хор хөнөөлт, донтуулагч гүн ухааны сургаалын боол болж эсвэл өөрсдийгөө боолчлолд оруулдаг билээ.

Үнэн болоод амьд Бурханыг бишрэн шүтэхээс татгалзаж; эд баялаг, алдар хүнд гэх мэт хуурамч бурхдыг шүтэж; ёс суртахуунгүй, зүй зохисгүй биеэ авч явах нь хүмүүсийг боолчлолд хүргэх хүчин зүйлүүд болдог. Эдгээрт сүнсний ба бие махбодын мөн оюун санааны боолчлолууд орж болох ба заримдаа эдгээр зүйлүүд нь устгалд хүргэдэг. Зөв шударга тэдгээр нь Их Эзэний сүм болон хаант улсыг барьж байгуулахад мөн тараагдсан Израилыг цуглуулахад туслах ёстой8 хэмээн Иеремиа, Лихай нар заасан юм.

Эдгээр захиасууд нь давтагдсаар байгаа бөгөөд бүх эрин үед олон зууны турш хүчирхэгжсээр ирсэн билээ. Тэдгээр нь хамгийн сүүлийн энэ эрин үед Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн үндэс суурь нь болсон юм.

Арван овгийг багтаасан Израилын овгуудын тараагдалт болон иудейчүүдийн олзлогдолт нь сайн мэдээний сэргээлтийн талаар бодож үзэх чухал үнэнүүд юм. Арван овог нь Умард Израилын хаант улсыг бүрдүүлж байсан бөгөөд МЭӨ 721 онд Ассирид боолчлолд аваачигдав. Тэд умардын орнууд руу явжээ.9 Итгэлийн тунхагийн 10-т: “Израил жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэнэ гэдэгт бид итгэдэг”10 хэмээн тунхагласан байдаг. Мөн Их Эзэний Абрахамтай хийсэн гэрээ зөвхөн Абрахамын үр удмыг биш харин тэрхүү гэрээгээр дамжуулан дэлхийн бүх хүмүүсийг адислах болно гэдэгт бид мөн итгэдэг. Ахлагч Рассэлл М.Нэлсон “цуглуулах гэдэг нь зөвхөн бодгалиудын байрлалыг хэлээгүй, энэ нь хувь хүмүүсийн амлалтыг хэлдэг. Хүмүүс төрөлх нутгаа орхилгүйгээр Их Эзэний мэдлэгт авчрагдаж чадна [3 Нифай 20:13]”11 хэмээн хэлсэн юм.

Бидний сургаал бол тодорхой юм: “Их Эзэн Израилын арван хоёр овгийг тэдний ёсон бус болон эсэргүүцлийн улмаас тарааж мөн зовоосон. Гэсэн хэдий ч Их Эзэн дэлхийн үндэстнүүдийн дундаас сонгосон өөрийн хүмүүсээ тараасан нь тэдгээр үндэстнийг адислахын тулд байсан билээ.”12

Бид энэхүү эмгэнэлт цаг үеэс үнэ цэнэтэй сургамжуудыг мэдэж авдаг. Биднийг боолчлол руу хөтөлж болох нүгэл ба эсэргүүцлээс зайлсхийхийн тулд бид чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй.13 Түүнчлэн сонгосон хүмүүсээ болон Израилыг жинхэнэ ёсоор цуглуулахад Их Эзэнд туслах гол шаардлага бол зөв шударгаар амьдрах явдал гэдгийг бид ойлгодог билээ.

Боолчлол, дарангуйлал, донтолтууд болон хараат байдал нь олон арга замаар ирдэг. Тэдгээр нь үнэндээ бие махбодын боолчлол байж болох ч бидний өсөлт хөгжилтөд саад болж чадах ёс суртахууны эрх чөлөөний хохирол эсвэл алдагдал байж бас болох юм. Иеремиа ёсон бус байдал ба эсэргүүцэл нь Иерусалимын устгал болон Вавилоны олзлогдолтын шалтгаан байсан гэдгийг ойлгосон юм.14

Бусад төрлийн боолчлол нь хүмүүний сүнсийг мөн адил устгадаг. Ёс суртахууны сонгох эрх чөлөө олон арга замаар устгагдаж болно.15 Өнөөгийн соёл уламжлалд туйлын хор хөнөөлтэй дөрвөн зүйлийг би дурдья.

Нэгдүгээрт, сонгох эрх чөлөөг устгаж, ёс суртахууны итгэл үнэмшлийг зөрчдөг мөн эрүүл мэндийг сүйтгэгч донтолтууд нь боолчлолд хүргэдэг. Хар тамхи хийгээд согтууруулах ундааны нөлөө, ёс суртахуунгүй байдал, порнограф, мөрийтэй тоглоом мөн санхүүгийн хараат байдал болон бусад зовлон зүдгүүр нь боолчлолд буй тэдгээр хүмүүс болон нийгэмд бүхэлд нь хэмжээлшгүй их дарамтыг бий болгодог.

Хоёрдугаарт, зарим донтолт эсвэл дур сонирхолтой байх нь үргэлж муу биш байж болох ч ариун нандин зорилгуудаа гүйцэтгэх бидний үнэт цагаас хумсалдаг. Эдгээрт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, видео болон цахим тоглоомууд, спорт, зугаа цэнгэл болон бусад олон зүйлүүдийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь багтдаг.16

Гэр бүлдээ цаг гаргах нь ихэнх соёлт ертөнцөд бидэнд тулгардаг хамгийн чухал асуудал юм. Намайг хуулийн компанидаа цорын ганц сүмийн гишүүн байх үед нэгэн хуульч эмэгтэй өөрийгөө гурван бөмбөг агаарт нэгэн зэрэг байлгахаар хичээж байгаа жонглёрчинтой яг адил санагддаг гэдгээ надад тайлбарласан юм. Нэг бөмбөг нь түүний хуулийн ажил, нөгөөх нь гэрлэлт нь байсан ба үлдсэн нэг бөмбөг нь түүний хүүхдүүд байв. Түүнд өөртөө гаргах цаг байхгүй мэт санагддаг байжээ. Тэрээр бөмбөгнүүдийн нэг нь үргэлж л газарт байдагт үнэхээр их санаа зовж байв. Би тэдэнд багаараа уулзаж, нэн тэргүүнд тавих зүйлсийн талаар хамтдаа ярилцахыг санал болгосон юм. Тэгээд, бид ажиллаж байгаагийн маань хамгийн чухал шалтгаан нь гэр бүлээ дэмжихийн тулд юм гэдгийг тодорхойлсон билээ. Илүү их мөнгө олох нь бидний гэр бүл шиг тийм ч их чухал зүйл биш гэдэгтэй бид санал нэгдсэн юм. Гэхдээ бид үйлчлүүлэгчдэдээ хамгийн сайнаараа үйлчлэх нь чухал гэдгийг ч мөн ойлгосон. Эцэст нь тэр хэлэлцүүлгийн сэдэв нь ямар ч хэрэгцээгүй зүйлүүдийг ажил дээрээ хийдэг тухай болон ажлаасаа яагаад цагтаа гарч чаддаггүй талаар яригдан, өөрчлөгдсөн юм. Ажлын байран дээрээ шаардлагагүй зүйлүүд хийх дарамт шахалт үнэхээр байсан уу?17 Бид эрэгтэй, эмэгтэйгүй аль аль нь гэр бүлийн нөхөрсөг орчинг бий болгох зорилго тавихаар шийдсэн билээ. Бүгдээрээ гэр бүлдээ цаг гарган, бусдад үлгэр жишээ болцгооё.

Гуравдугаарт, түүхийн туршид байсны адил өнөө үед эрх чөлөөгөө алдаж байгаа нийтлэг хэлбэр нь Есүс Христийн сайн мэдээтэй нийцдэггүй үзэл санаанууд эсвэл улс төрийн итгэл үнэмшлүүд юм. Сайн мэдээг хүмүүний гүн ухаанаар орлуулах нь Аврагчийн захиасын энгийн хялбар байдлаас биднийг холдуулж болно. Төлөөлөгч Паул афинчуудад айлчилж байхдаа Есүс Христийн Амилалтыг заахаар хичээсэн юм. Түүний энэхүү хүчин чармайлтын талаар бид Үйлс номоос “Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ”18 гэж уншдаг. Цугласан олон Паулын захиасаас шашны энгийн мөн чанарыг ойлгосон бөгөөд тэр нь шинэ зүйл биш байсан учраас тэд үүнийг эсэргүүцсэн юм.

Өнөөгийн соёлын хандлагууд болон мэргэн ухаануудад нийцүүлэхийн тулд сайн мэдээний үнэнүүдээс татгалзаж эсвэл гуйвуулах үед энэ нь өнөөгийн бидний үетэй адил болдог. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол эдгээр хандлагуудад баригдаж болох бөгөөд өөрсдийгөө оюун санааны боолчлолд оруулах болно. Өнөө үед эмэгтэйчүүдэд хэрхэн амьдрах талаар заасан маш олон дуу хоолой байна.19 Тэдгээр нь ихэвчлэн өөр хоорондоо зөрчилддөг. Ээж, багш, хүмүүжүүлэгч мөн хүүхдийнхээ найз нь байхын тулд шаардлагатай золиослолыг хийхээр сонгосон эмэгтэйчүүдийг хүндлэх хүндлэлийг шүүмжилж эсвэл бууруулдаг мэргэн ухаан нь бидний анхаарлаа хандуулбал зохих зүйл болоод байна.

Хэдэн сарын өмнө хамгийн бага хоёр ач охин маань манайд айлчилж ирсэн юм. Би гэртээ байсан бөгөөд хаалгаа онгойлгож өгөв. Миний эхнэр Мэри өөр өрөөнд байлаа. Тэднийг тэвэрсний дараа тэд хоёулаа бараг адилхан зүйл хэлсэн юм. Тэд эргэн тойрныг хараад дараа нь “Би эмээгийндээ байх дуртай. Эмээ хаана байгаа юм” гэж асуув. “Энэ чинь бас өвөөгийн чинь гэр биз дээ” гэж би дотроо бодсон ч тэдэнд хэлээгүй. Намайг жаахан байхад гэр бүлийнхэн маань эмээгийнх рүү явж байсныг би саналаа. “Гол гатлан, ой дундуур бид эмээгийнх рүүгээ явдаг” гэсэн мэддэг дууны минь үгс санаанд орж ирж билээ.

Боловсрол олж авах болон бусад олон боломж эмэгтэйчүүдэд байгаад би маш их баяртай явдгаа хэлэхийг хүсч байна. Орчин үеийн давуу талуудын ачаар болон эмэгтэйчүүд сурч, ажиллаж байгаа талбартаа гайхамшигтай хувь нэмрүүд оруулж байгаа учраас дэлхийн ихэнх хэсэгт биеийн хүчний болон гэрийн хүнд хүчир ажил хийхийг эмэгтэйчүүдээс шаардах нь багасч байгааг би өндрөөр үнэлж байна. Гэвч, хүүхдүүдийн ээжтэйгээ, эмээтэйгээ мөн өөрсдийг нь хүмүүжүүлдэг бусад хүмүүстэйгээ хамт байх онцгой чухал харилцааг нь багасгахыг бид соёл уламжлалдаа зөвшөөрөх юм бол бид эцэст нь харамсах болно.

Дөрөвдүгээрт, шударгаар заагдаж буй шашны зарчмууд руу дайран довтлох хүч нь боолчлолд хүргэж болно. Бурханы өмнө биеэ авч яваа байдлаараа хариуцлагаа ухамсарладаг хүмүүсийг буруу үйл ажиллагаануудад хүчээр татан оруулах нь хамгийн хор хөнөөлтэй хэлбэрүүдийн нэг билээ. Жишээ нь, буруу гэж мэддэг ч үр хөндөлт хийхэд туслалцаа үзүүлэх эсвэл ажлаа алдах хоёрын аль нэгийг сонгохоор шахалтад орсон эрүүл мэндийн сахин хамгаалагчид юм.

Сүм нь адил төстэй хандлага бүхий хүмүүсээс бий болсон харьцангуй цөөнх хэсгээс бүрдсэн байдаг. Нийгмийг ерөнхийд нь өөрчлөхөд хэцүү байж болох ч бид эргэн тойрныхоо ёс суртахууны соёлыг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой. Бүх улс оронд байгаа хожмын үеийн гэгээнтнүүд сайн иргэд байж, иргэний үйлсэд оролцон, улс төрийн болон хуулийн талаар мэдлэгтэй байж, саналаа өгөх ёстой.

Гэсэн хэдий ч бидний нэн тэргүүн анхаарал хандуулах хэрэгтэй зүйл бол өөрийн гэр бүл болон өсвөр үеийнхнийгээ хамгаалахын тулд шаардлагатай золиослолуудыг үргэлж хийх явдал юм.20 Тэдний ихэнх хэсэг нь ноцтой донтолтууд эсвэл худал хуурмаг үзэл санааны боолчлолд хараахан ороогүй байна. Бид Лихай болон Иеремиагийн үеийн Иерусалимтай тун адилхан сонсогдож байгаа энэ дэлхийн эсрэг тэднийг хүчирхэгжүүлэхэд туслах ёстой. Үүнээс гадна, ариун гэрээнүүдийг хийж, тэдгээрийг сахихад; Их Эзэний сүмийг барьж байгуулан, тараагдсан Израил болон хаа сайгүй байгаа Их Эзэний сонгосон хүмүүсийг цуглуулахад; Түүнд туслах гол үйлчлэгчид байхад тэднийг бэлтгэх хэрэгтэй байна. 21 Сургаал ба Гэрээнээс бид: “Бүх үндэстнүүдийн дундаас зөв шударгыг үйлдэгчид цуглуулагдах болно. Мөн үүрдийн баяр баясгалангийн дууг дуулан Сионд ирэх болно”22 хэмээн уншдаг билээ.

Бидний сорилт бол аливаа боолчлолоос зугтаж, сонгосон хүмүүсээ цуглуулахад нь Их Эзэнд туслан, өсвөр үеийнхний төлөө золиослол хийх явдал юм. Бид өөрсдийгөө авардаггүй гэдгээ үргэлж санах ёстой. Бид Аврагчийн хайр, нигүүлсэл, цагаатгах золиослолоор дамжуулан эрх чөлөөтэй болдог. Лихайн гэр бүл зугтаж байхдаа Их Эзэний гэрлээр удирдагдсан билээ. Хэрэв бид Түүний гэрэлд үнэнч байж, зарлигуудыг нь дагаж, Түүний нигүүлсэлд найдах юм бол сүнсний ба бие махбод, оюун санааны боолчлолоос мөн аглаг буйдад хэрэн хэсч, гашуудахаас зайлсхийж чадна. Учир нь Тэр аврах агуу хүчтэй билээ.

Боолчлолд унаж мөн Сионы дууллуудыг дуулж чадахгүй байгаа тэдгээрийн цөхрөл, харамслаас зугтацгаая. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Аида, Ла травиата, болон Il троватор гэх мэт Вердигийн олон дууриуд нь өнөө үед дэлхий даяар олонд танигдсан бүтээлүүд билээ.

  2. 1 Нифай 5:13; 7:14-ийг үзнэ үү.

  3. Иеремиа 1:5.

  4. 1 Нифай 2:2–3-ыг үзнэ үү .

  5. Соломоны ариун сүмийн устгал, Иерусалимын сүйрэл болон Иуда овгийн олзлогдолт нь МЭӨ 586 онд болсон юм.

  6. Иеремиа 2:11, 13.

  7. Иеремиа 8:20. Иеремиа Их Эзэн хүмүүсээ наманчлалд дуудахыг урьдчилан бичсэн: “Миний сэтгэл шаналж байна.” (Иеремиа 4:19) бөгөөд “Шударгыг үйлддэг … үнэнийг эрэлхийлдэг нэг хүнийг чи ол тэгвэл тэр хотыг би өршөөнө” хэмээн хүссэн билээ (Иеремиа 5:1).

  8. Иеремиа 31; 1 Нифай 10:14-ыг үзнэ үү.

  9. 2 Хаадын Дэд 17:6;Сургаал ба Гэрээ 110:11-ийг үзнэ үү.

  10. Итгэлийн Тунхаг 1:10; 2 Нифай 10:22-ыг үзнэ үү.

  11. 2013 оны 6-р сарын 26-нд болсон шинэ номлолын ерөнхийлөгчдөд зориулсан семинар дээр Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгс: “Мормоны ном болон Израилын цугларалт”.

  12. Судруудын удирдамж, “Израил,” scriptures.lds.org.

  13. Их Эзэн бидний үед хандан ярихдаа, “Бүхэл дэлхий нүгэлд байна. Мөн харанхуйн дор мөн нүглийн боолчлол дор ёолно… учир нь тэд надад ирдэггүй бөлгөө” (Сургаал ба Гэрээ 84:49–50) гэжээ.

  14. Гэмгүй хүмүүс ч гэсэн боолчлогдож болно.

  15. Сургаалын зарчмууд нь өөрчлөгддөггүй харин боолчлол, дарангуйлал, устгалын арга замууд нь урьд өмнө байгаагүй хэлбэрээр хурдан өөрчлөгдөж байна.

  16. Өнгөрсөн жил цахим тоглоомуудын донтуулдаг мөн чанарын талаар New York Times Magazine (2012 оны 4-р сарын 8) сэтгүүлийн нүүрэн дээр оновчтой мөртлөө хошин байдлаар нийтэлсэн байсан. Үүн дээр “цахим тоглоомууд нь хэт их донтуулж, цаг ихээр шаарддаг ба харилцааг сүйтгэж, оюун ухааны чадварыг бууруулагч хүч бөгөөд анхаарал татахуйц зүйл юм” гэжээ. Мөн дараа нь жижгээр… (энэ нь бид тэдгээрт дургүй байх ёстой гэсэн үг биш юм)” гэжээ. Энэ нь бидний эрин үед байгаа технологуудыг ухаалгаар ашиглах ёстой гэсэн үг юм.

  17. Ажлын байран дээр нийтлэг тохиолддог зүйл бол “Бид шаргуу ажилладаг бас шаргуу тоглодог” явдал. Ажилтнууд хоорондын харилцаа чухал ч гэлээ, “ажил болон тоглоом” нь гэр бүлийн цагийг шахаж гаргах юм бол энэ нь хувь хүний өөрийн ялагдал болно.

  18. Үйлс 17:21; тодруулга нэмэгдсэн.

  19. Кэли Гофф, “Female Ivy League Graduates Have a Duty to Stay in the Workforce,” Guardian, 4-р сар. 21, 2013, www.theguardian.com/commentisfree/2013/apr/21/female-ivy-league-graduates-stay-home-moms; Шэрил Сандбэрг, Lean In: Women, Work, and the Will to Lead -г үзнэ үү, 2013 он; Аннэ-Мэри Слотэр, “Why Women Still Can’t Have It All,” The Atlantic, 2012 оны 6-р сарын 13; www.theatlantic.com/magazine/print/2012/07/why-women-still-cant-have-it-all/309020; Лоис М.Коллинс, “Can Women ‘Have It All’ When It Comes to Work and Family Life?” Deseret News, 2012 оны 6-р сарын 28, A3; Judith Warner, “The Midcareer Timeout (Is Over),” New York Times Magazine,, 2013 оны 8-р. сарын 11, 24–29, 38; Scott Schieman, Markus Schafer, and Mitchell McIvor, “When Leaning In Doesn’t Pay Off,” New York Times, 2013 оны 8-р   сарын 11, 12.

  20. Сүм бишопын зөвлөлүүдийг залуу эрэгтэй, эмэгтэйчүүд болон ганц бие залуучуудтай цагаа өнгөрүүлэх арга замаар гэр бүлүүдэд туслахад урамшуулан дэмжсэн. Бишопын зөвлөл нь мелкизедик санваарын чуулга болон туслах бүлгүүдэд мөн бусдад зүй зохистой тусалж чадах онцгой чадвартай гишүүдэд илүү үүрэг хариуцлагууд хүлээлгэх хэрэгтэй.

  21. Сургаал ба Гэрээ 29:7-г үзнэ үү.

  22. Сургаал ба Гэрээ 45:71.