2010–2019
Урагш хар мөн итгэ
Аравдугаар сар 2013


Урагш хар мөн итгэ

Бурханы мэлмийд бидний юу хийж, хаана байсан нь тийм ч чухал биш харин бид хаашаа явахад бэлэн байна гэдэг нь л маш чухал билээ.

Би хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт талбайд ажилладаг байсан бөгөөд ээж минь надад амьдралын хамгийн чухал зүйлүүдийн нэгийг заасан юм. Нэгэн өглөө нар нэлээн дээр хөөрсөн байсан ба миний бодож байснаар бид их л удаан хугацаанд талбайг сийрүүлж байв. Би хийсэн зүйлээ харахаар зогсч, арагшаа хараад ээждээ: “Хийсэн бүхнээ хар даа!” гэж хэлтэл ээж юу ч хариулсангүй. Намайг сонсоогүй юм байх даа гэж бодоод би арай чангаар давтан хэллээ. Бас л хариулсангүй. Би дуугаа улам өндөрсгөөд давтан хэллээ. Эцэст нь ээж над руу хараад “Эдвард, хэзээ ч битгий арагшаа хар. Өмнөө байгаа хийж дуусгах ёстой зүйл рүүгээ л хар” гэлээ.

Хайрт ах, эгч нар аа, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн [өөрсдийн] байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж” зогсохоор бидний баптисм хүртэхдээ Их Эзэнтэй хийсэн гэрээ бол насан туршийн амлалт юм (Мозая 18:9). Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хэлэхдээ “Баптисмын усанд орж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан хүмүүс Аврагчийн мөрийг бүрэн дүүрнээр мөн тууштайгаар дагахаар зарлигдуулан, Түүний шавь байх замд хөл тавьдаг билээ” хэмээн зөвлөсөн билээ (“Saints for All Seasons,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны есдүгээр сар, 5). Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан биднийг өөр өөр дуудлагуудад дууддаг бөгөөд бид үүнийг бүрэн дүүрэн амлалттайгаар хүлээн зөвшөөрдөг. Бид дуудлагаасаа чөлөөлөгдөн, өөр үүрэгт ажилд дуудагдахдаа мөн баяртайгаар хүлээн зөвшөөрч, “Бурханы үйлчлэлд байхад бид хаана үйлчлэх нь бус, хэрхэн үйлчлэх нь л чухал” гэдгийг бидний өвөг дээдэс мэдэж байсан шиг бид ч мөн мэддэг юм (Бага Ж.Рүбэн Кларк, Conference Report, 1951 оны дөрөвдүгээр сар, 154).

Тийнхүү гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп чөлөөлөгдөхөд тэрээр үүнийгээ баяртайгаар хүлээн зөвшөөрдөг ба Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан түүнд ноогдуулах (Мозая 3:19) ямар ч дуудлагад түүний өмнөх туршлага нь хамаагүй бөгөөд тэрээр хангалттай үйлчилчихсэн гэж боддоггүй билээ. Тэрээр “сайныг үйлдэхэд шантрамтгай” биш байдаг, учир нь тэрээр энэхүү хичээл зүтгэл нь олон хүний амьдралыг үүрд мөнхөд адисална гэсэн алсын хараатайгаар “агуу ажлын суурийг тавьж” байгаагаа мэддэг юм. Тийнхүү “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирдэг” (С ба Г 64:33).

Бид бүгдээрээ “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой” (С ба Г 58:27).

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Өнгөрсөн нь суралцах зүйл болохоос амьдрах зүйл биш юм. Бид гэрэлт туршлагуудаасаа хамгийн сайныг нь буюу цог, дөлийг нь авдаг болохоос үнс, нурмыг нь авахаар эргэж хардаггүй. Тийн бид сурах хэрэгтэйгээ сурч, тохиолдсон зүйлсээсээ хамгийн сайныг нь авсан үед бид урагш харж мөн итгэл үргэлж ирээдүй рүү чиглэсэн байдгийг санадаг” хэмээн зөвлөсөн байдаг (“The Best Is Yet to Be,” Ensign, 2010 оны нэгдүгээр сар, 24; эсвэл Лиахона, 2010 оны нэгдүгээр сар, 18).

Ээжийн минь урагш хар гэсэн сургамж талбай дахь зэрлэгтэй холбоотой байсан ч саад бэрхшээл нь анхны гэгээнтнүүдийн туулсан зүйлтэй харьцуулахад өчүүхэн зүйл байсан юм. Ахлагч Жозеф Б.Вөртлин энэ явдлын талаар “1846 онд 10 000 гаруй [хүн] Миссиппи мөрний эхэд баригдан, цэцэглэж байсан [Науву] хотоо орхисон юм. Бошиглолын суу билигт удирдагчдадаа итгэх итгэлээр тэдгээр анхны сүмийн гишүүд ‘үзэсгэлэнт хотоо’ орхин, Америкийн баруун хязгаар дахь эзгүй зэлүүд нутаг руу явсан билээ. Тэд яг хаашаа явж байгаагаа, хэдэн километр зам урд нь байгааг, аялал нь хэр удаан үргэлжлэхийг эсвэл ирээдүйд нь юу хүлээж байгааг мэдээгүй. Гэвч тэд Их Эзэн болон Түүний үйлчлэгчдээр удирдуулж байгаагаа мэдэж байсан” гэж тайлбарласан юм (“Faith of Our Fathers,” Ensign, 1996 оны тавдугаар сар, 33).

Тэд хэрхэн урагш харж мөн итгэх хэрэгтэйгээ мэдэж байсан юм. Үүнээс 15 жилийн өмнө нэгэн илчлэлтийг хүлээн авахад эдгээр гишүүдийн зарим нь хамт байсан билээ.

“Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, миний зарлигуудыг сахьдаг тэрээр амьддаа ч мөн үхэлд ч адислагдсан болой; мөн гай зовлон тохиолдоход итгэлтэй байдаг түүний, мөнхүү түүний шагнал нь тэнгэрийн хаант улсад илүү агуу бөлгөө.

“Үүнээс хойш тохиох тэдгээр зүйлүүдийн талаарх Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй” (С ба Г 58:2–3).

Бид ч бас урагш харж мөн итгэж чадна. Гараа сунган, биднийг урих Их Эзэний урилгыг бид бүрэн дүүрнээр хүлээн авч чадна. Тэрээр:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд над уруу ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:28–30) хэмээн урьдаг.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон, түүний зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн чуулга бид бүхнийг авралын ажилд оролцоход урьсан билээ. Шинээр хөрвөгчид, өсвөр үеийнхэн, залуучууд мөн тэтгэвэрт гарсан хүмүүс болон бүрэн цагийн номлогчид ч энэхүү авралын ажлыг яаравчлуулахад бүгдээрээ адил тэгш нэг буулганд байх хэрэгтэй байна.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр өмнө нь шар үхрээр хүнд ачаа чирэх тэмцээнд оролцож байсан бөгөөд тэндээс нэг зүйл сурчээ. Тэрээр уг туршлагынхаа талаар ярихдаа: “4535 кг, бараг таван тонн цемент ачсан модон тэрэг байсан ба … үхрүүдийн үүрэг нь тэргийг 1 метр чирэх байв. …Би хоорондоо сайн зохицсон том алаг, хөх саарал амьтдыг … хуучны хөх үхрүүдийг л анхаарч харж байлаа” гээд

тэмцээний үр дүнгийн талаар: “Багууд нэг нэгээр хасагдаж байв. … Том хөх үхрүүд ямар ч байр эзэлсэнгүй! Харин жижигхэн, ямар нэг онцгойрох юмгүй үхрүүд бие жижиг ч гэлээ тэргийг гурвантаа чирсэн юм” гэж ярив.

Тэрээр энэхүү санаанд оромгүй үр дүнг: “Том хөх үхрүүд чацтай, хүчтэй мөн биеэрээ ч бусад багаас илүү байсан. Гэвч жижиг үхрүүд илүү сайн зохицож, хамтран зүтгэж байсан бөгөөд тэд буулгыг хамтдаа чирж байв. Үхрүүд нэгэн зэрэг угзарч байсан ба энэхүү хүч нь ачааг хөдөлгөж чадаж байлаа” хэмээн тайлбарласан байдаг (“Equally Yoked Together,” 1975 оны дөрөвдүгээр сарын 3, бүсийн төлөөлөгчдийн семинарт хэлсэн үг, Teaching Seminary: Preservice Readings [2004], 30).

Бид бусдыг Христэд ирэхэд урихдаа урагш харж мөн итгэх хэрэгтэй бөгөөд авралын ажлыг яаравчлуулахад үүнтэй адил хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй байна. Бид дор бүрнээ, чадах чинээгээрээ “зогссон газраасаа өргө” (“Зогссон газраасаа өргө,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны арван нэгдүгээр сар, 56) гэсэн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын зөвлөгөөг дагах хэрэгтэй юм. Ахлагч Л.Том Пэрри: “Сүм даяар аялж байхдаа би өрнөж буй бүхий л эерэг зүйлсийн талаар ихэд гайхдаг. Гэсэн ч хүмүүний хувьд бид хэзээ ч жинхэнэ чадавх бололцоогоо дайчлан амьдардаггүй гэж би боддог. Бид хувийн амжилт, нэр хүнддээ хэт их анхаараад харин Бурханы хаант улсыг байгуулах нийтлэг зорилгод хэтэрхий бага анхаарал хандуулж, үргэлж хамтран ажилладаггүй гэдгийг би мэдэрсэн юм” гэж хэлсэн юм (“United in Building the Kingdom of God,” Ensign, 1987 оны тавдугаар сар, 35). Үүнтэй адил бид чадавх бололцоогоо бүрэн нээж чадна.

“Үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) нийтлэг зорилгод бид бүхэн нэгдэх болтугай.

Эхлэлээс төгсгөл хүртэл хардаг бидний Аврагч, Есүс Христ: “Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ” (Лук 9:62) хэмээн тунхаглахдаа Гетсемани болон Голгота руу аялах Өөрийн замыг маш сайн мэдэж байсан юм. Бурханы мэлмийд бидний юу хийж, хаана байсан нь тийм ч чухал биш харин бид хаашаа явахад бэлэн байна гэдэг нь л маш чухал билээ.

Бошиглогч Иосеф Смит биднийг удирдах зарчмуудын талаар “Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” хэмээн дурдсан байдаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 59).

Аврагч, Есүс Христийн үлгэр жишээг дагаж, хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсоныг дэмжин батлахаар гараа тэгш өнцөг гарган өргөснөөр бид амар амгалан, тайтгарал, баяр баясгаланг олох бөгөөд “эдгээр эцсийн өдрүүдэд … сайн сайхныг зооглох болно” (С ба Г 64:34) хэмээн би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.