Өөр бурхадтай байж болохгүй

Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр Төлөөлөгчийн чуулга


Бид өөрсдийн Бурханаас өөр бурхдад эсвэл өөр зүйлүүдэд үйлчилдэг үү?

Арван зарлиг нь Христийн болон Иудейн шашинтнуудын итгэлийн үндэс суурь болдог. Бошиглогч Мосегоор дамжуулан Бурхан Израилын хүүхдүүдэд өгсөн зарлигийн эхний хоёр нь бидний шүтлэг бишрэл болон эн тэргүүнд тавих зүйл рүү чиглэсэн байдаг. Хамгийн түрүүнд Их Эзэн зарлиглахдаа: “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй” (Египетээс гарсан нь 20:3) гэжээ. Хэдэн зуун жилийн дараа Есүсээс “Хууль дахь агуу тушаал нь аль вэ?” хэмээн асуухад Тэрээр “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Матай 22:36–37) хэмээн хариулдаг.

Арван зарлигийн хоёр дахь зарлигт өөр бурхадтай байж болохгүй гэснийг нарийвчлан авч үзэж, Бурханы хүүхдүүдийн хувьд амьдралдаа хамгийн түрүүнд тавих зүйл нь юу болох талаар: “Чи өөртөө зориулан шүтээн эсвэл … тэнгэр … газар дахь … юмны ямар нэг дүрсийг бүү хий” (Египетээс гарсан нь 20:4) хэмээн тодорхойлсон юм. Мөн энд “Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй” (Египетээс гарсан нь 20:5) гэсэн байдаг. Зөвхөн материаллаг шүтээнүүдийг хориглох төдий бус, бүх цаг үеийн эн тэргүүнд тавих үндсэн зүйлийг мөн заадаг. “Учир нь чиний Бурхан Эзэн Би бол хартай Бурхан бөгөөд …Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад … хайр энэрлээ үзүүлдэг” (Египетээс гарсан нь 20:5–6) гэж Жехова тайлбарлажээ. Хартай гэдэг үг нь онцгой утгатай ба еврей хэлэнд “сайхан сэтгэл хийгээд гүн мэдрэмжтэй байх” гэсэн үндсэн утгатай юм (Египетээс гарсан нь 20:5; зүүлт тайлбар b. Бид бусад зүйлүүдийг эн тэргүүнд тавьж мөн өөр бурхдад “мөргөх” юм уу “үйлчилснээр” Бурханыг гомдоодог.1

I.

Өнөө үед хүмүүс, бүр шүтлэгтэй хүмүүс нь хүртэл ямар зүйлүүдийг эн тэргүүнд тавьж, Бурханаас илүү тэдгээрт “мөргөж” эсвэл “үйлчилж” байна вэ? Дэлхий даяар

  1. Соёлын болон гэр бүлийн уламжлалууд
  2. Улс төрийн зохицол
  3. Мэргэжлийн хүсэл тэмүүлэл
  4. Материаллаг эд баялаг
  5. Зугаа цэнгэл
  6. Хүч чадал, эрх мэдэл болон нэр хүнд зэрэг нь нийтлэг байдаг гээд та нар бод доо.

Хэрэв бидний хэн нэгэнд эдгээр жишээнүүдийн нэг нь ч хамаарахгүй бол бид үүнийг бусдад зөвлөж болох юм. Уг зарчим нь хувь хүний жишээнээс илүү чухал юм. Энэ зарчим нь бидэнд өөр бусад эн тэргүүнд тавих зүйлүүд байгаа эсэхийг авч үзээгүй. Хоёр дахь зарлигаар “Бидний хамгийн эн тэргүүнд тавих зүйлүүд юу вэ?” гэдэг асуулт тавигддаг. Бид өөрсдийн шүтэхийг хичээдэг Бурханаас илүү өөр бурхдад эсвэл өөр зүйлүүдэд мөргөж мөн үйлчилж байна уу? Хэрэв бид Түүнд хайртай юм бол Түүний зарлигуудыг дагана хэмээн заадаг Аврагчаа бид мартсан уу? (Иохан 14:15-ыг үзнэ үү). Хэрэв тийм бол өнөө үед маш нийтлэг болсон сүнсний хайхрамжгүй байдал болон замбараагүй дур хүсэл бидний эн тэргүүнд тавих зүйлүүдийг будлиулж байна.

II.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Бурханы зарлигууд нь хүүхдүүддээ зориулсан Түүний агуу авралын төлөвлөгөөн дээр үндэслэсэн бөгөөд үүнтэй салшгүй холбоотой байдаг. Энэ төлөвлөгөөг заримдаа “аз жаргалын агуу төлөвлөгөө” (Алма 42:8) гэдэг бөгөөд Бурханы хүүхдүүдийн хувьд бид хаанаас ирсэн, яагаад бид энд байгаа болон бид хаашаа явж байгаа зэрэг бидний гарал үүсэл болон хувь заяаг тайлбарлаж өгдөг. Энэ нь Бурханы зарлигууд, Аврагчтай байх бидний хэрэгцээ, зуурдын болон мөнхийн гэр бүлийн амин чухал үүрэг зэргийг багтаасан мөнх бус байдлын нөхцөлүүдийг мөн бүтээлтийн зорилгыг тайлбарладаг билээ. Хэрэв бид энэхүү мэдлэгийг хүлээн авсан хожмын үеийн гэгээнтнүүд мөртлөө өөрсдийн эн тэргүүнд тавих зүйлүүдээ энэхүү төлөвлөгөөтэй нийцүүлэхгүй юм бол бид өөр бурхдад үйлчлэх аюулд орох болно.

Өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний тухай мэдлэг нь хожмын үеийн гэгээнтнүүдэд гэрлэлт болон гэр бүлийн тухай өвөрмөц ойлголтыг өгдөг. Биднийг хүмүүс гэр бүлд төвлөрсөн сүм гэдгээр мэддэг. Манай шашны номлол тэнгэрлэг эцэг, эхээс эхэлдэг бөгөөд бидний хамгийн дээд тэмүүлэл бол зөвхөн гэр бүлийн харилцаагаар боломжтой болдог мөнхийн өргөмжлөлийн бүрэн байдлыг олж авах явдал билээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний биелэлтэд зайлшгүй чухал зүйл гэдгийг бид мэднэ. Зөвхөн ийм гэрлэлт нь л мөнх бус төрөлтийг зөвшөөрөгдсөн орчноор хангаж, гэр бүлийн гишүүдийг мөнх амьдралд бэлтгэх боломжтой юм. Бид гэрлэлтийг болон хүүхэд төрүүлж, өсгөхийг Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг гэдэг бөгөөд энэ нь ийм боломж олгогдсон тэдний ариун үүрэг юм хэмээн үздэг. Газар дэлхий дээр болон тэнгэр дэх хамгийн үнэт эрдэнэс бол бидний хүүхдүүд болон үр удам маань гэдэгт бид итгэдэг.

III.

Гэр бүлийн мөнхийн үүргийн тухай мэддэг учраас Христийн болон Иудейн түүх соёлтой, барууны олон нийгэмд гэрлэлт болон төрөлтийн тоо огцом буурч байгаад бид их харамсаж байна. Хариуцлагатай эх сурвалжуудын мэдээлснээр

  1. Нэгдсэн Улс дахь төрөлт нь түүхэнд байснаас одоо хамгийн бага үзүүлэлттэй байгаа2 ба Европын Нэгдсэн Холбооны олон орон болон бусад хөгжсөн орнуудын төрөлтийн үзүүлэлт нь хүн амаа хэвээр нь хадгалах хангалттай түвшнээс нэлээн доогуур байгаа юм.3 Энэ нь өв соёлд төдийгүй улс үндэстний оршин тогтноход заналхийлж байна.
  2. Америкт 18–29 насны гэрлэсэн залуучуудын эзлэх хувь 1960 онд 59 хувь байсан бол 2010 онд 20 хувь болтлоо буурчээ.4 Гэрлэлтийн дундаж нас нь түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд 26, эрэгтэйчүүдийн хувьд бараг 29 нас болсон байна.5
  3. Олон улс болон соёлуудад (1) гэрлэсэн эцэг, эх болон хүүхдүүдээс бүрдэх уламжлалт гэр бүлийг үүрэг гэхээсээ илүү эсэргүүцэх нь их болж, (2) олон залуу эмэгтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхийн оронд ажил мэргэжил рүү тэмүүлэхийг сонгох нь улам ихсэн, (3) эцгүүдийн үүрэг, хэрэгцээ, шаардлага нь багасч байна.

Бидний санааг зовоож буй эдгээр чиг хандлагууд дунд бид Бурханы төлөвлөгөө нь Түүний бүх хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд Бурхан хаана ч байсан бүх хүүхдүүддээ хайртай гэдгийг ухаардаг билээ.6 Мормоны Номын нэгдүгээр бүлэгт: Бурханы “хүчин, басхүү сайн сайхан мөн нигүүлсэл тань … газар дэлхийн оршин амьдрагч бүхний дээр буй” (1 Нифай 1:14) хэмээн тунхагладаг. Өөр нэгэн бүлэгт: “тэрээр [өөрийн авралыг] бүх хүмүүний тулд үнэгүйгээр өгсөн билээ” мөн “бүх хүмүүн нэг нь нөгөөгийнхөө адил эрх бүхий бөгөөд нэг нь ч үл хориглогдсон болой” (2 Нифай 26:27–28) гэж тунхагласан байдаг. Эцэст нь судрууд бүх хүмүүнд энэрэл болон хайраар дүүрэн хандах үүрэгтэйг бидэнд заадаг (1 Тесалоник 3:12; 1 Иохан 3:17; С ба Г 121:45-ыг үзнэ үү).

IV.

Гэхдээ бид хүмүүсийн шашны итгэлийг нь үл харгалзан, тоо хэмжээ нь улам бүр өсч буй Бурханд итгэдэггүйгээ илэрхийлдэг тэдгээр хүмүүсийг ч гэсэн хүндэтгэдэг билээ. Бурханы өгсөн сонголтын хүчээр дамжуулан олонх нь бидний итгэлийн эсрэг байдаг гэдгийг бид мэддэг ч бусад хүмүүс бидний шашны итгэлийг адилхан хүндэтгэж; бидний итгэл тэднийхээс өөр бөгөөд зарим нэг өөр сонголт болон зан үйл рүү хөтөлдөг гэдгийг ойлгоно хэмээн бид найддаг. Жишээ нь, Бурхан авралын төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон, бэлгийн харьцаа нь зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын хооронд болох ёстой гэсэн мөнхийн жишгийг бий болгосон гэдэгт бид итгэдэг.

Мөнх бус амьдралыг бий болгох хүч нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу хүч юм. Бурхан анхны зарлигтаа Адам, Ева хоёрт үүнийг хэрэглэх эрхийг нь өгсөн юм (Эхлэл 1:28-ыг үзнэ үү). Гэвч үүнийг буруугаар хэрэглэж болохгүй талаар бусад чухал зарлигууд ч бас өгөгдсөн билээ (Египетээс гарсан нь 20:14; 1 Тесалоник 4:3). Бид ариун явдлын хууль дээр онцгой анхаардаг шалтгаан нь Бурханы төлөвлөгөөг биелүүлж, үр хүүхэдтэй болохын зорилгыг ойлгох бидний ойлголтоор тайлбарлагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болж, энэхүү хүчийг бүхий л талаар ашиглах нь ямар нэг түвшинд нүгэлд тооцогддог бөгөөд Өөрийн хүүхдүүдийн өргөмжлөлийн төлөөх Бурханы төлөвлөгөөний эсрэг зүйл юм.

Ариун явдлын хуульд бидний өгдөг ач холбогдол нь Бурханы охид, хөвгүүдийн хоорондох үр хүүхэдтэй болох харилцаа бөгөөд Түүний хүүхдүүдийг өсгөх Бурханы загвар-Адам, Евагаас эхлэн дэлхийн түүхэнд үргэлжилсэн гэрлэлтийн загвар дахь бидний амлалтыг тайлбарладаг. Аз болоход өөр шашны бүлэг болон байгууллагатай холбоотой олон хүмүүс гэрлэлтийн мөн чанар болон ач холбогдлын талаар бидэнтэй санал нийлдэг ба зарим нь шашны сургаалын үндэс суурийн талаар харин бусад нь энэ нийгэмд хамгийн сайн тохирно гэж үзсэн үзэл бодлын үндсийн талаар мөн бидэнтэй санал нэг байдаг билээ.

Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний7 тухай бидний мэдлэг нь Нэгдсэн Улс дахь бүх төрөлтийн 41 хувь нь буюу маш олон хүүхэд гэрлэлтээс гадуур төрж байгаа8 явдалд болон өнгөрсөн 50 жилийн дотор гэрлээгүй, хамтран амьдрагч хосуудын тоо эрс өсч байгаад бид тун их санаа зовж байгаагийн шалтгааныг тайлбарладаг юм. 50 жилийн өмнө анхны гэрлэлтүүдийн зөвхөн багахан хувь нь л гэрлэлтгүй, хамтын амьдрал байдаг байсан. Харин одоо энэ нь нийт гэрлэлтийн 60 хувьд хүрээд байна.9 Ялангуяа өсвөр үеийнхэн үүнийг ихээр хүлээн зөвшөөрч байна. Саяхны санал асуулгаар, өсвөр үеийнхний 50 орчим хувь нь гэрлэлтээс гадуур хүүхэд төрүүлэхийг “зохистой амьдралын хэв маяг” гэж үздэг хэмээн тодорхойлжээ.10

V.

Гэрлэлтийн болон хүүхэд төрүүлэх мөнхийн зорилгын төрөлх шинж чанар ба бэлгийн ёс суртахууны тухай Бурханы тушаалын эсрэг зан үйлийг бий болгох хууль, журмын өөрчлөлтийг хийх улс төр болон нийгмийн дарамт шахалт их байна. Үүнд: хэд хэдэн муж, улсуудад ижил хүйстний гэрлэлтийг аль хэдийн зөвшөөрсөн явдал багтана. Бусад шахалтууд нь Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөг биелүүлэхэд чухал үүрэгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааг арилгаж, ижилсүүлэхэд эсвэл хүйсийг будлиулахад хүргээд байна.

Бурханы төлөвлөгөө болон Түүний сургаалын тухай бидний ойлголт нь тиймэрхүү зан байдлыг зөвшөөрөхийг эсвэл тэдгээрийг хүлээн зөвшөөрдөг хуулиудыг зөвтгөхийг бидэнд зөвшөөрдөггүй мөнхийн үзэл санааг бидэнд өгдөг. Мөн өөрсдийн журмыг, бүр сургаалаа ч хүртэл өөрчилдөг бусад байгууллагуудтай адилгүй бидний журам нь өөрчлөгдөшгүй хэмээн тунхагласан Бурханы үнэнүүдээр тодорхойлогддог билээ.

Итгэлийн тунхагийн арван хоёрт бид иргэний эрх мэдэлтнүүдэд захирагдаж, “хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой” хэмээн бидний итгэлийг тодорхойлдог. Гэвч Бурханы ёс суртахуунгүй явдал хэмээн тунхагласан зүйлийг хүмүүний хууль нь ёс суртахуунтай болгож чадахгүй. Бурханаа хайрлаж мөн үйлчлэх бидний хамгийн дээд амлалт нь биднийг өөрсдийн зан байдлын жишгийн талаар Түүний хуулинд найдахыг шаарддаг. Жишээ нь бидний амьдарч буй улс орон, мужуудын хуулинд завхайрал, садар самууныг гэмт хэрэг гэж үзэхээ болих үед ч гэсэн бид тэдгээрийг үйлдэхгүй байх тэнгэрлэг зарлигаа сахих ёстой. Үүний адилаар “ижил хүйстний гэрлэлтийг” хуулиар зөвшөөрсөн ч гэрлэлтийн талаарх Бурханы хууль болон үүнтэй холбоотой Түүний тушаал, өөрсдийн жишгийг бид өөрчилж болохгүй. Өнөөгийн тодорхой газарт болон цаг үед эдгээр нь нийтлэг болсон ч Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг даган, өөр бурхад эсвэл бусад зүйлүүдэд мөргөх юмуу үйлчлэхээс татгалзах чанд үүргийн дор бид байгаа бөгөөд гэрээнүүдээ бид сахих ёстой.

Ингэж шийдэмгий байснаараа бид буруугаар ойлгогдож, туйлширлаа хэмээн зэмлэгдэж, гадуурхагдан эсвэл шашны маань чөлөөт зан үйлийн эсрэг довтлоход тэвчих хэрэг гарч болно. Тийм үед бид өөрсдийн эн тэргүүнд тавих зүйл болох Бурханд үйлчлэхээ санаж, анхдагч өвөг дээдсүүд шигээ сэтгэлийн тэнхээтэйгээр бэрхшээлүүдээ тэвчих хэрэгтэй гэж би боддог.

Ерөнхийлөгч Томас С.Монсоны заасан зүйл энэ нөхцөл байдалд тохирно. 27 жилийн өмнө энэ чуулган дээр тэр зоригтойгоор: “Нийтлэг сонголтуудын эсрэг, өөрсдийн зарчмуудыг хамгаалах зоригтой байцгаая. Урам зориг, бууж өгдөггүй байдал нь Бурханы сайшаалын инээмсэглэлийг авчирдаг. Зөвхөн нэр хүндтэйгээр нас барахад бэлэн байхад бус харин шударгаар амьдрах шийдэмгий байхад урам зориг нь амьд хийгээд сэтгэл татам ариун журам болдог. Бусад хүмүүс өөрийнх нь зөв гэж боддог зүйлсийг зөвшөөрдөггүйгээс эсвэл шоолдгийн улмаас зөвийг хийхээс айдаг тэр нь ёс суртахууны хувьд хулчгар хүн юм. Бүх хүнд айдас байдаг ч гэсэн сүр хүчтэйгээр айдсынхаа эсрэг зогсох урам зориг тэдэнд байх болно гэдгийг санагтун”11 гэжээ.

Мөнх бус байдал дахь зуурдын бэрхшээлүүдээс болж бидний Бүтээгч болон Аврагчийн бидэнд өгсөн агуу зарлигуудыг болон эн тэргүүнд тавих зүйлүүдээ бид бүү мартаасай хэмээн би залбирч байна. Бид зүрх сэтгэлээ дэлхийн зүйлүүдэд нэн их хандуулж, хүмүүсийн хүндэтгэл хүлээхийг эрмэлзэн (С ба Г 121:35-ыг үзнэ үү), мөнхийн хувь заяаны зорилгоо алдах ёсгүй. Бид Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг мэдэх бөгөөд бид үүнд оролцох гэрээ хийж мөн тодорхой үүрэг хүлээсэн билээ. Бид мөнх амьдралыг олж авахаа12 мөн Бурхан Эцэг болон Түүний Хүү, бидний Аврагч, Есүс Христээс өөр мөргөж, үйлчлэх ямар ч бурхад байх ёсгүйг эн тэргүүнд тавих тэргүүн дээд хүслээ хэзээ ч мартах ёсгүй.

Бид мэргэн ухааны болон хайрын замаар эдгээр эн тэргүүнд тавих зүйлүүдийг эрэлхийлэх үед бусад хүмүүс үүнийг ойлгоосой мөн тэдэнд ойлгуулахад Бурхан бидэнд туслаасай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Show References

  1.  

    1. Сургаал ба Гэрээ 124:84-өөс жишээ үзнэ үү.

  2.  

    2. Жойс А.Мартин болон бусад, “Births: Final Data for 2011,” National Vital Statistics Reports, боть 62, дугаар 1 (2013 оны зургадугаар сарын 28), 4; Глориа Гүүдэйл, “Behind a Looming Baby Bust,” Christian Science Monitor Weekly, 2013 оны хоёрдугаар сарын 4, 21, 23-ыг үзнэ үү.

  3.  

    3. Хүн амын лавлах хороо, “2012 World Population Data Sheet” үзнэ үү. www.prb.org/Publications/Datasheets/2012/world-population-data-sheet/data-sheet.aspx.

  4.  

    4. Д’Вэра Кон ба бусад, “Barely Half of U.S. Adults Are Married—a Record Low,” Судалгааны төв, Нийгэм, хүн ам зүйн чиг хандлага, 2011 оны арван хоёрдугаар сарын 14, http://www.pewsocialtrends.org/2011/12/14/barely-half-of-u-s-adults-are-married-a-record-low/-д боломжтой; “Rash Retreat from Marriage,” Christian Science Monitor,Нэгдүгээр сар 2 9 2012 оны нэгдүгээр сарын 2 ба 9, 34.

  5.  

    5. U.S. Census Bureau, “Estimated Median Age at First Marriage, by Sex: 1890 to Present,” www.census.gov/population/socdemo/hh-fam/ms2.xls-д боломжтой.

  6.  

    6. Даллин Х.Өүкс, “All Men Everywhere,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны тавдугаар сар, 77–80-ыг үзнэ үү.

  7.  

    7. Даллин Х.Өүкс, “The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны арван нэгдүгээр сар, 72–75-ыг үзнэ үү.

  8.  

    8. Мартин, “Births: Final Data for 2011,” 4.

  9.  

    9. В.Брэдфорд Вилкокс ба Элизабэт Маркүэрд, The State of Our Unions: Marriage in America, 2012 (2012 оны арван хоёрдугаар сар), 76.

  10.  

    10. The State of Our Unions, 101–2.

  11.  

    11. Томас С.Монсон, “Courage Counts,” Ensign,,1986 оны арван нэгдүгээр сар, 41-ийг үзнэ үү.

  12.  

    12. Даллин Х.Өүкс, “Хүсэл,” Ensign эсвэлЛиахона,, 2011 оны тавдугаар сар, 42–45-ыг үзнэ үү.