Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс

Арнүлфо Валэнзүэла

Далын ахлагч


Бусдад итгэл ба хайраар тусалцгаая.

Хайрт ах, эгч нар минь ээ, би хэдхэн долоо хоногийн өмнө номлогчидтой нэгэн захиас хуваалцахаар Мехико хот дахь номлогчийг бэлтгэх төвд очсон. Эхнэр бид хоёр зориуд нэлээд хэдэн цагийн өмнө тэнд очлоо. Бид Номлогчийг бэлтгэх төвийн үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, цэвэр цэмцгэр гудамжуудаар нүд хужирлаж явахдаа шинэ хэл сурах чадваруудыг олж авахад мөн номлогчдын хувьд үүрэг зорилгодоо илүү талархалтай байхад суралцаж байгаа хэдэн зуун залуу эрэгтэй, эмэгтэй номлогчийн нүүрнээс туяаран гэрэлтэх аз жаргалыг ажиглахгүй байж чадаагүй юм.

Миний бие тэрхүү гайхамшигт дүр зургийг хормын төдийд ажиглах зуураа Алма хүү Хиламандаа өөрийн хүмүүсийн түүхийг хөтлөх зарлиг өгөхдөө хэлсэн үгсийг тунгаан бодлоо. Уг түүх нь түүнд итгэмжлэл хүлээлгэн өгсөн цэдгүүдийн хэсэг бөгөөд эдгээр бүх ариун нандин цэдгүүд нэгэн цагт бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст очихын тулд тэдгээрийг хөтлөх ёстой байв.

Aлма түүнд

“Эдүгээ энэ нь миний хувьд мунхаглал хэмээн чи бодож болно; гэвч болгоогтун, өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддагийг би чамд хэлнэ; мөн өчүүхэн зүйлүүд олон тохиолдолд мэргэдийг гутаадаг бөлгөө.

“Мөн Их Эзэн Бурхан өөрийн агуу хийгээд мөнхийн зорилгуудыг тохиолдуулах аргаар ажилладаг; мөн маш өчүүхэн аргаар Их Эзэн мэргэдийг ичээж мөн олон бодгалийн авралыг авчирдаг” (Aлма 37:6–7) гэж хэлжээ.

Даруу хүмүүс “Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах замаар бусдыг Христэд ирэхэд нь урих” болно гэсэн Их Эзэний арга замын үлгэр жишээг манай цэвэр ариун, идэр залуу номлогчид харуулж байна. (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлийн удирдамж [2004], 1).

Сүмийн гишүүд бидний хувьд өөрсдийн өчүүхэн бөгөөд энгийн зүйлсээр дамжуулан “тэдний олонд замуудынх нь алдааг [ойлгуулж], …” “тэднийг бодгалийнх нь авралд хүргэхээр Бурханых нь мэдлэгт авчрах”-д туслах боломжтой юм (Aлма 37:8).

Би нэгэн удаа гадасны ерөнхийлөгч болон бишопын хамт идэвх султай нэг гишүүнийд айлчлан очсон юм. Бид түүнд Хүндэтгэлийн өдрийн адислалуудын талаар маш энгийнээр зааж, чин сэтгэлийн хайраа илэрхийлэхэд тэрээр, “Надад хэрэгтэй бүх зүйл нь хэн нэгэн хүрч ирээд, намайг тэврэх явдал байсан юм” хэмээн хариулсан билээ. Би тэр даруй босч, түүнийг тэвэрлээ. Маргааш нь ням гараг байв. Нөгөөх ах гэр бүлээрээ ариун ёслолын цуглаанд ирсэн байлаа.

Нэгэн айлчлагч багшлалтын үеэр манай тойргийн гишүүн Марта миний эхнэр болон түүний хамтрагчид дахин хэзээ ч битгий ирээрэй гэж хэлжээ. Марта сүмд явахаа болихоор шийдсэн байлаа. Айлчлагч багш нарын нэг нь энэ сүүлчийн айлчлалаараа нэгэн дууллыг хамтдаа дуулж болох уу гэж хүсэхэд тэр зөвшөөрчээ. Тэднийг дуулж байх үеэр нэгэн онцгой явдал болжээ. Сүнс бага багаар өрөөг дүүргэсэн ажээ. Хүн бүр Сүнсийг мэдэрсэн ба Мартагийн зүрх сэтгэл зөөлөрч эхлэв. Тэр нүдэндээ нулимстайгаар айлчлагч багш нартайгаа мэдэрсэн зүйлээ хуваалцжээ. Тэр агшинд Марта сайн мэдээ үнэн гэдгийг ойлгосон ажээ. Тэгээд тэр айлчлагч багш нартаа ирсэнд нь талархаад тэднийг дахин ирээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэр үеэс хойш Марта айлчлагч багш нарыг баяртайгаар хүлээн авдаг болсон гэнэ.

Марта бага насны охинтойгоо хамт сүмд явдаг болов. Тэрээр нөхрийгөө тэдэнтэй нэгдэнэ гэсэн итгэлтэйгээр олон жилийн турш охинтойгоо сүмд тогтмол явдаг байв. Эцэст нь Их Эзэн нөхрийнх нь зүрх сэтгэлд нөлөөлсөн тэр нэгэн өдөр ирж, тэрээр эхнэр, охин хоёртойгоо сүмд явдаг болсноос хойш удалгүй өөр нэг охин нь бас тэдэнтэй нэгджээ. Энэ гэр бүл гэр оронд нь сайн мэдээний адислалууд байснаар ирдэг баяр баясгаланг мэдэрч эхэлсэн байна. Тэр үеэс хойш Марта манай тойргийн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр, нөхөр нь гадасны хэд хэдэн дуудлагад итгэлтэйгээр үйлчилж байна. Энэ бүхэн бол Мартагийн зүрх сэтгэлд нөлөөлсөн өчүүхэн бөгөөд энгийн зүйл болох нэгэн дууллыг хамтдаа дуулсны үр дүн юм.

Нааман бол Сирийн хааны цэргийн жанжин, нэр хүнд, хүч чадал, эрэлхэг зоригтой нэгэн байсан ч уяман өвчтэй байлаа (Хаадын дэд 5:1-ийг үзнэ үү). Нааман уяман өвчнөө Израйлын хаанаар эдгээлгэх гэж оролдоод амжилтгүй болсны дараа бошиглогч Елишагийнх руу явжээ. Елиша элч илгээж, түүнд хэлүүлсэн нь:

“Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно.

“Харин Нааман хилэгнэн уурлан явж, харагтун, Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ гэж би бодсон юм. …

“Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд, Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.

“Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ” (Хаадын дэд 5:10–11, 13–14).

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон бид бүгдийг явж, ах эгч нараа аврахад урьж, “Дэлхийд та нарын тусламж хэрэгтэй байна. Өргөн босгох хөл, атгах гар, урам зориг өгөх сүнс, сэнхрүүлэх зүрх, аврах сүнснүүд байна. Мөнх амьдралын адислалууд та бүгдийг хүлээж байна” гэж хэлжээ (“To the Rescue,” Ensign, 2001 оны 5-р сар, 48; эсвэл Лиахона, 2001 оны 7-р сар, 57).

Бидний тусламж хэрэгтэй олон хүн биднийг хүлээж байгаа гэдгийг би гэрчилж байна. Эрэлхэг зоригтой ах, эгч нарыг тэдэнд хүрч, тэднийг өчүүхэн бөгөөд энгийн арга замуудаар аврахад тэд бэлэн болсон байна. Би Их Эзэн зүрх сэтгэлийг нь аль хэдийн зөөлрүүлсэн, бидний гэрчлэл болон чин сэтгэлийн хайрыг хүлээн авахад бэлэн болсон сүмийн идэвх султай гишүүдтэй очиж уулзахад олон цагийг зориулсан. Бид тэдэнд хүрч, тэднийг урихад тэд эргэлзэлгүйгээр сүмдээ эргэн ирэх болно.

Бусдад итгэл ба хайраар тусалцгаая. Их Эзэний амлалтыг санацгаая:

“Мөн хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” гэсэн Их Эзэний амлалтыг санацгаая (С ба Г 18:15–16).

Их Эзэн Өөрийн бүх хүүхдэд хайртайг би гэрчилж байна. Тэр амьд бөгөөд бидний Гэтэлгэгч гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.