Бурханы хүч ба эрх мэдлээр заах нь

Дэвид М.Макконки

Ням гарагийн ерөнхий ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх


Их Эзэн зохистой хожмын үеийн гэгээнтэн бүрд Аврагчийн арга барилаар заах замыг өгсөн билээ.

Бид нийт сүм даяарх бүх багш нарт хэмжээлшгүй ихээр талархалтай байдаг. Бид та нарт хайртай мөн та бүхэнд маш их итгэдэг. Та нар бол сэргээгдсэн сайн мэдээний агуу гайхамшгуудын нэг билээ.

Сайн мэдээний сайн багш болоход буюу Бурханы хүч ба эрх мэдлээр заадаг болоход үнэхээр нэг нууц байдаг. 1820 оны хаврын нэгэн цэлмэг сайхан өдөр болсон явдлыг үнэн гэдгийг мэдэрч, гэрчлэлтэй болсон хүмүүс л амжилттай багш байх зарчмуудыг ойлгодог учраас би нууц гэдэг үгийг хэрэглэсэн юм.

14 настай хүүгийн даруухан залбирлын хариуд тэнгэр нээгдсэн билээ. Бурхан, Мөнхийн Эцэг ба Түүний Хүү Есүс Христ бошиглогч Иосеф Смитэд үзэгдэж, түүнтэй ярьсан юм. Удаан хүлээгдсэн бүх зүйлийн сэргээлт эхэлж, илчлэлтийн зарчим манай эрин үед үүрд мөнхөд тогтоогдсон билээ. Иосефийн захиасыг болон бидний энэ дэлхийд хандсан захиасыг “Бурхан ярьдаг” гэх хоёрхон үгэнд багтааж болно. Тэрбээр эрт дээр үед хүмүүстэй ярьж байсан. Иосефтэй ч мөн ярьсан. Бурхан тантай ч мөн адил ярих болно. Энэ бол та нарыг дэлхийн бусад бүх багш нараас онцгой болгодог зүйл юм. Иймээс та бүхэн амжилттай байхаас өөр аргагүй билээ.

Та нар бошиглолын мөн илчлэлтийн суу билгийн дагуу дуудагдаж, санваарын эрх мэдлээр онцгойлон адислагдсан билээ. Энэ нь юу гэсэн утгатай вэ?

Нэгдүгээрт, энэ нь та бүхэн Их Эзэний зараалд байна гэсэн үг. Та нар бол Түүний төлөөлөгчид бөгөөд Түүний өмнөөс үйлдэж, Түүнийг төлөөлөх үүрэг даалгавар, эрх мэдэлтэй. Түүний төлөөлөгчийн хувьд та нар Түүнээс тусламж авах эрхтэй. Мөн та “Хэрэв өнөөдөр Аврагч ангид маань заавал Тэр юу хэлж, хэрхэн заах байсан бол?” гэж өөрөөсөө асууж, яг тийм байдлаар заах ёстой.

Энэ үүрэг хариуцлага нь зарим хүмүүсийг өөрийгөө голоход эсвэл ямар нэг байдлаар эмээхэд хүргэж магадгүй. Гэхдээ арга зам нь хэцүү биш. Их Эзэн зохистой хожмын үеийн гэгээнтэн бүрд Аврагчийн арга барилаар заах замыг өгсөн билээ.

Хоёрдугаарт, та нар Есүс Христийн сайн мэдээг номлохоор дуудагдсан. Мөн та нар өөрсдийн санаа, үзэл бодлоо судруудтай хольж заах ёсгүй. Сайн мэдээ бол “авралд хүргэх Бурханы хүч”1 бөгөөд бид зөвхөн сайн мэдээгээр л аврагддаг билээ.

Гуравдугаарт, та нар сайн мэдээний зарчмуудыг сүмийн жишиг бүтээлүүдийн дагуу заахаар мөн Ариун Сүнсний та бүхэнд заасан зүйлсийг болон өнөө үеийн төлөөлөгч, бошиглогчдын хэлсэн үгийг заахаар зарлигдуулсан юм.

Тэгэхээр бид юунаас эхлэх вэ?

Бидний хамгийн чухал үүрэг бол Ариун Сүнсээр удирдуулж, Түүнийг хамтрагчаа болгохуйц зохистой амьдрах явдал юм. Хайрум Смит энэхүү хожмын үеийн ажилд оролцохыг хүсэхэд Их Эзэн түүнд “Болгоогтун, бүх хүчин чадал, оюун, чадлаараа миний зарлигуудыг сахих нь, тийм ээ, энэ нь чиний ажил бөлгөө”2 хэмээн хэлжээ. Энэ бол бидний эхлэх цэг. Их Эзэний Хайрумд өгсөн энэ зөвлөгөө нь бүх эрин үеийн гэгээнтнүүдэд Түүний өгч байсан зөвлөгөөтэй адил зөвлөгөө юм.

Тэргүүн Зөвлөл өнөөгийн багш нарт хандан, “Та нарын үйлчлэлийн хамгийн чухал хэсэг нь өдөр бүр залбирч, судраас суралцан мөн зарлигуудыг дуулгавартайгаар даган, өөрсдөө сүнслэг бэлтгэлтэй байх явдал юм. Бид та нарыг урьд өмнөхөөсөө илүү том зорилготойгоор сайн мэдээний дагуу амьдрахаар зориг шулуудаасай хэмээн уриалж байна”3 гэж хэлсэн юм.

Та нарын үйлчлэлийн хамгийн чухал хэсэг нь хичээлээ сайн бэлдэх явдал эсвэл янз бүрийн заах арга барилыг эзэмших явдал гэж Тэргүүн Зөвлөл хэлээгүй нь чухал ач холбогдолтой. Мэдээж, хичээл бүрийг хичээнгүйлэн бэлдэж, суралцагчдадаа гишүүдэд эрх чөлөөгөө эдлэхэд нь тусалж мөн сайн мэдээг тэдний зүрх сэтгэлд нь хүргэх боломжийг олгохын тулд заах арга барилаас суралцахаар хичээх ёстой. Гэвч таны дуудлагын хамгийн чухал хэсэг нь таны хувийн сүнслэг бэлтгэл юм шүү. Хэрэв та энэ зөвлөгөөг дагавал “Ариун Сүнс та нарыг юу хийхээ мэдэхэд тань туслах болно. Та нарын хувийн гэрчлэл нэмэгдсэнээр та илүү гүн гүнзгий хөрвөгдөж, амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахдаа хүчирхэгжинэ”4 хэмээн Тэргүүн Зөвлөл амласан билээ.

Багш хүн үүнээс илүү агуу ямар адислалуудыг хүсэх билээ дээ?

Дараа нь, Их Эзэн бидэнд Түүний үгсийг тунхаглахаасаа өмнө Түүний үгсийг олж авахыг эрэлхийл хэмээн зарлигласан билээ.5 Та нар судруудыг хичээнгүйлэн судалж, зүрх сэтгэлдээ нөөцөлснөөр зөв ойлголттой хүмүүс болох ёстой. Тэгээд та нар Их Эзэнээс тусламж хүсэхэд Тэрбээр та нарыг Өөрийнхөө Сүнсээр болон үгээр адисалж, та нар хүмүүнийг итгүүлэх Бурханы хүчтэй байх болно.

Сайн мэдээ хүмүүст үгээр ба хүчээр гэсэн хоёр замаар ирдгийг Паул бидэнд хэлдэг.6 Сайн мэдээний үг нь судруудад бичигдсэн байдаг бөгөөд үүнийг хичээнгүйлэн судлах замаар бид уг үгийг олж авах боломжтой юм. Ариун Сүнсийг хамтрагчаа болгож, Түүнээс ирэх мэдрэмжийг дагаж амьдардаг хүмүүст сайн мэдээний хүч ирдэг. Зарим хүмүүс зөвхөн үгийг олж авахыг эрэлхийлэхэд л анхаарч, мэдээлэл хүргэх тал дээр мэргэжилтэн болсон байдаг. Харин зарим хүмүүс Их Эзэн Өөрийн сайн сайхан байдлаараа тэдэнд ямар нэг аргаар хичээлийн туршид тусална гэж найдаад хичээлээ сайн бэлддэггүй. Та нар өөрсдийнхөө судлаагүй эсвэл тунгаан бодож үзээгүй судруудыг болон зарчмуудыг санахад сүнс тусална гэж найдаж болохгүй шүү. Сайн мэдээг амжилттай заахын тулд та нарын амьдралд сайн мэдээний үг, хүч хоёр хоёулаа байх ёстой билээ.

Алма Мозаягийн хөвгүүдэд болон тэд Бурханы хүч ба эрх мэдлээр хэрхэн зааж байгаад баясан байхдаа эдгээр зарчмуудыг ойлгосон юм: Бид:

“тэд зөв ойлголттой хүмүүс мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

“Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд … илчлэлтийн суу билэг байлаа”7 гэж уншдаг билээ.

Дараа нь, та нар сонсож сурах ёстой. Ахлагч Жэффри Р.Холланд дараах зарчмыг номлогчдод заажээ. Түүний хэлсэн үг бүх багш нарт хамаатай юм. Би ахлагч Холландын үгээс эш татахдаа номлогчид ба сонирхогчид гэсэн үгсийг багш нар ба суралцагчид гэсэн үгсээр орлуулъя. Тэрээр: “[Багш нар] нэн тэргүүнд Сүнсийг сонсох үүрэгтэй. Хоёрдугаарт тэд [суралцагчдаа] сонсох ёстой. … Хэрэв бид сүнслэг байдлаар сонсвол … , [суралцагчид маань] ямар хичээл сонсох хүсэлтэйгээ бидэнд хэлэх болно!

“[Багш нар] [суралцагчдадаа] хувь хүн бүрийнх нь үүднээс анхаарахын оронд амар хялбар, нэг хэвийн хичээл заахад л анхаарлаа төвлөрүүлсээр байна”8 гэж хэлсэн юм.

Та нар өөрсдийгөө болон хичээлээ хамгийн сайнаараа бэлдсэнийхээ дараа л сүнсний удирдамжийг дагах ёстой. Харин тэдгээр нам гүм мэдрэмж Ариун Сүнснээс ирэхэд та нар бэлдсэн хичээлээ түр орхиж, сүнсний удирдамжийг дагах зоригтой байх ёстой. Ингэсэн тохиолдолд л та нарын зааж байгаа хичээл та нарынх бус, харин Аврагчийн хичээл болох юм.

Та нар урьд өмнөхөөсөө илүү том зорилготойгоор сайн мэдээний дагуу амьдарч, судруудыг судлан, зүрх сэтгэлдээ нөөцлөх юм бол эрт дээр үед төлөөлөгч, бошиглогчдод эдгээр үгсийг илчилж байсан яг тэр Ариун Сүнс та бүхэнд тэдгээрийн үнэнийг гэрчлэх болно. Үнэндээ Ариун Сүнс та нарт тэдгээрийг шинээр илчлэх болно. Ингэснээр та нарын унших үгс зөвхөн Нифайн юм уу Паулын эсвэл Алмагийн үгс биш, харин таны үгс болох болно. Тэгээд таныг заах үед Ариун Сүнс та нарт бүх зүйлийг зааж өгөх бөгөөд бүгдийг сануулах болно. Үнэхээр “та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно.”9 Энэ үед та нар төлөвлөөгүй ямар нэг зүйл хэлж байгаагаа анзаарах болно. Мөн хэрэв та нар анхаарч чадвал зааж байх үедээ хэлсэн зүйлээсээ ямар нэг шинэ зүйл сурах болно. Ерөнхийлөгч Марион Ж.Ромни “Би Ариун Сүнсний нөлөөллөөр ярьж байхдаа үүнийгээ үргэлж мэддэг. Учир нь би хэлсэн үгнээсээ үргэлж суралцаж байдаг”10 хэмээн хэлсэн байдаг. Багш ч гэсэн суралцагч гэдгийг сана.

Эцэст нь хэлэхэд та нар зүгээр л гарын авлага дахь үгсийг мөн бусдын бодлыг давтахын оронд зааж буй зүйлсийнхээ бие даасан гэрч нь болж зогсох ёстой. Та нар Христийн үгс дээр найрлаж, урьд өмнөхөөсөө илүү том зорилготойгоор сайн мэдээний дагуу амьдрахыг хичээснээр та нарын зааж буй зүйлс үнэн гэдгийг Ариун Сүнс та нарт нотлох болно. Энэ бол илчлэлтийн сүнс бөгөөд яг энэ сүнс захиасыг тань хүлээн авах хүсэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд түүнийг хүргэх болно. Багш хүн бас суралцагч байдгийг санагтун.

Одоо бүгдээрээ Ариун төглийн талаар ярьж эхэлснээ төгсгөе. Тийм ч урт биш хугацааны өмнө хаврын нэгэн өглөө болсон явдлын ачаар та нар Бурханы хүч ба эрх мэдлээр заах эрхтэй болсон юм.  Үүнийг би өөрийн гэсэн баттай гэрчлэлээр гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. Ром 1:16.

  2.  

    2. Сургаал ба Гэрээ 11:20.

  3.  

    3. Тэргүүн Зөвлөл, Аврагчийн арга барилаар сайн мэдээг заах нь: Ирээд Намайг Дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах материал (2012), 2.

  4.  

    4. Тэргүүн Зөвлөл, Аврагчийн арга барилаар сайн мэдээг заах нь, 2.

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 11:21-ийг үзнэ үү.

  6.  

    6. 1 Тесалоник 1:5-ыг үзнэ үү.

  7.  

    7. Алма 17:2–3.

  8.  

    8. Жэффри Р.Холланд, “The Divine Commission” (шинэ номлолын ерөнхийлөгчдөд зориулсан сургалт, 2009 оны 6-р сарын 26).

  9.  

    9.  Сургаал ба Гэрээ 100:6..

  10.  

    10. Марион Ж.Ромни, Боид К.Пакэр, Teach Ye Diligently(1975), 304.