2010–2019
Сүнсний хамгаалалтын түлхүүр
Аравдугаар сар 2013


Сүнсний хамгаалалтын түлхүүр

Судруудыг уншиж, хамгаалалт ба гэтэлгэлийн амлалтуудыг нээн илрүүлдэг хүн бүрийн зүрх сэтгэлд амар амгалан ирэх болно.

Би саяхан нэгэн залуу хосыг ариун сүмд лацдан холбосон юм. Энэ хос, хүүхэд насаа өнгөрөөсөн эцэг эхийнхээ орон гэрийг орхин, эхнэр, нөхөр болох энэхүү гайхамшигт өдрийг хүртэл зохистой байжээ. Тэд энэ ариун нандин ёслолд бэлтгэх явцдаа ариусгагдсан байлаа. Хэсэг хугацааны дараа тэд Тэнгэр дэх Эцэгийн маань тогтоосон загварын дагуу өөрсдийн үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх болно. Тэдний өөрсдийнх нь болон хойч үеийнхнийх нь аз жаргал, Аврагчийн үндэслэн бий болгож, Түүний судруудад тайлбарласан жишгүүдээр хэрхэн амьдарч чадахаас хамаарах юм.

Өнөө үед эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх аюулгүй газрыг хайх боллоо. Тийм аюулгүй газар бий. Энэ бол сайн мэдээний зарчимд тулгуурласан гэр орон юм. Бид сүм дэх гэр бүлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, газар бүрийн эцэг эхчүүдэд үр хүүхдээ зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэхийг зөвлөдөг билээ.

Төлөөлөгч Паул “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав”.

“Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус,

“үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид,

“тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно;

“Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч, түүний хүчийг үгүйсгэдэг: Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв”1 хэмээн бошиглож, сэрэмжлүүлсэн юм.

Паул бас, “Муу хүмүүс мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно”2 хэмээн бошиглосон билээ.

Эдгээр судрын хэсгүүд ямар зан байдлаас зайлсхийх ёстойг бидэнд сэрэмжлүүлдэг. Бид үргэлж сонор сэрэмжтэй, хичээнгүй байх ёстой. Бид эдгээр бошиглол бүрийг нягтлан судалснаар өнөөгийн дэлхийн байдлын учир шалтгааныг баттай ойлгож чадна.

Аюултай цаггэдэг нь өнөө үе юм. Бид маш хэцүү цагт аж төрж байна.

Мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, бардамнагчид-Энэ бүхэн бидний эргэн тойронд байдаг.

Доромжлогчид, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч-Эд бүгд өнөөдөр газар сайгүй байна.

Гэрээгээ зөрчигчид, гүжирдэгчид гэхчилэн эд бүгд бидний эргэн тойронд, хаа сайгүй байгааг бид нотолж чадна.

Моронай бас манай өнөө үеийн ёс бус байдлын тухай өгүүлж:

“Та нарын дунд эдгээр зүйлүүд ирэхийг та нар үзэх үед … өөрсдийн аймшигт байдлынхаа мэдрэмжид та нар сэрэгтүн. …

“Иймийн тулд, хилэнцэт үйл зогсоогдож болох, мөн хүмүүний үрсийн зүрх сэтгэлд Сатан ямар ч хүчийг агуулж үл чадах, харин тэд үргэлжлүүлэн сайныг хийхээр ятгагдаж болох, тэд бүх л зөв шударгын эх булагт ирж, мөн аврагдаж болох тэр цаг ирж болохын тулд би, Моронай, эдгээр зүйлүүдийг бичихээр зарлиг болгогдсон билээ”3 хэмээн сэрэмжлүүлсэн билээ.

Өнөө үеийн тухай Паул, Моронай нарын тодорхойлолт хөдөлшгүй үнэн бөгөөд эдгээрийг няцаах аргагүй юм. Энэ нь олон хүнд түгшүүр төрүүлмээр, түүгээр ч зогсохгүй сэтгэлээр унамаар санагдаж байж магад. Гэхдээ би ирээдүйн тухай бодохдоо эерэг, өөдрөг үзлээр дүүрэн байдаг.

Паул өөрийн илчлэлтэд бэрхшээл сорилтууд болон асуудлуудыг тоочсоноос гадна бид өөрсдийгөө хамгаалахын тулд юу хийж болох тухай бас өгүүлжээ.

“Харин чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай;

“Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.”4

Судрууд бол сүнсний хамгаалалтын түлхүүрүүд мөн. Судрууд нь Бурханы хүүхэд бүрд Есүс Христ бол Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдэг гэрчлэлийг авчрах сургаал, хуулиуд мөн ёслолуудыг агуулдаг.

Зүүлт тайлбар, харьцуулах эшлэл бүхий судруудыг олон хэлээр хэвлэхийн тулд олон жилийн турш бэлтгэж, асар их хүч чармайлт тавьсаар байна. Бид судруудыг судлахыг хүссэн бүхий л хүмүүст тэдгээрийг хүртээмжтэй болгохоор хичээж байна. Судрууд бидэнд хаашаа явах, юу хийхийг хэлдэг бөгөөд итгэл найдвар мөн мэдлэгийг олгодог билээ.

Олон жилийн өмнө Далын ахлагч С.Дилвөрт Янг судруудыг унших тухай хичээлийг надад заасан юм. Нэгэн гадас, гишүүдийнхээ дунд үүссэн хурцадмал байдлыг арилгахын тулд тэдэнд зөвлөгөө өгөх хэрэгтэй байлаа.

“Би юу зөвлөх вэ?” гэж ерөнхийлөгч Янгаас асуулаа.

“Судруудыг унш гэж тэдэнд хэл” хэмээн түүнийг энгийнээр хариулахад

би: “Ямар судрууд?” гэж асуув.

“Ямар судар гэдэг нь чухал биш ээ. Жишээ нь, Мормоны Номыг нээгээд, уншиж эхэл гэж тэдэнд хэл. Удалгүй тэд амар амгалан ба урам зоригийг мэдрэх болно. Тэгээд асуудлын шийдэл аяндаа олдоно” хэмээн тэр хэлж билээ.

Судар уншихыг амьдралынхаа байнгын хэвшил болго, тэгвэл олон адислал ирэх болно. Судруудад сэрэмжлүүлгийн дуу хоолой байдаг. Бас урам зориг, хүч чадлыг тэдгээрээс олох болно.

Эхний үед судруудын хэл танд хачирхалтай санагдаж мэднэ, тэглээ ч гэсэн уншаад л бай. Удалгүй та судруудын сайхныг болон тэдгээрт агуулагддаг хүч чадлыг олж мэдэх болно.

“Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай”5 хэмээн Паул хэлжээ.

Та энэхүү амлалтыг өөр дээрээ туршин үзэж болно.

Бид хэцүү цаг үед амьдарч байгаа хэдий ч өөрсдийнхөө төлөө мөн гэр бүлийнхээ төлөө, итгэл найдвар, амар амгаланг олж чадна. Уй гашууд амьдарч, хүүхдүүдийг нь дэлхий буруу замаар удирдаж байгаагаас тэднийг хэрхэн аврах тухай цөхрөнгөө барж байгаа хүмүүс хэзээ ч бууж өгөх ёсгүй. “Бүү ай, зөвхөн итгэ.”6 Зөвт байдал ёс бус байдлаас илүү хүчтэй билээ.

Бага наснаасаа судруудыг хэрхэн ойлгохыг заалгасан хүүхдүүд өөрсдийн явах ёстой замын талаар гэрчлэлтэй болдог бөгөөд тэрхүү зам дээрээ үлдэх магадлал илүү их байдаг. Замаасаа гажсан хүмүүст туслах юм бол тэд эргэж ирэх замаа олох боломжтой болно.

Moзаягийн хөвгүүд хэсэг хугацаанд сүмийн эсрэг тэмцсэн ч хожим нь наманчилж, эрс өөрчлөгдсөн билээ. “Мозаягийн энэ хөвгүүд … үнэний мэдлэгт хүчтэй болсон байв; учир нь тэд зөв ойлголттой хүмүүс, мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв”7 хэмээн бид Алмагаас уншдаг билээ.

Аав Хайрум нь Картэйж шоронд амь үрэгдэхэд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит таван настай байлаа. Жозеф хожим нь хээр талыг бэлэвсэн эхтэйгээ аялан туулсан юм.

Тэрээр арван таван настайдаа Хавайд номлолд дуудагдсан аж. Жозеф тэр үед ганцаардан, урам нь ихэд хугарч, “Сэтгэл санаагаар их унасан байлаа. … Би өөрийгөө ядуу зүдүү, оюуны чадавх султай, мэдлэг нимгэн, хүний өөдөөс эгцлэн харж чадахгүй шахам сул дорой хөвгүүн гэж бодох боллоо” гэжээ.

Нэгэн шөнө залуу Жозеф хүнд нөхцөлийнхөө тухай эргэцүүлэн бодсоор унтахдаа, аян замд хамаг чадлаараа хурдлан гүйж байна гэж зүүдэлжээ. Тэр нэгэн жижигхэн боодолтой юм авч явна гэнэ. Тэгээд тэр зорьсон газар нь болох нэгэн гайхамшигт харшид хүрч иржээ. Тэрээр ойртон харвал “Усанд ор” гэсэн тэмдэг байна гэнэ. Тэр дотогш яаран, усанд оржээ. Нөгөөх жижигхэн боодолтой юмаа задалж үзвэл цэвэрхэн цагаан хувцас байлаа. “Энэ чинь удаан хугацаанд миний хараагүй юм байх чинь” хэмээн боджээ. Тэгээд цагаан хувцсыг өмсөн, харшийн хаалга руу яаран алхав.

“Түүнийг хаалга тогшиход хаалга нээгдэж, нэгэн хүн зогсож байсан нь Бошиглогч Иосеф Смит байв. Тэр түүн рүү бага зэрэг зэмлэсэн янзтай харснаа: ‘Жозеф, чи хожимджээ’ гэсэн нь түүний хэлсэн анхны үгс байв. Гэвч Жозеф итгэлтэйгээр:

“Тийм ээ, гэхдээ би цэвэрхэн байна, цэвэрхэн байна шүү дээ!’8 гэж хэлжээ.

Тийм ээ, бид ч бас цэвэрхэн байж чадна.

Хэрэв та итгэлийн замаар замнан, сүм дэх үйл ажиллагаанд оролцож эхэлсэн бол тэрхүү зөв зам дээрээ байж, гэрээнүүдээ сахигтун. Их Эзэний адислалууд танд ирж, амьдралд тань нөлөөлөх хүчийг Ариун Сүнс илчлэх болно.

Хэрэв та эдүгээ судруудад дүрсэлснээс өөр зам дээр байгаа бол зөв замд эргэж орох нь боломжтой гэдгийг би итгэлтэйгээр танд хэлж байна.

Наманчилж, амьдралдаа эдгэрэлтийн замыг олох маш тодорхой арга замыг Есүс Христ бидэнд өгсөн билээ. Хувийн залбирлаар дамжуулан өршөөлийг эрснээр ихэнх алдаа дутагдлаас илааршиж болно. Гэвч, мэргэшсэн сүнслэг байдлын эмч буюу санваарын удирдагчийн тусламж болон эдгээлт зайлшгүй шаардлагатай сүнслэг байдлын өвчнүүд, ялангуяа ёс суртхууны хуулийг зөрчсөн өвчнүүд байдаг.

Олон жилийн өмнө нэгэн залуу эмэгтэй өндөр настай эцэгтэйгээ хамт миний албан өрөөнд орж ирж билээ. Тэр эмэгтэй аавынхаа мэдэрдэг байсан гэм бурууг эдгээхийн тулд хэдэн зуун километрийн цаанаас түүнийг дагуулан ирсэн ажээ. Аав нь залуу байхдаа гаргасан ноцтой алдаагаа өтөл насандаа эргэн санаж, гэм буруутай гэсэн мэдрэмжээс салахаа больжээ. Тэр залуу насандаа эргэн очиж, асуудлаа ганцаараа шийдэж чадахгүй ч шинээр эхэлж, өнгөрсөн бүх он жилүүдэд санаанаас нь гарахгүй байсан гэм буруутай гэсэн мэдрэмжээс хэн нэгний тусламжтайгаар салж чадах байв.

Би түүнд Мормоны Номын зарчмуудыг зааж, хүнд ачаа дарамтыг нь мөрөн дээрээс нь авч хаясандаа баяртай байдаг билээ. Тэр настай эр өнгөрсөн үеийн гэм буруугаа ардаа орхиод охинтойгоо хамт олон зуун километр замыг машинаар туулан, гэр рүүгээ буцсан юм.

Хэрэв та нар “өөрсдийн аймшигт байдлын мэдэмжинд сэрж”9 сүнслэг байдлын хувьд бүрэн эрүүл болохыг хүсвэл бишоптойгоо уулз. Тэр түлхүүрүүдийг атгадаг бөгөөд наманчлалын замын тань турш тусалж чадна.

Наманчлал, өршөөл аль аль нь хувь хүнийх байдаг. Их Эзэн хүнээс зөвхөн нүглээ орхихыг шаарддаг бөгөөд “[Тэрбээр] … тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй.”10

Наманчлалын үйл явц дуусах үед та: “Нааш ир, хамтдаа хэлэлцье гэж ЭЗЭН айлдаж байна. Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно”11 гэсэн Цагаатгалын тухай Исаиагийн амлалтын утгыг ойлгох болно.

Шохойг самбараас арилгаж болдог шиг бидний гэм нүглийн үр дагавруудыг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан чин сэтгэлийн наманчлалаар арилгаж болно. Энэхүү амлалт бүх нөхцөл байдалд хэрэгжих болно.

Сайн мэдээ бидэнд айдсыг биш, аз жаргалтай байхыг, итгэл найдвартай байж цөхрөлийг даван туулахыг мөн харанхуйг орхин, үүрдийн сайн мэдээний гэрэл рүү эргэхийг заадаг билээ.

Паул болон бусад хүмүүс өнөө үеийн мөн ирээдүйн өдрүүдийн хүнд сорилтуудын тухай сэрэмжүүлсэн юм. Гэвч судруудыг уншиж, тэдгээрт заагддаг хамгаалалт ба гэтэлгэлийн амлалтуудыг нээн илрүүлдэг хүн бүрийн зүрх сэтгэлд амар амгалан ирэх болно. Бид бүх хүмүүсийг Аврагч Есүс Христ рүү эргэж, Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд дахь түүний сургаалуудыг уншихад урьж байна.

Судрууд бол сүнсний хамгаалалтын түлхүүр гэдгийг би гэрчилж байна. Мөн би Есүс Христийн Цагаатгалын эдгээгч хүчийг, “түүгээр дамжин бүгд аврагдаж болно”12 гэдгийг гэрчилж байна. Их Эзэний сүм дэлхий дээр дахин сэргээгдсэн. Сайн мэдээ үнэн гэдгийг би гэрчилж байна. Миний бие Түүний гэрч билээ. Есүс Христийн нэрээр, амен.