2010–2019
Тэнгэрийн цонхнууд
Аравдугаар сар 2013


Тэнгэрийн цонхнууд

Бид аравны нэгийн хуулиар амьдарвал сүнслэг болон материаллаг адислалууд бидний амьдралд ирдэг гэдгийг би гэрчилж байна.

Би аравны нэгийн талаар сурсан хоёр чухал зүйлээ хуваалцъя. Эхний сурсан зүйл маань энэхүү зарлигийг дуулгавартай дагаснаар хувь хүмүүс болон гэр бүлүүдэд ирдэг адислалууд дээр төвлөрөх болно. Харин хоёр дахь зүйл маань Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий даяар хөгжүүлэхэд аравны нэг чухал үүрэг гүйцэтгэдэг талаар онцлох юм. Миний хуваалцах зарчмуудын үнэнийг Ариун Сүнс бидний хүн нэг бүрд гэрчлээсэй хэмээн би залбирч байна.

1дэх сурсан зүйл - Чухал хийгээд чимээгүй адислалууд

Бэднар эгчийн ээж нь итгэлтэй бөгөөд сүнслэг гэрийн эзэгтэй юм. Тэрээр гэрлэлтийнхээ эхэн үеэс л гэр бүлийнхээ санхүүгийн тооцоог хийж иржээ. Олон жилийн турш тэрээр энгийн тооцооны дэвтрийг ашиглан, гэр бүлийнхээ орлого, зарлагыг тооцоолсоор ирсэн юм. Түүний энэ олон жилийн туршид цуглуулсан мэдээллүүд нь нарийн дэлгэрэнгүй бөгөөд тун их утга учиртай байв.

Бэднар эгчийг залуу байхад ээж нь гэр орондоо ариг гамтай, ухаалаг, хэрсүү амьдрах арга ухааныг зааж ойлгуулахдаа тооцооны дэвтэртээ бичиж тэмдэглэсэн мэдээллээ ашигладаг байжээ. Нэгэн өдөр тэр хоёр олон төрлийн зардлаа хамтдаа эргэн хянах явцад ээж нь нэг сонирхолтой загварыг олж харсан байна. Тэдний гэр бүлийн эмнэлэгт үзүүлж, эм тарианд зарцуулсан зардал бодож байснаас нь хамаагүй бага гардаг байжээ. Тэрээр энэ анзаарсан зүйлээ Есүс Христийн сайн мэдээтэй холбож, охиндоо хүчирхэг нэгэн үнэнийг заасан юм. Бид аравны нэгийн хуулиар амьдрах үед хэдийгээр бидний хүсэн хүлээж байгаатай адилгүй мөн амархан үл ойшоогдож болох ч чухал хийгээд чимээгүй адислалуудыг хүлээн авдаг ажээ. Тэдний гэр бүлд гэнэтийн эсвэл илт тодорхой ямар нэгэн орлого нэмэгдээгүй байв. Үүний оронд хайрт Тэнгэрлэг Эцэг маань ердийн мэт санагдах энгийн адислалуудаар адисалжээ. Хуучин Гэрээний бошиглогч Малахийн амласан тэнгэрийн цонхнуудаар дамжин ирдэг тусламжийн талаар ээжийнхээ заасан энэ чухал хичээлийг Бэднар эгч үргэлж санасаар ирсэн билээ (Малахи 3:10-ыг үзнэ үү).

Бид аравны нэгийн хуулийн тухай зааж мөн гэрчилж байхдаа үүнээс хүлээн авдаг гэнэтийн эсвэл агуу том, амархан олж харах боломжтой материаллаг адислалуудаа тодруулан ярьдаг. Иймэрхүү төрлийн адислалууд үнэхээр тохиодог. Гэхдээ энэ зарлигт дуулгавартай байснаар олж авдаг янз бүрийн адислалуудын зарим нь чухал хийгээд чимээгүй байдаг юм. Бид тэдгээр адислалуудыг сүнслэг байдлын хувьд соргог мэдрэмжтэй, ажигч байх үедээ л ялган таньж чаддаг (1 Коринт 2:14-ийг үзнэ үү).

Малахийн ашигласан тэнгэрийн “цонхны” дүрслэл бол хамгийн сургамжтай нь юм. Цонх нь барилга байгууламж дотор байгалийн гэрэл орох боломжийг олгодог. Үүнтэй адилаар, бид аравны нэгийн хуулийг хүндэтгэх аваас сүнслэг тусгал мөн ирээдүйн төлөв нь тэнгэрийн цонхоор бидний амьдралд асгаран ирэх болно.

Жишээ нь, бидний хүлээн авдаг чухал хийгээд мөртлөө агуу адислалуудын нэг бол хүслээ хазаарлаж, байгаа зүйлдээ талархах хүчийг өгдөг сүнслэг бэлэг юм. Талархалтай хүн нь сэтгэл ханамжаар баян байдаг. Талархалгүй хүн сэтгэл дундуур байдлын төгсгөлгүй ядууралд зовдог (Лук 12:15-ыг үзнэ үү).

Бид сайн ажил хайж, үүнийхээ төлөө залбирч байж болох юм. Бидэнд бусад хүмүүс үл ойшоож болохуйц ажил эрхлэлтийн олон боломжийг олж харах илүү сүнслэг бэлгийг таних эсвэл бусад хүмүүс дуртайяа хийх ажлаас илүү өөрийн хүсэж болох албан тушаалын төлөө илүү хичээнгүй, урт хугацаанд зүтгэх тууштай байдлаар адислагдах зэрэг итгэлийн нүд, чих (Ифер 12:19 үзнэ үү) хэрэгтэй байдаг. Бидэнд ажлын санал ирэхийг хүсэж эсвэл хүлээж байж болно, гэсэн ч хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл бидний нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээж суухаас илүүтэйгээр өөрийн нөхцөл байдлаа өөрчлөх мөн үйлдэх илүү чадамж нь адислал болж, бидэнд тэнгэрийн цонхоор дамжин ирж байж болно.

Бид амьдралын хэрэгцээгээ илүү сайн хангахын тулд цалингаа нэмэгдүүлэхийг хүсэж, үүний төлөө ажиллаж болно. Өөрсдийн сүнслэг болон материаллаг чадамжийнхаа дагуу бид бага зүйлээр ихийг хийж чадахаа анзаарах (Лук 2:52-ыг үзнэ үү), нэн чухал хэрэгцээгээ эрэмбээр нь жагсаах, чадвараа сайжруулах, одоо байгаа материаллаг зүйлсээ илүү сайн тооцоолох зэрэг итгэлийн нүд, чих бидэнд шаардлагатай. Магадгүй бид их хэмжээний цалин авахыг хүсэж эсвэл хүлээж байж болох юм. Гэвч хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл бидний нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээж байхаас илүүтэйгээр, өөрсдийн нөхцөл байдлаа өөрчилж чадах илүү их чадвартай болох нь бидэнд тэнгэрийн цонхоор дамжин ирдэг адислал ч байж болно.

Мормоны Номон дахь залуу дайчид (Алма 53; 56–58-ыг үзнэ үү) Бурхан тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлж мөн хүчирхэгжүүлээсэй хэмээн чин сэтгэлээсээ залбирдаг. Сонирхолтой нь, эдгээр залбирлуудын хариулт нь нэмэлт зэвсэг эсвэл нэмэлт цэргийн хүчийг авчраагүй юм. Харин үүний оронд Бурхан эдгээр итгэлтэй дайчдыг чөлөөлнө гэсэн баталгааг болон тэдний зүрх сэтгэлд амар амгаланг мөн Түүгээр дамжин ирэх тэдний чөлөөлөлтийн агуу итгэл, найдварыг өгсөн билээ (Алма 58:11-ийг үзнэ үү). Үүний учраас Хиламаны хөвгүүд зориг орж, бүх хүчээрээ леменчүүдийн эсрэг дайтаж, тэднийг ялна хэмээн хөдөлшгүй, хатуу шийдсэн юм (Алма 58:12–13-ыг үзнэ үү). Дайнд оролцож буй дайчдад баталгаа, итгэл, найдвар, тайвшрал нь хүсээд байх зүйл биш мэт санагдаж болох ч тэдгээр нь хүчирхэг залуу эрэгтэйчүүдийг урагш тэмүүлэхэд, бие махбодоороо түүнчлэн сүнсээрээ тэднийг ялахад туйлын чухал адислалууд байсан юм.

Бид заримдаа Бурханаас амжилт гуйхад Тэр бидэнд бие махбодын болон оюун санааны тэсвэр хатуужлыг өгдөг. Баялаг гуйхад өргөн цар хүрээ бүхий ирээдүй, нэмэлт тэсвэр тэвчээрийг бид хүлээн авах юм уу өсөлт хөгжлийн төлөө гуйхад ач ивээлийн бэлгээр адисалж магадгүй юм. Бид зөв зохистой зорилгодоо хүрэхээр хичээх үед Бурхан биднийг тууштай итгэл болон өөртөө итгэлтэй байдлаар ч адисалж болно. Бид бие махбод, оюун санаа, сүнслэг байдлын бэрхшээлээс салахыг хүсэхэд Тэр бидний шийдвэр төгс байдал болон тэсвэр хатуужлыг нэмэгдүүлдэг.

Та бид аравны нэгийн хуулийг сахих аваас тэнгэрийн цонхнууд үнэхээрийн нээгдэж, тэдгээрийг хүлээн авах зайгүй болтол сүнслэг болон материаллаг адислалууд бидэнд ирнэ гэдгийг би амлаж байна (Maлахи 3:10-ыг үзнэ үү). Мөн бид

“Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр”.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” (Исаиа 55:8–9) гэсэн Их Эзэний үгсийг санах болно.

Бид сүнслэг байдлаараа сонор соргог, ажигч байх юм бол бидний амьдрал дахь Түүний адислалуудын, Түүний бодлуудын, Түүний арга замын агуу мөртлөө чимээгүйхэн байдлыг илүү бүрэн дүүрэн ойлгож, цэвэр тунгалгаар харах хараагаар мөн байнга илүү сайн сонсох чихээр адислагдах болно гэдгийг би гэрчилж байна.

2 дахь сурсан зүйл – Их Эзэний арга замын энгийн байдал

Би Арванхоёрын чуулгын гишүүнээр дуудагдахаасаа өмнө аравны нэгийн ариун нандин санг харж хандан, зарцуулах зөвлөлийн талаар Сургаал ба Гэрээнээс маш олон удаа уншсан юм. Аравны Нэгийн Хяналтын Зөвлөл нь Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын чуулга, Тэргүүлэх Бишопын Зөвлөлөөс бүрддэг ба тэдний илчлэлтээр байгуулагдсан билээ (С ба Г 120-ийг үзнэ үү). Би 2004 оны 12-р сард анх удаа энэ зөвлөлийн хуралд оролцохоор бэлтгэх үедээ суралцаж болох хамгийн гайхалтай боломжуудыг эрэлхийлж байлаа.

Би тэр зөвлөлийн хурал дээр үзсэн мөн мэдэрсэн зүйлсээ одоо болтол санадаг билээ. Би хувь хүн, гэр бүлүүдэд мөн Өөрийн сүмд зориулсан Их Эзэний санхүүгийн хуулийн төлөө илүү талархах болон бишрэх хүндэтгэх сэтгэлийг сурч авсан юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санхүүгийн үндсэн хөтөлбөр болох орлого, зарлагыг Сургаал ба Гэрээний 119, 120-р хэсгүүдэд тодорхойлсон байдаг бөгөөд эдгээр илчлэлтүүдээс хоёр нь сүмийн санхүүгийн ажил хэргийн үндэс суурийг үүсгэдэг юм.

119-р хэсэгт бүх гишүүд “жил тутмын ашгийнхаа аравны нэг хэсгийг төлөх ёстой, мөн энэ нь ... тэдэнд үүрд үйлчлэх хууль байх ёстой хэмээн Их Эзэн хэлдэг” гэж бичигдсэн байдаг (4-р шүлэг).

Аравны нэгийн эрх бүхий захиран зарцуулалтын талаар Их Эзэн хэлэхдээ “миний сүмийн Тэргүүн Зөвлөл мөн бишоп хийгээд түүний зөвлөлөөс бүрдсэн зөвлөлөөр, мөн миний дээд зөвлөлөөр мөн тэдэнд хандах миний өөрийн дуу хоолойгоор энэ нь захиран зарцуулагддаг байх ёстой тэр цаг эдүгээ иржээ хэмээн Их Эзэн хэлнэ” (С ба Г 120:1) гэжээ. “Бишоп болон түүний зөвлөл” мөн “миний дээд зөвлөл” гэсэн хэллэгээр уг илчлэлт нь өнөөгийн Тэргүүлэх Бишопын Зөвлөл болон Арванхоёрын чуулгыг тус тусад нь хэлж байгаа юм. Эдгээр ариун нандин санг хурдтай өсч байгаа энэ сүмд хувь хүмүүс болон гэр бүлүүдийг сүнслэг байдлаар нь адислах зорилгоор ариун сүм болон цуглааны байруудыг барьж мөн арчлан, номлолын ажлыг дэмжиж, судруудыг орчуулж мөн хэвлэн, гэр бүлийн түүхийн ажлыг дэмжиж, сургууль болон сүмийн боловсролыг санхүүжүүлэн түүнчлэн Их Эзэний томилсон үйлчлэгчдийн зааврын дагуу сүмийн бусад олон зорилгыг гүйцэлдүүлж ашигладаг.

Дэлхий даяарх засгийн газрууд болон байгууллагуудад ашиглагддаг, ойлгоход бэрх санхүүгийн удирдамж болон захиргааны журамтай харьцуулахад энэхүү хоёр илчлэлт нь товч бөгөөд тун тодорхой байдагт би гайхдаг. Есүс Христийн сэргээгдсэн сүм гэгдэх агуу том байгууллагын материаллаг хэрэгцээ нь хэрхэн ийм товч, тодорхой зааврын дагуу дэлхий даяар зохицуулагдсаар байна вэ? Миний хувьд үүний хариулт нь маш шулуухан юм Энэ бол Их Эзэний ажил. Тэр ажлаа хийх чадалтай (2 Нифай 27:20-ийг үзнэ үү) бөгөөд Их Эзэний зорилгын төлөө, Түүний заавраар үйлчлэгчид нь ажиллах үед Тэрээр тэднийг чиглүүлж мөн удирддаг билээ.

Анхны минь тэр хуралд бидний шийдвэр, чиглэлийг удирдаж байсан энгийн энэ зарчмыг хараад би гайхан бахдаж билээ. Сүмийн санхүүгийн ашиглалтад хоёр үндсэн буюу тогтсон зарчмыг л ашигладаг юм. Нэгд, сүм нь байгаа хэмжээндээ л зарцуулалт хийдэг буюу хүлээн авч буй хэмжээнээсээ хэтрүүлэн зарцуулдаггүй. Хоёрт, жил тутмын орлогын тодорхой хэсгийг урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн, хэрэгцээнд зориулан хадгалдаг. Олон жилийн туршид сүм гишүүддээ хүнс, шатахуун, түлш, мөнгөө нөөцлөн хадгалж, гэнэтийн тохиолдолд ашиглаж байх зарчмыг заасаар ирсэн. Сүм гишүүддээ ахин дахин заадаг энэ зарчмаа өөрөө хэрэгжүүлдэг байгууллага юм.

Хуралд оролцож байхдаа би, өөрийн сүмийн материаллыг үйл хэргийг удирдах Их Эзэний арга замын хүч, энэрэл, дэс дараалалтай бөгөөд тодорхой, энгийн байдлыг сүмийн бүх гишүүд маань дагаасай хэмээн хүсэх болсон билээ (С ба Г 104:16-г үзнэ үү). Аравны Нэгийн Хяналтын Зөвлөлд би олон жил оролцож байна. Их Эзэний энэхүү загварын төлөө миний талархах сэтгэл, бишрэл хүндлэл жил ирэх тутам өсч байгаа бөгөөд сурсан зүйлс маань улам гүнзгийрч байгаа билээ.

Миний зүрх сэтгэл бүх үндэстэн, ястан, хэлтэн бүрийн сүмийн итгэлтэй, дуулгавартай гишүүдийн төлөөх хайраар дүүрч, тэднийг хүндэлж явдаг юм. Би дэлхий даяар аялах явцдаа та бүхний найдвар, мөрөөдөл болон амьдралын янз бүрийн нөхцөл, бэрхшээлээс ч мөн суралцдаг. Би та бүхэнтэй сүмийн уулзалтуудад оролцож, заримын чинь гэрт ч зочлон очиж байсан. Та нарын итгэл миний итгэлийг хүчирхэгжүүлдэг. Та нарын хичээл зүтгэл намайг илүү хичээнгүй болгодог. Аравны нэгийн хуулийг сахих та бүхний сайхан сэтгэл, дуулгавартай байдал намайг илүү сайн хүн, сайн нөхөр мөн эцэг, сүмийн сайн удирдагч болоход минь сүнслэгээр удирддаг. Би Аравны Нэгийн Хяналтын Зөвлөлд оролцох бүрдээ та бүхнийг бодож, санаж явдаг юм шүү. Гэрээгээ хүндэтгэсэн таны сайн сайхан, итгэлтэй байдалд тань баярлалаа.

Их Эзэний сэргээгдсэн сүмийн удирдагчид бид сүмийн гишүүдийн итгэл шингэсэн өргөлийг зөв зарцуулах агуу өндөр үүрэг хариуцлагатайгаа мэдэрдэг билээ. Бид бэлэвсэн эмэгтэйн зэс зоосны тухай тун сайн мэддэг.

“Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв, олон баячууд их хэмжээгээр нь хийж байлаа.

“Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.

“Есүс өөр уруугаа шавь нараа дуудаад, Үнэнээр би та нарт хэлье, Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө.

“Яагаад гэвэл, хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн, харин энэ эмэгтэй өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав” (Maрк 12:41–44).

Би Аравны Нэгийн Хяналтын Зөвлөл бэлэвсэн эмэгтэйн зэс зоосыг хадгалахдаа болгоомжтой ханддаг бөгөөд гярхай байдаг гэдгийг туршлагаасаа мэднэ. Энэ ариун үүргийг биелүүлэхэд ерөнхийлөгч Томас С.Монсон болон түүний зөвлөхүүдийн үзүүлдэг гайхалтай удирдлагын төлөө би талархлаа илэрхийлж байна. Түүнийг төлөөлөх үүрэгт ажлыг биелүүлэх Өөрийн сонгосон үйлчлэгчдээ дэмждэг Их Эзэний дуу хоолойг (С ба Г 120:1-ийг үзнэ үү) болон мутрыг би тунхаглаж байна.

Гэрчлэл ба урилга

Аравны нэгийг шударгаар төлөх гэдэг нь үүрэг хариуцлагаас илүү зүйл бөгөөд ариусгалд хүрэх үйл явцын чухал алхмуудын нэг нь юм. Аравны нэгээ төлдөг та нарт баярлалаа.

Одоогоор аравны нэгийн хуулийг дуулгавартай сахихгүй байгаа та бүхнийг өөрсдийгөө дүгнэж үзэн, наманчлахад урьж байна. Их Эзэний энэ хуульд дуулгавартай байснаар тэнгэрийн цонхнууд танд нээгдэх болно гэдгийг би танд гэрчилж байна. Наманчлалынхаа өдрийг битгий хойш тавиарай.

Бид аравны нэгийн хуулиар амьдарвал сүнслэг болон материаллаг адислалууд бидний амьдралд ирдэг гэдгийг би гэрчилж байна. Тэдгээр адислалууд нь чухал хийгээд чимээгүй байдаг гэдгийг би мөн гэрчилж байна. Би хувь хүмүүс болон гэр бүлүүдийн амьдралыг удирдах загвараар хангах Түүний сүмийн зуурдын ажил хэрэгт илэрдэг Их Эзэний арга замын энгийн байдлыг тунхаглаж байна. Бид бүгд эдгээр чухал хичээлүүдээс суралцаж мөн үр ашгийг нь хүртэнэ байх хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.