2010–2019
Биднийг дахин уулзтал
Аравдугаар сар 2013


Биднийг дахин уулзтал

Бид нэг нэгэндээ илүү найрсгаар хандаж, Их Эзэний ажлыг үргэлж хийж байх болтугай.

Ах, эгч нар аа, сүмийн гайхамшигт Ерөнхий чуулган маань өндөрлөж буй энэхэн мөчид зүрх сэтгэл минь дүүрэн байна. Бид хуралдаануудад оролцсон хүмүүсийн гэрчлэл болон зөвлөгөөг сонсож, сүнслэг байдлаараа тэжээгдлээ.

Бид энэ агуу чуулганы төвд тайван амгалан, аюулгүй нөхцөлд цуглахаар адислагдлаа. Бид чуулганаа дэлхий даяар; тив гатлан; урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд нэвтрүүлж чадлаа. Бид та нарын олонхоос алс хол байгаа ч та бүхний сэтгэл зүрхийг мэдэрдэг юм.

Энэ чуулганы үеэр дуудлагаасаа чөлөөлөгдсөн ах нарын олон жилийн чин сэтгэлийн үйлчлэлд бүх сүмийн гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Их Эзэний ажилд оруулсан хувь нэмрээр тань дамжуулан тоолшгүй олон хүн адислагдсан билээ.

Энэхүү чуулганд оролцсон табернаклын болон бусад найрал дуучдад би талархлаа илэрхийлье. Дуу хөгжим үнэхээр гайхамшигтай яруу байсан бөгөөд хуралдаан бүрд бид Сүнсийг илүү ихээр мэдэрч байлаа.

Миний төлөө болон сүмийн бүх ерөнхий эрх мэдэлтнүүд, ерөнхий албан тушаалтнуудын төлөө хийдэг залбирлуудад тань би талархдаг. Та нарын залбирлууд биднийг хүчирхэгжүүлдэг билээ.

Тэнгэрийн адислалууд та нартай хамт байх болтугай. Та нарын гэр орон хайраар болон найрсаг байдлаар мөн Их Эзэний Сүнсээр дүүрэн байх болтугай. Та нар сайн мэдээний гэрчлэлээ байнга тэжээснээр энэ нь та нарыг дайсны тамлалаас хамгаалах болтугай.

Чуулган маань өндөрлөж байна. Бид гэртээ харихдаа аюулд өртөхгүй байгаасай. Мөн бидний энд байхдаа мэдэрсэн Сүнс өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэх үед маань бидэнтэй хамт үлдэх болтугай. Бид нэг нэгэндээ илүү найрсгаар хандаж, Их Эзэний ажлыг үргэлж хийж байх болтугай.

Ах эгч нар минь, Бурхан та нарыг адислаг, Түүний амласан амар амгалан та нартай одоо ч мөн цаашид ч үргэлж хамт байг. Зургаан сарын дараа дахин уулзтал сайн сайхныг хүсье. Аврагч, Есүс Христ, Их Эзэний нэрээр, амен.