Ач, зээ нартаа захих үгс

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх


Сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд тусалж, аз жаргалтай гэр бүлийг бий болгон төлөвшүүлэхэд хөтөлдөг нэгэн онцгой чухал зарлиг байдаг.

Энэ жил хоёр ч ач охин маань гэрлэж байгаа. Хэдхэн жилийн дотор тэдний 10 үеэл нь мөн гал голомтоо бадрааж, өрх гэрээ төвхнүүлэх гэж байгаа нь тун сайхан хэрэг юм.

Тэд надаас гэр бүл зохиох талаар зөвлөгөө авахыг хүссэн нь намайг гүн бодолд оруулсан юм. Ерөнхийдөө “ямар сонголт хийвэл намайг аз жаргал руу хөтлөх вэ?” гэж тэд асууж байлаа. Өөрөөр хэлбэл, “ямар сонголтууд намайг аз жаргалгүй байдал руу хөтлөх вэ?” гэсэнтэй адил асуулт юм.

Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг өөр өөрөөр бүтээсэн. Бидний амьдралын туршлага өөр хэн нэгнийхтэй яг адилхан байдаггүй. Түүнчлэн ямар ч хоёр гэр бүл хоорондоо адилгүй байдаг. Тэгэхээр гэр бүлийн амьдралд хэрхэн аз жаргалыг сонгох тухай зөвлөгөө өгөхөд хэцүү байх нь гайхах зүйл биш юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдүүддээ аз жаргалд хүрэх нэг ижил замыг бэлтгэсэн байдаг. Бидний зан чанар, амьдралын туршлагаас үл хамааран аз жаргалын ганцхан л төлөвлөгөө байдаг юм. Тэрхүү төлөвлөгөө нь Бурханы бүх зарлигуудыг дагах явдал билээ.

Гэрлэх талаар бодож байгаа ач, зээ нарыг минь оролцуулаад бид бүгдэд зориулсан нэг онцгой чухал зарлиг байдаг. Сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд тусалж, аз жаргалтай гэр бүлийг бий болгон төлөвшүүлэхэд хөтөлдөг нэгэн онцгой чухал зарлиг байдаг. Мөн энэ нь нөхцөл байдлаас үл хамааран бүх төрлийн харилцаанд хэрэгждэг бөгөөд судруудад болон орчин цагийн бошиглогчдын заасан зүйлст давтагдсан байдаг. Хайраар дүүрэн, аз жаргалтайгаар үүрд хамт амьдрахыг хүсдэг хүмүүст өгсөн Их Эзэний дараах зөвлөгөө Библид байдаг:

“Тэдний нэг болох хуульч Түүнийг сорьж

“-Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ? гэж асуув.

“Тэр түүнд -“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.”

“Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

“Удаахи нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм.

“Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ.”1

Энэхүү энгийн үгнүүдээс харвал, ямар сонголтууд гэр бүлийг аз жаргал руу хөтөлдөг талаар сурсан бүх зүйлээ нэгтгэн дүгнэхэд тийм ч хэцүү биш юм. Би үүнийг “Ямар сонголтууд намайг өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрлахад хүргэдэг вэ?” гэсэн асуултаар эхэлье. Миний хувьд энэ нь Их Эзэний Цагаатгалаар дамжуулан өршөөгдөхөөс ирдэг баяр баяслыг мэдрүүлдэг сонголтууд юм.

Олон жилийн өмнө би номлогч байхдаа Нью Мексикийн Албакүркид нэгэн залуу эрэгтэйд баптисм хүртээсэн юм. Би тэр залуу эрэгтэйг усан дор оруулаад дээш гаргаж ирлээ. Тэр өндрөөрөө надтай чацуу байсан болохоор уснаас гарч ирээд яг чихэн дээр минь тун баяртайгаар мөн нүдэндээ нулимстайгаар “би цэвэр боллоо, би цэвэр боллоо шүү дээ” гэж хэлж билээ.

Нэг эмэгтэй Бурханы төлөөлөгчийн үгсийг надад хэлэхдээ яг түүн шиг баярын нулимстай байхыг би харж билээ. Тэр төлөөлөгч эелдгээр мөн чанд байдлаар ярилцлагыг дуусгаад “Би таныг Их Эзэний нэрээр өршөөж байна. Их Эзэн таныг уучилсан баталгааг Өөрийнхөө цагт, Өөрийнхөө арга замаар өгөх болно” гэж түүнд хэлсэн байна. Их Эзэн түүнийг үнэхээр уучилсан юм.

Нүглүүд уучлагдахад Их Эзэн тэдгээрийг яагаад цаашид санахгүй гэж хэлж чаддагийг би ойлгосон. Миний сайн таньдаг мөн хайртай хүмүүс Цагаатгалын хүчээр шинэ хүмүүс болж, нүглийн үр дагавар тэднээс арилсан юм. Зүрх сэтгэл минь Аврагчийг болон Түүнийг илгээсэн хайрт Эцэгийг хайрлах хайраар дүүрч билээ.

Өвдөлтөөсөө ангижрахын тулд зөвхөн Аврагч л өгч чадах тэрхүү тайвшралыг олж авахын тулд Түүнд хандахыг би хайртай хүмүүстээ уриалснаар тэрхүү агуу адислалууд ирсэн юм. Тийм учраас сүмд өгөгддөг бүх дуудлагыг хүлээн авч, эрхэмлэн биелүүлэхийг би хайртай хүмүүстээ анхааруулдаг. Энэ нь гэр бүлийг аз жаргалд хөтлөх чухал сонголтуудын нэг билээ.

Амьдралын маань цаг үеүдэд тохиолдох хэцүү зүйлс нь биднийг Аврагчид үйлчлэх дуудлагыг үл тоомсорлох уруу таталтад оруулж болох юм. Энэ нь биднийг болон хань ижил, гэр бүлийг маань аюулд оруулж болзошгүй байдаг. Зарим дуудлага ач холбогдолгүй мэт санагдаж болох ч намайг диконуудын чуулгад заах дуудлагыг хүлээн авахад манай гэр бүл болон бидний амьдрал сайжирсан юм. Би тэдгээр диконуудын Аврагчийг гэсэн хайрыг мөн диконуудын төлөөх Аврагчийн хайрыг тэндээс мэдэрч билээ.

Өмнө нь гадас болон номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан нэгэн ах багш нарын чуулгын зөвлөхийн дуудлагыг хүлээн авснаар амьдрал нь дээшлэхийг би харсан. Мөн өмнө нь бишопоор үйлчилж байгаад Бүсийн далын гишүүн болсон нэгэн ах багш нарын чуулгын осолд орсон нэгэн хөвгүүнд анхаарал халамж тавьсан нь Их Эзэний хүсэл байсныг ч би харсан. Тэрхүү гайхалтай үйлчлэл олон хүмүүсийн тэр дундаа миний амьдралд нөлөөлж, Аврагчийг гэсэн хайрыг нэмэгдүүлсэн юм.

Бид бусдад үйлчлэхдээ Ариун Сүнстэй хамтрагч байхыг хамгийн их эрэлхийлдэг. Их Эзэнд сайн үйлчлэх нь бидний өөрсдийн хүчнээс давсан гайхамшгуудыг үргэлж дагуулж байдаг. Үр хүүхдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа эцэг эх үүнийг үнэн гэдгийг сайн мэднэ. Мөн нөхөр нь орхиж явна гэж хэлэхэд шаналж зовсондоо тайтгарлыг эрж буй эмэгтэйн айлчлагч багш ч үүнийг үнэн гэдгийг сайн мэднэ. Дээрх хоёр үйлчлэгч хоёулаа тэр өглөө нь Ариун Сүнсийг хамтрагч болгон илгээхийг Их Эзэнээс гуйн залбирсандаа талархдаг билээ.

Зөвхөн Ариун Сүнстэй хамт байснаар л гэрлэлт зөрчилдөөнгүй бөгөөд нэгдмэл байх боломжтой. Ариун Сүнстэй хамт байх нь аз жаргалтай гэрлэлтэд хэчнээн чухал болохыг би харсан. Бүрэн нэгдмэл болохын гайхамшиг нь тэнгэрийн тусламжийг шаарддаг бөгөөд үүнд цаг хугацаа ордог. Бидний зорилго бол Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийнхаа оршихуйд мөнхөд хамтдаа амьдрах явдал юм.

Эцэг, эх хоёр маань хоорондоо огт өөр хүмүүс байсан юм. Ээж минь дуучин, зураач хүн байсан бол харин аав химид дуртай хүн байсан. Нэг удаа тэр хоёр сонгодог хөгжмийн тоглолт үзэж байв. Аав тоглолтын төгсгөлд хүмүүс алга ташихаас өмнө босч явах гэтэл ээж гайхаж, хаачих гэж байгааг нь асуужээ. Хүндэтгэл үзүүлж, сууж байгаад алга таших ёстойг аав үнэхээр мэдэлгүйгээр “тоглолт дуусчихсан биз дээ?” гэж хариулсан аж. Гагцхүү Ариун Сүнсний намуухан зөөлөн нөлөөгөөр л аав ээжтэй хамт тоглолт үзэхээр явах хэрэгтэй гэдгийг мэдэрч, дахин дахин очдог болжээ.

Аав маань химийн судалгаа хийн, хичээл зааж, гэрээ бүлээ тэжээдэг байсан учраас ээж Нью Жерсид 16 жил амьдарсан билээ. Бэлэвсэн эх нь ганц бие эгчийнх нь хамт хуучин байшиндаа тусдаа амьдардаг байжээ. Энэ нь түүний хувьд золиослол байсан аж. Ээжийг алс хол Нью Жерсид байхад нь тэр хоёр хоёулаа нас барсан бөгөөд тэгэхэд л би ээжийгээ уйлж байхыг харсан юм.

Олон жилийн дараа аав маань Ютад ажлын санал хүлээн авчээ. Тэрээр ээжээс дахиад л юу ч мэдэлгүйгээр “Милдрэд, чиний бодлоор би яах ёстой вэ?” гэж асуужээ.

Ээж хариуд нь “Хэнри, хамгийн зөв гэж бодсоноо л хий” гэв.

Аав ажлын саналыг буцаасан юм. Маргааш өглөө нь ээж түүнд сургамж болохоор захиа бичсэн гэдэг. Надад одоо тэр захиа нь байсан ч болоосой. Ээж аавд “Энэ захидлыг энд битгий задлаарай. Оффис дээрээ очоод задал” гэж хэлж байхыг санадаг. Хэрэв боломж гарах л юм бол Ютад гэрийнхэнтэй нь ойрхон амьдарна гэж аав олон жилийн өмнө ээжид амласан байжээ. Аав ээжийн энэ чин хүслийг санахгүй байсан тул түүнийг шийдвэрт нь сэтгэл дундуур байсанд гайхаж байж, тэгээд тэр даруй ажлын саналыг зөвшөөрсөн зурвас илгээсэн юм.

Аав “Милдрэд, чи яагаад надад хэлээгүй юм бэ?” гэж ээжээс асуухад

ээж хариуд нь “Чи санах ёстой байсан шүү дээ” гэсэн байна.

Аав маань Юта руу нүүх сонголтоо хэзээ ч ажлын амжилтаа золиосолсон зүйл болсон гэж бодоогүй харин өөрийнх нь сонголт байсан гэж үргэлж ярьдаг байсан. Аав, ээж хоёр маань бүрэн нэгдмэл болохын гайхамшгийг үзсэн хүмүүс. Уг нь ээжид олон жилийн өмнө амласныг нь Ариун Сүнс аавд сануулсансан бол тун сайн байх байсан. Гэхдээ тэр өөрийнхөө хүслийг ээжийнхтэй нийцүүлэхийн тулд аав минь Ариун Сүнс зүрх сэтгэлийг нь зөөлрүүлэхийг зөвшөөрсөн юм.

Тэнгэрлэг Эцэг бүхнийг угтан хардаг бөгөөд биднийг ч мөн мэддэг. Мөн бидний ирээдүйг ч мэднэ. Биднийг ямар бэрхшээлтэй тулгарахыг ч бас мэддэг. Хүнд хэцүү үед Тэрээр биднийг хэрхэн халамжлахыг мэдэхийн тулд Хүүгээ бидний төлөө илгээсэн юм.

Энэ дэлхий дээрх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд заримдаа нүгэл болон их уй гашууг сонгодог. Тиймээс Тэрээр Ууган Хүүгээ бидний Аврагч болгон илгээсэн нь хайрын хамгийн агуу илрэл юм. Тиймээс бид өөрсдийгөө төгөлдөржүүлж, Эцэгтэй хамт мөнхөд амьдрахад Бурханы тусламж болон цаг хугацаа хэрэгтэйг мэддэг байх ёстой.

Гэр бүлийн амьдрал биднийг сорих болно. Бурхан бидэнд мөнх бус амьдралыг олон зорилготойгоор бэлэглэсний нэг нь биднийг шалгуураар сорьж, хүчирхэгжүүлэх явдал билээ. Ялангуяа гэр бүлийн амьдралд баяр баясгалан, уй гашуу түүнчлэн бидний хүч чадлаас ахадсан мэт санагдах сорилт, бэрхшээлүүд тулгардаг нь үнэн юм.

Бурхан намайг, таныг мөн бидний хүүхдүүдийг амьдралын шалгууруудад хэрхэн бэлтгэсэн талаар ерөнхийлөгч Жорж К.Каннон хэлэхдээ: “Бурханы хайрыг хүлээн авдаггүй хүн гэж байдаггүй юм. Бурханд харж хандалгүй орхисон нэг ч хүн байдаггүй. Түүнд аврахыг хүсдэггүй, аврахаар төлөвлөөгүй хүн гэж нэг ч үгүй. Түүнчлэн Бурханы хувьд тэнгэр элчээрээ хамгаалдаггүй нэг ч хүн байхгүй. Бид өөрсдийнхөө болон бусад хүмүүсийн хувьд чухал биш, шоовдор нэгэн байж болно. Гэвч үнэн үргэлж үнэнээрээ л байдаг. Бид Бурханы хүүхдүүд. Тэр бидэн рүү үл үзэгдэх хүчирхэг тэнгэр элчүүдээ илгээсэн. Тэд биднийг харж, хандаж мөн хамгаалдаг”2 гэсэн юм.

Ерөнхийлөгч Канноны заасан зүйлс үнэн. Надад энэ баталгаа хэрэгтэй байсан бөгөөд би үүнд найдаж ирсэн билээ. Яг үүнтэй адил та бүхэнд ч гэсэн энэхүү баталгаа хэрэгтэй.

Хайртай хүн маань Цагаатгалын хүчийг эрэлхийлж, мэдрээсэй гэсэн үнэнхүү итгэлээр би залбирсан. Тэдэнд тэнгэр элч шиг хүмүүс очиж туслаасай гэж итгэлтэйгээр залбирахад минь тэд үнэхээр очиж тусалсан юм.

Бурхан Өөрийн бүх хүүхдүүдээ аврах замыг бэлтгэсэн билээ. Ихэнх хүмүүсийн хувьд тэднийг юу ч хийж байсан хайрлаж чаддаг ах, эгч эсвэл өвөө, эмээ тэдэнд байгаа нь үүний нэг тод жишээ юм.

Олон жилийн өмнө миний нэг найз эмээгийнхээ тухай ярьж билээ. Эмээ нь насаараа Их Эзэнд болон Түүний сүмд итгэлтэй байж, зөв шударга амьдарсан ч ач хүү нь гэмт хэрэгтэн болох амьдралыг сонгожээ. Сүүлдээ ач хүү нь шоронд орсон байна. Эмээ нь шоронд байгаа ач хүүгээ эргэхээр хурдны замаар явж байхдаа нүд нь нулимсаар дүүрч, шаналсан сэтгэлээр “Би зөв шударга амьдрахыг хичээсэн. Гэвч миний ач хүү яагаад, яагаад амьдралаа баллаж, надад ийм их уй гашуу тохиолдох болов?” хэмээн залбирчээ.

“Ач хүү чинь юу ч хийж байсан чи түүнийг хайрлана гэдгийг би мэдэж байсан учраас Би түүнийг чамд өгсөн юм” гэх гайхалтай үгсээр асуултынх нь хариулт түүний санаанд орж ирсэн юм.

Бид бүгд эндээс нэг гайхалтай зүйл сурч авлаа. Улам уруудан доройтож буй энэ дэлхийд эцэг, эхчүүдэд болон өвөө, эмээ нарт мөн Бурханы бүх үйлчлэгчдэд амаргүй байх болно. Бид Бурханы хүүхдүүдийг аз жаргал руу хөтлөх замыг сонгоход албадан, хүчилж болохгүй. Бурхан бидэнд сонгох эрх чөлөөг өгсөн учраас албадах нь Түүний хувьд боломжгүй зүйл юм.

Бурханы хүүхдүүд ямар ч сонголт хийж, ямар ч хүн болсон бай, Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүү бүгдийг нь хайрладаг. Ямар ч муухай нүгэл байсан Аврагч бүгдийнх нь төлөөсийг төлсөн юм. Хэдийгээр шударга ёс байх ёстой ч шударга ёсыг дээрэмдэлгүйгээр өршөөгдөх боломжийг нигүүлсэл бидэнд олгодог билээ.

Алма хүү Кориантондоо найдвар байгаа гэдгийг “Тиймийн тул, шударга ёсны дагуу, гэтэлгэлийн төлөвлөгөө нь энэхүү сорилтын байдал тийм ээ, энэ бэлтгэлийн байдал дахь хүмүүний наманчлалын нөхцөлөөс бусдаар бол үйлчилж чадахгүй; учир нь эдгээр нөхцөлүүдийг хангахаас бусдаар, шударга ёсны ажлыг устгахгүйгээр нигүүлсэл үйлчилж чадахгүй. Эдүгээ шударга ёсны ажил устгагдах учиргүй; хэрэв тэгвэл, Бурхан нь Бурхан байхаа болих сон”3 гэсэн үгсээр илэрхийлжээ.

Эцэст нь итгэлтэй хүн бүрд баяр баясгалан амлагдсан байдгийг ач, зээ нартаа болон мөнхийн гэр бүлээ зохиох гэж байгаа бүх хүмүүст хандан захиж байна. Ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэнгэр дэх хайрт Эцэг болон Түүний Хайрт Хүү, сүнслэг байдлын хувьд замаасаа гажна гэдгийг нь мэдэж байсан тэдгээр хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусалж байсан билээ. Бурхан тэднийг үүрд хайрлах болно.

Тэд сүнсний дэлхийд заалгасан зүйлсээсээ авралын төлөвлөгөөг сурсан гэдгийг мэддэг нь та бүхний давуу тал юм. Та нар болон тэдгээр хүмүүс энэ дэлхийд ирэхээр итгэлтэй байсан. Харин бусад олон хүмүүст энэ нь боломжгүй байсан юм.

Ариун Сүнсний тусламжтайгаар бид бүх үнэнүүдийг санах болно. Бид бусдад Ариун Сүнсний нөлөөг хүчээр өгч чадахгүй ч үүнийг өөрсдийн амьдралд харж чадна. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийнхээ хайртай гэр бүлд аз жаргалтай амьдарч байснаа санах нь бидэнд үргэлж урам зориг өгөх болно. Бурханы тусламжтайгаар бид бүгдээрээ тэрхүү найдвар, баяр баяслыг мэдэрч чадна. Хүн бүр үүнийг мэдрэх болтугай хэмээн би Их Эзэн, Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Show References

  1.  

    1. Матай 22:35–40.

  2.  

    2. Жорж К.Каннон, “Our Pre-existence and Present Probation,” Contributor, 1890 оны 10-р сар, 476.

  3.  

    3. Алма 42:13.