2010–2019
Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий хуралдаан
Аравдугаар сар 2013


Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй

Та нар хэзээ нэгэн өдөр амьдралаа эргэж хараад хүнд хэцүү цаг үеүдэд Бурхан үргэлж та нартай хамт байсан болохыг ойлгох болно.

Хүндэт эгч нар аа, энэ үдэш бидний мэдэрч буй уур амьсгал бол та бүхний хүч чадал, үнэнч байдал мөн сайн сайхны илрэл юм. “Та нар бол газрын давс. … Та нар бол дэлхийн гэрэл мөн”1 гэж Эзэн айлдсан байдаг.

Та бүхэнд хандан хэлэх үгээ тунгаан бодох үеэр хайрт эхнэр Франсис маань Халамжийн Нийгэмлэгт хэчнээн их хайртай байсныг би санасан юм. Тэрээр амьдралынхаа турш Халамжийн Нийгэмлэгийн олон дуудлагад үйлчилж байсан билээ. Бид хоёрыг 31-хэн настай байхад би Канадын номлолын ерөнхийлөгчөөр дуудагдаж байлаа. Тэрхүү 3 жилийн үүрэгт ажлын турш эхнэр минь Онтарио, Кюүбэк зэрэг мужуудыг хамарсан асар том бүсийн Халамжийн Нийгэмлэгийг тэргүүлдэг байлаа. Тэрхүү үүрэгт ажилд болон хожим нь тойргийнхоо Халамжийн Нийгэмлэгийн олон дуудлагад үйлчилж байхдаа тэрээр хамгийн сайн найзуудынхаа заримтай нь танилцсан юм. Франсис бол Тэнгэрлэг Эцэгийн маань үнэнч охин, миний хайрт хань мөн хамгийн эрхэм найз минь байсан. Би түүнийгээ үгээр илэрхийлэхийн аргагүй тун их санаж байна.

Би ч гэсэн Халамжийн Нийгэмлэгт хайртай. Энэ нийгэмлэг нь сүнсний нөлөөллөөр байгуулагдсан бөгөөд дэлхий дээрх Их Эзэний сүмийн хамгийн чухал хэсэг нь юм гэдгийг би гэрчилж байна. Энэ нийгэмлэгийн хийсэн бүхий л сайн үйлсийг болон үүгээр дамжуулан хэчнээн олон хүний амьдрал адислагдсаныг тоолж баршгүй юм.

Халамжийн Нийгэмлэгт олон янзын эмэгтэйчүүд байдаг. Та нарын дотор сургуульд сурдаг эсвэл ажил хийдэг, амьдралаа сайхан авч явж байгаа ганц бие эмэгтэйчүүд бий. Зарим нь хүүхдүүдээ өсгөж, тун завгүй байдаг эхчүүд ч байгаа. Нөхөр нь нас барсан юм уу салснаас болж, эцгийн болон нөхрийн тусламжгүйгээр хүүхдүүдээ өсгөх гэж зовж буй эмэгтэйчүүд ч бас бий. Заримын тань хувьд хүүхдүүд нь өсч том болсон ч гэсэн үргэлжлүүлэн таны тусламж хэрэгтэй байгаа тийм хүмүүс ч бий. Түүнчлэн зөвхөн та нарын л хайр халамж хэрэгтэй, өтөлж яваа эцэг, эхчүүдтэй эгч нар ч гэсэн та нарын дунд байгаа.

Бидний амьдрал ямар ч байлаа гэсэн зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл тохиолдох үе хүн бүрд байдаг. Энэ нь хүн бүрийн хувьд өөр өөр байдаг ч бидэнд бүгдэд тохиолддог.

Бид маш олон янзын хүмүүсээр дүүрэн, мөнх бус дэлхийд амьдардаг учраас бидэнд маш олон саад бэрхшээл тулгардаг. Заримдаа бид цөхрөх үедээ “Яаж би телестиел дэлхийд амьдарч байхдаа селестиел зүйлст сайн төвлөрч чадах юм бэ?” гэж асуудаг.

Зарим үед бидэнд дүүрэн өргөстэй, хүнд бэрх замаар алхах үе ч ирнэ. Заримдаа бүхий л бэлгүүдийг Өгөгч Түүнээс тусгаарлагдаж, бүр алслагдсан мэт санагдах мөч ч ирэх болно. Бид ганцаараа алхаж байна хэмээн шаналах тэр үед итгэл маань айдсаар солигдоно.

Та нар тийм нөхцөл байдалд орвол залбирахаа санаарай гэж би та нараас гуйя. Би залбирлын талаар хэлсэн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны үгэнд дуртай. Тэрээр:

“Залбиралд найд гэдэг зөвлөгөө нь бараг надад … өгсөн бусад бүх зөвлөгөөнүүдээс илүү, хамгийн ихээр амьдралын маань турш намайг адисалж ирсэн. Залбирал нь миний нэг хэсэг мөн миний зангуу, хүч чадлын минь байнгын эх үүсвэр түүнчлэн миний тэнгэрлэг зүйлсийн мэдлэгийн үндэс болсон юм. …

“… Хэдийгээр золгүй явдал тохиолддог ч бид залбирлаар тайтгарлыг олж авч чадна. Учир нь Бурхан бодгальд амар амгаланг өгөх болно. Тэрхүү тайван, амгалан мэдрэмж нь амьдралын минь хамгийн агуу адислал юм”2 хэмээн хэлсэн байдаг.

Төлөөлөгч Паул:

“Хүсэлтээ Бурханд мэдүүл.

“Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална”3 хэмээн зөвлөсөн байдаг.

Ямар гайхалтай амлалт вэ! Амар амгалан бол бидний хамгийн их хүсэж, тэмүүлдэг зүйл юм.

Бид энэ дэлхий дээр ганцаараа алхах гэж ирээгүй юм. Бидний хүн нэг бүрд ямар агуу хүч чадал, тайтгарлын эх ундарга байдаг гээч. Бид зөвхөн гуйх л юм бол биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг Их Эзэн алсаас харж, эхлэлээс төгсгөл хүртэл бүхнийг мэддэг Тэрбээр бидэнд тусална гэдгээ батлан харуулсан билээ. Бидэнд Тэрээр: “…Үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, … мөн та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно”4 гэж амласан байдаг.

Бид Тэнгэр рүү хандан залбирч байхдаа Аврагчийн заасан үгсийг мартахгүй байцгаая. Тэрбээр Гетсеманид дааж давшгүй өвчин шаналлыг мэдэрч байхдаа Эцэгтээ хандан, “Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг”5 гэж залбирч байсан. Заримдаа хэцүү байдаг ч Тэнгэрлэг Эцэгийг бидэнд хэзээ, яаж, ямар байдлаар бидний эрэлхийлж байгаа тусламжийг өгөхөө хамгийн сайн мэддэг гэдэгт бид итгэх хэрэгтэй.

Би дараах шүлгийн үгсэд их дуртай:

“Яаж гэдгийг нь би мэдэхгүй ч

Бурхан залбиралд хариулдгийг би мэднэ

Залбирлыг үргэлж сонсдог гэж

Амласан гэдгийг нь ч би мэднэ

Эрт орой хариулагдах л учраас

Залбираад тэвчээртэйгээр хүлээе

Гуйсан адислалууд маань

Бүгд сэтгэлчлэн бүтнэ гэдгийг мэдэхгүй ч

Надаас илүү мэргэн

Түүнд л зөвхөн залбиръя

Хүслийг минь биелүүлэх нь тодорхой

Эсвэл илүү ихээр адислах нь лавтай.”6

Мэдээж хэрэг залбирал нь зөвхөн зовох цагт л санах зүйл биш билээ. Судрууд бидэнд “үргэлж залбирахыг”7 мөн зүрх сэтгэлдээ залбиралтай байхыг заадаг.8 Бидний сайн мэдэх мөн миний дуртай сүмийн нэгэн дуулалд бидний өөрсдөөсөө өдөр бүр асуувал зохих “Та залбиръя гэж бодов уу?”9 гэх нэгэн асуултыг л асуудаг.

Энэ хэцүү дэлхийд тэсч үлдэхэд тусалдаг бас нэг зүйл бол судраас судлах явдал юм. Судруудад байдаг үнэн бөгөөд сүнслэг нөлөөллийн үгс нь миний хувьд эрхэм нандин зүйлс байдаг. Би судруудыг уншихаас хэзээ ч залхдаггүй. Би судраас судлах бүрдээ сүнслэг байдлаараа өргөгддөг. Үнэн ба хайрын эдгээр ариун үгс нь амьдралыг минь удирдаж, мөнхийн төгс төгөлдөр рүү хүрэх замыг заадаг.

Бид судар уншиж, тунгаан бодох юм бол Сүнс бидний бодгальд зөөлнөөр шивнэх болно. Бид асуултынхаа хариуг ч олж чадна. Бурханы зарлигуудыг сахиснаар ирдэг адислалуудыг ч мөн мэдэж авна. Түүнчлэн Тэнгэрлэг Эцэгийн болон бидний Аврагч Есүс Христийн талаар мөн Тэд биднийг хайрладаг тухай баттай гэрчлэлтэй болдог. Мөн судар судлахаа залбиралтай хослуулснаар бид Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдгийг баттайгаар мэдэж авч чадна.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли: “Их Эзэн биднийг Түүний ариун үгс дээр найрлаж, тэрхүү хүч чадал, амар амгаланг мөн ‘бүх оюун ухаанаас дээгүүрх’ тэр мэдлэгийг хүлээн авахаар адислах болтугай” (Филиппой 4:7).”10 гэж хэлсэн байдаг.

Бид залбирч, судруудыг судлахад цаг гаргавал бидний амьдрал эцэс төгсгөлгүйгээр адислагдаж, ачаа минь хөнгөрөх болно.

Тэнгэрлэг Эцэг нэгэн эмэгтэйн залбиралд хариулж, түүний хичээнгүйлэн гуйсан амар амгаланг болон тайтгарлыг нь өгсөн талаарх нэгэн түүхийг би та бүхэнтэй хуваалцъя.

Тиффанигийн зовлон бэрхшээлүүд нь өнгөрсөн жилийн талархлын баяраар мөн дараа нь Христийн мэндэлсний баяраар гэрт нь зочид ирснээр эхэлсэн аж. Нөхөр нь анагаахын сургуульд сурч байсан ба одоо хоёр дахь жилдээ эмнэлэг дээрх дадлагаа хийж байгаа юм. Нөхөр нь олон цаг ажиллах шаардлагатай байсан учраас тэрээр эхнэртээ чадлынхаа хэрээр туслах боломжгүй байв. Улмаар баярын өдрүүдээр бэлтгэх хэрэгтэй байсан ихэнх зүйлс мөн бага насны 4 хүүхдээ харж хандах үүрэг бүгд Тиффанид оногдов. Тэрээр их ачаалалтай болж эхэлсэн бөгөөд дээр нь нэмээд хайртай хүмүүсийнх нь нэг нь хорт хавдартай гэж оношлогдсоныг сонсжээ. Санаа сэтгэлийн зовиур нь улам хүнд болж, тэрээр шантарч, сэтгэлийн дарамтад оржээ. Тэрээр эмнэлэгт үзүүлж, эмчлүүлээд ч байдал дээрдсэнгүй. Улмаар хоолны дуршил нь алга болж, жингээ алдсан нь түүн шиг жижиг биетэй хүнд тун сайнгүй байлаа. Тэрээр судруудаас амар амгаланг эрж, сэтгэлийн дарамтаасаа ангижрахын тулд залбирч байв. Ямар ч амар амгалан эсвэл тусламж ирэх шинжгүй юм шиг болоход Бурхан түүнийг мартсан мэт түүнд санагдаж эхлэв. Гэр бүл, найз нөхөд нь түүний төлөө залбирч, түүнд туслахаар уйгагүй хичээж байв. Тэд биеийг нь эрүүл байлгахын тулд дуртай хоолыг нь хийн, аваачиж өгсөн ч тэр хэдхэн халбагадаад л орхичихдог байжээ.

Тэр нэгэн хүндхэн өдөр найз нь түүний хамгийн дуртай хоолыг нь хийж, идүүлэх гэсэн боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Яаж ч хичээгээд болохгүй болохоор нь “Чамд сайхан санагдах ямар нэг зүйл байж л таарна даа” гэж найз нь хэлжээ.

Тиффани хэсэг бодож байгаад “Миний санаанд орж ирэх ганцхан зүйл гэвэл гэрийн талх л байна” гэж хариулав.

Гэвч гэрийн талх бэлэн байсангүй.

Дараагийн өдөр нь Тиффанигийн гэрийн хонх дуугарав. Нөхөр нь гэртээ байж таарсан учраас хаалгаа тайлаад эргэж ирэхдээ гэрийн талх барьсан байв. Тэдний зүс таних Шэрри гэдэг эмэгтэй тэр талхыг өгсөн гэж нөхөр нь хэлэхэд Тиффани бүр гайхаж орхив. Тэр эмэгтэй Тиффанигийн эгч Николын найз нь бөгөөд Колорадогийн Дэнвэр хотод амьдардаг байв. Хэдэн сарын өмнө талархлын баяраар Никол гэрийнхэнтэйгээ Тиффанигийнд байхдаа Шэрриг тэдэнтэй товчхон танилцуулсан байжээ. Шэрри тэр үед Омахад амьдардаг байсан бөгөөд Николтой уулзахаар Тиффанигийн гэрт ирсэн нь тэр ажээ.

Тиффани сайхан амттай талх Шэрригээр өгүүлж, энэрэнгүй үйл хийсэнд нь эгчдээ талархсанаа хэлэхээр утасдлаа. Эгч нь Шэрриг Тиффани руу талх явуул гэж хэлээгүйг тэрээр ойлгосон бөгөөд эгч нь энэ талаар юу ч мэдээгүй байв.

Талх яагаад хүргэж өгөх болсныг нь эгч нь найз Шэрригээсээ асууснаар Тиффани юу болсныг ойлгожээ. Энэ явдал эгчид нь ч, Тифанид ч мөн Шэрригийн хувьд ч сүнслэг үйл явдал болсон бөгөөд надад ч гэсэн адил тийм мэдрэмжийг төрүүлж байна.

Тэр нэгэн талх хүргэж өгсөн өдрийн өглөө Шэррид бодож байснаараа нэг биш харин хоёр талх жигнэх мэдрэмж төржээ. Учрыг нь ойлгоогүй ч тэр өдөр илүү талхаа машиндаа авч явах хэрэгтэй гэж санагдсан гэнэ. Найзынхаа гэрт үдийн хоол идсэний дараа нэг настай охин нь уйлж эхэлсэн тул гэртээ аваачиж унтуулах хэрэгтэй болжээ. Хотын нөгөө захад, 30 минут явж хүрэх газарт амьдардаг найз Николынхоо дүү Тиффанигийнд илүү талхаа хүргэж өгөх хэрэгтэй гэсэн баттай мэдрэмж ирэхэд нь тэрээр гайхаж эргэлзсэн юм. Шэрри ядарсан охиноо гэртээ аваачиж унтуулахыг хүссэн бөгөөд зөвхөн зүсийг нь л мэдэх хүнд ганц талх аваачиж өгнө гэдгээс эвгүйрхэж байсан тул тэр мэдрэмжээ дарах гэж оролдов. Гэхдээ л Тиффанигийн гэр рүү яв гэсэн мэдрэмж маш хүчтэй байсан учраас тэрээр мэдрэмжээ дагажээ.

Түүнийг очиход Тиффанигийн нөхөр хаалгаа тайлжээ. Шэрри өөрийгөө талархлын баяраар танилцсан Николын найз нь гэдгээ хэлж, талхаа өгөөд явсан байна.

Тэгэхээр Их Эзэн Тиффанид зөвхөн түүний хүссэн талхыг нь бараг л танихгүй шахам хүнээр, хотын нэг захаас нөгөө рүү хүргүүлээд зогсохгүй, түүнд хайртай гэсэн тодорхой захиасыг мөн өгсөн юм. Түүнд тохиолдсон энэ явдлыг өөрөөр яаж ч тайлбарлаж чадахгүй юм. Тиффани ганцаараа биш бөгөөд Бурхан түүнийг орхиогүй, харин ч түүнийг харж байсан гэсэн нэн чухал мэдрэмж түүнд төржээ. Яг хүсч байсан талхыг нь, түүнд хэрэгтэй байгааг ч мэдээгүй байсан дөнгөж зүс таних хүн Сүнсээр мэдэрч, тэрхүү мэдрэмжээ даган, хүргэж өгсөн байлаа. Тиффанигийн хувьд энэ нь Тэнгэрлэг Эцэг түүний хэрэгцээг мэдэж байсан бөгөөд түүнд тусламж илгээхээр хайртай байдаг гэдгийг харуулсан тодорхой тэмдэг болжээ. Тэнгэрлэг Эцэг түүний халамж гуйсан залбиралд нь хариулсан юм.

Хайрт эгч нар аа, та нарын Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрд хайртай. Тэр хайр нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Түүний хайранд та нарын харагдах байдал, эд хөрөнгө, банкны дансан дахь мөнгөний хэмжээ огтхон ч хамаагүй. Та нарын авьяас, ур чадвар ч Түүний хайрыг өөрчилдөггүй. Тэнгэрлэг Эцэг та нарыг юу ч болж байсан хайрладаг. Гунигтай эсвэл баяртай, цөхөрсөн эсвэл итгэл найдвартай байх бүхий л үед Тэрээр та нарыг хайрлаж байдаг. Хайрлуулах эрхтэй байгаа эсэхээс үл хамааран Бурхан та бүхнийг хайрладаг. Тэнгэрлэг Эцэг та нарыг ямар ч тохиолдолд үргэлж хайрладаг билээ.

Бид чин сэтгэлийн залбирлаар Тэнгэрлэг Эцэгтээ хандаж, зорилготойгоор судраас судалбал гэрчлэл маань хүчирхэгжиж, гүн гүнзгий суурьтай болох билээ. Бид Бурханы биднийг гэсэн хайрыг мэдрэх болно. Мөн бид хэзээ ч ганцаараа алхдаггүй гэдгээ ойлгох болно. Та нар хэзээ нэгэн өдөр амьдралаа эргэж хараад хүнд хэцүү цаг үеүдэд Бурхан үргэлж та нартай хамт байсан болохыг ойлгох болно гэдгийг би амлаж байна. Миний мөнхийн хань Франсис Бэвэрли Жонсон Монсонг насан өөд болоход ч Бурхан надтай үргэлж хамт байсан гэдгийг би мэднэ.

Би та нарт адислалаа үлдээе. Би та нарын бүхий л сайн үйлсэд мөн адисалсан бүх хүмүүсийн тань төлөө та бүхэнд талархаж байна. Та нар сайн сайхан бэлэг бүхнээр адислагдах болтугай хэмээн би бидний Аврагч, Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.