2010–2019
Та нар цаашид гаднын хүмүүс биш
Аравдугаар сар 2013


Та нар цаашид гаднын хүмүүс биш

Энэ сүмд гадныхан, шоовдор хүмүүс гэж байхгүй. Зөвхөн ах, эгч, дүү нар гэж байдаг.

Бидний ихэнх нь хэзээ нэгэн цагт үл мэдэх, эргэлзээ төрүүлсэн мэдрэмж бүхий шинэ орчинд орж үзсэн байх. Таван жилийн өмнө Ерөнхийлөгч Томас С.Монсон надад Сүмийн ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэх дуудлагыг өгсний дараа ийм нөхцөл байдал манай гэр бүлд бий болсон юм. Ийнхүү дуудагдсан учраас гэр бүл маань хорь гаруй жил амьдарч дассан үзэсгэлэнтэй газраасаа нүүх шаардлагатай болж билээ. Хүүхдүүд маань уг өөрчлөлтийн талаар сонсоод шуудхан хариу өгснийг эхнэр бид хоёр одоо хүртэл санадаг. 16 настай хүү маань “Ямар ч асуудалгүй ээ. Та нар яв яв; Би эндээ үлдэнэ” гэж билээ.

Удалгүй тэр хүү маань бидэнтэй хамт явж, амьдралдаа тохиох шинэ боломжийг итгэлтэйгээр ашиглахаар шийдсэн. Сүүлийн хэдэн жил шинэ орчинд амьдрах нь бидэнд амьдралдаа шинийг сурах сайхан туршлага байлаа. Ялангуяа хожмын үеийн гэгээнтнүүдийн сайхан сэтгэл ба биднийг халуун дотноор хүлээн авсан нь бидэнд тийм мэдрэмжийг төрүүлсөн юм. Өөр өөр улс оронд амьдрахдаа бид дэлхий дээрх Бурханы хүмүүсийн эв нэгдэл нь жинхэнэ бөгөөд бодит гэдгийг хараад талархаж байлаа.

Дуудлага минь надад олон улс оронд очиж, олон уулзалт цуглааныг тэргүүлэх онцгой эрх мэдлийг өгсөн. Цуглаанд оролцож буй янз бүрийн хүмүүсийг харахдаа би олон улс орон, хэл, соёлыг төлөөлж буй гишүүдийг олж хардаг. Сайн мэдээний эрин үеийн нэг сайхан зүйл нь гэвэл газар зүйн байрлал, үндэстэн ястанаар хязгаарлагддаггүй. Харин энэ нь дэлхий нийтийн, түгээмэл зүйл бөгөөд Бурханы хүүг “дэлхийн дөрвөн зүгээс хүүхдүүдээ”1 цуглуулахаар алдар суунд эргэн ирэхэд бэлтгэж байгаа билээ.

Хэдийгээр сүмийн гишүүдийн тоо олон улс оронд өсч байгаа ч бидний ариун өв хоорондох ялгааг маань арилгадаг. Сүмийн гишүүдийн хувьд бид Израилын угсаанд багтдаг. Бид нэгэн сүнслэг удмын эрх тэгш өв залгамжлагчид буюу ах, эгч, дүүс болдог. Бурхан Абрахамд “учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь [түүний] нэрээр дуудагддаг байх болно, мөн [түүний] үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд [түүнийг] магтан дуулах болно”2 хэмээн амласан.

Сүмийн гишүүн болсон хүн бүрд: “Тийм бол та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм”3 хэмээх амлалт өгөгддөг.

Гаднын хүн гэдэг үг нь extraneus (экстраниус) гэдэг латин үгнээс гаралтай бөгөөд “гаднах, гадуур” эсвэл “гаднаас ирсэн” гэсэн утгатай. Ерөнхийдөө энэ нь удам судар, соёл уламжлал, санаа бодол, шашин шүтлэг гэх мэт олон янзын шалтгаанаар “гаднын” болох хүнийг тодорхойлдог. Дэлхийд байгаа боловч дэлхийнх бус байхаар хичээж буй Есүс Христийн шавь нарын хувьд бид заримдаа гадныхан мэт санагддаг. Бусдаас өөр хэмээн тооцогддог тэдгээр хүмүүст тодорхой хаалганууд хаалттай байдаг гэдгийг бид ихэнх хүмүүсээс илүү сайн мэднэ.

Он цагийн явцад Бурханы хүмүүс гаднын эсвэл өөр хэмээн харагдах хүмүүсийг халамжлах зарлигийг хүлээн авсан байдаг. Эрт дээр үед гаднын хүнд бэлэвсэн эсвэл өнчин нэгний адилаар найрсаг ханддаг байжээ. Тэдэнтэй адил гаднын хүн ямар нэг хамгаалалтгүй байдаг бөгөөд түүний амьд үлдэх эсэх нь нутгийн оршин суугчдаас шалтгаалдаг байв. Израилын оршин суугчид энэ талаар “Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ”4 хэмээх нарийн тодорхой заавар хүлээн авсан байдаг.

Мөнх бус тохинууллынхаа үед Есүс энгийн нэг найрсаг, хүлцэнгүй байдлын үүрэг хариуцлагаас хол давсан жишээг харуулсан билээ. Нийгмээс гадуурхагдаж, цэвэр бус хэмээн бусдаар ад үзэгдэж, эсэргүүцэгдэж байсан тэдгээр хүмүүс Түүний нигүүлсэл, хүндэтгэлийг хүртсэн. Тэд Түүний заасан зүйлс болон үйлчлэлийг бусдын адил хүлээн авч байсан юм.

Тухайлбал, Аврагч Самари эмэгтэйгээс ус өгөхийг хүсэн очихдоо тухайн үеийн тогтсон ёс заншлын эсрэг зүйл хийсэн. Тэрээр нүгэлтнүүд хийгээд татвар хураагчидтай хамт суун хооллосон. Уяман өвчтэй хүнд хүрч, эдгээхдээ Тэр эргэлзээгүй. Тэрээр Ромын цэргийн зуутын даргын итгэлийг үнэлэн, цугласан олонд хандаж, “Үнэнээр Би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израилд хэнээс ч олоогүй юм байна”5 гэжээ.

Есүс бүгдэд зориулсан, хэнийг ч ялгадаггүй бэлэг болох төгс хайрын хуулийг чандлан дагахыг биднээс хүссэн. Тэрээр

“Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?

“Хэрэв та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл, бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харь үндэстнүүд ч хүртэл мөн ингэдэг бус уу?

“Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай”6 гэж айлджээ.

Энэ сүмд гадныхан, шоовдор хүмүүс гэж байхгүй. Зөвхөн ах, эгч, дүү нар гэж байдаг. Мөнхийн Эцэгийн тухай мэдлэг маань биднийг дэлхий дээрх эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийн дунд байвал зохистой ах дүү болон эгч дүүгийн харилцаанд илүү мэдрэмтгий, уян зөөлөн байхад тусалдаг.

Виктор Хюгогийн Шоовдор хүмүүс романы нэг хэсэгт гадныхан хэмээн тооцогдож байгаа тэдгээр хүмүүст санваартнууд хэрхэн хандаж болох талаар өгүүлдэг. Жоан Валжоан шоронгоос дөнгөж суллагдсаны дараа далайн урт аялалд ядарч сульдан, өлсөж, цанган нэгэн жижиг тосгонд шөнийг өнгөрүүлэх байр, хоол олж идэх газар хайн ирдэг. Түүнийг ирсэн хэмээх мэдээ тархахад оршин суугчид бүгд нэг нэгээрээ хаалгаа хаав. Зочид буудал, дэн буудал, бүр шорон хүртэл түүнийг оруулсангүй. Тэрээр үл тоомсорлогдон, хөөгдөж, зайлуулагдав. Эцэст нь тэр ямар ч тамир тэнхээгүй болон тосгоны бишопын хаалганы өмнө цөхрөн унажээ.

Сайн санваартан эр Валжоаны талаар бүх зүйлийг мэдэж байсан боловч тэнүүлчнийг гэртээ оруулан,

“‘Энэ миний гэр биш ээ; энэ бол Есүс Христийн гэр. Энэ хаалгаар орж буй хүн нэртэй эсэх нь хамаагүй, харин зовлон гунигтай эсэх нь хамаатай. Та зовж зүдэрч, өлсөж, цангасан байна. Тавтай морилогтун. … Та надад [нэрээ] хэлэхээс өмнө миний мэддэг байсан тэр нэрнээс гадна надад таны нэрийг мэдэх ямар шаардлага байна вэ?’ гэж хэлдэг.

“[Валжоан] гайхсан янзтай нүдээ нээж,

“‘Тийм үү? Намайг хэн гэж дууддаг байсныг та мэддэг гэж үү?’ гэхэд

“‘Тийм ээ’ хэмээн бишоп хариулснаа ‘таныг миний ах гэдэг шүү дээ’ гэв”7

Энэ сүм дэх тойрог, чуулгууд бидэнд харъяалагддаггүй. Харин Есүс Христэд харъяалагддаг юм. Цуглааны байрууд руу орж ирсэн хүн бүрд гэртээ байгаа шиг мэдрэмж төрөхүйц байх хэрэгтэй. Хүн бүрийг халуун дотноор угтах үүрэг хариуцлага нь нэн чухал болж байна. Бидний амьдарч буй дэлхий тайван бус байдалд байгаа билээ. Тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, харилцаа холбооны хурд, эдийн засгийн даяарчлал зэргээс болж дэлхий ертөнц маань урьд өмнө байгаагүйгээр, хүмүүс болон улс үндэстнүүдийн уулзаж, холбогдож, харилцдаг нэгэн том тосгон болж байна.

Дэлхий дахины эдгээр агуу өөрчлөлтүүд нь Бүхнийг Чадагч Бурханы төлөвлөгөөнд тус болдог. Дэлхийн дөрвөн булангаас Түүний сонгосон хүмүүсийг цуглуулах нь зөвхөн алс холын орнуудад номлогчдыг илгээснээр зогсохгүй бусад газруудаас өөрсдийн хот суурин, хотхондоо ирэх хүмүүсийг хүлээн авах явдал юм. Өөрсдөө ч мэдэлгүйгээр олон хүн сургаалыг сонсож, Их Эзэний сүрэгт нэгдэх газрууд руу Түүгээр удирдуулж байдаг.

Сайн мэдээнд хөрвөгдөж, танай тойрогт ирэх дараагийн хүн таны найз нөхөд, танилын хүрээнээс гаднах хэн нэгэн байх магадлал маш өндөр юм. Та үүнийг түүний гадаад байдал, хэл яриа, өмссөн хувцас эсвэл арьсны өнгөнөөс нь анзаарч болно. Энэ хүн өөр шашнаар хүмүүжиж, өөр ар гэр, нөхцөл байдал юм уу амьдралын хэв маягаар өссөн байж болно.

Нөхөрлөж дэмжих нь санваарын нэгэн чухал үүрэг хариуцлага юм. Аароны болон Мелкизедек санваарын чуулгууд нь бишопын удирдлага дор хүн бүрийг хайр болон нөхөрсөг байдлаар хүлээн авч байгаа эсэхийг хариуцахаар эгч нартай хамтран ажиллах ёстой. Гэрийн болон айлчлагч багш нар хэнийг ч мартаж орхиогүй гэдэгт анхаарал тавих хэрэгтэй.

Бид бүгдээрээ тойрог болон салбартаа сүнслэг нэгдмэл байдлыг бий болгохын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Христийг Америкт зочилсны дараа Бурханы хүмүүсийн дунд нэгдмэл байдлын төгс жишээ харагдаж байсан. “Леменчүүд ч, бүр ямар ч –чууд байсангүй, харин тэд Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв”8 хэмээн цэдгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

Нэгдмэл байдлыг биднээс ондоо эсвэл сул дорой мэт санагддаг гишүүдийг үл тоомсорлож, тусгаарлаж, зөвхөн бидэнтэй адил хүмүүстэй нийлж нөхөрлөснөөр олж авдаггүй. Харин эсрэгээрээ шинэ, онцгой тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг нөхөрсгөөр угтан авч, тэдэнд үйлчилснээр нэгдмэл байдлыг олж авдаг. Эдгээр гишүүд нь сүмийн хувьд адислал болдог бөгөөд хөршүүддээ үйлчлэх боломжийг бидэнд олгож мөн өөрсдийн маань зүрх сэтгэлийг ариусгадаг.

Тиймээс, ах нар минь ээ, сүмийн байрны хаалгаар орж ирж буй хүн бүрд туслах нь та нарын үүрэг юм шүү. Тэднийг ялгаварлахгүйгээр, талархалтайгаар угтан авцгаа. Хэрэв таны танихгүй хэн нэгэн цуглаанд тань орж ирвэл халуун дулаанаар мэндэлж, хажуудаа суухыг урь. Тэднийг тань руу ирэхийг хүлээлгүй дотно байдал, хайрыг мэдрүүлэх анхны алхмыг та хийгээрэй.

Анх уулзсаныхаа дараа үргэлжлүүлэн тэдэнд үйлчилж болох арга замуудыг бодож олоорой. Сонсголын бэрхшээлтэй хоёр эгчийг нэгэн тойрогт баптисм хүртсэний дараа Халамжийн Нийгэмлэгийн хоёр эгч эдгээр шинэ гишүүдтэй илүү сайн харилцахын тулд дохионы хэл сурахаар шийдсэн талаар би сонсож байсан. Сайн мэдээн дэх ах, эгч нарт хайраа үзүүлсэн ямар гайхалтай жишээ вэ!

Тэнгэрлэг Эцэгт маань хэн ч гадных биш хэмээн би гэрчилж байна. Түүний хувьд бодгаль нь үнэ цэнэгүй хүн гэж байхгүй. “Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг”9 гэдгийг би Петрийн хамт гэрчилж байна.

Эцсийн өдөр Их Эзэн хоньдоо цуглуулах үедээ бидний хүн бүрд хандан, “Намайг харь хүн байтал урьж оруулсан” хэмээн хэлэхэд

бид “Хэзээ бид таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулсан юм бэ?” гэж асуух бөгөөд

Тэрээр бидэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг”10 хэмээн хэлээсэй гэж би залбирч байна.

Есүс Христийн нэрээр, амен.