2010–2019
Найдварын хэмжээлшгүй өв
Дөрөвдүгээр сар 2014


Үнэлж баршгүй найдварын өв

Та Бурхантай гэрээ хийх юм уу Түүнтэй хийсэн гэрээгээ дагах сонголтыг хийснээр таны үлгэр жишээгээр амьдарч болох хүмүүст найдварын өв үлдээхийг сонгож буй хэрэг юм.

Хүндэт ах, эгч нар аа, та нарын заримыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид энэ хуралдаанд урьсан байх. Эдгээр номлогч та нарыг баптисм хүртэж, Бурхантай гэрээнд орох сонголтоо хийхэд аль хэдийн урьчихсан байж ч болох юм.

Бусад нь Бурхантай аль хэдийн хийсэн гэрээнүүдээ эргэн харж, эцэг, эх, эхнэр эсвэл хүүхдүүдээсээ амьдралынхаа гол утга учрыг болгоосой гэж хүссэн урилгыг хүлээн авсан учраас энд ирсэн байж магадгүй. Намайг сонсож байгаа хүмүүсийн зарим нь Аврагчийг дагахаар буцаж очих сонголтоо аль хэдийн хийчихсэн бөгөөд эргэж ирсэнд тань баярлаж байгаа Түүний баяр баясгаланг мэдэрч байгаа болов уу.

Таны хэн байх мөн хаана байгаа гэдгээс үл хамааран та нарын гарт төсөөлж чадахаас тань илүү олон хүний аз жаргал байдаг. Өдөр бүр, цаг тутам та Бурхантай гэрээ хийх эсвэл Түүнийг дагахыг сонгож чадна.

Мөнх амьдралын бэлгийг өвлөн авах замынхаа аль ч хэсэгт байсан бай та нарт хүмүүст илүү их аз жаргалд хүрэх замыг үзүүлэх боломж байгаа. Та Бурхантай гэрээ хийх юм уу Түүнтэй хийсэн гэрээгээ дагах сонголтыг хийснээр таны үлгэр жишээгээр амьдарч болох хүмүүст найдварын өв үлдээхийг сонгож буй хэрэг юм.

Та бид ийм өвийн амлалтаар адислагдсан. Би амьдралынхаа дийлэнх аз жаргалынхаа төлөө мөнх бус амьдралдаа уулзаж байгаагүй нэгэн хүнд их ѳртэй юм. Тэр миний элэнц өвөө эмээгийн нэг бөгөөд тэрээр өнчин хүүхэд байсан. Тэрээр надад үнэлж баршгүй найдварын өв үлдээсэн бөгөөд надад тэрхүү өвийг үлдээхийн тулд түүний хийсэн зарим зүйлийн талаар би хуваалцъя.

Түүнийг Хайнрик Айринг гэдэг байсан. Тэрээр маш чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд түүний эцэг Эдвард одоогийн Германд буюу Кобургт маш их хөрөнгөтэй хүн байжээ. Түүний эх Шарлотт Вон Бломбэрг язгууртан байсан ба аав нь Пруссын хааны газар нутгийг манадаг байлаа.

Хайнрик нь Шарлотт, Эдвард хоёрын ууган хүү байсан бөгөөд Шарлотт 31 настай байхдаа гурав дахь хүүхдээ төрүүлээд нас баржээ. Эдвардын хөрөнгө оруулалт амжилтгүй болж, бүх эд хөрөнгөө алдсаны дараа удалгүй нас барсан байна. Тэрээр ердөө 40 настай байсан ба гурван өнчин хүүхэд нь л үлдсэн юм.

Миний элэнц өвөө Хайнрик эцэг эхээ хоёуланг нь алдаад зогсохгүй, дэлхийн асар их өв хөрөнгөө алдсан юм. Түүнд ямар ч мөнгө байгаагүй бөгөөд тэрээр Америк явах нь хамгийн найдвар төрүүлэм зүйл гэж мэдэрсэн тухайгаа тэмдэглэлдээ бичжээ. Тэнд гэр бүл эсвэл найз нөхөд нь байхгүй ч Америк явах нь түүнд найдвар төрүүлж байв. Тэр эхлээд Нью Иорк хот руу явав. Дараа нь тэр Миссуригийн Сэйнт Льюис рүү нүүсэн байна.

Сэйнт Льюист түүнтэй хамт ажиллаж байсан нэг хүн хожмын үеийн гэгээнтэн байв. Тэрээр түүнээс ахлагч Парли П.Праттын бичсэн нэгэн товхимлыг авчээ. Тэр үүнийгээ уншиж, дараа нь хожмын үеийн гэгээнтнүүдийн талаар мэдэж авч болох бүх зүйлийг судалсан юм. Тэр хүмүүст үзэгдсэн тэнгэр элчүүд болон амьд бошиглогч үнэхээр байсан эсэх мөн тэр үнэнийг болоод илчлэгдсэн шашныг олж чадсан эсэхийг мэдэхийн тулд залбирчээ.

Хоёр сарын турш анхааралтай судалж, залбирсны эцэст Хайнрик түүнд баптисм хүрт хэмээн хэлж байгаа нэгэн зүүд зүүдэлсэн байна. Миний хүндэлдэг санваартан Виллиам Браун уг ёслолыг гүйцэтгэжээ. Хайнрик борооны усаар дүүргэсэн усан санд 1855 оны 3-р сарын 11-ний өглөөний 7:30-д баптисм хүртсэн юм.

Хайнрик Айринг миний өнөөдөр зааж байгаа зүйлүүд үнэн гэдгийг мэдэж байсан гэдэгт би итгэдэг. Тэрээр мөнх амьдралын аз жаргал нь үүрд мөнхөд үргэлжлэх гэр бүлийн харилцаагаар дамжин ирдгийг мэдэж байсан. Хэдийгээр Их Эзэний аз жаргалын төлөвлөгөөг олж мэдээд удаагүй байсан ч мөнхийн баяр баясгалангийн найдвар нь түүний үлгэр жишээг дагах бусдын чөлөөт сонголтоос шалтгаалдаг гэдгийг тэр мэдэж байсан юм. Мөн түүний мөнхийн баяр баясгалангийн найдвар нь хараахан энэ дэлхийд төрж амжаагүй хүмүүсээс мөн шалтгаалах байв.

Тэрээр манай гэр бүл дэх найдварын өв болгон өөрийнхөө түүхийг үр удамдаа үлдээсэн юм.

Энэхүү түүхийг уншсанаар би түүнийг дагахыг хүссэн бид бүгдийн төлөөх түүний хайрыг мэдэрч чаддаг. Би түүний үгсээс үр удам нь тэнгэрлэг гэртээ эргэн харих зам дээрээ түүнийг дагахаар сонгоосой гэсэн итгэл найдварыг нь мэдэрдэг. Тэрээр энэ нь ганц том сонголтоор биш харин олон жижиг сонголтоор дамжуулан боломжтой болно гэдгийг мэдэж байсан. Би түүний тэмдэглэлээс эш татан уншъя:

“Би анх ахлагч Эндрүсийн үг хэлэхийг сонссон тэр мөчөөс эхлэн … хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаануудад бараг алгасалгүй явсан бөгөөд ингэх нь миний үүрэг байлаа.

Би үүнийг хүүхдүүд маань миний үлгэр жишээг дуурайн дагаж мөн гэгээнтнүүд хамтдаа [цугларах] энэхүү чухал үүргийг бүү үл ойшоогоосой гэж хүссэн учраас тэмдэглэлдээ бичиж байна”1 гэжээ.

Хaйнрик ариун ёслолын цуглаан дээр бид Аврагчийг үргэлж дурсан санаж мөн тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалтаа шинэчилж чадна гэдгийг мэддэг байсан юм.

Тэрхүү Сүнс нь баптисмын гэрээгээ хүлээн аваад ердөө хэдхэн сарын дараа номлолдоо үйлчлэхээр дуудагдахад нь түүнийг дэмжин баталсан юм. Тэрээр индианчуудын газар нутаг хэмээн нэрлэгддэг байсан газарт 6 жилийн турш номлолдоо итгэлтэй үйлчилснээр үлгэр жишээгээ өв болгон үлдээсэн билээ. Тэр номлолоос чөлөөлөгдөх захидлаа хүлээн авахын тулд Оклахомагаас Солт Лэйк хот руу бараг 1770 км алхсан гэдэг.

Тун удалгүй түүнийг Бурханы бошиглогч өмнөд Юта руу нүүж ирэхэд дуудсан бөгөөд тэрээр өөрийн төрсөн нутаг болох Германд дахин номлолд дуудагдсан юм. Дараа нь Хайнрик Хойд Мексик дэх хожмын үеийн гэгээнтнүүдийн эзэмшил газруудыг барьж байгуулахад туслуулах Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн урилгыг хүлээн авсан билээ. Тэндээс тэрээр Мексикт бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээр дахин дуудагджээ. Тэр эдгээр дуудлагаа эрхэмлэн биелүүлсэн юм. Түүнийг Мексикийн Чихуахуа дахь Хуарез колонид нэгэн жижиг оршуулгын газарт оршуулсан билээ.

Би түүнийг болон хийсэн зүйлүүдийг нь эсвэл үр удамдаа зориулсан түүний агуу үйлсийг зарлахын тулд энэ бүхнийг эш татан яриагүй. Түүнийг дуудсан Есүс Христэд үйлчлэх үедээ зүрх сэтгэлд нь байсан итгэл, найдварын үлгэр жишээнд нь талархан хүндэтгэхийн тулд л эдгээрийг эш татсан юм.

Тэрээр Нью Йорк мужийн нэгэн ойн цоорхойд амилсан Христ болон Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитэд үзэгдсэн гэдэгт итгэсэн учраас эдгээр дуудлагыг хүлээн авсан. Мөн Их Эзэний сүм дэх санваарын түлхүүрүүд нь гэрээнүүдээ сахиж чадах хангалттай итгэлтэй байгаа гэр бүлүүдийг мөнхөд лацдан холбохын тулд хүч чадлаар дахин сэргээгдсэн гэдэгт итгэлтэй байсан учраас дуудлагуудыг хүлээн авсан юм.

Миний өвөг эцэг Хайнрик Айрингийн адил та нар ариун гэрээнүүдээ хичээнгүй бөгөөд итгэлтэй хийж, дагах замаар мөнх амьдрал руу хөтлөх зам дээрх гэр бүлийнхээ хамгийн эхний хүн нь байж болох юм. Гэрээ бүр үүрэг, амлалтуудтай байдаг. Хайнрикт байсантай адил бид бүгдийн үүргүүд нь заримдаа энгийн, заримдаа хэцүү байдаг. Гэвч үүргүүд нь биднийг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хайрт Хүү, Есүс Христтэй мөн гэр бүлүүд үүрд хамт амьдрах зам дээр гарахад урагшлуулах зорилготой байдаг учраас тэдгээр нь заримдаа хэцүү байх болно гэдгийг санагтун.

Та нар Абрахамын номон дахь дараах үгсийг санаж байгаа:

“Мөн тэдний дунд Бурхантай адилхан нэгэн зогсож байв, мөн тэрээр өөртэйгөө хамт байсан тэдэнд хэлэв: Бид доошоо явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид эдгээр материалуудаас авч, мөн дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно;

Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно;

Мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэн дээр нэмэгдэх болно; мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаггүй тэд, өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэнтэй хамт нэг хаант улсад алдар сууг олж чадах нь үгүй бөлгөө; мөн өөрсдийн хоёр дахь байдлыг хадгалдаг тэдний тэргүүн дээр алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно.”2

Өөрсдийн хоёр дахь байдлаа хадгалах нь Бурхантай гэрээнүүд хийж, тэдний биднээс шаарддаг үүргүүдийг хэр итгэлтэй биелүүлэхээс шалтгаалдаг. Амьдралынхаа турш ариун гэрээнүүдийг дагах нь бидний Аврагч, Есүс Христэд итгэх итгэлийг шаарддаг.

Адам, Ева хоёр унасан учраас хүн болгонд өгөгдсөн өвийн хувьд бид уруу таталт, сорилт бэрхшээл, үхэлтэй тулгарах болно. Гэсэн хэдий ч бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн Хайрт Хүү, Есүс Христ - бидний Аврагчийг бэлэг болгон өгсөн. Есүс Христийн Цагаатгалын агуу бэлэг болон адислалыг бүх хүнд боломжтой болгодог өв нь амилуулалтын амлалт болон мөнх амьдралыг төрөх бүх хүмүүнд боломжтой болгодог билээ.

Бурханы бүхий л адислалын хамгийн агуу нь болох мөнх амьдрал нь эрх мэдэл бүхий Түүний үйлчлэгчдээр дамжуулан боломжтой болсон Есүс Христийн үнэн сүмд байдаг гэрээг хийсэн үед ирэх болно. Уналтын улмаас бид бүгд баптисмын цэвэрлэх хүч нөлөө болон гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах хэрэгтэй. Эдгээр ёслолыг зохих санваарын эрх мэдэлтэй хүмүүс гүйцэтгэх ёстой. Дараа нь бид Христийн гэрэл болон Ариун Сүнсний тусламжтайгаар Бурхантай хийсэн бүх гэрээгээ, ялангуяа ариун сүмд хийсэн гэрээнүүдээ сахиж чадна. Бурханы хүүхдийн хувьд хүмүүс зөвхөн энэ арга замаар болон энэ тусламжаар л өв хөрөнгөө залгамжлах эрхээ авч чадах юм.

Намайг сонсож буй зарим хүний хувьд энэ нь боломжгүй юм шиг санагдаж болох юм.

Та нар Бурхантай хийсэн гэрээнүүдээсээ татгалзахыг эсвэл гэрээнүүдээ дагахгүй байхыг сонгосон хүүхдүүдийнхээ төлөө шаналж буй эцэг эхчүүдийг харсан. Гэвч эдгээр эцэг, эх нь бусад эцэг, эхийн туршлагуудаас тайтгарал болон найдварыг олж авч чадна.

Алма болон Мозая хааны хөвгүүд Бурханы гэрээ, зарлигуудын эсрэг гаргасан аймшигт эсэргүүцлээ наманчилсан юм. Залуу Алма өөрийн хүү Кориантоныг ноцтой гэм нүглүүдээсээ эргэн, улам итгэлтэй үйлчилж эхлэхийг хардаг. Мөн Мормоны Номонд зөв шударгыг үзэн яддаг уламжлалуудаа орхин, амар амгаланг тогтоохын тулд үхэхээр гэрээнд орж буй леменчүүдийн гайхамшгийг бичсэн байдаг.

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд дээр тэнгэр элч ирсэн юм. Тэдний эцгүүдийн болон Бурханы хүмүүсийн итгэл, залбирлуудын ачаар тэнгэр элч ирсэн. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч буй Цагаатгалын хүчний жишээнүүдээс та зориг ба тайтгарлыг хүлээн авч чадна.

Их Эзэн биднийг хайртай хүмүүстээ мөнхийн өвөө хүлээн авахад нь туслахаар хичээж байгаа үед найдварын бүхий л эх сурвалжаар хангаж өгсөн. Түүний урилгыг хүлээн авахаас татгалзсан тэдгээр хүмүүсийг ч гэсэн Түүн рүү цуглуулахыг хичээсээр байх аваас Тэрээр бидэнд амлалтууд өгсөн. Тэдний эсэргүүцэл нь Түүнийг гунигтай болгодог ч Тэр хэзээ ч тэднийг орхидоггүй бөгөөд бид ч бас орхиж болохгүй. Тэрээр биднийг үргэлж хайрласнаараа бидэнд төгс жишээг үзүүлдэг: “Мөн тэрчлэн, тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг би та нарыг хичнээн ч удаа цуглуулахсан хэмээв, тийм ээ, Ай Израилын угсааны унасан хүмүүс та нар; тийм ээ, Ай Израилын угсааны хүмүүс та нар, унасан та нар мөн түүнчлэн Иерусалимд орших та нар; тийм ээ, тахиа дэгдээхийнүүдээ цуглуулдаг шиг би та нарыг хичнээн ч удаа цуглуулахсан хэмээв, мөн та нар цугласангүй.”3

Бид Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийг Түүнд, гэрт нь буцаан авчрах Аврагчийн хувиршгүй хүсэлд найдаж болно. Итгэлтэй эцэг эх, өвөө эмээ, өвөг дээдэс бүр адилхан тийм хүсэлтэй байдаг. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр бидний юу хийж болох болон юу хийх ёстойг төгс жишээнүүдээрээ харуулдаг. Тэд хэзээ ч зөв шударга зүйлүүдийг хүчилдэггүй, учир нь зөв шударга зүйлүүд нь сонгогдох учиртай байдаг. Тэд биднийг зөв шударга зүйлүүдийг таних чадвартай болгодог бөгөөд үр жимсүүд нь амттай болохыг бидэнд харуулдаг.

Дэлхий дээр төрсөн хүн бүр зөв, бурууг таньж мэдэхэд тусалдаг Христийн гэрлийг хүлээн авдаг. Бурхан биднийг юу хийхийг хүсэж байгааг эсвэл юуг хориглох хэрэгтэйг Ариун Сүнсний хүчээр ялган танихад маань туслахаар мөнх бус үйлчлэгчдийг илгээсэн юм. Бурхан бидэнд сонголтуудын маань үр дүнг мэдрүүлэн, зөвийг сонгох нь чухал гэдгийг ойлгуулдаг. Хэрэв бид зөвийг сонговол аз жаргал ирэх болно. Хэрэв бид хилэнцтийг сонговол харамсал, гашуудал ирэх болно. Эдгээр үр дүн ирэх нь зайлшгүй юм. Заримдаа үр дүн нь ямар нэг зорилгоор хойшлогддог. Хэрэв адислалууд тэр дороо ирдэг байсансан бол зөвийг сонгох нь итгэлийг хөгжүүлж чадахгүй байхсан. Мөн харамсал нь ихэнхдээ хожуу ирж болох учраас бид нүглийнхээ гэмшил, шаналалын нөлөөнүүдийг мэдрэхээс өмнө нүглүүдээсээ эртхэн өршөөгдөхөд итгэл шаардагддаг юм.

Эцэг Лихай зарим хөвгүүнийхээ болон гэр бүлийнхнийхээ хийсэн сонголтуудад харамсаж байв. Тэрээр Бурханы бошиглогч бөгөөд зохистой, сайн хүн байсан. Тэр бидний Аврагч, Есүс Христийн талаар үргэлж тэдэнд гэрчилдэг байв. Түүнийг Их Эзэн гэр бүлээ устгалаас аврахын тулд дэлхийн бүх эд хөрөнгөө орхи хэмээн дуудах үед тэр бидэнд дуулгавартай байдал болон үйлчлэлээрээ үлгэр жишээ болсон юм. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд хүртэл тэр хүүхдүүддээ гэрчилсэн хэвээр байв. Лихайд Аврагчтай адил тэдний зүрх сэтгэлийг болон тэдний гунигтай мөртлөө гайхамшигтай ирээдүйг аль алиныг нь ялган харах хүч чадал байгаагүй ч Лихай гэр бүлээ авралд авчрахын тулд гараа сунгасан хэвээр байсан юм.

Өнөөдөр Эцэг Лихайн сая сая үр удам тэдний төлөөх түүний найдварын учрыг тайлбарлаж байна.

Та бид Лихайн жишээнээс суралцахын тулд юу хийж чадах вэ? Та нар судраас залбирч мөн анхааралтай судалснаар Түүний жишээг харж чадна.

Би та нарыг гэр бүлдээ найдварын өв үлдээхээр хичээх үедээ ойрын болон алсын хараатай байхыг санал болгож байна. Ойрын хугацаанд саад бэрхшээл их тохиолдох бөгөөд Сатан бас уруу татах болно. Их Эзэн Өөрийн цагтаа, Өөрийнхөө арга замаар үйлддэг гэдгийг ойлгон; тэвчээртэй мөн итгэлтэй хүлээх зүйлүүд байдаг.

Мөн хайртай хүүхдүүдээ бага байхад нь эртнээс хийж байх зүйлүүд ч бий. Хүүхдүүдээ бага байхад нь өдөр бүр гэр бүлээрээ хамтдаа залбирах, судраас унших, ариун ёслолын цуглаанууд дээр гэрчлэлээ хуваалцах зэрэг нь амархан бөгөөд илүү үр дүнтэй байдаг гэдгийг сана. Хүүхдүүд тань бидний төсөөлдгөөс ч илүү сүнсэнд мэдрэмтгий байдаг.

Тэд том болохоороо хамт дуулж байсан дууллуудаа санана. Мөн тэд дуунуудыг санахаас илүүтэй судрын болон гэрчлэлийн үгсийг санах болно. Ариун Сүнс бүх зүйлийг тэдэнд сануулна. Гэвч судрууд болон дууллын үгс нь илүү удаан үлдэх болно. Эдгээр дурсамж нь тэднийг хэсэг хугацаанд, магадгүй бүр олон жил мөнх амьдралын гэртээ хүрэх замаасаа хазайн, хэрэн хэсэх үед ч тэднийг буцаж ирэхэд нь туслах болно.

Хайртай хүмүүс маань дэлхийн нөлөөллүүдийг мэдэрч, эргэлзээнүүд нь тэдний итгэлийг ялах үед бид алсын хараатай байх хэрэгтэй. Бидэнд ѳѳрсдийгѳѳ удирдаж, тэднийг хүчирхэгжүүлэх итгэл, найдвар, энэрэл байдаг.

Би үүнийг Бурханы хоёр амьд бошиглогчийн зөвлөхийн хувьд харсан юм. Тэд бол өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Тэд байнга өөдрөг үзлээ хуваалцдаг юм шиг санагддаг. Хэн нэг нь сүмд байгаа ямар нэгэн асуудлыг гаргаж хэлэх үед тэд байнга “Тийм ээ, Бүх зүйл зүгээр байх болно” гэж хариулдаг юм. Тэд ерөнхийдөө хүмүүсийн сэрэмжлүүлж байгаагаас ч илүү зүйлүүдийг мэдэж байдаг.

Тэд бас Их Эзэний арга замыг ч мөн мэдэж байдаг. Тиймээс тэд Түүний хаант улсад үргэлж найддаг юм. Тэд Бурхан тэргүүнд нь байгааг мэддэг. Тэрээр бүхнээс хүчтэй бөгөөд бүгдэд санаа тавьдаг. Хэрэв та нар Түүнийг гэр бүлийнхээ удирдагч болговол бүх зүйл сайн байх болно.

Хайнрик Айрингийн үр удмуудын зарим нь хэрэн хэсэж байгаа мэт санагдаж болох ч түүний үр удмын олонх нь өглөө 6 цагт урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхээр Бурханы ариун сүм рүү явдаг. Тэд түүний үлдээсэн найдварын өвийн ачаар тийшээ явдаг. Тэрээр үр удмынхаа олонход хэрэгтэй байсан өвийг үлдээсэн юм.

Бид бүх зүйлийг итгэлийнхээ дагуу хийсний дараа Их Эзэн бидний төсөөлж чадахаас ч илүү гэр бүлүүдэд маань агуу адислалууд хүртэх найдварыг өгөх болно. Бид Түүний хүүхдүүд учраас Тэрээр хамгийн сайн сайхныг хүсдэг юм.

Бид бүгд амьд Бурханы хүүхдүүд билээ. Назарын Есүс бол Түүний Хайрт Хүү бөгөөд бидний амилсан Аврагч юм. Энэ бол Түүний сүм. Үүн дотор санваарын түлхүүрүүд байдаг бөгөөд ингэснээр гэр бүлүүд мөнхөд хамт байж чадна. Энэ бол бидний үнэлж баршгүй найдварын өв юм. Би үүнийг үнэн гэдгийг Их Эзэн Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Хэнри Айрингийн дурсамжууд, ойролцоогоор 1880–1896 он, typescript, Church History Library, 16–21-ийг үзнэ үү.

  2. Абрахам 3:24–26.

  3. 3 Нифай 10:5.