2010–2019
Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд
Дөрөвдүгээр сар 2014


Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд

Бидний хүн нэг бүрийн амьдралдаа үүрч явдаг өвөрмөц ачаа нь Ариун Мессиагийн зөв шударга үйлс, нигүүлсэл, ач ивээлд найдвар тавихад бидэнд тусалдаг.

Миний дотны нэгэн найз гэрлэснийхээ дараах эхний жилүүдэд гэр бүлийнхэнтэйгээ дөрвөн дугуйгаараа мааждаг ачааны машинтай болох нь чухал юм гэдэгт итгэсэн байлаа. Харин түүнд ачааны машин биш зөвхөн шинэ машин л хэрэгтэй гэж эхнэр нь боддог байв. Ачааны машин худалдаж авахын ашигтай, ашиггүй талуудын тухай эхнэр, нөхөр хоёрын хооронд хошин гэмээр яриа болдог байж.

“Хонгор минь ээ, бидэнд дөрвөн дугуйгаараа мааждаг ачааны машин хэрэгтэй шүү дээ” гэхэд

“Бидэнд ачааны шинэ машин хэрэгтэй гэж чи яагаад бодоод байгаа юм бэ?” гэж эхнэр нь асууна.

Нөхөр нь хариултаа төгс хэмээн боддогоороо “Аюултай шуурганы үеэр хүүхдүүдэд маань сүү хэрэгтэй боллоо гэхэд би хүнсний дэлгүүр рүү зөвхөн ачааны машинаар л очиж авч чадна биз дээ?” хэмээн эхнэрийнхээ асуултад хариулдаг байв.

Тэгэхэд эхнэр нь инээмсэглэн, “Хэрэв бид ачааны шинэ машин худалдаж авбал сүү авах мөнгө хүрэлцэхгүй шүү дээ. Тэгэхлээр яах гэж шуурганаар хүнсний дэлгүүр рүү явж, үйлээ үзэх ёстой юм бэ!” хэмээн хариулна.

Тэд нэлээн удаан зөвлөлдсөний эцэст ачааны машин худалдаж авахаар шийдсэн юм. Найз маань шинэ машин худалдаж авснаасаа хойш удалгүй ачааны машин ямар их ач тустай болохыг мөн машин худалдаж авах түүний санаачлага зөв байсныг нотлон харуулахыг хүсжээ. Тиймээс тэрээр мод огтолж, гэр бүлийнхээ түлээний модыг бэлтгэн, ашиг олохоор шийдэж гэнэ. Намар болж, түлээний мод бэлтгэнэ гэж төлөвлөсөн ууланд нь аль хэдийн цас орсон байлаа. Түүнийг уулын бэлд хүрч ирэхэд цас улам зузаарсаар байв. Найз маань халтиргаатай замд машин жолоодох нь эрсдэлтэй гэдгийг мэддэг байсан ч шинэхэн ачааны машиндаа итгэл дүүрэн байсан болохоор цааш явсаар байв.

Найз маань цастай замаар зөндөө хол явчихаж. Тэр мод огтлохоор төлөвлөсөн газартаа хүрч ирээд замаас гартал цасанд суучихав. Шинэхэн машины дөрвөн дугуй дөрвүүлээ цасанд шигдсэн байлаа. Тэр энэ аюултай нөхцөл байдлаас гарахын тулд юу хийх ёстойгоо тэр даруйдаа мэдсэнгүй. Найз маань ичиж бас санаа нь зовж эхлэв.

“За ингээд зүгээр суугаад байхгүй шүү!” гээд тэр машинаасаа бууж, мод огтолж эхэллээ. Тэр машиныхаа тэвшин дээр хүнд мод дүүртэл ачив. Тэгээд найз маань машинаа цаснаас гаргах гэж дахиад нэг оролдож үзэхээр шийдээд араагаа залгаж, хий өгөхөд машин урагш алгуурхан хөдөлж, цаснаас гараад замдаа эргэж орсон ажээ. Найз маань сая л нэг юм гэртээ харих боломжтой болсондоо баярлахын сацуу дарууссан байв.

Бидний хүн нэг бүрийн ачаа

Би найзынхаа тухай, түүний ачааны машин болон түлээний модны тухай энэхүү түүхээс авч болох чухал сургамжийг онцлон тэмдэглэхийн хамт Ариун Сүнсний тусламжийн төлөө залбирч байна. Энэ нь үнэхээр хүнд ачаа байсан. Ачааны машиныг цаснаас гарч, замдаа буцаж орон, цааш явах боломжийг тэвшин дээрх хүнд ачаа нь л түүнд олгосон юм. Түүнд гэр орон, гэр бүлдээ эргэж очих боломжийг мөн л тэр ачаа олгосон.

Бид бүгд ямар нэг ачаа үүрч явдаг. Бидний хүн бүрийн үүрэх ачаанд боломж, үүрэг хариуцлага, онцгой боломж, зовлон бэрхшээл ба адислалууд, хүсэл ба хясал ордог. Бид үе үе залбирч, үүрч яваа ачаандаа үнэлэлт өгье гэвэл “Миний үүрч яваа ачаа Христэд итгэж, нарийн бөгөөд шулуун замаар урагш тэмүүлэх хүчийг мөн сүнслэг байдлын хувьд бүдэрч унахаас зайлсхийх сүнсний хүчийг надад өгдөг үү? Үүрч яваа ачаа маань эцсийн эцэст надад Тэнгэрлэг Эцэгтээ болон гэртээ эргэж очих хангалттай сүнслэг хүчийг бий болгодог бил үү?” гэсэн удирдамжийн шинжтэй хоёр асуултыг асуух нь үр дүнтэй байж болох юм.

Заримдаа бид ачаагүй байхыг аз жаргал хэмээн буруу боддог ч байж магадгүй. Гэвч ачаа үүрч явах нь аз жаргалын төлөвлөгөөний зайлшгүй чухал хэсэг билээ. Бидний хүн бүрийн ачаа нь сүнслэг хүчийг бий болгоход хэрэгтэй. Тиймээс бид хамгийн чухал зүйлүүдээс анхаарлыг маань сарниулж, биднийг холдуулж болох сайхан юм шиг атлаа шаардлагагүй олон зүйлийг амьдралынхаа нэг хэсэг болгохгүй байхад анхаарах ёстой.

Цагаатгалын хүчирхэгжүүлэгч нөлөө

Аврагч:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье.

Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:28–30) гэж хэлсэн билээ.

Буулга бол хос шар юм уу өөр хос мал ачаа чирэхэд ихэвчлэн ашигладаг модон мөрөвч юм. Хос мал хамт зүтгэж, ачааг чирэх боломжтой байхын тулд буулгыг тэдний цээжинд угладаг.

“Буулгыг минь өөр дээрээ ав” хэмээн хүн бүрд өгсөн Их Эзэний ер бусын урилгыг бодож үзнэ үү. Ариун гэрээнүүдийг хийж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг билээ. Чухамдаа бидний хамгийн сайн хүчин чармайлт Аврагчийнхтай эн зэрэгцэхгүй бөгөөд түүнтэй харьцуулах аргагүй ч гэсэн Тэр биднийг Түүнд найдлага тавихад болон Түүнтэй хамт хөдөлмөрлөхөд урьдаг. Бид мөнх бус аялалынхаа үед Түүнд итгэж, Түүнтэй хамт ачаагаа үүрсэн үед Түүний буулга үнэхээр амархан, ачаа нь хөнгөн байдаг.

Бид ганцаархнаа биш бас хэзээ ч ганцаардахгүй. Бид өдөр тутмын амьдралдаа тэнгэрлэг тусламж авч, урагш тэмүүлж чадна. Аврагчийн Цагаатгалын тусламжтайгаар [бид] “өөрсдөө олж авч чадахаас хавьгүй илүү” чадвар болон хүч чадлыг хүлээн авч чадна (“Lord I Would Follow Thee,” Hymns, 220). Их Эзэн “Tиймийн тул, аяллаа үргэлжлүүл, мөн зүрх сэтгэл чинь баясаг; учрыг болгоогтун, мөн харагтун, би бүр төгсгөлийг хүртэл та нартай хамт байна” (С ба Г 100:12) хэмээн тунхагласан билээ.

Мормоны Номонд гардаг Алма болон түүний хүмүүсийг дарлан хавчиж байсан Амюлоны жишээг бодоод үзээрэй. Эдгээр шавь нарт зүдгүүрт үед нь “Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ, мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би” (Мозая 24:13) хэмээн Их Эзэний дуу хоолой ирсэн юм.

Гэрээнүүд нь чөлөөлөлтийн амлалтад чухал байр суурь эзэлдгийг анзаараарай. Гэрээнүүдийг хүлээн авч, чанд сахин, санваарын зохих эрх мэдлээр ёслолуудыг гүйцэтгэх нь Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг бүх адислалыг хүлээн авахад зайлшгүй чухал юм. Учир нь бурханлаг байдлын хүч, түүний дотор Цагаатгалын адислалууд нь санваарын ёслолуудаар дамжин мөнх бус амьдралын үед эрэгтэй, эмэгтэйчүүдэд ирдэг (С ба Г 84:20–21-ийг үзнэ үү).

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Maтай 11:30) гэсэн Аврагчийн мэдэгдлийг Алма болон түүний хүмүүсийн тухай шастир дахь

“Мөн би та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол түүнчлэн хөнгөлнө” (Moзая 24:14) гэсэн шүлгийн тухай эргэцүүлэн бодохдоо санаарай.

Ачаа нь гэнэт бас тэгээд бүрмөсөн авагдах болно гэдгийг энэ шүлэг зааж байгаа мэтээр бидний олон нь бодож болох юм. Гэвч дараах судрын шүлэг ачаа хэрхэн хөнгөрдгийг дүрсэлж байна.

“Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Aлма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой” (Moзая 24:15; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Энэ түүхэнд ачаа болон бэрхшээл нь хүмүүсээс тэр дороо авагдаагүй байна. Харин Алма болон түүний дагалдагчид хүчирхэгжсэн бөгөөд тэдний өсөн нэмэгдсэн чадвар ачааг хөнгөн болгосон ажээ. Энэ сайн хүмүүст Цагаатгалаар дамжуулан өөртөө сонгогч болж үйлдэх хүч өгөгдсөн (С ба Г 58:26–29-ийг үзнэ үү) бөгөөд тэд нөхцөл байдалдаа нөлөөлж чадсан юм. Иймээс Aлма болон түүний хүмүүс “Их Эзэний хүчээр” (Мормоны үгс 1:14; Moзая 9:17; Moзая 10:10; Алма 20:4-ийг үзнэ үү) Зарахемлагийн нутагт аюулгүй удирдагдсан юм.

Есүс Христийн Цагаатгал зөвхөн Адамын уналтын үр дагавруудыг даван туулахыг төдийгүй хувийн нүгэл, зөрчлүүдээсээ ангижрах боломжийг бидэнд олгодог. Мөн Түүний Цагаатгал бидэнд өөрсдийнхөө мөнх бус чадвараас үлэмж дээгүүр арга замаар сайныг үйлдэх хийгээд илүү сайн хүмүүс байх боломж олгодог. Бид буруу зүйл хийсэн үедээ мөн өөрсдийн амьдрал дахь нүглийн үр дагавруудыг даван туулахад тусламж хэрэгтэй болсон үед Аврагчийн цагаатгагч хүчээр дамжуулан цэвэр болох боломжийг Тэр бидэнд олгосон тухай бидний олонх нь мэддэг билээ. Гэвч Цагаатгал бол дуулгавартай, зохистой, зарлигуудыг тууштай сахидаг, илүү сайн байхыг хичээж, үнэнчээр үйлчилдэг итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулагдсан юм гэдгийг бид ойлгодог бил үү? Бид Цагаатгалын энэхүү хүчирхэгжүүлэгч нөлөөг амьдралдаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг бил үү, бид бас ачаагаа цор ганцаараа, өөрсдийнхөө хүсэл зоригийн хүч болоод сахилга батаар, өөрсдийнхөө илэрхий хязгаарлагдмал хүчээр үүрч яваа хэмээн буруугаар сэтгэдэг юм биш биз хэмээн би боддог.

Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөр энэ дэлхийд ирснийг мэдэх нь нэг хэрэг. Харин Их Эзэн Өөрийн Цагаатгал болон Ариун Сүнсний хүчээр дамжуулан бидэнд баяр баясал өгч, биднийг зөвхөн удирдаад зогсохгүй бас хүчирхэгжүүлж, эдгээхийг хүсдэгийн төлөө бид талархалтай байх хэрэгтэй.

Аврагч Өөрийн хүмүүст тусалдаг

Аврагч яагаад бас хэрхэн бидэнд таатай нөхцөл бүрдүүлж чадах талаар Алма:

“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.

Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:11–12) хэмээн тайлбарласан байдаг.

Аврагч тийнхүү зөвхөн бидний нүгэл хилэнц, алдсуудын төлөө төдийгүй бас бидний бие махбодын өвчин зовлон, сул тал ба дутагдал, айдас ба хяслан, санаагаар унах, урам хугарах, бидний харамсал гэмшил, гутрал цөхрөл, бидэнд тохиолддог шударга бус явдал, биднийг зовлонд унагадаг сэтгэл санааны эмгэгийн төлөө зовон шаналсан юм.

Эхлээд Аврагчийн биеэр амсаагүй тийм их бие махбодын өвчин, сүнслэг байдлын шарх, сэтгэл санааны зовлон, сул дорой байдал энэ мөнх бус амьдралд та бидэнд хэзээ ч тохиолдохгүй. Бид сул дорой байдлаасаа болж, “Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй шүү дээ” хэмээн дуу алдан хашгирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хязгааргүй хийгээд мөнхийн золиослолын улмаас сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог бөгөөд бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна (Aлма 34:14-ийг үзнэ үү). Тэр бидэнд туслахыг санал болгон, бидэнд нөлөөлж, дэмжлэг үзүүлэн, биднийг эдгээн хүчирхэгжүүлж чадна. Тэрээр бидэнд өөрсдийнхөө хүчинд тулгуурлан яагаад ч хүрч чадахааргүй түвшинд хүрэхэд мөн өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийхэд тусалж чадна. Үнэхээр Түүний буулга амархан, Түүний ачаа хөнгөн юм.

Урилга, амлалт мөн гэрчлэл

Би та нарыг хувь хувьдаа үүрч байгаа ачаандаа үнэлэлт өгөх үедээ Аврагчийн Цагаатгалын тухай илүү ихийг судалж мэдэн, залбирч, тунгаан бодож, хичээн чармайхад урьж байна. Бид Цагаатгалын тухай олон зүйлийг мөнх бус оюун ухаанаараа ойлгож чадахгүй. Гэвч бид бас Цагаатгалын тухай олон зүйлийг ойлгож чадна, ойлгох ч хэрэгтэй.

Найз маань машиндаа мод ачсан нь түүнийг хүнд байдлаас аварсан юм. Хоосон ачааны машин дөрвөн дугуйгаараа зэрэг мааждаг ч цаснаас гарч чадахгүй байсан. Хүнд ачаа нь л машиныг цаснаас гаргахад тус болсон байлаа.

Ачаа зайлшгүй чухал байв. Ачаа нь миний найзад суусан цаснаасаа гарч, замдаа эргэж ороод цааш явж, гэртээ харих боломжийг олгосон юм.

Бидний хүн нэг бүрийн амьдралдаа үүрч явдаг өвөрмөц ачаа нь Ариун Мессиагийн зөв шударга үйлс, нигүүлсэл, ач ивээлд найдвар тавихад бидэнд тусалдаг (2 Нифай 2:8-ыг үзнэ үү). Аврагч бидэнд ачаагаа хөнгөхөн даахад туслах болно гэдгийг би гэрчилж бас амлаж байна (Мозая 24:15-ыг үзнэ үү). Бид ариун гэрээнүүдээр дамжуулан Түүнтэй хамт буулганд орж, Түүний Цагаатгалын эдгээгч хүчийг амьдралдаа хүлээн авснаар Түүний хүслийг ойлгож, Түүний хүслийн дагуу амьдрахыг илүү сайн эрэлхийлэх болно. Бид бас өөрсдийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн төлөө бус харин нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, түүнээс суралцах хүч чадлын төлөө, Бурхан өөрийн хүслийн дагуу бидний нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө шаргуу залбирах болно. Бид өөрсөд дээрээ үйлдүүлдэг зүйлс биш харин өөрсдийнхөө төлөө үйлдэгчид байх болно (2 Нифай 2:14-ийг үзнэ үү). Бид сүнслэг хүчээр адислагдах болно.

Бид бүгд Аврагчийн Цагаатгалаар дамжуулан илүү сайнаар үйлдэж, илүү сайн хүмүүс болох болтугай. Өнөөдөр 4-р сарын 6. Өнөөдөр Аврагчийн энэ дэлхий дээр мэндэлсэн өдөр гэдгийг бид илчлэлтээр мэддэг. Мөн өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм зохион байгуулагдсан өдөр. (С ба Г 20:1; Харолд Б.Лий, “Strengthen the Stakes of Zion,” Ensign, 1973 оны 7-р сар, 2; Спэнсэр В.Кимбалл, “Why Call Me Lord, Lord, and Do Not the Things Which I Say?” Ensign, 1975 оны 5-р сар, 4; Спэнсэр В.Кимбалл, “Remarks and Dedication of the Fayette, New York, Buildings,” Ensign, 1980 оны 5-р сар, 54; Гордон Б.Хинклигийн үг, 1-р боть: 1995–1999 [2005], 409.) Хүндэтгэлийн энэхүү онцгой, ариун өдөр би Есүс Христ бол бидний Гэтэлгэгч мөн гэдэг гэрчлэлээ тунхаглаж байна. Тэр амьд бөгөөд биднийг цэвэршүүлж, эдгээн, удирдаж, хамгаалан, хүчирхэгжүүлэх болно. Би эдгээр зүйлийг Есүс Христийн нэрээр баяртайгаар гэрчилж байна, амен.