2010–2019
Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах
Дөрөвдүгээр сар 2014


Эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах

Бид бүгд айдсаа жинхэнэ итгэлээр орлуулснаар номлолын ажилд илүү тогтмол оролцож чадна гэдгийг хэлэх гэсэн юм.

Англи дахь номлолоосоо эргэж ирсний минь жаран дөрвөн жилийн ой ирэх есдүгээр сард болно. Би гэртээ ирээд гурав хоносныхоо дараа Ютагийн их сургууль дээр болсон оюутны танилцах өдрийн бүжигт найзтайгаа оролцож билээ. Найз маань тус их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Барбара Бөүвэн гэгч царайлаг сайхан бүсгүйн тухай надад яриад намайг түүнтэй танилцах хэрэгтэй гэв. Тэр түүнийг дагуулж ирэн, биднийг танилцуулж, бид ч бүжиглэж эхэллээ.

Харамсалтай нь, тэр үеийн бүжиг нь өөр хүн мөрөн дээр хүрч дохио өгөх хүртэл л бүсгүйтэйгээ бүжиглэдэг “таг данс” гэж нэрлэдэг бүжиг байлаа. Барбара эрч хүчтэй, сургуульдаа нэртэй оюутан байсан учраас би түүнтэй ганц минут ч хүрэхгүй хугацаанд бүжиглэж байтал өөр нэг залуу хүрч ирээд мөрөн дээр минь алгадчихаад л түүнтэй бүжиглээд эхэлсэн юм.

Энэ бол миний хувьд байж боломгүй зүйл байлаа. Би номлолд байхдаа эцсийн үр дүнг үзэх хүртэл явах нь ямар чухал болохыг сурсан учраас Барбарагийн утасны дугаарыг авч, маргааш нь түүн рүү утасдан, болзоонд урьсан ч тэр хичээл, уулзалттай тул завгүй гэлээ. Аз болоход бүр урам хугарсан үед ч гэсэн ухарч шантрахгүй байхыг номлол маань надад заасны ачаар би эцэстээ түүнтэй болзож чадсан юм. Тэрхүү болзооны дараа бид дахиад олон удаа болзсон. Би эдгээр болзооны үеэр өөрийгөө Барбарагийн хувьд яг тохирох цорын ганц үнэнч, гал халуун тэмүүлэл бүхий буцаж ирсэн номлогч гэдэгт түүнийг итгүүлж чадсан юм. Одоо 64 жилийн дараа бид долоон хүүхэд, олон ач, зээ болон ачинцар, зээнцэртэй болсон бөгөөд тэд маань таны захиас хэчнээн сайн байлаа ч та түүнийхээ араас байнга, шаргуу хөөцөлдөж, эцсийн үр дүнг үзтэл явахгүй л бол түүнийгээ хүргэх боломж олдохгүй ч байж мэднэ гэдэг чухал үнэнийг харуулан гэрч болон зогсдог.

Тийм ч учраас өмнөх хоёр удаагийн Ерөнхий чуулган дээр хуваалцсан захиасаа эргэн харах хэрэгтэй гэсэн тодхон мэдрэмж өнөөдөр надад төрсөн байх.

Би 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр: “Учир нь эцсийн өдрүүдэд миний сүм ийн, бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээн нэрлэгдэх ёстой”1 гэсэн Их Эзэний үгсийг бид санаж явах ёстой хэмээн уриалан дуудсан билээ.

Их Эзэн энэ нэр нь зөвхөн албан ёсны нэр төдийгүй энэ нэрээр Түүний сүм нэрлэгдэх болно гэдгийг эдгээр үгээр тодотгож өгсөн юм. Түүний тунхаг тодорхой учраас бид сүмийг аливаа өөр нэрээр, жишээ нь “Мормоны сүм” эсвэл “Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм” хэмээн нэрлэх ёсгүй.

Moрмон гэдэг нэр томьёог мормон анхдагчид хэмээн сүмийн гишүүдийг нэрлэхэд эсвээс Мормон табернеклийн найрал дуу гэхчлэн байгууллагуудыг нэрлэхэд ашиглах нь тохиромжтой. Сүмийн гишүүдийг дэлхий даяар мормончууд хэмээн нэрлэдэг бөгөөд бид өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй харьцахдаа тэдэнд тохируулан өөрсдийгөө мормончууд гэж нэрлэж болох ч сүмийн бүрэн нэртэй хослуулан хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв гишүүд сүмийн зөв нэрийг Мормон гэдэг үгтэй холбож, зөв хэрэглэж сурах юм бол бид бол Христэд итгэгчид, Аврагчийн сүмийн гишүүд гэдгийг маань онцолж өгөх юм.

Ах, эгч нар аа, бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харьяалагддаг гэдгээ үргэлж санаж, үүнийг хэвшил болгоцгооё.

Би эргэн харах хэрэгтэй гэж мэдэрсэн хоёр дахь захиасаа ердөө өнгөрсөн Ерөнхий чуулган дээр хэлсэн бөгөөд Христийн мэндэлсний баяраас өмнө сэргээгдсэн сайн мэдээний тухай олж мэдэх урилгыг дор хаяж нэг хүнд өгөхийн төлөө залбирахад гишүүдийг уриалан дуудсан билээ. Сүмийн олон гишүүн номлогч байх боломжийг Их Эзэнээс гуйсны үр дүнд тохиолдсон онцгой туршлагуудынхаа талаар надтай хуваалцсан юм.

Жишээ нь, буцаж ирсэн нэгэн номлогч холбоо барьж болох хэн нэг “онцгой хүн” рүү удирдагдахын төлөө онцгойлон залбирсан байна. Тэгтэл их сургуульд нэг ангид хамт сурч байсан хүний нэр санаанд нь орж ирсэн аж. Тэр фэйсбүк ашиглан түүнтэй холбоо тогтоосноор тэр эмэгтэй амьдралынхаа зорилго, утга учрын талаар залбирч байсан болохыг мэджээ. Тэрээр уг эмэгтэйтэй үнэнийг эрэлхийлэн хайж байсан яг тэр үед нь холбоо тогтоож, эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явсан бөгөөд тэр эмэгтэй 12-р сард баптисм хүртсэн байна.

Хүмүүс үүнтэй төстэй олон урилгын талаар надад ярьсан ч зөвхөн хэдхэн хүн л энэ ахтай адил эцсийн үр дүнг үзэх хүртлээ хамт явсан болохыг би сонссон.

Би эцсийн үр дүнг үзэх хүртэл явах зарчимд бат итгэдэг хүн. Миний сайн мэдээг номло номлогчийн удирдамжинд “урилга өгөөд араас нь шалгаагүй бол аялалаа эхлээд дуусгаагүйтэй эсвэл концертын билет худалдаж аваад театрт очоогүйтэй адил юм. Үйлдэл дуусаагүй л бол амлалт нь хоосон юм”2 гэж бичсэн байдаг.

Миний сайн мэдээг номло удирдамж нь зөвхөн хэрхэн урихыг төдийгүй бас урилгынхаа араас хэрхэн эргэн шалгахыг хүн бүрд заадаг. Номлолын ажлын зорилгыг “Есүс Христ болон Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь бусдад туслах замаар тэднийг Христэд ирэхэд”3 урих явдал мөн хэмээн тодорхойлсон байдаг.

Урих нь яах аргагүй үйл явцын нэг хэсэг юм. Гэвч гишүүдийн номлолын ажилд номлогчдыг сонсох урилгыг хүмүүст зүгээр нэг өгөхөөс ч илүү чухал олон зүйл байдгийг анхаарна уу. Үүнд: номлогчидтой хамт тэдний итгэлийг болон наманчлах хүсэл эрмэлзлийг нь хөгжүүлж, гэрээнүүд хийхэд бэлтгэх, эцсээ хүртэл тэвчихэд нь туслах зэрэг орно.

Энэхүү эцсийн үр дүнг үзэх хүртэл явах зарчмыг Үйлс номонд:

“Петр, Иохан нар сүм рүү явж байв. …

Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ;

Петр, Иохан нарыг сүм рүү очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.

Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон, Нааш хар гэв.

Тэднийг ямар нэг юм өгөх нь хэмээн горьдон, мөнөөх хүн тэдэн уруу анхаарав.

Харин Петр түүнд надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд, Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун хэмээн хэлэв” гэж дүрсэлсэн байдаг.

Энэ бол Их Эзэний үйлчлэгчийн тун хүчирхэг урилга байгаа биз? Гэхдээ Петр зөвхөн уриад зогссонгүй. Судрын энэ хэсэгт “ тэр баруун гараас нь барьжөргөхөд мөн тэр даруй түүний хөл, шагайнд хүч орсон тухай цааш нь өгүүлжээ.

Тэр үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.”4

Өөрөөр хэлбэл, Петр санваарын хүчээ ашиглаж, тэр хүнийг босч, алхахад зөвхөн урьсангүй. Тэр бас түүнд туслан, баруун гараас нь барьж, өргөж босгоод түүнтэй хамт сүм рүү орсноор эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явсан юм.

Петрийн үлгэр жишээний дагуу бид бүгд айдсаа жинхэнэ итгэлээр орлуулан, хамгийн багадаа улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа нэг хүнийг номлогчдоор заалгахад урьснаар номлолын ажилд илүү тогтмол оролцож чадна гэдгийг хэлэх гэсэн юм. Бүрэн цагийн номлогчид Их Эзэний сүнслэг нөлөөгөөр чин сэтгэлийн гүнзгий мэдрэмжтэй заахад бэлтгэгдсэн байдаг. Бид бүгд хамтдаа эцсийн үр дүнг үзэх хүртлээ явж; бусдад хүрч, тэдний гараас барьж, өргөн босгож; тэднийг ариун сүм рүү хөтлөн, сүнслэг аянд хамт алхаж чадна.

Би та бүхний энэхүү үйл явцад туслахын тулд бүх гишүүнийг одоогийн дуудлагат ажлаа болон сүмд хэр зэрэг идэвхтэй байгаа гэдгээ харгалзалгүй Миний сайн мэдээг номло удирдамжийн нэг хувийг олж авахад урьж байна. Энэ ном манай хангамжийн төвүүдэд бэлэн байгаа бөгөөд онлайн хэлбэрээр үнэгүй авч болно. Уг онлайн хувилбарыг үнэгүй уншиж, татаж авч болно. Энэ нь номлолын ажлын удирдамж учраас энэ ном бол бид бүгдийн удирдамжийн ном гэсэн үг юм. Үүнийг унш, судал, тэгсний дараа урьж, эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явах замаар бодгалийг Христэд хэрхэн авчрахыг ойлгоход өөртөө туслахын тулд сурч мэдсэн зүйлээ ашиглаарай. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Энэ цаг үе бол гишүүд болон номлогчид гар, сэтгэл нийлж ажиллан, хүмүүсийг Их Эзэнд авчрахын төлөө Түүний усан үзмийн талбайд хөдөлмөрлөх цаг юм”5 хэмээн хэлсэн билээ.

Есүс Христ шавь нартаа:

“Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна;

Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа”6 гэж хэлжээ.

Их Эзэн өнөө үед дэлхийн түүхэн дэх хамгийн олон бүрэн цагийн номлогчийг илгээж, тэрхүү залбиралд хариулсан юм. Их Эзэн энэхүү итгэлтэй хөдөлмөрлөгчдийн шинэ давалгаагаар бодгалийн их хураалтад тусалж, Түүнд авчрахад нь тус болох бас нэгэн боломжийг бидэнд олгосон билээ.

Гишүүд бидэнд гайхамшигтай номлогчдодоо тусалж, дэмжлэг үзүүлэх олон бодит арга зам бий. Жишээ нь, та нар Миний сайн мэдээг номло удирдамжийг судалж байгаагаа номлогчдод хэлж, суралцах цагаараа юуг судалдгаа хэлэхийг тэднээс хүсч болно. Та нар ийнхүү бие биетэйгээ хуваалцсанаар

“Эрэгтэй [мөн эмэгтэй] хүн болгон Их Эзэн Бурханы бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм.”7

Мөн “Болгоогтун, хүмүүст гэрчлэх хийгээд сэрэмжлүүлэхээр би та нарыг илгээсэн билээ, мөн сэрэмжлүүлэгдсэн хүн бүр хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой”8 хэмээн Их Эзэн зарлигласан шиг гишүүдийн болон бүрэн цагийн номлогчдын хоорондох итгэл нэмэгдэж, улам баттай хөгжих болно.

Ах, эгч нар аа, хэрэв гэр бүл болон найз нөхөд нь бүрэн цагийн номлогчдодоо бичдэг захидал, э-мэйлүүддээ Миний сайн мэдээг номло удирдамжаас сурч мэдсэн зүйлээсээ хуваалцдаг байвал ямар үр дүн өгч болохыг та бүхэн төсөөлж байна уу? Охид, хөвгүүдийнхээ номлолдоо судалж, зааж байгаа зүйлсийг илүү сайн мэдэж, ойлгосноор гэр бүлүүдэд ирэх адислалуудыг та бүхэн төсөөлж байна уу? Үүнээс гадна бодгалийг Түүнд ирэхэд урьж, эцсийн үр дүнг үзэх хүртэл хамт явахад гэрчлэлээ хуваалцсан бүх хүнд мөн хувь хүн, гэр бүлүүдэд Аврагчийн амласны дагуу ирэх цагаатгагч ач ивээлийн гайхамшигтай адислалуудыг та нар төсөөлж чадах уу?

Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан “Адислагдсан болой та нар, учир нь та нарын гэрчилсэн гэрчлэл тэнгэр элчүүд харж байхын тулд тэнгэрт цэдэглэгддэг болой; мөн тэд та нарт баясдаг бөлгөө, мөн нүглүүд тань өршөөгдсөн болой та нарт.”9

“Учир нь та нар … өөрсөдтэйгөө холбогдсон тэдгээр зүйлүүдийг бүх дэлхийд гэрчлэхэд гуйвшгүй хэвээр үлдэхийн тулд энэхүү зарлигуудаар бибээр нүглүүдийг чинь та нарт өршөөх болно”10 хэмээн хэлсэн юм.

Хэрэв бид эцсийн үр дүнг үзэх хүртэл явах аваас Их Эзэн биднийг унахыг зөвшөөрөхгүй. Дэлхий даяарх сүмийн гишүүдийн гэрчлэлээр өдөөгдсөн урилгаас болон эцсийн үр дүнг үзэх хүртэл явах үйлдлээс ирдэг үгээр өгүүлшгүй их баяр баяслыг би харсан. Би саяхан Аргентинд байх үеэрээ энэ удаагийн Ерөнхий чуулганаас өмнө нэг хүнийг сүмд урихад гишүүдийг уриалсан юм. Жошуа гэдэг найман настай хөвгүүн уриалгыг сонсоод Буэнос Айрос дахь тойргийнхоо нээлттэй хаалганы үйл ажиллагаанд хамгийн сайн найзаа гэр бүлтэй нь хамт урьсан ажээ. Жошуагийн урилгын тухай мөн түүний хэрхэн итгэлтэйгээр эцсийн үр дүнг үзтэл хамт явсан тухай тайлбарласан, дөнгөж сая хүлээн авсан захидлаасаа би та нарт уншиж өгье:

“[Жошуа] тэднийг ирж байгаа эсэхийг харахаар хэдэн минут болоод л үүд рүү гүйн очиж байлаа. Тэдний ирнэ гэдгийг би мэдэж байна хэмээн тэр хэлж байв.

Цаг явсаар байсан ч Жошуагийн найз ирсэнгүй. Тэр хэдэн минут болоод л үүдний хаалга руу очиж шалгаж байлаа. Дэлгэн тавьсан юмсыг хураах гэж байтал Жошуа баярлан үсэрч, ‘Тэд ирлээ! Тэд хүрээд ирлээ!’ гэж хашгирав. Би дээшээ хартал нэг гэр бүлийнхэн бүгдээрээ сүм рүү ирж явахыг харлаа. Жошуа тэдэнтэй мэндлэхээр гарч гүйн, найзыгаа тэврэн авлаа. Тэд бүгдээрээ орж ирсэн бөгөөд нээлттэй хаалганы үйл ажиллагаа тэдэнд ихэд таалагдсан мэт байв. Тэд хэд хэдэн товхимол авч, шинэ танилцсан найз нартайгаа нэлээд хугацааг хамт өнгөрүүлэв. Миний хувьд тэр бяцхан хөвгүүний итгэлийг харж бас Хүүхдийн хэсгийн хүүхдүүд ч гэсэн номлогчид байж чадахыг олж мэдсэн маань тун сайхан зүйл боллоо.”11

Бид хамтдаа ажиллаж, сайн мэдээг хуваалцах хүмүүсийг эрж олон, эцсийн үр дүнг үзэх хүртлээ итгэлтэй явах юм бол Их Эзэн бидний дээр инээмсэглэх бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд Бурханы хэдэн зуун мянган хүүхэд зорилго болон амар амгаланг олох болно гэдгийг би гэрчилж байна. Их Эзэний ажлыг яаравчлуулах бид бүгдийн хүчин чармайлтыг Тэрээр адислах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр даруухан залбирч байна, aмен.