2010–2019
Харин та мэргэн ухаанаар дутвал
Дөрөвдүгээр сар 2014


Харин та мэргэн ухаанаар дутвал

Бурхан судар дээр зааварчилсны дагуу хайх тэдэнд үнэнийг үзүүлдэг.

Нэг ѳдѳр 10 настай хүү маань интернэтээс хүний тархины талаар судалж байлаа. Тэрээр мэс засалч болохыг хүсдэг бөгөөд надаас хавьгүй илүү ухаантай гэдэг нь илт анзаарагддаг юм.

Бид интернэтэд дуртай. Гэртээ байхдаа бид гэр бүл болон найзуудтайгаа э-мэйл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг олон арга замаар холбогддог. Хүүхдүүд маань ихэнх гэрийн даалгавраа интернэт ашиглан хийдэг.

Бид ямар ч асуулт байсан мэдээлэл олохын тулд интернэтээс хайдаг. Хэдхэн секундын дотор маш их мэдээлэлтэй болдог нь үнэхээр гайхалтай зүйл юм.

Интернэт маш олон сурах боломжийг өгдөг ч Сатан биднийг зовлон гунигтай байлгахыг хүсдэг бѳгѳѳд бүх зүйлийн жинхэнэ зорилгыг алдагдуулдаг. Тэрээр энэ агуу хэрэгслийг ашиглан эргэлзээ ба айдсыг тѳрүүлж, итгэл болон найдварыг устгадаг.

Интернэтэд маш их зүйл байдаг учраас хүн ѳѳрийн хичээл зүтгэлээ хаашаа хандуулахаа сайн бодох хэрэгтэй. Сатан биднийг завгүй, замаа алдсан, маш их хэрэггүй мэдээллийг цуглуулахад хүргэснээр цэвэр бус байлгаж чадна.

Хэн ч хог новш болох хэрэггүй мэдээлэл дундуур сэлгүүцэх ёсгүй.

Судар дээр ѳгѳгдсѳн зѳвлѳмжийг сонсогтун: “Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг … мэдэж болно.”1

Үнэн хэрэгтээ, бидэнд Иосеф Смитийн өсвөр насанд нь тохиолдож байсан тѳвѳгтэй асуудалтай адилхан асуудал тулгардаг. Бид ч гэсэн олон удаа мэргэн ухаанаар дутдаг.

Бурханы хаант улсад үнэнийг эрэлхийлэхийг сайшааж, дэмждэг бѳгѳѳд хэзээ ч хориглож, хязгаарладаггүй. Их Эзэн сүмийн гишүүдэд мэдлэгийг эрэлхийлэхийг зѳвлѳдѳг.2 Тэрээр хэлэхдээ “та нар хичээнгүйлэн эрэлхийлж …; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн”3 гэсэн юм. Гэсэн хэдий ч бид Бурханы зүйлсийн эсрэг шууд дайран довтлох нь ихэсч буй энэ дэлхийд үнэнийг хэрхэн таньж чадах билээ?

Судрууд бидэнд хэрхэн гэдгийг заадаг:

Нэгдүгээрт, бид үнэнийг үр жимснээс нь мэдэж болно.

Их эзэн уулан дээрх номлолынхоо үеэр ийн хэлжээ:

“Үүнчлэн сайн мод бүрээс сайн үр жимс ургадаг. Харин муу модноос муу үр жимс ургадаг. …

Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина.”4

Бошиглогч Мормон мөн адил зарчмыг “Учир нь тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно; учир нь хэрэв тэдний үйлс сайн байх аваас, тэгвэл тэд ч түүнчлэн сайн бѳлгѳѳ”5 хэмээн заасан байдаг.

Бид хүн бүрийг энэ сүмийн үр жимс болоод үйлсийг судлахад уриалж байна.

Үнэнийг мэдэх хүсэлтэй байгаа хүмүүс сүм болон сүмийн гишүүдийг нийгэмдээ ѳѳрчлѳлт гаргаж байгааг таньж мэдэх болно. Тэд мѳн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн сургаалын дагуу амьдарч буй хүмүүсийн аж амьдрал сайжирч байгааг анзаарах болно. Энэ үр жимсийг нарийвчлан судалсан хүмүүс сүмийн үр жимс нь амтат бас хүсэл татам болохыг мэдэж авна.

Хоёрдугаарт, бид үнэнийг Бурханы үгэн дээр туршиж үзсэнээр олж чадах юм.

Бошиглогч Алма ийн заажээ:

“Бид үгийг үртэй зүйрлэх болно. … хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж ѳгвѳѳс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, [мѳн] … хэрэв та итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, болгоогтун, энэ нь та нарын цээжинд ѳсѳж эхлэх болно; … та нар ѳѳрсѳддѳѳ—Энэ нь сайн үр, … учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно. …

Мѳн эдүгээ, … энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэхгүй гэж үү? Тийм ээ, энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэх болно. …

Учир нь үр болгон ѳѳрийнхѳѳ нэгэн адил үрийг авчирдаг билээ.”6

Их Эзэний бошиглогчоос ѳгсѳн ямар агуу урилга вэ! Энэ нь шинжлэх ухааны туршилттай адилхан байж болох юм. Биднийг үгийг туршиж үзэхэд урьсан, бидэнд үзүүлэлтийг ѳгсѳн мѳн зааврыг нь дагах юм бол үр дүн нь ямар байхыг хэлсэн.

Тиймээс судрууд бидэнд үнэнийг үр жимсээр нь эсвэл туршиж үзсэнээр, зүрх сэтгэлдээ үг оруулах зай тавьж өгснөөр, үр шиг арчилж тордсоноор үнэнийг мэдэж болно гэж заадаг.

Гэвч үнэнийг мэдэх гурав дахь арга зам бол хувийн илчлэлт юм.

Сургаал ба Гэрээний 8 дугаар хэсэг бидэнд илчлэлт бол мэдлэг гэдгийг “хүлээн авна гэдэгт итгэн, үнэнч зүрх сэтгэлээр итгэн асуух ямар ч зүйлүүдийн тухай мэдлэгийг чи бүр лавтайяа хүлээн авах болно”7 хэмээн заадаг.

Тэгээд Их эзэн бидэнд илчлэлтийг хэрхэн хүлээж авахыг хэлдэг. Тэрээр хэлэхдээ “чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно”8 гэжээ.

Ийн бид хүлээн авна гэдэгт итгэн үнэнч зүрх сэтгэлээр асууснаар илчлэлтийг хүлээж авдаг гэж сурсан.

Их Эзэн “Итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй гэдгийг санагтун; тиймийн тул итгэлд асуу”9 хэмээн сануулахдаа маш ойлгомжтой тайлбарласан гэдгийг анхаар. Итгэл оюундаа тунгаан бодож, Их Эзэнээс зѳв эсэхийг залбирч асуух зэрэг үйлсийг шаарддаг.

Их Эзэн ийн хэлсэн билээ:

“Mөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.

Гэвч энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин буруу зүйлийг мартахад чамайг хүргэх дүйнгэ бодол санаа чамд байх болно.”10

Иймээс итгэл нь хэрэв үйлсгүй бол ѳѳрѳѳ үхмэл юм.11 Тиймээс, “ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг.”12

Манай шашны бус нэг найз маань өөрийгөө сүнслэг биш гэж тодорхойлдог юм. Тэр Бурханы үгсийг ойлгодоггүй эсвэл Бурхан оршдог гэдэгт итгэдэггүй болохоороо судруудыг уншиж, залбирахгүй гэдэг. Энэ хандлага нь түүний сүнслэг байдлаар дутагддагийг харуулдаг бѳгѳѳд Алмагийн “Мөн тиймийн тул, зүрх сэтгэлээ хатууруулах тэр нь, мөнхүү тэр нь үгийн багахан хувийг хүлээж авдаг” хэмээн тайлбарласан илчлэлтийн эсрэг хѳтөлдѳг юм.

Мөн Алма “зүрх сэтгэлээ хатууруулахгүй түүнд тэдгээрийг бүрэн дүүрэн мэдэх хүртэл нь Бурханы нууцуудыг түүнд мэдүүлэх хүртэл үгийн илүү их хэсэг өгөгддөг болой”13 хэмээн нэмж хэлсэн билээ.

Алма болон Мозаяагийн хѳвгүүд итгэл үйлсийг шаарддаг гэсэн зарчмын үлгэр жишээ болдог. Мормоны номоос бид

“Tэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв; тиймийн тул тэдэнд бошиглолын суу билэг, мөн илчлэлтийн суу билэг байлаa”14 хэмээн уншдаг.

Үнэн зүрх сэтгэлээсээ асуух нь энэ үйл явцад мөн адил чухал юм. Хэрвээ бид чин сэтгэлээсээ үнэнийг хайж байгаа бол үүнийг олохын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэдгээр нь судруудаа уншин, сүмдээ явж, Бурханы тушаалуудыг биелүүлэхийн тулд бүх хүчээрээ хичээх явдал юм. Энэ нь мөн үнэнийг олсноороо бид Бурханы хүсэлтийг биелүүлнэ гэсэн үг юм.

Иосеф Смитын мэргэн ухааныг хайж байх үеийн үйлдлүүд нь үнэн зүрх сэтгэлтэй байхын тѳгс жишээ билээ. Тэр аль урсгал үнэн болохыг “мөн алинд нь нэгдэх ёстойг”15 мэдэхийг хүсэж байсан гэж хэлсэн бөгөөд залбирахынхаа ѳмнѳ ч гэсэн тэрбээр хүлээж авах хариултдаа үйлдэл хийхэд бэлэн байсан юм.

Бид итгэлтэйгээр мѳн чин зүрх сэтгэлээр асуух ёстой. Гэхдээ энэ нь бүх зүйл биш юм. Бид илчлэлт хүлээн авна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Бид Их Эзэнд итгэн, Түүний амлалтуудад найдвар тавих хэрэгтэй. “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд ѳгѳѳмрѳѳр, буруушаалгүй ѳгѳгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд ѳгѳгдѳх болно.”16 Ямар гайхамшигтай амлалт вэ!

Би хүн бүрийг энэ арга барилуудын аль нэгнээр ялангуяа Бурханаас хүлээн авах хувийн илчлэлтээр үнэнийг хайхад уриалж байна. Судар дээр зааварчилсны дагуу хайх тэдэнд Бурхан үнэнийг үзүүлдэг. Энэ нь зүгээр интернэтээс хайхаас илүү их хүч чармайлт шаардах боловч тэр нь үнэ цэнэтэй байх болно.

Би энэ бол Есүс Христийн үнэн сүм гэдгийг гэрчилж байна. Би үүний үр жимсийг нийгэм болон олон мянган хүний амьдралд мѳн гэр бүлийн гишүүдийнхээ амьдралд харсан учраас энэ нь үнэн гэдгийг мэднэ. Би бас үгийг ѳѳрийн амьдралд олон жилийн турш туршиж үзсэн бѳгѳѳд үр нѳлѳѳг нь ѳѳрийн сүнсэнд мэдэрсэн учраас энэ нь үнэн гэдгийг мэднэ. Гэхдээ хамгийн чухал нь, би ѳѳрѳѳ Ариун Сүнсний хүчээр ирсэн хувийн илчлэлтээр энэ нь үнэн болохыг сурсан учраас энэ нь үнэн гэдгийг мэднэ. Би та бүгдийг үүнтэй адил зүйлсийг хийж үзээрэй гэж уриалж байна. Есүс Христийн нэрээр, амен.