2010–2019
Гэрээгээ сахих нь биднийг хамгаалж, бэлтгэж, хүчирхэгжүүлдэг билээ
Дөрөвдүгээр сар 2014


Гэрээгээ сахих нь биднийг хамгаалж, бэлтгэж, хүчирхэгжүүлдэг билээ

Бид насны хувьд ялгаатай ч Түүний оршихуй руу буцахаар мөнх бус амьдралын замаар явж буй гэрээ хийсэн эмэгтэйчүүд билээ.

Эгч нар аа, бид та нарт хайртай. Саяхан би Мексикт очихдоо яг одоо бидний мэдэрч буй эгч дүүгийн хайрыг мэдэрсэн юм. Энэхүү үйл явдлыг төсөөлөн бодогтун. Би ням гаргийн өглөө Хүүхдийн хэсэгт зочлохдоо хүүхэд, багш нарын бужигнасан хөл хөдөлгөөнтэй үүдний өрөөгөөр явлаа. Тэр үед би залуу эмэгтэйчүүдийн ангийн хаалга нээгдэж, залуу эмэгтэйчүүд болон тэдний удирдагчид гарч ирэхийг харсан юм. Бид бүгд бие биеэ тэврэн угтлаа. Миний хормойноос зуурсан хүүхдүүд болон намайг хүрээлэн зогсох эгч нарыг хараад би тэр мөчид мэдэрсэн зүйлээ тэдэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Би испани хэлээр ярьж чадахгүй учраас хэдэн англи үг л миний толгойд орж ирлээ. Намайг тэдэн рүү хараад “Бид Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид бөгөөд Тэр бидэнд хайртай, бид ч бас Түүнд хайртай” гэж хэлэхэд тэд тэр даруй испаниар давтан хэллээ. Бид тэр хөл хөдөлгөөнтэй үүдний өрөөнд залуу эмэгтэйчүүдийн “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох болно” хэмээх амлалтыг хэлсэн билээ.

Энэ орой бид бүгд Түүний шавь нарын хувьд Бурханы хаант улсыг хамгаалж, дэмжих хүслээр дэлхий даяар нэгдэн цуглараад байна. Бид Тэнгэрлэг Эцэгийн охид. Бид насны хувьд ялгаатай ч Түүний оршихуй руу буцахаар мөнх бус амьдралын замаар явж буй гэрээ хийсэн эмэгтэйчүүд билээ. Гэрээгээ сахих нь биднийг хамгаалж, бэлтгэж, хүчирхэгжүүлдэг юм.

Өнөөдөр бидний дунд Хүүхдийн хэсгийн охид байгаа. Охид оо, та нарын зарим нь саяхан хийсэн баптисмын ёслолоороо дамжуулан мөнх амьдралд хүргэх зам руу эхний алхмаа хийсэн.

Эргэн тойрноо хар даа. Та нартай адил гэрээ хийсэн, өмнөх замыг тань та нарт харуулахад бэлэн байгаа эгч нарыгаа хар. Та нарын ирээдүй итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байна.

Та нар 8, 9, 10, 11 настай бол Чуулганы төвд, гэртээ эсвэл цуглааны байранд хаана ч байсан хамаагүй, босч зогсоно уу? Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаанд тавтай морилцгооно уу. Зогсож байгаарай. Учир нь бид та нараас нэг тусламж хүсэх гэсэн юм. Та нар намайг Хүүхдийн хэсгийн нэг дууг аялж эхлэх үед ямар дууг нь мэдсэн даруйдаа надтай хамт дуулаарай. Та нар бусдад сонсогдохоор чанга дуулаарай.

Гэрэлд нь алхахыг надад заагаач

Эцэгтээ залбирахыг надад заагаач;

Зөв зүйлийг мэдэхийг надад заагаач;

Гэрэлд алхахыг надад заагаач.

Зогсож байгаарай охид оо, одоо 12 болон 12-оос дээш насныхан хоёрдугаар бадгийг дуулах болно.

Бяцхан үр минь бүгдээрээ цуг хамтдаа

Түүний гэрт ахин хамт амьдрахаар бид

Буцахын тулд тушаалуудыг суръя—

Үргэлж гэрэлд нь алхаарай чи.1

Үнэхээр гайхалтай байлаа. Та нар одоо сууж болно. Баярлалаа.

Бүх насны эмэгтэйчүүд бид Түүний гэрэлд алхдаг. Уг зам дээрх бидний аялал нь хувийн зүйл бөгөөд Аврагчийн хайр уг замыг гэрэлтүүлдэг юм.

Бид мөнх амьдралд хүргэх замын хаалгаар баптисмын ёслол болон гэрээгээр дамжуулан ордог. Дараа нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Ахлагч Робэрт Д.Хэйлс биднээс “[Бид] болон [бидний] хүүхдүүд [бид] баптисм хүртэхдээ үүрд мөнхөд өөрчлөгддөг гэдгийг ойлгодог болов уу?” хэмээн асуусан байдаг.

Тэрээр мөн “бид баптисмын гэрээгээ болон Ариун Сүнсний бэлгийг ойлгосноор амьдрал маань өөрчлөгдөж, Бурханы хаанчлалд бүрэн итгэлтэй, үнэнч болох суурийг тавьдаг. Уруу таталтууд бидэнд ирэх үед хэрэв бид сонсох юм бол Аврагчийг санаж, Бурханы зарлигуудыг дагана хэмээх бидний амлалтыг Ариун Сүнс бидэнд сануулах болно”2 гэж хэлсэн юм.

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр баптисмын гэрээгээ шинэчилдэг. Ахлагч Дэвид А.Бэднар “Бид баптисмын усанд зогсож байхдаа ариун сүмийн тухай боддог. Бид ариун ёслолоос хүртэж байхдаа ариун сүмийн тухай боддог. Бид ариун сүмийн ариун нандин ёслолуудыг хүлээн авахад бэлтгэхийн тулд Аврагчийг үргэлж санаж, Түүний зарлигуудыг сахихаа амладаг”3 гэжээ.

Ариун сүмийн ёслолууд нь Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх хамгийн агуу адислалууд руу хөтөлдөг. Эдгээр ёслол нь селестиел хаант улс дахь бидний өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай байдаг. Бид гэрээнүүдээ сахихыг хичээснээр бидний сул дорой, төгс бус байдлын мэдрэмж замхран алга болж, ариун сүмийн ёслолууд хийгээд гэрээнүүд улам утга учиртай болдог. Бүх хүн мөнх амьдралын энэ замаар алхахад уригдсан билээ.

Би хийсэн гэрээнийхээ дагуу амьдардаг дэлхий даяарх охид, залуу эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдээр бахархдаг. Би өөрийнхөө уулзсан, гэрээ хийсэн охид, эмэгтэйчүүдийн зарим жишээг хуваалцъя.

Намайг Аргентиний Буэнос-Айрес дахь гэрт нь зочлоход Луана 11 настай байсан юм. Хүүхэд насанд нь тохиолдсон эмгэнэлт явдал түүнийг ярих чадваргүй болгожээ. Тэр ярьж чадахаа болиод олон жил болж байгаа юм. Биднийг ярилцаж байхад тэр чимээгүй суусаар л байв. Би түүнээс ядаж нэг авиа гарах болов уу гэж найдаж суулаа. Түүний зүрх сэтгэлийг мэдрэхийн тулд үг яриа шаардлагагүй гэсэн мэт тэрээр над руу ширтэж байв. Залбирлын дараа биднийг явах гэтэл Луана надад зурсан зургаа өгөхөд тэр нь Гетсеманий цэцэрлэгт буй Есүс Христийн тухай зураг байлаа. Би түүний гэрчлэлийг маш сайн ойлгосон юм. Луана баптисм хүртэхдээ “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсоно”4 хэмээх гэрээг хийжээ. Тэр Есүс Христийн Цагаатгалыг ойлгодог нь зурсан зурагнаас нь илт байлаа. Тэр Цагаатгалын эдгээх хүчээр дамжуулан эдгэрч, дахин ярьж чаддаг болно гэдгээ мэдэж байсан болов уу? Гурван жилийн өмнөх тэр өдрөөс хойш Луанагийн ярих чадвар нэмэгдсэн бөгөөд одоо найз нартайгаа хамт Залуу эмэгтэйчүүдийн ангидаа явж байна. Тэрээр баптисмын үеэр хийсэн гэрээндээ үнэнч байснаар Аврагчийн гэрч байх үүргээ үргэлжлүүлэн биелүүлсээр байна.

Дэлхий даяарх өсвөр үеийнхэн бүгд ариун сүм явах эрмүүн их хүсэлтэй байдаг. Би Перугийн Лимад ариун сүмийн гадна аавтайгаа хамт зогсож байсан гурван охинтой уулзсан юм. Тэдний царай гэрэлтэж байгааг би харж билээ. Хоёр охин нь хөгжлийн бэрхшээлтэйгээсээ тэргэнцэр дээр суудаг байв. Гуравдахь охин нь нөгөө хоёртоо туслангаа гэрт нь бас хоёр охин дүү хүлээж байгааг хэлсэн юм. Тэр хоёр нь ч мөн адил тэргэнцэртэй явдаг учраас ариун сүм рүү 14 цаг аялах боломжгүй байсан гэнэ. Ариун сүм аавд нь болон тэдэнд үнэхээр үнэ цэнэтэй байсан учраас тэд ариун сүмд ирсэн байлаа. Тэр хоёр, эгчийгээ нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, ариун нандин ёслолуудыг гүйцэтгэж байгааг харахаар л ирсэн байна. Нифайн адил “Их Эзэний гэрээнд тэдний бодгаль [баяснам].”5

Би долоо хоног бүрийн ариун ёслолын ёслолууд хийгээд энэхүү ёслолын “түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлгах”6 ариун нандин амлалтыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэйг мэднэ. Ариун Сүнсний байнгын нөхөрлөл нь түүний ганцаардлыг эдгээх амлалт болдог байлаа. Энэ нь авьяас чадвараа хөгжүүлж, Их Эзэнд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах хүчийг түүнд өгдөг юм. Тэрээр амьдралдаа учирсан хүүхдүүдийг асарч, хайрласнаар агуу баяр баяслыг олж, тайтгарал хэрэгтэй үедээ ариун сүмд л очдог юм.

Эцэст нь, 90 гаруй наслахдаа үр хүүхэд, ач зээ нараа өсч том болохыг харан, ачинцар зээнцрээ хүртэл энэ дэлхийд төрөхийг нь үзсэн эгчийн тухай яръя. Бидний л адил тэрээр уйтгар гуниг, зовлон бэрхшээл болон үгээр илэрхийлшгүй баяр баясгалангаар дүүрэн амьдралыг туулжээ. Хэрэв тэр өнгөрсөн амьдралаасаа зарим зүйлийг авч хаях боломж байсан бол тэгэх байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, “Би дахиад хэдэн жил амьдарч, энэ бүхэн яаж төгсөхийг харах ёстой” гэж инээмсэглэн хэлж билээ. Тэрээр хийсэн гэрээнийхээ дагуу амьдарсаар байгаа юм.

Нифай тийнхүү заажээ:

“Та нарыг энэ давчуу бөгөөд нарийн замд орсны дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй. …

Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.”7

Бид бүгд энэ зам дээр байгаа. Өнөө орой бид гэрэлд алхах тухай дуулсан. Хувь хүний хувьд бид хүчирхэг бөгөөд Бурхантай хамт байгаа цагт хэзээ ч зогсошгүй болдог билээ.

Их Эзэн Эмма Смитэд “Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун”8хэмээн хэлжээ.

Бид гэрээнүүдээ сахиснаар Тэнгэрлэг Эцэг болон бидний Аврагч Есүс Христийн хайрыг мэдрэх болно хэмээн баясдаг юм. Тэд амьд гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.