2010–2019
Итгэлээ харуул
Дөрөвдүгээр сар 2014


Итгэлээ харуул

Би та нараас мөнхийн хувь тавиланд хүргэх зам дээрээ итгэлээ өдөр бүр хөгжүүлээсэй хэмээн хичээнгүйлэн гуйж байна. Итгэлээ тунхагла. Итгэлээ харуул!

Хүндэт ах, эгч нар аа, бид та бүхэнд чин сэтгэлийн хайр, талархлаа илэрхийлж байна. Бид та бүхний дунд үйлчлэх боломжтой байдагтаа талархдаг.

Саяхан нэгэн нислэгийн үеэр онгоцны нисгэгч: онгоц доошлох үед агаарын хуй салхитай мөргөлдөх учраас бүх зорчигч суудлын бүсээ бүсэлнэ үү гэж бидэнд анхааруулж билээ. Мэдээж, агаарын хуй салхи болсон. Энэ нь үнэхээр аюултай байв. Хажуу эгнээнд надаас хоёр эгнээний ард сууж байсан нэгэн эмэгтэй айж балмагдсан байлаа. Онгоц айдас хүрэм доошилж, доргин донслох бүрд нөгөөх эмэгтэй маш чанга хашгирч байв. Нөхөр нь түүнийг тайвшруулахыг хичээсэн ч нэмэр болсонгүй. Бид хуй салхины бүсийг дайрч өнгөрөөд аюулгүй газардах хүртэл тэр эмэгтэй хашгирсаар л байв. Түүнийг айж сандрахад би түүний төлөө санаа зовж байлаа. Итгэл айдсаас хамгаалдаг учраас би тэр эмэгтэйн итгэлийг хүчирхэгжүүлж чаддаг ч болоосой гэж дотроо бодож байсан билээ.

Дараа нь зорчигчдыг онгоцноос буух үеэр нөгөөх эмэгтэйн нөхөр надтай хэдэн үг сольж, “Эхнэр маань их айж сандарсанд би харамсаж байна. ‘Ахлагч Нэлсон энэ онгоцонд байгаа болохоор санаа зовох хэрэггүй’ гэж хэлэх нь л эхнэрээ тайвшруулж чадах цорын ганц арга байлаа” гэсэн юм.

Онгоцонд хамт байсан минь тэр эмэгтэйд ямар нэгэн тайтгарал өгсөн байх гэж би бодохгүй байна. Гэхдээ бидний итгэл соригдох нь мөнх бус амьдралд тохиолдох зүйлсийн л нэг гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Заримдаа эдгээр сорилт нь үхэл, амьдралын зааг дээр бидэнд ирдэг. Айж сандарсан энэ эмэгтэйн хувьд хүчтэй доргин донсолсон онгоц нь итгэл соригдох үед итгэл нь хэр зэрэг хүчтэй байдгийг харуулсан юм.

Бид уулыг нүүлгэх хүчтэй итгэлийн талаар ярихдаа итгэлийн тухай ерөнхийд нь биш харин Есүс Христэд итгэх итгэлийг онцлон ярьдаг билээ. Бид Есүс Христийн талаар суралцаж, шашныхаа дагуу амьдарсан үед Түүнд итгэх бидний итгэл хүчирхэгждэг. Их Эзэн итгэлээ хөгжүүлэхэд маань бидэнд туслахын тулд Есүс Христийн сургаалыг бий болгосон юм. Гэсэн хэдий ч, өнөөгийн хэлэнд шашин гэдэг үг хүмүүст өөр өөр утгатай ойлгогддог байж болно.

Шашин гэдэг үг нь ямар нэг зүйлд “бөх уягдах” буюу Бурханд “буцааж уягдах”1 гэсэн утгатай. Бид итгэлээ харуулахын тулд өөрийгөө Бурханд буцааж бөх уясан уу? гэж өөрөөсөө асууж болох юм. Эсвэл үнэн хэрэгтээ бид өөр ямар нэгэн зүйлд уягдсан уу? Жишээ нь: Би даваа гаргийн өглөө өмнөх ням гарагт байр эзэлсэн мэргэжлийн тамирчдын тоглолтын талаар хоорондоо ярилцаж байхыг олонтоо сонсож байсан. Зарим үнэнч хөгжөөн дэмжигчдийн хувьд “шашин” нь тэднийг зөвхөн зарим төрлийн спортод л уядаг болов уу гэж би боддог.

Бидний итгэл хаана уягдсаныг бид бүгд өөрсдөөсөө асууж болно. Энэ нь аль нэг багт уягдсан байна уу? Эсвэл аль нэг брэндэд үү? Аль эсвэл бидний итгэл алдар нэрэнд уягдсан байна уу? Бүр хамгийн шилдэг баг ч ялагдаж болно. Мөн алдар нэр замхрах лугаа адил алга болж ч мэднэ. Түүнд итгэснээр итгэл тань үргэлж аюулгүй, найдвартай байж болох цорын ганц Хүн байдаг. Тэр бол Их Эзэн Есүс Христ юм. Иймээс та нар итгэлээ харуулах хэрэгтэй!

Бурхан арван зарлигийнхаа эхэнд “Чи надаас өөр Бурхадтай байж болохгүй”2 хэмээн тунхагласан юм. Мөн Тэрээр “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай”3 гэж хэлсэн билээ. Гэхдээ маш олон хүн амар амгалан амьдралыг эсвээс өөрийнхөө даган дуурайх үлгэр жишээ болох хэн нэгнийг зөвхөн мөнгөний хэмжүүрээр хардаг.

Анагаах ухааны профессорууд болон боловсролын байгууллагын ажилтан, улс төрийн зүтгэлтнүүд ихэнхдээ итгэлээрээ соригддог. Тэд зорилгодоо хүрэхийн тулд ямар шашин шүтдэгээ илчлэх хэрэгтэй юү эсвэл нуух хэрэгтэй юү? Тэд Бурханд буцаж уягддаг уу эсвэл хүнд уягддаг уу?

Нэлээд олон жилийн өмнө анагаахын факультетад хамт ажиллаж байсан ажилтнуудын нэг маань намайг мэргэжлийн мэдлэгээ шашны итгэл үнэмшлээсээ ялган салгаж чаддаггүй хэмээн зэмлэх үед надад ийм сорилт тулгарсан юм. Тэр мэргэжлийн мэдлэгээ шашны итгэл үнэмшилтэй хольж хутгахгүй байхыг надаас хүссэн. Би хэрхэн ингэж чадах билээ дээ? Үнэн бол үнэн! Үнэнийг хувааж болохгүй бөгөөд үүний аль нэг хэсгийг үл тоомсорлох боломжгүй юм.

Үнэн нь шинжлэх ухааны лабораториос гаргаж авсан уу эсвэл илчлэлтээр дамжуулан Бурханаас хүлээн авсан уу гэдгээс үл хамааран Бурханаас ирдэг. Бүх үнэн бол Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг юм.4 Хамт ажилладаг хүн маань итгэлээ нуухыг надаас хүссэн ч би түүний хүсэлтийг дагаагүй. Харин би итгэлээ харуулсан юм.

Бүх мэргэжил үнэний чанд стандартуудыг шаарддаг. Эрдэмтэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эрхэмлэдэг. Гэвч хэн нэгний мэдлэгийн нэг хэсгийг хүмүүний хууль, дүрмүүдээр “хүлээн зөвшөөрч болшгүй” хэмээн үзсэн үед бүрэн эрх чөлөө байх боломжгүй юм.

Сүнслэг үнэнийг ялангуяа бурханлаг зарлигуудыг үл тоомсорлож болохгүй. Бурханлаг зарлигуудыг сахих нь адислалуудыг үргэлж авчирдаг бол бурханлаг зарлигуудыг зөрчих нь адислалуудыг үргэлж алдаж байдаг!5

Энэ дэлхий төгс биш хүмүүсээр дүүрэн учраас олон сорилт, бэрхшээл тохиолдож байна. Итгэлтэй, итгэлгүй байдал нь тэдний зорилго, хүсэл эрмэлзэлд маш их нөлөөлдөг. Олон хүн өөр зүйлсийг Бурханаас дээгүүрт тавьдаг. Зарим нь орчин үеийн амьдралд шашнаас хамааралтай байхад уриалж байна. Дэлхийн бүхий л үед байсны нэгэн адил шашны эрх чөлөөг шоолдог эсвэл зэмлэн буруутгадаг хүмүүс өнөөдөр ч байсаар байна. Зарим хүн дэлхий дээрх өвчин зовлонд шашныг буруутгах нь ч бий. Үнэндээ харгис хэрцгий зан үйлүүдийг шашны нэрээр үйлдэж байсан цаг үе байдаг. Гэвч Есүс Христийн жинхэнэ дагалдагч болохоор хичээж, Их Эзэний ариун шашны дагуу амьдрах нь амьдралын нэгэн арга зам бөгөөд тэнгэрлэг удирдамж авах өдөр тутмын үйлдэл юм. Та нар шашныхаа дагуу амьдарснаар итгэлээ хөгжүүлдэг. Ингэснээр та бүхэн итгэлээ харуулж байгаа нь тэр билээ.

Их Эзэнийг хэрхэн олохоо хүүхдүүд нь сурах хэрэгтэй гэдгийг Тэрээр мэдэж байв. “Учир нь хаалга шулуун, мөн өргөмжлөл уруу хөтөлдөг зам нарийхан бөгөөд үүнийг олдог нь цөөхөн болой.”6

Судрууд биднийг замаа олж, үүн дээр үлдэх хамгийн сайн арга замаар хангадаг. Мөн судрын мэдлэг нь үнэ цэнэтэй хамгаалалтаар хангадаг. Жишээ нь: Түүхийн туршид “төрөхийн халуун” мэтийн халдварууд олон гэм зэмгүй эх, үрсийн эндэх шалтгаан болсоор ирсэн билээ. 3000 гаруй жилийн өмнө бичигдсэн Хуучин Гэрээнд халдварт өвчтөнүүдтэй ажилладаг байсан тухай гардаг нь зөв зарчим байв!7 Хүмүүн нь мэдлэгийн төлөө эрэл хайгуул хийхдээ Их Эзэний үгэнд анхаарлаа хандуулаагүйн улмаас олон хүн амиа алдсан билээ!

Хүндэт ах, эгч нар аа, “хэрэв бид үргэлж суралцсаар байгаа [атлаа] үнэний мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй бол бид амьдралдаа юуг алдаж байгаа хэрэг вэ? ?8 Бид судруудаас агуу мэдлэгийг олж, итгэлийн залбирлаараа сүнслэг удирдамж хүлээн авч чадна.

Ингэснээр энэ нь бидэнд өдөр тутам шийдвэрүүд гаргахад тусална. Ялангуяа хүмүүний зохиосон хууль дүрмүүдийг мөрдөх үед ч гэсэн Бурханы хуулиуд үргэлж бидний жишиг байх ёстой. Бид маргаантай асуудлуудыг шийдвэрлэхдээ юуны түрүүнд Бурханы удирдамжийг эрэлхийлэх хэрэгтэй.

“Бидэнд эрдэм болон тус байж болохын тулд … бид бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгах”9 хэрэгтэй. Бид “энэ бол миний хувийн амьдрал” эсвэл бүр “би хамгийн сайнаараа байгаа нь л энэ” гэх мэтээр өөрсдийгөө зөвтгөхийг хичээснээр аюул ойртон ирдэг. Хэрэв хэн нэг нь өөрийнхөө амьдралыг ийм салангид зүйлүүдэд хуваахаар хичээх юм бол тэр өөрийнхөө хүрч чадах жинхэнэ шударга зарчимч байдалд хэзээ ч хүрч чадахгүй.

Олны танил байх уруу таталт нь олон нийтийн санаа бодлыг Бурханы үгээс дээгүүр тавих явдлыг чухалчилж мэднэ. Улс төрийн компанит ажил болон зах зээлийн стратеги нь төлөвлөгөө боловсруулахын тулд олон нийтийн санал асуулгыг өргөн ашигладаг. Эдгээр санал асуулгын дүн нь мэдээллийн чанартай байдаг. Гэвч хүмүүс санал асуулгыг Бурханы зарлигуудад дуулгаваргүй байдгаа зөвтгөх шалтгаан болгон ашигладаг. Хэдийгээр “хүн бүр үүнийг хийж байгаа ч гэсэн” буруу зүйл хэзээ ч зөв болдоггүй. Муу үйл, алдаа дутагдал болон харанхуй нь олон нийтээр хүлээн зөвшөөрөгддөг байлаа ч эдгээр нь хэзээ ч үнэн болж чадахгүй. Судрын нэгэн сэрэмжлүүлэгт: “Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид; харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид гаслантайяа”10 хэмээн тунхагладаг.

Дэлхийн I дайны дараа далд утга санаатай нэгэн дуу олны танил болсон байлаа. Ёс суртахуунгүй явдлыг хөхиүлэн дэмжсэн энэ дуу 50 сая хүн бүгд буруу байх учиргүй хэмээн сурталдсан байв. Гэвч үнэндээ 50 сая хүн бүгдээрээ буруу байж болно шүү дээ. Ёс суртахуунгүй явдал нь биднийг бүхий л үйлдэл, хүслийн маань дагуу хэзээ нэгэн өдөр шүүх Бурханы мэлмийд ёс суртахуунгүй явдал хэвээр л байх болно.11

Өнөөгийн дэлхийд газар авч байгаа айдас, итгэлгүй байдлыг эдүгээ хөшигний нөгөө талд амьдарч байгаа миний эрхэм хайрт охин Эмилигийн итгэл, эрэлхэг зоригтой харьцуулаад үз дээ. Зуурдын амь нь нэлэнхүйдээ хавдар тархсан түүний биеийг орхих үед охин минь бараг ярьж ч чадахгүй байв. Гэвч тэр инээмсэглэн “Аав аа, миний төлөө санаа зовох хэрэггүй шүү. Би сайн байх болно гэдгээ мэдэж байна!” гэж надад хэлсэн билээ. Бидэнд түүний итгэл хамгийн их хэрэгтэй байсан яг тэр мөчид миний охин итгэлээ тийнхүү тун зоригтой харуулсан юм.

Таван хүүхэдтэй залуухан сайхан энэ эх Тэнгэрлэг Эцэгт, Түүний төлөвлөгөөнд болон гэр бүлийнхээ мөнхийн сайн сайхан байдалд итгэх итгэл дүүрэн байсан юм. Тэрээр Бурханд буцаад аюулгүй уягдсан билээ. Тэр Их Эзэнтэй болон нөхөртэйгөө хийсэн гэрээнүүддээ чин үнэнч байсан. Тэр хүүхдүүдээсээ удахгүй салан явах гэж байсан ч тэдэнд үлэмжийн амар амгаланг хайрлаж байлаа. Тэрээр Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүүд итгэдэг байсан учраас өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ ирээдүйд ч мөн адил итгэдэг байсан юм.

1986 онд ерөнхийлөгч Томас С.Монсон “мэдээжийн хэрэг, бид айдастай нүүр тулгарч, шоглуулан, эсэргүүцэлтэй учрах болно. Бид олонхийн итгэдэг зүйлийн эсрэг зогсож, зарчмуудаа зоригтой хамгаалах ёстой. Бууж өгөлгүй, зоригтой байх нь Бурханд сайшаагддаг. … Бүх хүнд айдас байдаг ч айдастайгаа итгэлээр нүүр тулан тэмцдэг хүмүүс илүү зоригтой байдгийг санагтун”12 хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Монсоны зөвлөгөө мөнхийн ач холбогдолтой юм. Тиймээс хүндэт ах, эгч нар аа: би та нараас мөнхийн хувь тавиланд хүргэх зам дээрээ итгэлээ өдөр бүр хөгжүүлээсэй хэмээн хичээнгүйлэн гуйж байна. Итгэлээ тунхагла. Итгэлээ харуул!13

Та нар буцаад Бурханд аюулгүй уягдаж, зүрх сэтгэлд тань Түүний мөнхийн үнэн үүрд мөнхөд сийлэгдээсэй хэмээн би залбирч байна. Мөн би та нарыг амьдралынхаа туршид итгэлээ харуулаасай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Шинэ хүүхэд төрөхөд хүйг нь давхарлан боож, хоёр холбоог дундуур нь тасалдаг. Холбоо нь уяа эсвээс аюулгүй уяа юм. Шашин гэдэг үг нь латин гаралтай үг бөгөөд re, гэдэг нь “дахин” эсвэл “буцаагаад” гэсэн утгатай харин ligare, гэдэг үг мөн адил “уях” эсвэл “боох” гэсэн утгатай юм. Ийнхүү бид шашин нь “итгэгчдийг Бурхантай уядаг” хэмээн ойлгодог билээ.

  2. Египетээс гарсан нь 20:3. Үүнээс гадна Их Эзэн “Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж … өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул” (Езекиел 14:6) хэмээн хэлжээ.

  3. Сургаал ба Гэрээ 6:36.

  4. Спэнсэр В. Кимбалл, The Teachings of Spencer W. Kimball, хянан тохиолдуулсан Эдвард Л.Кимбалл, (1982), 391-ийг үзнэ үү..

  5. Мозая 2:41; Сургаал ба Гэрээ 58:30–33; 82:10-ыг үзнэ үү. “Бурхан нүүр тал хардаггүй” (Үйлс 10:34) учраас хүн бүрийн хувьд энэ зарчим үнэн юм. Мөн Моронай 8:12-ыг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 132:22.

  7. Левит 15:13-ыг үзнэ үү.

  8. 2 Тимот 3:7.

  9. 1 Нифай 19:23.

  10. Исаиа 5:20.

  11. “Ариун Нэгэн, Их Эзэнд ирцгээ. Түүний замууд зөв шударгыг сана. Болгоогтун, хүмүүнд зориулагдсан харгуй нарийн, гэвч энэ нь түүний өмнө шулуунаар зурайна, мөн Израилын Ариун Нэгэн бол их хаалганы сахиул; мөн тэрээр нэгээхэн зарцыг тэнд үл ажиллуулдаг; мөн уг хаалганаас өөр зам гэж үгүй; учир нь тэрээр мэхлэгдэх боломжгүй, түүний нэр Их Эзэн Бурхан билээ” (2 Нифай 9:41) хэмээн судрууд заадаг билээ.

  12. Томас С. Монсон, “Courage Counts,” Ensign,, 1986 оны 11-р сар, 41. Ерөнхийлөгч Томас С. Монсон өөр нэгэн үйл явдлаар энэхүү урам хайрласан зөвлөмжийг өгсөн юм: “Агуу амьдрахын тулд бид зовлон бэрхшээлийг зоригтой, урам хугаралтыг баяр хөөртэй, ялалтыг даруухнаар даван туулах чадавхаа хөгжүүлэх ёстой. … Бид бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн амьд Бурханы охид, хөвгүүд. … Бид хүч чадлын гүн гүнзгий шинэ мэдрэмжгүйгээр, Бурханы зарлигуудын дагуу амьдрах хүч чадалгүйгээр, Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэх хүчгүйгээр энэхүү итгэлийг хүлээн авч чадахгүй юм.” (“Yellow Canaries with Gray on Their Wings,” Ensign, 1973 оны 7-р сар, 43).

  13. “Бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун” (Моронай 10:32). Бурханаас илүү хүмүүнээс бүү ай (Сургаал ба Гэрээ 3:7; 59:5-ыг үзнэ үү).