2010–2019
Буруу замыг эс явцгаая
Дөрөвдүгээр сар 2014


Буруу замаар эс явцгаая

Бид тэнгэртэй байнга холбоотой байж болохын тулд бид замаасаа хараа бүү салгаг хэмээн би залбирч байна

Бяцхан хүү төгөлдөр хуураа давтаж байтал цонхоор нэгэн наймаачин залуу түүнийг хараад “Ээж чинь байна уу?” гэж асуужээ.

Хүү “Аа … та юу гэж бодож байна? Ээж гэртээ байгаагүй бол би төгөлдөр хуураа давтах уу” гэж хэгжүүхэн хариулав.

Таван хөөрхөн хүүхэд маань төгөлдөр хуур тоглодог юм. Тэдэндээ төгөлдөр хуур тоглох урмыг хайрладаг эхнэртээ талархаж байна! Миний хүү Адриан төгөлдөр хуурын хичээлд суухгүйн тулд багшийгаа ирэх үед нуугдахаар гүйдэг байв. Гэтэл нэг л өдөр гайхамшигтай зүйл тохиолдлоо! Тэрээр өөрөө бие даан давтдаг болтлоо хөгжимд маш ихээр татагдан, дурлаж эхэлсэн юм.

Хэрэв бид хөрвөлтийн үйл явцад тэрхүү цэгт хүрч чадвал үнэхээр гайхамшигтай байх байсан. Хэн нэгнээс байнга сануулга авалгүй, хүчтэй ятгалгагүй, зүрх сэтгэлийнхээ угт зарлигуудыг дагах хүсэлтэй байвал үнэхээр сайхан байхсан. Хэрэв бид зөв замыг дагавал сударт амлагдсан адислалуудыг хүлээн авах болно.

Хэдэн жилийн өмнө би эхнэр, охин Эвэлин, гэр бүлийн нэгэн найзтайгаа хамт Арчэс үндэсний хүрээлэн рүү явсан юм. Тэндхийн хамгийн алдартай аркуудын нэгийг Дэликэйт гэдэг. Бид аркад хүрэхийн тулд 2 км орчим газар алхаж, уул руу авирахаар шийдлээ.

Бид аялaлаа их л урам зоригтой эхэлсэн боловч хэсэгхэн зуур яваад л нөгөө хэд маань амрах хэрэгтэй боллоо. Би тэнд хүрэх хүсэлдээ хөтлөгдөн цааш ганцаараа явахаар шийдэв. Алхаж яваа замаа анхаарахын оронд урд минь маш итгэлтэй урагшилж яваа мэт санагдсан нэгэн залууг би дагав. Зам улам бүр хэцүү болж, би нэг чулуунаас нөгөө рүү үсрэх хэрэгтэй болж байлаа. Ийм хүндхэн замаар багийн маань эмэгтэйчүүд аркад хэзээ ч хүрч чадахгүй юм байна гэдэгт би итгэлтэй байв. Гэнэт би Дэликэйт аркыг олж харсан ч миний хувьд хүршгүй газарт байгааг үзээд алмайрч орхилоо.

Урам минь ихэд хугарч буцахаар шийдлээ. Нөгөө хэдтэйгээ уулзахыг тэсч ядан хүлээж байв. Уулзангуутаа л би тэднээс “Дэликэйт аркад хүрсэн үү?” гэж асуухад тэд баяртайгаар тийм ээ гэж хэлж билээ. Тэд зам заасан тэмдгүүдийг анхааралтай, хичээнгүйлэн даган явж, хүрэх газраа очсон гэдгээ тайлбарлав.

Харамсалтай нь би буруу замаар явсан байжээ. Тэр өдөр би ямар гайхалтай сургамж авсан гээч!

Бид зөв замыг сонгохдоо дэлхийн хэв маягт хөтлөгдөн, хэр ойр ойрхон алдаа гаргадаг билээ? Бид Есүс Христийн үгийг хэрэгжүүлдэг хүмүүс мөн үү? хэмээн өөрсдөөсөө байнга асууж байх хэрэгтэй.

Иоханы номонд гайхамшигтай сургаал байдаг:

“Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.

“Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй” (Иохан 15:4–5).

Энэ адилтгалыг харьцуулан бид бүгдэд байдаг, Есүс Христийн хүн нэг бүрд өгдөг чухал хэрэгтэй байдал, Түүнтэй холбогдох ойр дотно, ер бусын харилцаа холбоогоо бид харж чадна. Тэрээр амийн усны эх булаг бөгөөд бидэнд амийн усыг хүргэх зам тул бордогдон тэжээгдэх боломжийг олгогч амьдралын хүчээр бид асар их үр шимтэй жимсийг гаргаж чадна. Есүс Христ бидэнд Түүний мөчрүүдийн хувьд, Түүнээс хамааралтай бодгалиудын хувьд бид Түүний сургаалын үнэ цэнийг хэзээ ч дутуу үнэлэхгүй байх арга замыг заасан билээ.

Хэрэв бид цаг алдалгүй засахгүй л бол зөв замаасаа бүр мөсөн гажиж болох зарим нэг ноцтой алдаа бидэнд байдаг. Бид наманчилж, алдаагаа засвал эдгээр туршлага нь өөрсдийгөө даруусган, үйлдлээ засаж, Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртох боломжийг дахин олгох болно.

Би энэхүү зарчмын жишээ болгож, бошиглогч Иосеф Смитэд тохиолдсон хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэгээс эш татахыг хүсч байна. Үүгээр дамжуулан, амьдралынхаа турш оюундаа хадгалж явбал зохих зарчмуудын талаар Аврагч бидэнд үнэт сургаалыг өгсөн билээ. Энэ нь Мартин Харрис Мормоны Номын орчуулсан эхний 116 хуудсыг алга болгоход тохиосон юм.

Бурханы зөвлөгөөг дагаагүйгээ наманчилсныхаа дараа бошиглогч, Сургаал ба Гэрээний 3-р хэсэгт гардаг илчлэлтийг хүлээн авсан билээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 81–90). 1 - 10-р шүлэгт бичигдсэн зүйлсээс бидний үргэлж санах ёстой гурван зарчмыг би онцлохыг хүсч байна:

  1. Бурханы ажлууд хийгээд зорилгууд хясагдаж болохгүй.

  2. Бид Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй.

  3. Бид байнга наманчлах шаардлагатай.

13-р шүлэгт Их Эзэн, бидний хэзээ ч хийх ёсгүй дөрвөн үйлдлийг заасан байдаг:

  1. Бурханы зөвлөгөөг үл ойшоох.

  2. Бурханы өмнө хийсэн хамгаас ариун нандин амлалтуудаа зөрчих.

  3. Өөрийн шүүлтэд итгэх.

  4. Мэргэн ухаандаа бардамнан сагсуурах.

Дэлхийн зүйлст автагдалгүй, тэнгэртэй байнга холбоотой байж болохын тулд бид замаасаа хараа бүү салгаг хэмээн би залбирч байна.

Хэрэв та нарын хэн нэг нь Их Эзэний замыг орхих шийдвэрт хүрсэн эсвэл уг шийдвэрийг гаргахаар шийдсэн бол та нар Бурханы зөвлөгөөг үл ойшоосондоо, Бурхантай хийсэн хамгийн ариун нандин амлалтуудаа зөрчсөндөө, өөрийн шүүлтэд итгэсэндээ мөн эрдэм мэдлэгтээ бардамнан сагруурсандаа асар их харуусан, гуньж зовох болно.

Хэрэв ийм байдалд орсон бол би та нарыг наманчилж, зөв замдаа эргэн ирэхийг урин дуудаж байна.

Нэгэн удаа ач хүү нь өвөөдөө төрсөн өдрийн мэнд хүргэхээр утсаар ярьжээ. Тэрээр өвөөгөөсөө хэдэн нас хүрч байгааг нь асуухад 70 нас хүрч буйгаа хэлэв. Ач хүү нь хэсэг зуур бодсоноо “Өвөө, та бүр нэг наснаас эхэлсэн юм уу?” хэмээн асуужээ.

Өсвөр залуу, хүүхэд насандаа хүмүүс хэзээ ч хөгшрөхгүй хэмээн, үхлийн талаар боддоггүй бөгөөд энэ нь хөгшин хүмүүст л тохиолддог, тэр хүртэл зай байна, болоогүй гэж боддог. Цаг хугацаа урсан өнгөрсөөр, сар жилүүд улиран одож, нэг л мэдэхэд үрчлээ суун, эрч хүч нь буурч, эмчид үзүүлэх хэрэг ахин дахин гарч эхэлдэг.

Бид өөрсдийн Гэтэлгэгч, Аврагч Есүс Христтэй дахин уулзах өдөр ирэх болно. Тэрхүү ариун нандин, эрхэм дээд завшаан тохиоход бидэнд Түүний тухай мэдлэг байж, Түүний сургаалыг дагасан учир бид Түүнийг таних болтугай хэмээн би залбирч байна. Тэрээр бидэнд гар, хөл дээрх сорвио үзүүлж, бид хамтдаа бат бөх тэвэрт нэгдэн, Түүний замыг дагасандаа баярлан уйлах болно.

Есүс Христ амьд гэдгийг би дэлхийн хүн бүрд гэрчилж байна. Тэр бидэнд “Анхаарагтун, Ай, дэлхийн үндэстнүүд та нар, мөн та нарыг бий болгосон Бурханы үгийг сонс” (С ба Г 43:23) хэмээн урин дууддаг. Бид Түүний замаас гажихгүй байж болохын тулд “[биднийг] бий болгосон Бурханы” захиасыг анзаарч, анхаарлаа хандуулан, ухаарч, зөв ойлгох чадвартай байх болтугай хэмээн Есүс Христийн нэрээр би залбирч байна, амен.