2010–2019
Сонгогдсон үеийнхэн
Дөрөвдүгээр сар 2014


Сонгогдсон үеийнхэн

Их Эзэн та нарыг зөв сонголтууд хийх болно гэдэгт итгэдэг учраас Өөрийн ажилд оролцуулахаар та нарыг сонгосон юм.

Залуу эрэгтэйчүүд ээ, та нар өөрсдийгөө “сонгогдсон үеийнхэн” гэдгийг өмнө нь сонсож байсан байх. Энэ нь Бурхан та нарыг агуу зорилгын учир энэ цаг үед дэлхий дээр ирүүлэхээр сонгож, бэлтгэсэн гэсэн үг юм. Энэ нь үнэнийг би мэднэ. Гэвч түүхэнд хувь хүмүүс өмнө нь хэзээ ч ийнхүү үй түмэн сонголтоор адислагдаж байгаагүй учраас би өнөө орой та нарыг “сонгогдсон үеийнхэн” хэмээн нэрлэхийг хүсч байна. Илүү олон сонголттой байна гэдэг нь илүү олон боломжтой байна гэсэн үг. Харин илүү олон боломжтой байна гэдэг бол сайныг ч, харамсалтай нь саарыг ч мөн үйлдэх үүд хаалга нээлттэй байна гэсэн үг юм. Бурхан та нарыг гайхамшигтай олон сонголтоос зөвийг нь ялган таньж чадна гэдэгт итгэсэн учраас л чухам энэ цаг үед та нарыг дэлхий рүү илгээсэн гэдэгт би итгэлтэй байдаг.

1974 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Их Эзэн мэргэжлийн бус хүмүүсийн төсөөлж ч чадахгүй технологиор биднийг хангахыг ихэд хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн хэлсэн билээ (“When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 10).

Их Эзэн үнэхээр тэгсэн юм! Та нар хүн төрөлхтний түүхэн дэх туйлын ашигтай хамгийн агуу хэрэгслүүдийн нэг - интернэтийг хэрэглэн өсч байна. Энэхүү хэрэгсэл байгаа учраас сонгох өргөн боломж бидэнд байдаг. Гэвч сонголтын энэхүү өргөн боломж нь үүнтэй эн тэнцүү хариуцлагыг араасаа дагуулж байдаг юм. Интернэт нь дэлхий дээрх маш сайн хийгээд маш муу зүйлсийн аль алинд нь нэвтрэх боломжийг та бүхэнд олгодог. Та интернэт ашиглан агуу зорилгоо агшин төдийд хэрэгжүүлж чадна эсвээс цаг завыг тань үрж, сайныг үйлдэх чадварыг тань мохоох ач холбогдолгүй үй түмэн зүйлээр өөрийгөө дарж ч мэднэ. Та компьютерийн хулгана дээр ганцхан дараад л хамгийн их хүсдэг зүйлдээ нүд ирмэхийн зуур нэвтэрч чадна. Таны зүрх сэтгэл юу хүсэж байна вэ - энэ нь л гол утга учир нь юм. Таны сэтгэл юунд татагддаг вэ? Хүсэл тань таныг хааш нь хөтөлдөг вэ?

Бурхан “тэдний хүслийн дагуу хүмүүнд зөвшөөрдгийг” (Алма 29:4) мөн “бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийг дагуу шүүх болно” (С ба Г 137:9; мөн Алма 41:3-г үзнэ үү) гэдгийг санагтун.

Ахлагч Брүс Р.Макконки “амийн ном бол жинхэнэ болоод дүрсэлсэн утгаараа хүмүүсийн бие махбодон дотор бичигдсэн цэдэг мэт тэдний ажил үйлсийн түүх юм. … Энэ нь бодол санаа, үг, үйлдэл бүр нь хүний биед [нөлөөлдөг] гэсэн үг. Энэ бүхэн нь өөр өөрийн тэмдгийг үлдээдэг бөгөөд эдгээр тэмдгийг Мөнхийн болох Тэрбээр номноос үгсийг уншдаг лугаа адил хялбархнаар уншиж чадна” хэмээн хэлжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 97).

Интернэт нь бас хайлт болон хулганы товчлуур дарах хэлбэрээр илрэх та нарын хүслийг тэмдэглэдэг. Эдгээр хүслийг тань хангах үй олон боломж бий. Та нар интернэт дэх мэдээллийг гүйлгэн үзэх үедээ ямар мэдээлэл дамжуулсан, интернэтийн ямар вэб хуудсуудыг хэр удаан үзсэн болон ямар зүйлсийг сонирхдог тухай нотолгоог үлдээдэг. Интернэт нь ийм байдлаар таны зан төлөвийн ерөнхий төрхийг буюу жинхэнэ утгаараа “таны амьдралын цахим ном”-ыг бий болгож байдаг. Амьдрал дээр интернэт нь хайж байгаа мэдээллээр тань таныг улам их хангах болно. Хэрэв таны хүсэл цэвэр ариун байх юм бол интернэт зохистой зорилгуудаа хэрэгжүүлэх зүтгэлийг тань илүү хялбар болгосноор цэвэр ариун бодлыг тань нэмэгдүүлж чадна. Гэвч үүний эсрэгээр байх нь ч бас бий.

Ахлагч Нийл А.Максвэлл үүнийг:

“Бид он цагийн явцад ямар хүмүүс болох нь мөн үүрд мөнхөд юу хүлээж авах вэ гэдэг нь эцсийн дүндээ бидний үргэлж хүссээр ирсэн зүйл байдаг… .

… Бид гагцхүү энэ хүслээ анхааралтай хөгжүүлснээр эдгээр нь бидэнд хор хохирол учруулах биш харин бидэнд байнга үйлчилж чадна!” хэмээн тайлбарлажээ (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, 1996 оны 11-р сар, 21,22).

Залуу эрэгтэйчүүд ээ, хэрэв та нар хүслээ хөгжүүлэхийг идэвхтэй хичээн чармайхгүй бол дэлхий үүнийг та нарын өмнөөс хийх болно. Дэлхий өдөр бүр та нарын хүсэл бодолд нөлөөлөхийг хичээж, ямар нэг зүйл худалдаж авах, онлайнаар ямар нэг юм үзэх, юугаар ч юм тоглоход мөн ямар нэг зүйлийг уншихад эсвэл үзэхэд уруу татах болно. Эцсийн эцэст сонголт та нарынх шүү дээ. Та нар сонгох эрхтэй. Сонгох эрх бол та нарын хувьд зөвхөн хүссэний үндсэн дээр үйлдэх төдийгүй бас энэхүү хүслээ ариусгаж, чанарыг нь сайжруулах хүч юм. Сонгох эрх бол та нарын хувьд ямар хүн болохоор сонгосноо хэрэгжүүлэх хүч юм. Сонголт бүр нь Бурхан таныг ямар хүн болоосой гэж хүсдэг тэр түвшин рүү өөрийг тань ойртуулдаг эсвэл түүнээс холдуулдаг болохоор компьютерийн хулгана дээр дарах үйлдэл бүр таны хувьд чухал учир холбогдолтой юм шүү. “Энэ сонголт намайг хааш нь хөтлөх бол?” хэмээн үргэлж өөрөөсөө асууж бай. Үйлдлүүд тань ямар үр дагаварт хүргэж болохыг ойлгох чадварыг өөртөө хөгжүүл.

Таны ямар хүн болон төлөвшиж байгааг хянахын тулд Сатан сонголтуудыг тань хянахыг хүсдэг. Таныг хянах хамгийн сайн арга замуудын нэг нь донтогч зан авираар өөрийг тань урхидах явдал гэдгийг тэр мэддэг. Технологи танд хүч чадал өгөх үү эсвэл таныг боолчлох уу гэдгийг таны сонголт л шийдэх болно.

Сонгогдсон үеийнхэн та нарт хүслээ хөгжүүлэх болон технологи ашиглах явдлаа удирдахад тань тус болох дөрвөн зарчмыг зөвлөмж болгон өгөхийг зөвшөөрнө үү.

Нэгдүгээрт: Өөрийгөө чухам хэн билээ гэдгийг мэдсэн үед шийдвэр гаргах нь амархан байдаг.

Энэхүү үнэнийг нэн хувийн арга замаар мэдсэн нэгэн найз надад бий. Хүү нь сайн мэдээнээс суралцаж өссөн хэдий ч сүнслэг байдлын хувьд өөрийгөө сайн мэдээнээс хол хөндий байлгадаг байлаа. Тэр санваараа ашиглах боломжоосоо үе үе татгалздаг байв. Түүнийг номлолд үйлчлэхгүй байх шийдвэр гаргасанд эцэг, эх нь сэтгэл гонсгор байлаа. Найз маань хүүгийнхээ зүрх сэтгэлд өөрчлөлт гарах болов уу хэмээн найдаж, чин сэтгэлээсээ залбирдаг байв. Хүү нь гэрлэхээр сүй тавьснаа мэдэгдэхэд энэхүү найдвар нь талаар болсон юм. Аав нь хүүгээсээ патриархын адислалаа аваач гэж гуйхад хүү нь эцэстээ зөвшөөрсөн ч патриарх руу ганцаараа очно гэж зөрүүдэлсэн ажээ.

Патриархын адислалаа аваад гэртээ ирэхэд түүний царай цонхийж, сэтгэл нь их хөдөлсөн байлаа. Хүү нь аминчлан ярилцахын тулд найз бүсгүйтэйгээ гарав. Аав нь цонхоор шагайж харвал залуу хос бие биеийнхээ нулимсыг арчиж байжээ.

Дараа нь тэр юу болсон тухайгаа аавдаа ярьсан ажээ. Тэр патриархын адислалаа авч байх үеэрээ мөнх бус байдлын өмнөх дэлхийд өөрийгөө ямар хүн байсан талаар бага зэрэг ойлголттой болсноо маш их сэтгэл догдлон ярьжээ. Тэр Христийг дагахыг бусдад сэнхрүүлэхдээ онцгой нөлөө бүхий зоригтой хүн байснаа харсан байна. Тэр өөрийгөө тийм хүн байсныг мэдсэний дараа номлолд үйлчлэхгүй байж чадна гэж үү?

Залуу эрэгтэйчүүд ээ, та нар өөрсдийгөө чухам хэн билээ гэдгийг санагтун. Та нар ариун санваар атгадгаа санагтун. Энэ нь интернэт ашиглахад болон бүх амьдралынхаа туршид зөв сонголт хийхэд тань сүнслэгээр нөлөөлөх болно.

Хоёрдугаарт: Хүч чадлын эх сурвалжид нэвтрэгтүн.

Та нар түүхийн бүх үеийн мэргэн ухаанд, хамгийн чухал нь Хуучин Гэрээний үеийнхээс эхлээд Ерөнхийлөгч Томас С.Монсоны үеийн бошиглогчдын үгсэд гартаа барьсан утсаараа нэвтэрч чадна. Хэрэв та гар утасныхаа зайг тогтмол цэнэглэж байхгүй бол утас тань хэрэггүй болж, та бусад хүмүүстэй хэлхээ холбоо тасарч, өөрийгөө хаягдсан юм шиг мэдрэх болно. Утасныхаа зайг цэнэглэхгүй ганц ч өдөр явах боломжгүйг та ойлгох болно.

Өдөр бүр гэрээс гарахдаа гар утасныхаа зайг цэнэглэж бэлтгэлтэй байх нь туйлын чухал юм. Харин сүнслэг байдлын хувьд бүрэн бэлтгэлтэй байх нь үүнээс бүр ч илүү чухал юм. Та гар утасныхаа зайг цэнэглэх бүрдээ үүнийг сүнслэг хүч чадлын хамгийн чухал эх сурвалжид нэвтрэх, өөрөөр хэлбэл Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг удирдамж хүлээн авахад намайг бэлтгэдэг залбирал болон судар судлахад би цаг гаргадаг бил үү хэмээн өөрөөсөө асуух сануулагч болгон ашиглаж бай (С ба Г 11:12–14-ийг үзнэ үү). Энэ нь жижигхэн атлаа чухал өдөр тутмын сонголтууд хийхийн тулд Их Эзэний оюун болон тааллыг мэдэхэд тань туслах болно. Биднээс олон нь гар утсаараа хүлээн авсан цахим мэссэжийг уншихын тулд хийж байсан ямар ч ажлаа тэр даруй орхидог атлаа Их Эзэний захиасуудыг үүнээс илүү чухал гэж үздэг бил үү? Бид энэхүү тэнгэрлэг хүч чадлын эх сурвалжид нэвтрэх явдлыг хэзээ ч үл тоомсорлох ёсгүй (2 Нифай 32:3-ыг үзнэ үү).

Гуравдугаарт: Ухаалаг гар утастай байх нь бус харин үүнийг зөв ашиглах нь л таныг ухаалаг болгож байгаа юм.

Залуу эрэгтэйчүүд ээ, ухаалаг утсаараа хэрэггүй зүйлс бүү хийцгээ. Миний юу хэлэх гээд байгааг та нар бүгдээрээ мэдэж байгаа Мозая 4:29-ийг үзнэ үү). Жишээ нь, технологи та нарын анхаарлыг хамгийн чухал зүйлээс тань сатааруулж чадах олон арга зам бий. “Байгаа газартаа л эзэн бай” гэсэн уламжлалт зөвлөгөөг дагагтун. Та машин барьж яваа бол машинаа л барь. Та хичээл дээр байгаа бол хичээлдээ л анхаарлаа төвлөрүүл. Хэрэв та найз нартайгаа хамт байгаа бол анхаарлаа тэдэнд хандуулж бэлэг барь. Ухаан санаа тань хоёр зүйл дээр нэг зэрэг төвлөрч чадахгүй шүү дээ. Олон ажлыг нэг зэрэг амжуулах гэж оролдох нь анхаарлыг тань нэг зүйлээс нөгөө рүү түргэн шилжихэд хүргэнэ. “Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно” гэдэг хуучны нэгэн зүйр үг байдаг.

Дөрөвдүгээрт: Их Эзэн Өөрийн зорилгуудыг биелүүлэхийн тулд технологиор хангасан юм

Технологийн бурханлаг зорилго бол авралын ажлыг яаравчлуулах явдал билээ. Та нар сонгогдсон үеийнхний гишүүдийн хувьд технологийг хэнээс ч илүү сайн ойлгодог. Үүнийг та нар төгөлдөржилт өөдөө өсч хөгжихөд өөртөө туслахын тулд ашиглагтун. Та нарт их зүйл өгөгдсөн учраас та нар бас ихийг өгөх ёстой (“Because I Have Been Given Much” Hymns,, 219-ийг үзнэ үү). Их Эзэн та нараас энэхүү хамгийн агуу хэрэгслийг Түүний ажлыг урагш ахиулахад мөн миний үеийнхний хэзээ ч төсөөлөхгүй арга замуудаар сайн мэдээг хуваалцахад ашиглахыг хүсэн хүлээж байна. Өнгөрсөн үед хүмүүс хөршүүд болон хотынхондоо л нөлөөлдөг байсан бол эдүгээ та нар интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан газар бүрийн хүмүүстэй харилцаж, бүх дэлхийд нөлөөлөх боломжтой боллоо.

Энэ бол Их Эзэний сүм гэдгийг би гэрчилж байна. Тэрээр та нарыг зөв сонголтууд хийнэ гэдэгт итгэдэг учраас энэ цаг үед өөрийнхөө ажилд оролцуулахаар та нарыг сонгосон юм. Та нар бол сонгогдсон үеийнхэн билээ. Есүс Христийн нэрээр, амен.