2010–2019
Шавь байхын баяр баяслыг мэдрүүлсэн ачаа
Дөрөвдүгээр сар 2014


Шавь байхын баяр баяслыг мэдрүүлсэн ачаа

Удирдагчдаа дэмжих нь бидний аз завшаан бөгөөд тэдний үүрэх ачааг үүрэлцэж Их Эзэний шавь болох хувийн хариуцлагаа хүлээх явдал юм.

Ѳнгѳрсѳн оны 5-р сарын 20-нд Америкийн тѳв хэсэг болох Оклахома мужийн Оклахома хот орчмын суурингууд маш том хуй салхинд өртөж, 1.6 км гаруй ѳргѳн, 27 км урт талбай бүхий бүс нутаг шуурганд цохигдсон байна. Энэ шуурганы олон тооны сүйтгэгч хуй салхи нь замдаа таарсан газруудын тѳрх байдлыг ч мөн хүмүүсийн амьдралыг ч ѳѳрчилсѳн юм.

Би энэ том шуурга болсноос хойш долоохон хоногийн дараа гэр орон, эд хогшил нь талаар нэг хѳглѳрч, бүхэлдээ эвдэрч сүйрсэн нөхцөлд байгаа оршин суугчдыг эргэж очих даалгавар авсан юм.

Би явахаасаа ѳмнѳ Их Эзэний уг ажлыг тун баяртай хүлээж авдаг бидний хайрт бошиглогч, ерѳнхийлѳгч Томас С.Монсонтой уулзаж, ярилцсан билээ. Түүний албан тушаал, сайхан сэтгэлийг нь хүндэлж, “Та намайг юу хийгээсэй мөн юу хэлээсэй гэж хүсч байна вэ?” гэж асуув.

Тэрээр хохирогчдод болон гамшигт тусалж буй хүн бүрийн гарыг атгах мэт миний гарыг зѳѳлөн атгаад

“Нэгдүгээрт, намайг тэдэнд хайртай гэдгийг хэлээрэй,

Хоёрдугаарт, тэдний тѳлѳѳ залбирч байгааг минь хэлээрэй,

Гуравдугаарт, тусалж буй бүх хүнд талархаарай” гэж хэлсэн юм.

Их Эзэн Мосед хандаж:

“Ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Миний төлөө цуглуул; …

Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно”1 гэж хэлсэн үгсийн чухлыг би Далын ерѳнхийлѳгчийн зѳвлѳлийн гишүүний хувьд мэдэрч байлаа.

Энэ үгс нь эрт үед хэлэгдсэн хэдий ч Их Эзэний арга барил өөрчлөгдөөгүй юм.

Одоогийн байдлаар сүмд Тэргүүн Зөвлөлийн үүрэг хариуцлага, даалгаврыг үүрэлцэхэд арванхоёр төлөөлөгчид туслахаар 8 чуулгын 317 Далын гишүүнийг дуудсан байгаа. Би энэ том үүрэг хариуцлагыг бусад ерөнхий эрх мэдэлтэнтэй адил тун баяртай, гүн гүнзгий хүлээн авч билээ. Гэхдээ зөвхөн бид энэ гайхамшигт ажлыг гүйцэтгэхэд тусалдаггүй. Дэлхий даяарх сүмийн гишүүд бид бүгдээрээ бусдын амьдралыг адислах боломжтой юм.

Шуурганд нэрвэгдсэн хүмүүст хайр, залбирал хэрэгтэй байдаг бол тусалсан хүмүүст нь талархал хэрэгтэй гэдгийг би эрхэм бошиглогчоосоо сурч авсан.

Бид үдээс хойш Тэргүүн Зөвлөл болоод арванхоёр төлөөлөгчдийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дэмжиж, баруун гараа өргөх болно. Энэ нь энгийн нэгэн ёс дүрэм биш бөгөөд зөвхөн сүмийн ерөнхий албан тушаалтнуудад зориулагдаагүй. Удирдагчдаа дэмжих нь аз завшаантай хэрэг бөгөөд ингэснээр тэдний үүрэг хариуцлагаас хуваалцаад зогсохгүй, Их Эзэн Есүс Христийн дагалдагч байх хувийн үүрэг хариуцлага бидэнд бас хамт ирдэг юм.

Ерөнхийлөгч Монсон

“Бидний эргэн тойронд гэр бүлийн гишүүд, найз нөхөд болон танил бус хүмүүсийн аль нь байгаа гэдгээс үл хамааран бидний дэмжлэг, анхаарал, сайхан сэтгэл тэдэнд хэрэгтэй байна. Бид энэ дэлхий дээрх Түүний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх тушаал авсан Бурханы мутар шүү дээ. Тэрээр

‘… Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг’ [Матай 25:40]”2 хэмээн бидэнд найддаг” гэж хэлсэн юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгний гэрт нь зочлох, утсаар ярих, захиа бичих ч юм уу өдөржингөө туслах боломж гарвал бид хайраа үзүүлэхэд бэлэн байж чадах уу? Эсвэл бид Бурханы бүх зарлигийг дагахаас татгалзсан залуу эр шиг байх уу?

“Энэ бүхнийг би сахисан. Надад өөр юу дутагдаж байна вэ?

Есүс түүнд, Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ.”3

Залуу эр Их эзэний хажууд Бурханы хаант улсыг байгуулах илүү агуу дуудлагад дуудагдсан ч “маш их хөрөнгөтэй нэгэн” байсан учир татгалзсан юм.4

Та нар дэлхийн эд хөрөнгийнхөө талаар юу хэлэх вэ? Бид хуй салхи хэдхэн минутын дотор юу хийж чаддагийг харлаа. Тиймээс цаг зав, авьяас чадвар, Бурханд үйлчлэх сонголтоо ашиглан, сүнслэг эд баялгаа тэнгэрт хураахад тэмүүлэх нь туйлын чухал байна.

Есүс Христ “Ирж, намайг дага”5 хэмээн урьсаар байна. Тэр төрсөн нутагтаа дагалдагчидтайгаа амь биеэ үл хайрлан явж байсан. Тэр одоо ч гэсэн хажууд минь байж, бидэнтэй хамт алхаж, биднийг удирдсаар байгаа. Түүний төгс жишээг дагах гэдэг бол Түүний агуу үйлчлэл болох ариун хийгээд авралын Цагаатгалын дагуу бид бүгдийн зовлон бэрхшээлийг үүрсэн Аврагчаа таньж мэдэн, хүндлэх явдал юм. Тэрээр биднийг шавийн баяр баяслыг мэдрүүлсэн “ачааг” үүрэхэд бэлэн байгаасай хэмээн хүсч байгаа.

Оклахома хотод байхдаа хүчит хуй салхинд нэрвэгдсэн цөөхөн гэр бүлтэй уулзах завшаан надад тохиолдсон юм. Соррэлсийн гэр бүлтэй уулзаж байхад охин Тори нь Плаза Тауэрс бага сургуулийн тавдугаар ангид сурч байсан бөгөөд түүний түүх сэтгэлийг минь ихэд хөдөлгөж билээ. Тори ээжтэйгээ хамт өнөөдөр бидний дунд байгаа.

Хуй салхи сургуулийг нь дайрч, түйвээж байх үед Тори хэсэг найзтайгаа ариун цэврийн өрөөнд нуугдаж байв. Тори тэр өдрийг өөрийнхөө үгээр дүрслэн бичихдээ:

“Ямар нэгэн зүйл дээвэр цохихыг би сонссон. Тэгээд мөндөр байна гэж бодсон. Тэр дуу чимээ улам чангарсаар л байлаа. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан, биднийг хамгаалж, аюулгүй байлгахыг хүсч, залбирч байв. Гэнэт маш чанга, тоос сорогч шиг дуу авиа сонсогдоход дээвэр маань алга болчихсон байлаа. Тэнд маш их салхи салхилж, эвдэрсэн зүйлсийн хог хаягдал энэ тэрүүгээр хийсч, бүх биеийг минь алгадан цохиж байсан юм. Гадаа харанхуй болж, тэнгэр хав харанхуй харагдаж байв. Гэвч үнэндээ харанхуй болоогүй байсан ба хуй салхинд л тэгж харагдаж байв. Би нүдээ аниад энэ бүгд хурдан дуусаасай гэж хүсэн, залбираад л байлаа.

Тэгтэл гэнэт чив чимээгүй болчихов.

Намайг нүдээ нээхэд замын тэмдэг яг өмнө минь байхыг харлаа! Энэ нь миний хамрыг бараг л шүргэх шахаж байв”6 гэжээ.

Торигийн ээж мөн ах, эгч нар нь болон сургуульд цуг байсан олон найз нь хуй салхинаас тун гайхамшигтай амьд үлдсэн боловч сургуулийнх нь долоон сурагч амь эрсэдсэн байв.

Тэр долоо хоногийн амралтын өдрүүдэд санваартан ах нар шуурганд нэрвэгдсэн хүмүүст маш олон адислал өгсөн юм. Би Торид адислал өгөхдөө тун даруусч билээ. Түүний толгой дээр гараа тавих тэр мөчид: “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно”7 гэсэн дуртай судрын хэсэг маань санаанд орж ирсэн юм.

Би Торид Их эзэний үйлчлэгч толгой дээр чинь гараа тавьж, тэнгэр элчүүд чамайг шуурганаас хамгаалсан байна гэж адисалсан энэ өдрийг үргэлж санаж яваарай гэж зөвлөсөн юм.

Ямар ч нөхцөл байдалд бие биенээ аврахаар гараа сунгах нь хайрын мөнхийн хэмжүүр юм. Энэ бол тэр долоо хоногт Оклахомад миний харсан тэр үйлчлэл байсан юм.

Яг хэрэгцээтэй үед нь бусдад туслах боломж бидэнд байнга гарч ирдэг. Сүмийн гишүүд бидний хувьд “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байлгаж,”8 “гашуудах тэдний хамт гашуудан,”9 “доош унжсан гарнуудыг өргөж мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох”10 ариун хариуцлага бий.

Ах, эгч нар аа, та нарын ѳдѳр бүр маш их цаг хугацааг зориулан, харамгүй бөгөөд ѳгѳѳмрѳѳр үзүүлдэг жижиг болоод том үйлчлэлд тань Их Эзэн ямар их баяртай байдаг гээч.

Мормоны Номонд хаан Бэнжамин: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа”11 хэмээн заасан.

Ах, эгч нартаа үйлчлэхээр анхаарлаа тѳвлѳрүүлэх нь өдөр бүрийн амьдралдаа тэнгэрлэг шийдвэрүүд гаргахад бидэнд тусалдаг бөгөөд Их Эзэний хайрладаг зүйлсийг үнэлж, хайрлахад биднийг бэлтгэдэг. Тэгснээр бид Их Эзэний шавь гэдгээ амьдралаараа гэрчлэх болно. Бид Бурханы ажилд оролцох үедээ Түүний Сүнс бидэнтэй хамт байгааг мэдэрдэг. Бид гэрчлэл, итгэл, найдвар, хайранд ѳсч хөгждөг билээ.

Миний Гэтэлгэгч Есүс Христ амьд гэдгийг би мэднэ. Тэрээр Өөрийн бошиглогч, ерѳнхийлѳгч Томас С.Монсоноор дамжуулан ѳнѳѳ үед бидэнтэй ярьдаг болохыг би мэднэ.

Би жижиг ч бай, том ч бай нэг нэгнийхээ ачааг үүрэлцсэнээс ирэх тэрхүү аз жаргалыг бид олох болтугай хэмээн Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.