Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл


Санваарын түлхүүрүүд эмэгтэй, эрэгтэйчүүдийг адил удирдан чиглүүлдэг ба санваарын ёслолууд, санваарын эрх мэдэл нь эрэгтэйчүүдэд хамаатайн адил эмэгтэйчүүдэд ч мөн хамаатай.

I.

Энэхүү чуулганаар бид итгэлтэй зарим ах нарын чөлөөлөгдөхийг харж мөн өөр бусад ахыг дуудлагад нь дэмжин баталлаа. Сүмд ингэж ээлжлэн солигдох нь бидэнд танил болсон бөгөөд чөлөөлөгдсөнөөрөө “огцрох” харин дуудагдсанаараа “дэвжих” гэсэн үг биш юм. Их Эзэний үйлчлэлд “дээшлэх юм уу доошлох” гэсэн ухагдахуун байхгүй. Харин зөвхөн “урагшлах юм уу ухрах” гэж байх бөгөөд энэ ялгаа нь чөлөөлөгдөх болоод дуудлагаа хэрхэн хүлээн авч үйлдэхээс хамаардаг. Есөн жил маш сайн үйлчилсэн гадасны нэгэн залуухан ерөнхийлөгчийг чөлөөлөх ажлыг би удирдсан бөгөөд тэрээр чөлөөлөгдсөндөө мөн эхнэртэйгээ хамт хүлээн авсан шинэ дуудлагадаа ихэд баяртай байсан билээ. Тэд тойргийнхоо балчир хүүхдийн ангийн удирдагчдаар дуудагдсан. Зөвхөн энэ сүмд л ийм адил хүндэтгэлийг хүлээдэг!

II.

Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон Эмэгтэйчүүдийн хуралдаан дээр үг хэлж байхдаа “Бид бүгдийн санваарыг илүү сайн ойлгох хүсэл маань нэмэгдээсэй гэж найдаж байна”1 гэжээ. Энэ хэрэгцээ нь бидэнд ч бас хамаарах бөгөөд би санваарын түлхүүрүүд болон эрх мэдлийн тухай үүнийг үргэлжлүүлэн ярих болно. Энэ сэдвүүд нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд адил хамаардаг тул би яригдсан энэ зүйлс сүмийн бүх гишүүдэд зориулагдан зурагтаар цацагдаж мөн хэвлэгдэн гарч байгаад талархалтай байна. Санваарын хүч бид бүгдийг адисалдаг. Санваарын түлхүүрүүд эмэгтэй, эрэгтэйчүүдийг адил удирдан чиглүүлдэг ба санваарын ёслолууд болон санваарын эрх мэдэл нь эрэгтэйчүүдэд хамаатайн адил эмэгтэйчүүдэд ч мөн хамаатай.

III.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит санваарыг “хүмүүн нь хүн төрөлхтөний авралын төлөө дэлхий дээр үйлдэж болохын тулд хүмүүнд өгөгдсөн Бурханы хүч”2 хэмээн дүрслэн хэлсэн. Бусад удирдагч бидэнд санваар бол “дэлхий дээрх төгс хүч. Энэ бол дэлхий бүтээгдсэн хүч юм”3 хэмээн заасан. Судрууд бидэнд “эхлэлд байсан мөн тэрхүү Санваар эдүгээ дэлхийн төгсгөлд тэрчлэн байх болно” (Мосе 6:7) хэмээн заадаг. Тиймээс санваар бол биднийг амилуулж мөн мөнх амьдрал руу хөтлөх хүч билээ.

Бидний эрэлхийлж байгаа ойлголт нь санваарын түлхүүрүүдийн тухай ойлголтоос эхэлдэг. “Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг [атгагчдад] дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм.”4 Сүмд хийгдэж байгаа бүх үйлдэл болон ёслолууд нь тэрхүү үйл ажиллагаа ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг нэгний шууд эсвэл шууд бус зөвшөөрлийн дагуу гүйцэтгэгддэг. Ахлагч М. Рассэлл Баллардын тайлбарласнаар, “Санваарын түлхүүрүүдийг атгагч тэдгээр нь … өөрсдийн удирдлага дор итгэлтэйгээр үйлчилж байгаа бүгдэд санваарын эрх мэдлийг ашиглаж мөн санваарын хүчийг хэрэглэх боломжийг олгодог.”5

Санваарын эрх мэдлийн хэрэгжүүлэлтийг хянахад санваарын түлхүүрүүдийн үүрэг нь нэг талаар өргөн хүрээтэй нөгөө талаар хязгаартай байдаг. Санваарын эрх мэдэл болон адислалуудыг Бурханы бүх хүүхдэд боломжтой болгосноор өргөн хүрээтэй байдаг бол хэнд санваарын эрх мэдэл өгөх, албуудыг нь хэн хэн атгах мөн эрх мэдэл болон хүчийг хэрхэн өгөхийг удирдсанаар хязгаартай байдаг. Жишээлбэл, санваарыг атгагч хүн өөрийн алба юм уу эрх мэдлийг түлхүүр атгагч нэгнээр зөвшөөрөгдөхөөс өөрөөр хэн нэгэнд өгч чадахгүй. Тэрхүү зөвшөөрөлгүйгээр ёслол нь хүчин төгөлдөр болохгүй. Үүгээр санваарыг атгагч нэгэн – албаасаа үл хамааран – зохих түлхүүрүүдийг атгасан нэгнээс зөвшөөрөл авалгүйгээр гэр бүлийнхээ гишүүнийг томилох юм уу гэртээ ариун ёслолыг адисалж чадахгүйг тайлбарладаг.

Миний энд тайлбарлан үзүүлэх ариун сүмийн ерөнхийлөгчийн атгадаг түлхүүрүүдийн дор ариун сүмд эгч нарын хийдэг ариун нандин ажлуудаас гадна санваарын албанд томилогдсон хүн л санваарын ёслолыг гүйцэтгэнэ. Мөн зөвшөөрөгдсөн санваарын ёслолууд болгон нь сүмийн тайланд бүртгэгддэг.

Эцэст нь, энэ санваарын эзэн болох Их Эзэн Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр мөнх бус хүмүүст ямар түлхүүрүүд өгөгдөх хийгээд энэ түлхүүрүүд нь хэрхэн ашиглагдахыг тодорхойлдог. Бид Көртландын Ариун сүмд Иосеф Смитэд бүх түлхүүр өгөгдсөн гэж боддог ч, судар дээр өгөгдсөн бүгд нь “энэ эрин үеийн түлхүүрүүд” (С ба Г 110:16) байсан гэдгийг хэлдэг. Олон жилийн өмнөх ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Спэнсэр В.Kимбалл дэлхий дээрх хүмүүнд өгөгдөөгүй өөр түлхүүрүүд байдаг ба эдгээрт бүтээлт болон амилуултын түлхүүрүүд багтдаг гэдгийг сануулсан.6

Санваарын түлхүүрүүдийн ашиглалт дээр тавигдсан тэнгэрлэг хязгаарлалт сүмийн захиргааны асуудлууд дээрх шийдвэрүүд болон санваарт нөлөөлөх шийдвэрүүдийн хоорондох чухал ялгааг тайлбарладаг. Сүмийг тэргүүлж байдаг Тэргүүн Зөвлөл, Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын чуулгын зөвлөл сүмийн барилгуудын байршил, номлолд үйлчлэх нас зэрэг сүмийн бодлогууд мөн журмуудад хамаатай олон шийдвэр гаргахаар итгэмжлэгдсэн байдаг. Хэдийгээр эдгээр удирдах эрх мэдэлтнүүд энэ эрин үед хүмүүнд өгөгдсөн бүх түлхүүрийг атгаж ашигладаг ч санваарыг зөвхөн эрэгтэй хүн атгах ёстой гэсэн тэнгэрлэгээр тогтоогдсон загварыг өөрчлөх эрхгүй.

IV.

Би одоо санваарын эрх мэдэл гэсэн сэдвийн тухай яръя. Би сая ярьсан гурван зарчмаас эхэлье: (1) санваар нь хүн төрөлхтний авралын төлөө дэлхий дээр үйлдэж болохын тулд хүмүүнд өгөгдсөн Бурханы хүч, (2) санваарын эрх мэдэл нь санваарын түлхүүрүүдийг атгагч санваартнаар удирдагддаг мөн (3) сударт “Сүм дэх бусад бүх эрх мэдэл [болон] албан тушаалууд нь [Мелкизедек] санваарын хавсралтууд байдаг” (С ба Г 107:5) хэмээн хэлсэнчлэн, санваарын түлхүүрийг атгагч тэдний удирдлага дор хийгдсэн бүхэн нь санваарын эрх мэдэлтэйгээр хийгдсэн болно.

Энэ нь эмэгтэйчүүдэд хэрхэн хэрэгжиж байна вэ? Тухайн үедээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Халамжийн Нийгэмлэгт хандаж ийн хэлсэн байдаг: “Эгч нарт санваар өгөгдөөгүй мөн энэ нь тэдэнд олгогдоогүй байгаа нь Их Эзэнээс тэдэнд эрх мэдэл өгөгдөөгүй гэсэн үг биш юм. … Их Эзэний өргөөнд эгч нарын хийдэг ажлууд зэрэг бидний авралд зайлшгүй хэрэгтэй мөн шаардлагатай сүм дэх тодорхой зүйлийг хийх эрх мэдэл нь тухайн хүнд эсвэл эгчид өгөгдсөн байж болно. Их Эзэний хувьд ариун нандин болох зарим агуу хийгээд гайхамшигтай зүйлсийг мөн Санваарыг атгагчаар өгөгдсөн адислалуудын адил хүчин төгөлдөр эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байдаг.”7

Энэ онцгойлон хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Смит эмэгтэйчүүдэд эрх мэдэл өгөгдсөн тухай ахин дахин хэлсэн байдаг. Эмэгтэйчүүдэд хандан тэрээр, “Та нар эрх мэдлээр ярьж болно, учир нь Их Эзэн эрх мэдлийг та нарын дээр байрлуулсан” гэжээ. Тэрээр мөн Халамжийн Нийгэмлэгт “олон агуу зүйлийг хийх хүч хийгээд эрх мэдэл [өгсөн]. Тэдний хийдэг ажил нь тэнгэрлэг эрх мэдлээр хийгдсэн” хэмээн хэлжээ. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хийсэн сүмийн ажлууд нь ариун сүм эсвэл тойрог мөн салбарт алинд ч бай санваарын түлхүүрүүдийг атгагчийн удирдлага дор хийгдсэн байдаг. Тиймээс Халамжийн Нийгэмлэгийн тухай ярьж байхдаа ерөнхийлөгч Смит, “[Их Эзэн] хүмүүсийнхээ сүнслэг хийгээд материаллаг хэрэгцээ сонирхлыг хараад … , тэдэнд тойргийнхоо бишопын удирдлага дор үйлчлэх эрх мэдэлтэй байж болох энэ агуу байгууллагыг өгсөн”8 хэмээн тайлбарласан.

Тиймээс эмэгтэйчүүдийн хувьд Халамжийн Нийгэмлэг нь зүгээр нэг анги төдий бус харин санваарын хавсралт болгон тэнгэрлэгээр зохион байгуулагдсан -- тэдний харьяалагддаг бүлэг юм хэмээн үнэн хэлсэн юм.9

Бид эмэгтэйчүүдийг сүмийн дуудлагадаа санваарын эрх мэдлийг хүлээн авдаг хэмээн ярьж хэвшээгүй байдаг ч энэ нь өөр ямар эрх мэдлүүд байж болох вэ? Залуу эсвэл ахимаг настай—эмэгтэйчүүд—сайн мэдээг тунхаглахаар бүрэн цагийн номлолд онцгойлон адислагдахдаа тэд санваарын үүргийг гүйцэтгэх санваарын эрх мэдлүүдийг хүлээн авдаг. Энэ нь санваарын түлхүүрүүдийг атгагч нэгний удирдлага дор сүмийн байгууллагад алба эсвэл багшийн үүрэг гүйцэтгэхээр томилогдон адислагдсан эмэгтэйд мөн адил байна. Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг.

Санваарын эрх мэдлийг ашиглах хүн нь үүний эрхийг умартаад үүрэг хариуцлагадаа төвлөрөх ёстой. Энэ нь нийгэмд хэрэгтэй зарчим юм. Оросын алдарт зохиолч Александр Солженицины хэлснээс иш татахад, “Энэ бол … хүний эрхийн төлөө бус харин хүмүүний үүргийн төлөө тэмцэх үе мөн”10 гэжээ. Үнэндээ эрхээ эдэлснээр бус харин үүрэг хариуцлагаа биелүүлснээр өргөмжлөл хүртэх шаардлагыг хангадаг гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд мэднэ.

V.

Их Эзэн зөвхөн эрэгтэйчүүд санваарын албанд томилогдоно гэж хэлсэн. Гэвч Сүмийн янз бүрийн удирдагчид эрэгтэйчүүд бол “санваар”11 биш юм гэдгийг онцолсон. Эрэгтэйчүүд санваар атгаж, Бурханы бүх хүүхдүүдийг адислахдаа үүнийг ашиглах нандин үүрэгтэй.

Бурханы хөвгүүддээ өгсөн хамгийн агуу хүчийг Түүний охидын нэгэнтэй хамтралгүйгээр ашиглах нь боломжгүй юм. Учир нь зөвхөн Түүний охидод “бие махбодын бүтээгч байхаар … тэгснээр Бурханы загвар мөн Түүний Агуу Төлөвлөгөөний гүйцэтгэл”12 байх хүчийг өгсөн. Эдгээр үгийг ерөнхийлөгч Ж. Рюбэн Кларк хэлсэн юм.

Тэрээр “Энэ бол эхнэрүүдийн маань мөн ээжүүдийн маань мөнхийн төлөвлөгөөн дэх байх ёстой газар нь юм. Тэд санваарыг авч явагчид биш; тэд санваарын үүрэг хариуцлага хийгээд үйл хэргийг авч явах үүрэггүй мөн тэд үүн дэх үүрэг хариуцлагыг үүрэгчид биш хэдий ч тэд үүний хүчин дор бүтээж мөн зохион байгуулж, адислалуудыг нь хүлээн авч, Санваарын хүчний гүйцэтгэл хийгээд Санваартай эн зэрэгцэх мөнхөд чухал байсаар байх газарт тэнгэрлэгээр дуудагдсан үйл хэргийг эзэмшдэг”13 гэж хэлжээ.

Эдгээр сүнслэгээр нөлөөлөгдсөн үгэндээ ерөнхийлөгч Кларк гэр бүлийн тухай ярьж байсан. Гэр бүлийн тунхагт өгүүлснээр, эцэг нь гэр бүлээ тэргүүлэн улирдаж, эх эцэг хоёр тусдаа үүрэг хариуцлагатай ч “харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой”14. Гэр бүлийн тунхаг бичиг гарахаас хэдэн жилийн өмнө ерөнхийлөгч Спэнсэр В.Kимбалл сүнслэгээр нөлөөлөгдсөн дараах тайлбарыг өгсөн: “Гэрлэлтийг хамтын амьдрал гэсэн талаас нь яривал, бүгдээрээ гэрлэлтийг бүрэн дүүрэн хамтын амьдрал хэмээн ярьцгаая. Бид мөнхийн үүрэгтээ ХҮГ эмэгтэйчүүдээ чимээгүй хамтрагч юм уу хязгаарлагдмал хамтрагч байлгамааргүй байна! Хувь нэмэр оруулагч, бүрэн дүүрэн хамтрагч байгаарай.”15

Бурханы мэлмийд, сүмд байна уу эсвэл гэр бүлдээ байна уу гэдгээс үл хамааран эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд өөр өөр үүрэг хариуцлагатай ч адил тэгш юм.

Би санваарын адислалуудын талаарх зарим үнэнийг хэлж үгээ дуусгая. Санваарын түлхүүрүүд, санваарын ёслолуудаас ялгаатай санваарын адислалууд нь ижил нөхцлөөр эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн аль алинд нь боломжтой. Ариун Сүнсний бэлэг болон ариун сүмийн адислалууд нь энэ үнэнтэй нэгэн адил загвартай юм.

Ахлагч М. Рассэлл Баллард өнгөрсөн зун БЯИС-ийн Боловсролын долоо хоногт зориулан хэлсэн агуу үгэндээ дараах сургаалуудыг өгсөн:

“Манай Сүмийн сургаал эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй адил тэгш гэж үздэг ч өөр өөр үүрэгтэй байлгадаг. Бурхан хүйсийг нөгөөгөөс нь илүү байхаар юм уу илүү чухалд тооцдоггүй. …

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд ариун сүмд очоод хоёулаа санваарын хүч болох нэгэн адил хүчээр хишиг хүртээгддэг. … Санваарын хүч хийгээд адислалуудыг хүлээн авах боломж Бурханы бүх хүүхдэд бий.”16

Би Бурханы санваарын хүч хийгээд адислалууд нь Түүний хөвгүүд, охидод адил боломжтой гэдгийг гэрчилж байна. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх алба хийгээд үйл ажиллагаануудыг гүйцэтгэдэг санваарын эрх мэдлийг гэрчилж байна. Би бошиглогч болоод ерөнхийлөгч Томас С.Монсоны бүрэн байдлаар нь атгаж мөн ашиглаж байдаг санваарын түлхүүрүүдийн үйл хэрэг нь тэнгэрлэгээр удирдагддаг гэдгийг гэрчилж байна. Эцэст нь, хамгийн чухал нь энэ санваар бид үйлчлэгчид нь болох бидний Аврагч Их Эзэн Есүс Христийнх гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, aмен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1. Линда К.Бөртон, “Priesthood: ‘A Sacred Trust to Be Used for the Benefit of Men, Women, and Children’” (Бригам Янгийн их сургуулийн эмэгтэйчүүдийн чуулган дээр хэлсэн үгс, 2013 оны 5-р сар 3), 1; ce.byu.edu/cw/womensconference/transcripts.php.

  2.  

    2. Иосеф Ф.Смит, Gospel Doctrine, 5 дахь хэвлэлт. (1939), 139

  3.  

    3. Боид K.Пакэр, “Гэр дэх санваарын хүч” (дэлхий дахины удирдагчдын сургалт, 2012 оны 2-р сар); lds.org/broadcasts; мөн Жэймс И.Фауст “Санваарын хүч,” Ensign, 1997 оны 5-р сар, 41–43-ыг үзнэ үү.

  4.  

    4. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.1.1.

  5.  

    5. M. Рассэлл Баллард, “Их Эзэний ажил дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүс,” New Era, 2014 оны 4-р сар, 4; Liahona, 2014 оны 4-р сар, 48; мөн Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 138-ыг үзнэ үү.

  6.  

    6. Спэнсэр В.Kимбалл, “Our Great Potential,” Ensign,, 1977 оны 5-р сар, 49-ийг үзнэ үү.

  7.  

    7. Иосеф Фийлдинг Смит, “Relief Society—an Aid to the Priesthood,” Relief Society Magazine, 1959 оны 1-р сар, 4.

  8.  

    8. Иосеф Фийлдинг Смит, “Relief Society—an Aid to the Priesthood,” 4, 5; мөн Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Фийлдинг Смит (2013), 302-ыг үзнэ үү.

  9.  

    9. Боид К.Пакэр, “Халамжийн Нийгэмлэг,” Ensign, 1998 оны 5-р сар, 72; мөн Daughters in My Kingdom, 138-ыг үзнэ үү.

  10.  

    10. Александр Солзеницин, “A World Split Apart,” (Харвардын Их Сургуулийн төгсөлт дээр өгөгдсөн яриа, 1978 оны 6-р сарын 8); мөн Патришиа T.Холланд, “A Woman’s Perspective on the Priesthood,” Ensign, 1980 оны 7-р сар, 25-ыг үзнэ үү; Tambuli, 1982 оны 6-р сар; Даллин Х.Өүкс, “Эрхүүд ба үүрэг хариуцлагууд,” Mercer Law Review,, vol. 36, no. 2 (1985 оны өвөл), 427–42.

  11.  

    11. Жэймс И.Фауст, “Та нар бүгд тэнгэрээс илгээгдсэн,” Ensign эсвэл Лиахона, 2002 оны 11-р сар, 113-ыг үзнэ үү; M. Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,” Ensign эсвэлЛиахона, 2013 оны 5-р сар, 19; Даллин Х.Өүкс, “Гэр бүл болон сүм дэх санваарын эрх мэдэл,” Ensign эсвэлЛиахона, 2005 оны 11-р сар, 26. Бид заримдаа Халамжийн Нийгэмлэг нь “санваартны хамтрагч” гэж ярьцгаадаг. Их Эзэний ажилд Халамжийн Нийгэмлэг болон Сүмийн эмэгтэйчүүд нь “санваарыг атгагчидтай хамтрагчид” хэмээн хэлэх нь илүү зөв болно.

  12.  

    12. Бага Ж. Рюбен Кларк, “Мөнхийн төлөвлөгөөнд бидний эхнэрүүд болон ээжүүд ,” Relief Society Magazine, 1946 оны 12-р сар, 800.

  13.  

    13. Бага Ж. Рюбэн Кларк, “Бидний эхнэрүүд ба бидний ээжүүд,” 801.

  14.  

    14. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  15.  

    15. Спэнсэр В.Kимбалл, “Эгч нарын эрхүүд болон үүрэг хариуцлагууд,” Ensign, 1978 оны 11-р сар, 106.

  16.  

    16. M. Рассэлл Баллард, New Era, 2014 оны 4-р сар, 4; Лиахона, 2014 оны 4-р сар, 48; мөн Шэри Л.Дюү, Women and the Priesthood (2013), ялангуяа бүлэг 6, сургаалийн илүү төгөлдөржүүлэгдсэн хэсгүүд энд хэлэгдсэн байгааг үз.