2010–2019
Санваартан эрэгтэй
Дөрөвдүгээр сар 2014


Санваартан эрэгтэй

Та агуу юм уу дунд зэргийн үлгэр жишээ эсвэл бүр муу үлгэр жишээ ч байж болно. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ хэмээн та бодож магадгүй, харин энэ нь Их Эзэнд хамаатай юм.

Биднийг жаахан байхад бид бүгдээрээ даган дуурайх баатруудтай байсан. Би Нэгдсэн Улсын Нью Жерси дэх Принстонд төрж, өссөн юм. Бидний амьдардаг газрын ойролцоох хамгийн нэр хүндтэй спортын багийн тамирчид болох Брүклин дожэрынхон, Нью Йоркийн аваргууд, Нью Йоркийн яанкийчууд зэрэг багийнхан Нью Йорк хотод байрладаг байлаа. Филадельфи манай гэрт бүр ч ойрхон байсан бөгөөд тэнд Атлетикс болон Филлийс хэмээх бейсболын багууд байдаг байсан. Би эдгээр багийн бейсболлын олон чадварлаг тамирчинг баатрууд хэмээн хүндлэн биширдэг байлаа.

Нью Йоркийн яанкийчууд багт тоглодог байсан Жой Димаггио миний бейсболын баатар болсон юм. Ах нар болон найз нар маань манай гэрийн ойролцоох сургуулийн тоглоомын талбайд бейсбол тоглох үед би Димаггиог дуурайн, түүн шиг цохиураа савлахыг хичээдэг байлаа. Тэр үед зурагт байгаагүй (энэ бол эртний түүх) болохоор би сонины хайчилбар харж, түүнийг дуурайдаг байв.

Өсч том болох үед маань аав намайг Яанкий цэнгэлдэх хүрээлэн рүү ганцхан удаа дагуулж явсан бөгөөд тэр үед би Жой Димаггиогийн тоглохыг анх удаа харж билээ. Энэ бүгдийг би тэр үедээ эргээд оччихсон юм шиг л тодхон санаж байна. Би түүнийг цохиураа хэрхэн савлаж байсныг мөн бейсболын цагаан бөмбөг төв талбайг чиглэн, хэрхэн нисч байсныг ч санаж байна.

Миний бейсбол тоглох чадвар бага насны минь баатруудын чадварт дөхөж ч очоогүй юм. Гэхдээ би хэд хэдэн удаа тун сайн цохисон бөгөөд тэр үедээ түүний чадварт нэлээн дөхөж очсон.

Бид баатруудаа сонгохдоо зориуд юм уу зориуд бусаар тэдний хамгийн биширмээр талуудыг даган дуурайж эхэлдэг.

Аз болоход аав, ээж хоёр маань намайг бага байхад миний хувьд баатрууд болох даган дуурайх хүмүүстэй эчнээ танилцуулсан юм. Аав маань Яанкий цэнгэлдэх хүрээлэн рүү биширдэг бейсболын тамирчныг минь харуулахаар намайг ганцхан удаа дагуулж явсан мөртлөө миний баатар болсон санваартан эрэгтэйг надад харуулахаар намайг ням гараг бүр дагуулж явдаг байлаа. Тэрхүү баатар маань миний амьдралд зүг чигийг зааж өгсөн. Аав манай гэрт цугладаг байсан бяцхан салбарын ерөнхийлөгч нь байсан юм. Хэрэв та ням гаргийн өглөө 1 давхарт байх л юм бол сүмд байна гэсэн үг. Манай салбарт хэзээ ч 30-аас илүү хүн ирж байсангүй.

Нэг залуу эрэгтэй ээжийгээ цуглаанд хүргэж өгөхөөр долоо хоног бүр ирдэг байсан ч хэзээ ч манай гэрт орж ирдэггүй байлаа. Тэр гишүүн биш байсан ч аав машины зогсоол руу очиж, түүнийг гэртээ орж ирэхэд урьсан юм. Удалгүй тэр баптисм хүртэж, миний анхны бөгөөд цорын ганц Аароны санваарын удирдагч болсон билээ. Тэр миний санваартан баатар болсон бөгөөд бэлэвсэн эмэгтэйд түлээний мод хагалж өгөх төслөө амжилттай дуусгасны төлөө надад модоор сийлсэн баримал өгснийг би одоо ч гэсэн санадаг. Би Бурханы үйлчлэгчийг зүй ёсоор магтахдаа түүнтэй адил байхыг хичээдэг юм.

Манай гэрт цугладаг байсан жижигхэн салбараас би өөр нэгэн баатрыг мөн сонгосон юм. Тэр Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн флотын усан цэрэг байсан бөгөөд манай цуглаанд ногоон дүрэмт хувцастайгаа ирдэг байлаа. Тэр үед дайн болж байсан учраас тэр миний баатар болсон юм. Тэнгисийн цэргийн флот түүнийг Принстоны их сургуульд илүү сайн боловсрол эзэмшүүлэхээр явуулжээ. Би түүний цэргийн дүрэмт хувцаснаас нь илүүтэй, Палмер цэнгэлдэх хүрээлэнд Принстоны их сургуулийн хөл бөмбөгийн багт тоглодог байсныг нь биширдэг байлаа. Мөн би түүнийг их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглохыг мөн бейсболын багт бөмбөг шүүрэгчээр тоглохыг нь үздэг байв.

Тэр манай гэрт ирж, надад хоёр хөл, баруун гарынхаа тусламжтайгаар хэрхэн сагсан бөмбөг оновчтой шидэхийг зааж, чи хожмын нэгэн өдөр сайн багт тоглож болох учраас уг чадварыг эзэмших хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би тухайн үед сайн ойлгоогүй ч тэр надад жинхэнэ санваартан эрэгтэйн үлгэр жишээг үзүүлсэн юм.

Та хүссэн ч, хүсээгүй ч санваартан эрэгтэйн үлгэр жишээг үзүүлэх болно. Та санваар авснаараа дэнлүү болдог. Их Эзэн эргэн тойрон дахь хүмүүсийнхээ замыг гэрэлтүүлэг хэмээн таныг дэнлүүний суурин дээр тавьдаг. Энэ нь санваарын чуулгад бүр ч илүү тодорхой харагддаг. Та агуу юм уу дунд зэргийн үлгэр жишээ эсвэл бүр муу үлгэр жишээ ч байж болно. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ хэмээн та бодож магадгүй, харин энэ нь Их Эзэнд хамаатай. Тэрээр энэ талаар:

“Та нар бол дэлхийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна.

Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ.

Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг”1 хэмээн хэлсэн байдаг.

Би үйлчлэх боломжтой байсан чуулгууддаа санваартны агуу үлгэр жишээнүүдээр адислагдсан билээ. Та бусдад даган дуурайх үлгэр жишээ болсноор тэдний надад үзүүлсэн үлгэр жишээг харуулж чадна.

Миний баатар байсан санваартнуудаас би гурван нийтлэг зан чанарыг олж харсан юм. Нэгдүгээрт, залбирал; хоёрдугаарт, үйлчлэл; гуравдугаарт, шударга байх чанд хатуу шийдвэр.

Бид бүгд л залбирдаг, харин таны үлгэр жишээгээ болгохыг хүсдэг санваартан нь олон удаа чин үнэн хүсэлтэй залбирдаг юм. Та үдэш бүр өвдөг сөгдөн, өдрийн турш хүлээн авсан олон адислалдаа Бурханд талархлаа илэрхийлж байх хэрэгтэй. Та түүнд эцэг эх, багш болон даган дуурайх агуу үлгэр жишээтэй байгаадаа талархах ёстой. Ялангуяа хэн, хэрхэн амьдралыг тань адисалсан тухай ярих хэрэгтэй. Ийм залбирал илүү их цагийг болон улам их тунгаан бодохыг шаардах болно. Энэ нь гайхлыг тань төрүүлэхийн хамт таныг ч мөн өөрчлөх болно.

Та өршөөхийг хүсч залбирахдаа бусдыг ч мөн уучилж байгаагаа анзаарах болно. Та Бурханд хандан, Түүний нинжин сэтгэлийн төлөө талархахдаа өөрийн тань хайр энэрэл хэрэгтэй байгаа хүмүүсийг нэр нэрээр нь санах болно. Энэхүү туршлага таныг өдөр бүр гайхшируулж, цаг хугацаа өнгөрөх тусам таныг өөрчлөх болно.

Чин сэтгэлийн залбирлаар дамжуулан өөрчлөгдөх нэг арга зам бол та Бурханы хүүхэд гэдгээ мэдрэх явдал гэдгийг амалж байна. Та Бурханы хүүхэд гэдгээ мэдсэнээр Тэр та нараас маш их зүйл хүсэн хүлээдгийг мэдэх болно. Тэр таныг Өөрийнхөө хүүхдийн хувьд Түүний болон Түүний хайрт Хүү Есүс Христийн сургаалуудыг дагаасай гэж хүсдэг. Тэр таныг бусдад эелдэг найрсаг, өрөвч нигүүлсэнгүй хандаасай гэж мөн хүсэн хүлээх болно. Хэрэв та бардамнаж, амин хувиа хичээх юм бол Тэрээр гунихардаг. Мөн Тэрээр та нарыг бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавих хүслээр адислах болно.

Та нарын зарим нь аль хэдийнээ санваарын амин хувиа үл хичээх үйлчлэлийн үлгэр жишээ болсон байгаа. Дэлхий даяарх ариун сүмүүдэд санваартнууд нар мандахаас ч өмнө ирдэг. Зарим нь нар жаргаснаас хойш ч олон цагаар үйлчилдэг. Ийнхүү цаг зав, хичээл зүтгэлээ золиосолсны хариуд тэдэнд дэлхийн магтаал, нэр хүнд ирдэггүй. Ариун сүмийн адислалуудыг хүлээн авах боломжгүй сүнсний дэлхий дэх хүмүүст үйлчлэхээр би нэг удаа залуучуудтай хамт явж билээ.

Би тэдний залхаж ядарсан царайг биш харин тэдний баяр баясгалантай байдлыг хараад санваарын амин хувиа үл хичээх үйлчлэлийн хариуд энэ дэлхийд агуу адислалууд ирдэг юм байна гэдгийг мэдсэн юм. Гэвч энэ нь сүнсний дэлхий дэх хүмүүст үйлчилснээс ирэх баяр баяслыг тэдэнтэй хуваалцахтай харьцуулбал тун өчүүхэн зүйл юм.

Би үүнтэй адил аз жаргалыг Бурханы хаант улсад харьяалагдсанаас ирдэг адислалуудынхаа тухай бусдад ярьж өгч буй хүмүүсийн нүүр царайнаас олж харсан юм. Номлогчдоор заалгах хүмүүсийг бараг өдөр бүр тэдэнд авчирч өгдөг нэгэн салбарын ерөнхийлөгчийг би танина. Тэр хэдхэн сарын өмнө сүмийн гишүүн биш байсан. Түүний ачаар номлогчид илүү олон хүнд хичээл зааж, салбар нь гишүүдийнхээ тоогоор болон хүч чадлаараа өсч байна. Гэвч үүнээс илүү чухал нь гэвэл тэрээр амаа нээх тэдэнд гэрэл болж, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг цуглуулах Их Эзэний ажлыг яаравчлуулахад тусалж байна.

Та залбирч, бусдад үйлчилснээр өөрийгөө Бурханы хүүхэд гэдгийг мэдэх мэдлэг тань мөн Түүний талаарх мэдрэмж тань өсөн нэмэгдэх болно. Хэрэв та ямар нэг байдлаар шударга бус байх юм бол Тэр гунигладаг болохыг та илүү сайн мэдрэх болно. Та Бурханд болон бусдад өгсөн амлалтаа биелүүлэх илүү шийдвэр төгс байж, өөрийнх чинь л биш бол ямар ч зүйлийг авах хүсэлгүй болох болно. Мөн та нар ажил олгогчидтойгоо илүү шударга харьцана. Та нар Их Эзэнээс өгсөн ажил үүрэг бүрийг хугацаанд нь бүрэн хийж дуусгах тал дээр илүү шийдвэр төгс байх болно.

Заахаар дуудагдсан гэр бүлийн тань хүүхдүүд гэрийн багш нараа ирэх болов уу гэж бодохын оронд таныг хүрч ирээсэй хэмээн харуулдан хүлээнэ. Хүүхдүүд маань энэ адислалыг хүлээн авсан юм. Тэднийг өсч томрох үед Их Эзэнд үйлчлэх төлөвлөгөөгөө гаргахад нь тусалсан санваартан баатрууд тэдэнд байсан. Энэхүү адислагдсан үлгэр жишээ одоо гуравдахь үе удамд маань дамжин ирж байна.

Би бас талархлын талаар хэдэн үг захиж хэлэхийг хүсэж байна.

Би та нарын залбиралд талархдаг. Та нар бүх асуултынхаа хариуг аваагүй учраас өвдөг сөгдөн залбирдагт тань би талархаж байна. Та нар тэнгэрийн Бурханд талархлаа илэрхийлэн, Түүний адислалуудыг өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ амьдралд авчрахын тулд залбирдаг. Би та нарын бусдад үзүүлдэг үйлчлэлд болон та нарын тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг мэдэрсэн цаг үе болгонд тань талархал илэрхийлж байна.

Хэрвээ үйлчилснийхээ төлөө энэ дэлхийгээс хүндэтгэл хүлээхийг эрмэлзэх юм бол илүү агуу адислалуудаа алдаж болзошгүй гэсэн Их Эзэний анхааруулгыг бид хүлээн авсан билээ. Та нар дараах үгсийг санаж байгаа байх:

“Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.

Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.

Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд.

Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.”2

Миний хувьд агуу санваартнуудын үлгэр жишээ байсан тэр хүмүүс өөрт нь баатрын зан чанарууд байдгийг тийм ч сайн мэддэггүй байлаа. Үнэндээ миний биширдэг зан чанарууд өөрт нь байдгийг харах нь тэдэнд хүндрэлтэй байдаг мэт надад санагддаг. Би Нью Жерси дэх сүмийн бяцхан салбарын итгэлтэй ерөнхийлөгч байсан аавынхаа талаар сая дурслаа. Аав минь хожим нь сүмийн Ням гаргийн ангийн удирдах зөвлөлийн гишүүн болсон юм. Би өнөөдөр яагаад аавынхаа санваарын үйлчлэлийн талаар ийнхүү даруухан ярьж байна вэ гэвэл аав минь үнэхээр даруу байсан билээ.

Мөн бага насны минь баатар байсан усан цэрэг ч ийнхүү үйлчилсэн юм. Тэр санваарынхаа үйлчлэлийн талаар болон амжилтынхаа тухай надад хэзээ ч ярьж байгаагүй. Тэр зүгээр л үйлчилдэг байсан. Би түүний итгэлтэй байдлын тухай бусдаас олж мэдсэн юм. Тэр өөртөө байдаг тэрхүү эрхэм сайхан чанаруудаа олж харсан эсэхийг би хэлж мэдэхгүй. Харин би түүний энэ чанаруудыг дээдлэн биширдэг билээ.

Иймээс бусдыг санваараараа адислахыг хүсч буй та нарт бусдад нууц байдаг боловч Бурханд ил байдаг үйлчлэл хийхийг зөвлөж байна.

Түүнд хандан залбир. Амьдралдаа байгаа бүх сайн сайхан зүйлийн төлөө Түүнд таларх. Хэнийг та нарын замд үйлчлэл хийлгэхээр илгээснийг Түүнээс асуу. Мөн энэхүү үйлчлэлийг хийхэд туслахыг Түүнээс гуй. Бусдыг уучилснаар өөрөө ч бас уучлагдахын төлөө залбир. Тэгээд тэдэнд үйлчил, тэднийг хайрла мөн уучил.

Хамгийн чухал нь мөнх амьдралыг өвлөн авахад тэнцэхүйц зохистой байдлыг сонгоход нь бусдад туслахаас илүү агуу үйлчлэл байхгүй гэдгийг санаж яваарай. Бурхан бидэнд санваараа хэрхэн ашиглах талаар бидний хийдэг бусад бүх зүйлд нөлөөлөх удирдамж өгсөн юм. Тэр бол үүний төгс үлгэр жишээ мөн. Энэ бол бид Түүний мөнх бус үйлчлэгчдийн хийдэг хамгийн шилдэг зүйлсээс багаханыг ч болов харж болох үлгэр жишээ юм.

“Мөн Их Эзэн Мосед хандан ярьж, хэлэв: Тэнгэрүүд, тэдгээр нь олон болой, мөн тэдгээр нь хүмүүнд тоологдож болох нь үгүй; харин тэдгээр нь надад тоологддог бөлгөө, учир нь тэдгээр нь минийх.

Мөн нэг дэлхий алга болоход, үүний тэнгэр бүр үүнчлэн өөр нэг нь ирэх бөлгөө; мөн миний ажлуудад, мөн миний үгсэд төгсгөл үгүй.

Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө.”3

Бид энэ ажилд туслах ёстой. Бидний хүн нэг бүр өөрчлөлт гаргаж чадна. Энэхүү ариун ажлыг эцсийн өдрүүдэд хийх цаг зав, газрыг бидэнд зориулан бэлтгэсэн юм. Бидний хүн нэг бүр уг ажлыг дэлхий дээр амьдарч байсан үеийнхээ хамгийн чухал зорилго болгосон хүмүүсийн үлгэр жишээгээр адислагдсан билээ.

Бид бүгд энэхүү боломжийн давуу талыг идэвхтэй ашиглах болтугай хэмээн би залбирч байна.

Бурхан Эцэг амьд бөгөөд Түүнд сайн үйлчлэх юм бол хэрэгтэй байгаа тусламжийнхаа төлөө залбирсан таны залбиралд Тэрээр хариулах болно. Есүс Христ бол амилсан Их Эзэн. Энэ бол Түүний сүм. Та нарын атгадаг санваар бол Бурханы хүүхдүүдэд үйлчлэх Түүний ажлыг Түүний нэрээр үйлдэх хүч юм. Та нар уг ажилд бүх зүрх сэтгэлээ зориулбал Тэр та нарыг өргөх болно. Би үүнийг бидний Аврагч, Есүс Христийн нэрээр амлаж байна, амен.