2010–2019
Бошиглогч Иосеф Смит
Дөрөвдүгээр сар 2014


Бошиглогч Иосеф Смит

Иосеф Смитийн дээр цутгасан илчлэлтүүд түүнийг Бурханы бошиглогч байсныг баталдаг.

Анхны үзэгдэл

Нэгэн залуу эрэгтэй Библи уншиж байтал судрын нэг онцгой хэсэг нүдэнд нь тусчээ. Энэ мөч бол дэлхийг өөрчлөх мөч байв.

Тэрээр аль сүм түүнийг үнэн болоод аврал руу хөтөлж чадахыг мэдэхийг ихэд хүсч байлаа. Тэрээр ямар ч аргаар хариултаа олж чадаагүй учраас Библид хандаж, “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”1 гэсэн үгсийг уншжээ.

Тэрээр тэдгээрийг ахин дахин тунгаан бодов. Иосефын ойлголт нь харанхуйд гэрэлтэж эхлэх бяцхан гэрэлтэй адил байлаа. Харанхуй болон төөрөгдлөөс гарах хариулт нь энэ гэж үү? Энэ нь тийм энгийн байх юм гэж үү? Бурханаас асуу, тэгвэл Тэр хариулна гэв үү? Удаан хугацааны дараа тэрээр нэг бол харанхуй, төөрөгдөлд үлдэх эсвэл Бурханаас асуух ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мэдэхийг маш их хүсч байсан ч тэрээр нам гүм булан руу гүйж очоод хурдхан залбирчихаагүй юм. Тэр ердөө 14 настай бас хариултаа бушуухан мэдэхийг хүсч байсан ч хэрхэн хийх тал дээр хянамгай байлаа. Энэ нь зүгээр нэг залбирал биш байв. Тэр залбирах оролдлогоо хэзээ, хаашаа явж, хийхээ шийдэж, Бурхантай ярихаар бэлтгэв.

Тэрхүү өдөр ч ирлээ. Энэ нь “1820 оны хаврын нэгэн сайхан цэлмэг өдрийн өглөө байв”2. Тэрээр ойролцоох ойд, өндөр моддын дундах нам гүм хэсэг рүү ганцаар алхлаа. Тэр очихоор товлосон газартаа хүрээд өвдөг сөгдөн, зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг өргөж эхлэв.

Дараа нь болсон зүйлийг тэрээр тайлбарлаж хэлэхдээ:

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв – [Иосеф,] Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!3.

24 жилийн дараа Иосеф Смит болон түүний ах Хайрум хоёр энд болсон зүйлийн улмаас нас барсан юм.

Эсэргүүцэл

Иосефыг 17 настай байхад тэнгэр элч түүнд хандан, түүний “нэр бүх үндэстэн ... бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно”4 хэмээн хэлжээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий даяар тархаж, энэхүү бошиглол өнөөг хүртэл гүйцэлдсээр байгаа билээ.

Эсэргүүцэл, шүүмжлэл, дургүйцэл нь үнэнтэй үргэлж хамт байдаг юм. Хүмүүний зорилго болон хувь заяанд хамаарах үнэн илчлэгдэх бүрд үүнийг сөрөх хүч үргэлж байдаг. Эхлэлд Адам, Ева хоёр Едений цэцэрлэгт байхаас Христийн тохинуулал хүртэл, тэрхүү өдрөөс хойш өнөөдрийг хүртэл амьдралын төлөвлөгөөг мэхлэх, гажуудуулах, эсэргүүцэх болон зогсоох нөлөө байсаар байна.

Та бүхэн хамгийн шударга бусаар эсэргүүцэгдэн, үгүйсгэгдэж мөн гологдон, цохигдож, орхигдсон мөн цовдлогдоод бүх зүйлийн доор бууж ирсэн Нэгнийг хайгаад үз. Тэндээс та үнэнийг, бүх хүн төрөлхтний Аврагч, Бурханы Хүүг олох болно. Хүмүүс яагаад Түүнийг зүгээр байлгаагүй юм бэ?

Яагаад? Яагаад гэвэл Тэр бол үнэн. Мөн үнэн нь үргэлж эсэргүүцэгдэж байдаг учраас юм.

Дараа нь Есүс Христийн бас нэгэн гэрээг болон өөр судрыг илчилсэн нэгнийг, дэлхий дээр Есүс Христийн Сүм болон сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх зэмсэг болсон нэгнийг хайгаад үзээрэй. Мөн түүнтэй шударга бус харьцсан тэдгээр хүмүүсийг хайгаад үз. Яагаад түүнийг зүгээр байлгаагүй юм бол?

Яагаад? Яагаад гэвэл Иосеф үнэнийг заасан юм. Мөн үнэн нь үргэлж эсэргүүцэгдэж байдаг учраас тэр билээ.

Илчлэлтийн үер

Иосеф Смитийн дээр цутгасан илчлэлтүүд түүнийг Бурханы бошиглогч байсныг баталдаг. Түүний үед байсан болон бидний өдрүүдэд ч нийтлэг байдаг итгэл үнэмшлээс ялгаран гэрэлтэж, түүгээр дамжуулан илчлэгдсэн зарим гэрэл болон үнэнийг бодоод үз. Зүгээр л тэдний заримыг нь хараад үз.

  • Бурхан бол өргөмжлөгдсөн бие, Мөнхийн Эцэг юм. Тэр бол бидний Эцэг.

  • Бурхан Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнс гурав нь салангид байдаг.5

  • Та бол зөвхөн хүн гэдэг зүйлээс илүү юм. Та бол Бурхан, Мөнхийн Эцэгийн хүүхэд бөгөөд хэрэв та Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэж, наманчлан, ёслолуудыг болон Ариун Сүнсийг хүлээн авч мөн эцсийг хүртэл тэвчих6 аваас танд Түүнтэй адил болох чадавх бий.7

  • Өнөөдрийн Есүс Христийн сүм нь Библид цэдэглэснээр Христийн бошиглогч, төлөөлөгч, Мелкизедек болон Левийн санваар, ахлагч, дээд санваартан, дикон, багш, бишопуудыг болон Далыг багтаан, өмнө нь зохион байгуулж байсан сүмээс ялгаагүй юм.

  • Аврагч болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдсан байсан бөгөөд манай эрин үед сэргээгдсэн юм.

  • Илчлэлт зогсож, тэнгэр хаагдаагүй. Бурхан өнөөдөр бошиглогчидтой ярьдаг бөгөөд Тэр надад болон та бүхэнд хандан ярих болно.8

  • Энэ амьдралын дараа диваажин, там хоёроос ч илүү зүйл бий. Зуурдын амьдралын дараа алдар суугийн зэрэглэлүүд байдаг ба тэдгээр нь бидний энэ амьдралд хийдэг зүйлээс маш их хамаардаг.9

  • Христэд итгэх үйлдэлгүй итгэлээс илүү бид “санаа бодол болгондоо [Түүн рүү] харж”10, “өөрийн хийх бүхнийг Хүүгийн нэрээр хийж”11, “Түүний сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд … түүнийг санаж, мөн зарлигуудыг дагах ёстой”12.

  • Сайн мэдээ ба авралд шаардлагатай ёслолуудыг хүлээн авалгүй амьдарч байгаад нас барсан олон тэрбум хүн бүрмөсөн алдагдаагүй юм. Христийн Цагаатгалаар дамжуулан бүх хүн төрөлхтөн “Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар … аврагдаж чадна”13. Эдгээр ёслолууд нь амьд хийгээд нас барсан хүмүүсийн аль алинд нь зориулагдан гүйцэтгэгддэг.14

  • Бүх зүйл төрөлтөөс эхлээгүй юм. Та бүхэн өмнө нь Бурханы хөвгүүн болон охины хувьд Түүний дэргэд амьдарч байсан бөгөөд энэ зуурдын амьдралд бэлтгэж байсан билээ.15

  • Гэрлэлт болон гэр бүл нь зөвхөн үхэл л биднийг салгах ёс төдий уламжлал биш юм. Тэдгээр нь бидний Бурхантай хийдэг гэрээгээр дамжуулан үүрд мөнхөд байх зорилготой. Гэр бүл нь тэнгэрийн загвар юм.16

Энэ бол Иосеф Смит дээр асгарсан илчлэлтийн үерийн нэг хэсэг нь л юм. Харанхуйд гэрэл, эргэлзээнд тодорхой байдлыг өгсөн бөгөөд сая сая хүнийг сүнслэгээр өдөөж, урамшуулж, адисалсан эдгээр илчлэлт хаанаас ирсэн бэ? Иосеф өөрөө үүнийг зохиосон эсвэл тэнгэрийн тусламжтай тэр үүнийг хийсэн хоёрын аль нь үнэнд ойр байна вэ? Түүний гаргаж ирсэн судрууд нь Бурханы үг шиг байна уу эсвэл хүнийх шиг сонсогдож байна уу?

Дүгнэлт

Иосеф Смитийн хийж гүйцэтгэсэн зүйлийн талаар санал зөрөлдөх зүйл байхгүй, харин зөвхөн тэр юуг, хэрхэн, яагаад хийсэнд л гол учир байгаа юм. Тийм ч олон сонголт байхгүй. Тэр нэг бол дүр үзүүлэгч, нэг бол бошиглогч байсан. Тэр энэ бүхнийг ганцаараа хийсэн эсвэл тэнгэрийн тусламжтай хийсэн. Баримт нотолгоог хараад үз дээ. Гэхдээ бүх нотолгоог хараарай. Зөвхөн ганц нэг үйл явдал бус түүний амьдралд тохиосон бүх зүйлийг хар. Хамгийн чухал нь, залуу Иосефын хийсэн шиг “бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуй. Тэгээд танд өгөгдөх болно”17. Энэ бол зөвхөн Мормоны Номын тухай болон Иосеф Смитийн талаар үнэнийг мэдэх арга төдий бус, энэ нь түүнчлэн бүх зүйлийн үнэнийг мэдэх загвар юм.18

Иосеф Смит бол өнөөдрийн Томас С.Монсон шиг бошиглогч байсан. Иосеф Смитээр дамжуулан Бурханы хаант улсын түлхүүрүүд дахин “дэлхий дээр хүмүүнд итгэмжлэгдсэн болой, мөн ... сайн мэдээ өвч дэлхийг дүүргэх хүртлээ гараар ... өнхрүүлэлгүй уулнаас таслагдсан чулуу лугаа адил ... түгэх болно”19.

Бурхан бол бидний Мөнхийн Эцэг бөгөөд Есүс бол Христ. Бид тэднийг шүтэн биширдэг. Юуг ч Тэдний бүтээлүүд болон авралын төлөвлөгөө мөн Бурханы Хургын цагаатгагч золиослолтой харьцуулшгүй билээ. Энэ эрин үед бид Цагаатгалын адислалыг хүртэж, Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээний хууль болон ёслолуудад дуулгавартай байснаар л Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлдэг. Би Бурхан Мөнхийн Эцэг мөн дэлхийн Аврагч Есүс Христийг гэрчилж байна. Би ийн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна. Амен.