2010–2019
Есүс Христийн Амилалт
Дөрөвдүгээр сар 2014


Есүс Христийн амилалт

Би Назарын Есүс бол амилсан Гэтэлгэгч гэдгийг мөн Түүний амилалтын үнэн бодит байдлын бүх зүйлийг гэрчилж байна.

Есүс Христийг зовж тарчлан, загалмай дээр нас барж, цогцсыг нь булшинд тавих үед шавь нар нь гүн гашуудалд автагдаж, цөхрөн бууж өгсөн билээ. Тэд Аврагчийг Өөрийн үхэл болоод амилалтын талаар ахин дахин ярьсныг нь ойлгоогүй ажээ. Цовдлолтын харанхуй шөнийн дараа удалгүй амилалтын баярт өглөө ирсэн юм. Гэвч Тэрээр амилсан гэх тэнгэр элчүүдийн тунхаглалыг эхлээд шавь нар нь ойлгож чадаагүй бөгөөд Түүнийг нүдээрээ үзэж, гэрчилсний дараа л уг баяр баясгалан ирсэн билээ. Амилалт нь үнэхээр урьд хожид хэзээ ч тохиож байгаагүй гайхамшиг байсан юм.

Магдалын Мариа болон цөөхөн итгэлтэй эмэгтэй л Их Эзэний цогцсыг яаруу тэвдүү тавьсан булш руу Хүндэтгэлийн өдөр эхлэхээс өмнө ням гаргийн өглөө эрт тослолтыг гүйцээхээр Аврагчийн булш руу хүрч ирэхдээ анхилуун үнэртэн болон үнэрт тос авчирсан ажээ. Тэрхүү онцгой өглөө тэд булшнаас хадыг өнхрүүлэн зайлуулсныг харсан үед хоёр тэнгэр элч:

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.

Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ?”1

“Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.

Хурдан очиж, шавь нарт нь ‘Тэр үхэгсдээс амилжээ’ гэж хэл”2 хэмээн өгүүлжээ.

Тэнгэр элч тушаасны дагуу Магдалын Мариа булш руу хараад цорын ганц анзаарсан зүйл нь Их Эзэний цогцос алга болсон явдал байлаа. Тэр төлөөлөгчдөд хэлэхээр яаравчилж, Петр, Иохан хоёрыг олоод “Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй”3 гэж хэлэв. Петр, Иохан хоёр булш руу гүйж очоод “маалинган даавуу болон толгойг нь ороосон даавууг л харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ.”4 Түрүүлж ирсэн Иохан амилалтын талаарх агуу захиасыг ойлгожээ. Тэрээр би “хараад итгэв” хэмээн бичсэн бол харин бусад нь “[Есүс] үхэгсдээс амилах ёстой гэсэн судрыг ойлгоогүй байлаа.”5

Петр, Иохан хоёрыг явсны дараа Мариа гунихарсан хэвээрээ үлджээ. Тэр үед тэнгэр элчүүд буцан ирж, түүнээс “Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр ‘Тэд Эзэнийг маань авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй’”6 гэв. Яг тэр мөчид амилсан Аврагч түүний хажууд зогсоод “Эмэгтэй чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод Мариа Түүнд ‘Эзэнтэн, хэрэв та Түүнийг авсан бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм”7 гэв.

Ахлагч Жэймс И.Талмэж: “Хэдийгээр тэр мэдээгүй ч хайртай Эзэн Есүс нь түүнтэй ярьсан юм. Түүний хэлсэн ганцхан үг эмэгтэйн зовлон гунихралыг гайхамшигтай баяр баясгалан болгосон билээ. ‘Есүс, Мариа гэлээ.’ Сонссон эелдэг зөөлөн дуу хоолой нь түүнийг гүнзгий гунигаас татан авсан юм. Тэр эргэнгүүтээ Их Эзэнийг харлаа. Тэр агуу баяр баяслынхаа хариу болгон Түүнийг тэврэхээр гараа сунгаж, зөвхөн хайр, хүндэтгэлийн үг болох ‘Рабуни’ буюу миний хайрт Багш гэсэн утгатай үгийг хэлжээ”8 гэж бичсэн байдаг.

Ингээд адислагдсан энэ эмэгтэй амилсан Христийг харж, Түүнтэй ярилцсан анхны мөнх бус хүн болсон юм. Христ тэр өдрөө Иерусалимын ойролцоо Петрт;9 Еммау хэмээх тосгоны ойролцоо хоёр шавьдаа үзэгдэж;10 орой нь бусад 10 төлөөлөгчдөө болон бусад хүмүүст замд нь гэнэт гарч ирэн, “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв” 11. Цааш нь Тэрээр тэдэнд итгүүлэхийн тулд “тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь”12 хайрсан загас, зөгийн бал авч, тэдний өмнө иджээ.13 Дараа нь Тэр тэдэнд та нар “Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно”14 хэмээн зааварчилжээ.

Иерусалим дахь эдгээр гэрчээс гадна бидэнд дэлхийн баруун хагас дахь оршин суугчдад амилсан Их Эзэний хийсэн юутай ч зүйрлүүлшгүй тохинуулал байдаг. Тэрээр Өгөөмөр нутагт тэнгэрээс бууж ирээд цугласан 2500 орчим хүнээс бүгд нэг нэгээрээ урагш гарч ирэн, түүний хавирган талын сорви болон гар, хөлөн дэх хадаасны ормуудыг тэмтэрч үзэхийг хүссэн билээ.15

“Мөн тэд бүгд очоод мөн өөрсдөө үзэж, тэд нэгэн дуугаар хашгирч хэлсэн нь:

Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг! Мөн тэд Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн бишрэв.”16

Түүний оршин буй нь юунаас ч хамааралгүй бөгөөд үүрд мөнхийнх гэдгийг Христийн амилалт харуулдаг. “Учир нь Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Тэр Хүүдээ соёрхжээ.”17 Есүс:

“Тиймээс Эцэг намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө.

Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий”18 хэмээн хэлсэн байна.

Аврагч хоол хүнс, ус унд, хүчилтөрөгч эсвэл ямар нэгэн өөр бодис, хүч эсвэл хүнээс хамааралгүй юм. Иехова буюу Мессиагийн хувьд Тэр байдаг бөгөөд амьд Бурхан юм.19 Тэр байгаа мөн үүрд байх болно.

Есүс Христ Цагаатгал болон амилалтаараа уналтын бүх талыг ялсан юм. Бие махбодын үхэл нь түр зуурынх бөгөөд бүр сүнсний үхэлд хүртэл төгсгөл ирж, бид бүгд наанадаж л шүүгдэхээр түр хугацаагаар ч болов Бурханы дэргэд буцаж очих болно. Бидэнд бусад бүх зүйлийг ялах хүчийг болон үүрдийн амьдралыг өгдөг Түүний хүчинд бид бүрэн итгэж, найдаж болно.

“Учир нь үхэл нь нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амилалт нь мөн нэг хүнээр иржээ.

Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно.”20

Ахлагч Нийл А. Максвэлл: “Христ үхлийг ялсан нь хүн төрөлхтний зовлонд цэг тавьсан юм. Одоо зөвхөн хувь хүний зовлон л байгаа бөгөөд биднийг сүнсний үхлээс авардаг Түүний сургаалыг дагаснаар л бид энэ зовлонгоосоо салж чадна”21 гэж хэлсэн байдаг.

Христ шударга ёсны шаардлагыг хангаснаараа шударга ёсны газарт хөл тавьсан юм; эсвэл Тэр бол хайр учраас шударга юм хэмээн бид хэлж болох юм.22 Үүнчлэн, Бурхан төгс шударга байдгаас гадна Тэр бол төгс нигүүлсэнгүй Бурхан юм.23 Иймээс Аврагч бүх зүйлийг зөв хийдэг. Мөнх бус амьдрал дахь шударга бус байдал, тэр байтугай үхэлд хүртэл төгсгөл ирнэ. Учир нь Тэр амьдралыг сэргээдэг бөгөөд Түүний төгс шударга ёс, төгс нигүүлслийн улмаас гэмтэл бэртэл, хөгжлийн бэрхшээл, хууран мэхлэлт, хүчирхийлэл зэрэг нь бүгд эцэстээ нөхөн төлөгдөх болно.

Мөн үүнтэй адил бид бүгд өөрсдийн амьдрал, сонголтууд, үйлдэл, бүр бодлуудынхаа төлөө Түүний өмнө хариуцлага хүлээдэг. Биднийг уналтаас гэтэлгэсэн учраас бидний амьдрал хэрэг дээрээ Түүнийх юм. Тэрээр:

“Болгоогтун би өөрийн сайн мэдээг та нарт өгсөн, мөн энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ—Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.

Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө”24 хэмээн тунхагласан билээ.

Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан болон амьдралын асуултуудад хариулсан амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол Тэр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас Тэрээр ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн; Бурхан худлаа ярьдаггүй.25

Тиймээс Тэр Өөрөө хэлсэнчлэн Тэр бол дэлхийн Бүтээгч.26

Тиймээс Түүний заасанчлан диваажин болон там нь үнэн бодитой юм.27

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.28

Тиймээс тэнгэр элч нарын хэлснээр Тэр дахин ирж29, “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно”30.

Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно.31

Христийн амилалт үнэн бодитой учраас дэлхийн гэтэлгэлийн төлөө Өөрийн Төрсөн Ганц Хүүг өгсөн Бурхан Эцэгийн хүч, мэдлэг, хайр энэрлийн талаарх аливаа эргэлзээ үндэсгүй юм. Амьдралын утга учир, зорилгын талаарх эргэлзээ нь ч утга учиргүй юм. Есүс Христ бол бүх хүн төрөлхтөнд аврал ирж болох цорын ганц нэр бөгөөд зам мөн. Нүглээ наманчлагч нүгэлтнийг өршөөж, цэвэршүүлдэг Христийн ач ивээл үнэн бодитой билээ. Үнэн итгэл нь ямар нэгэн төсөөлөл эсвэл санаанаасаа зохиосон ямар нэг зүйлээс илүү чухал. Туйлын үнэн гэж байдаг. Түүний заасан бодит, хэзээ ч өөрчлөгдөшгүй ёс суртахууны жишиг гэж бас байдаг.

Христийн Амилалт үнэн бодитой учраас Түүний хууль болон зарлигийг зөрчсөн л бол заавал наманчлах ёстой бөгөөд наманчлал нь боломжтой юм. Аврагчийн гайхамшгууд үнэн бодитой бөгөөд шавь нартаа та нар Миний адил зүйлийг хийх болно мөн бүр илүү агууг хийх болно гэсэн Түүний амлалт бодитой билээ.32 Түүний санваар нь үнэн бодитой хүч бөгөөд “сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой. Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.”33 Христийн амилалт бодит учраас үхэл бидний төгсгөл биш бөгөөд ялзрал нь бидний бие махбодыг устгаж болох ч бид махан биеэрээ Бурханыг харах болно.34

Ерөнхийлөгч Томас С.Монсон Роберт Блачфорд хэмээх хүний тухай ярьсан юм. Тэрээр 100 жилийн өмнө “Бурхан болон миний хөрш номондоо хүлээн зөвшөөрөгдсөн Христийн шашин, Бурхан, Христ, залбирал зэргийг болон мөнх бус байдлыг шүүмжлэн бичжээ. Тэрээр ‘Би ямар ч агуу Христийн шашинтан миний баталсан бүхнийг, миний маргаан болон байр суурийг ганхуулж чадахгүй гэдгийг баталж байна’ гэж маш итгэлтэй хэлжээ. Тэр өөрийгөө итгэлгүй байдлын хэрмээр хүрээлсэн байлаа. Гэтэл цочирдмоор зүйл болох нь тэр. Түүний босгосон хана гэнэт нуран унажээ. … Тэрээр аажмаар өөрийн гутаан доромжилж, үгүйсгэж байсан итгэл рүүгээ буцаж эхэлсэн юм. Юу түүнд энэ өөрчлөлтийг авчрав аа? Эхнэр нь нас барсан ажээ. Тэрээр шаналан гашуудаж, эхнэрийнхээ мөнх бус цогцос хэвтэж буй өрөө рүү очоод нэгэн цагт хамгаас их хайрладаг байсан эхнэрийнхээ царай руу харжээ. Тэр гарч ирээд найздаа: ‘Тэр мөн байна, бас тэр биш байна. Бүх зүйл нь өөрчлөгджээ. Түүнд урьд нь байсан ямар нэгэн зүйл одоо байхгүй байна. Тэр урьдынх шигээ биш болжээ. Энэ нь сүнс биш бол өөр юу байх билээ?’”35 гэж хэлсэн байна.

Их Эзэн нас бараад амилсан уу? Тийм ээ. “Есүс Христ нас барж, оршуулагдаад гурав дахь өдрөө амилж, тэнгэр рүү одсон хэмээх төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл нь манай шашны үндсэн зарчим юм; манай шашинд хамаатай өөр бусад бүх зүйл үүний зөвхөн хавсралт төдий юм.”36

Есүсийн бошиглогдсон төрөлт ойртох тусам эртний нифайчууд болон леменчүүдийн дунд итгэсэн нь цөөхөн, харин эргэлзсэн нь олон байлаа. Цаг нь болоход Түүний төрөлтийн тэмдгүүд ирж; нэг өдөр, нэг шөнө нь өдөр, шөнөгүй нэгэн өдөр лугаа адил байх болно.37 Бүр өнөөдөр хүртэл зарим нь Христийн амилалтын бодит байдалд итгэдэг байхад зарим нь эргэлзэж, үл итгэдэг. Гэвч зарим нь үүнийг үнэн гэдгийг мэддэг. Цаг нь болоход бүх хүн харж мөн мэдэх болно; “түүний өмнө өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно.”38

Би Шинэ Гэрээнд гардаг Аврагчийн амилсныг гэрчлэх гэрчүүд болох Петр, бусад төлөөлөгч, цэвэр ариун Магдалын Мариад болон бусад гэрчид итгэдэг. Би Мормоны Номонд гардаг Өгөөмөр нутаг дахь төлөөлөгч Нифайд болон цугласан олны гэрчлэлд итгэдэг. Мөн би Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын Түүний талаар өгсөн олон гэрчлэлийн дараа “Тэр амьд бөлгөө! Учир нь бид түүнийг харсан”39 хэмээх энэхүү эцсийн эрин үеийн агуу гэрчлэлд итгэдэг. Бүхнийг харагч Түүний мэлмий дор би Назарын Есүс бол амилсан Гэтэлгэгч гэдгийг мөн Түүний амилалтын үнэн бодит байдлын бүх зүйлийг гэрчилж байна. Та нар мөн үүнтэй адил итгэл, тайтгарлыг олж авах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.