2010–2019
Бид дахин уулзтал
Дөрөвдүгээр сар 2014


Бид дахин уулзтал

Чуулганы энэ хоёр өдрийн туршид мэдэрсэн Сүнс өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд маань бидэнтэй хамт байх болтугай.

Ах, эгч нар аа, ямар гайхамшигтай чуулган болов оо. Бид, бидэнд хандан үг хэлсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үгсийг сонссоноор сүнслэгээр тэжээгдлээ. Хөгжим гайхамшигтай сайхан байлаа. Чуулган дээр хэлсэн үгс Ариун Сүнсний удирдамжин дор бэлтгэгдэж, хэлэгдсэн бөгөөд залбирлууд биднийг тэнгэрт илүү ойртууллаа. Бид чуулганд хамтдаа оролцсоноор бүх талаар өргөгдлөө.

Чуулганд хэлсэн үгс дараагийн хэдэн өдрүүдэд LDS.org вэбсайт дээр тавигдаж, Ensign мөн Лиахона сэтгүүл дээр хэвлэгдэж гарсны дараа бид унших цаг гаргана гэдэгт би найдаж байна. Учир нь эдгээрийг анхааран уншиж, судлах нь тун үнэ цэнэтэй билээ.

Би та бүхнийг энэхүү чуулганаар дуудлагаасаа чөлөөлөгдсөн ах, эгч нарт надтай хамт чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн гэдгийг мэдэж байна. Тэд сайн үйлчилсэн бөгөөд Их Эзэний ажилд онцгой чухал нөлөө үзүүлсэн билээ. Тэд бүхнээ зориулан үйлчилсэн юм.

Бид мөн шинэ үүрэг хариуцлагад дуудагдсан ах нарыг гар өргөж, дэмжин баталсан. Бид тэднийг тавтай морилно уу хэмээн урьж, тэдэнтэй хамт Эзэний ажилд үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байгааг маань мэдээсэй гэж хүсч байна.

Бид сонссон захиасуудаа тунгаан бодож, өнгөрсөн үед хийснээсээ арай илүү сайн хийх шийдвэр төгс байх болтугай. Бид бидний итгэл, жишгийг дагадаггүй хүмүүст эелдэг, хайраар хандах болтугай. Аврагч энэ дэлхий дээр хайр, сайн сайхан байдлын захиасыг бүх эрэгтэй, эмэгтэй хүнд авчирсан юм. Бид Түүний жишээг үргэлж дагаж байх болтугай.

Бид өнөөгийн дэлхийд маш олон саад бэрхшээлтэй тулгардаг ч Тэнгэрлэг Эцэг бидэнд анхаарал тавих болно гэдгийг би та бүхэнд баталж байна. Бид Түүнд итгэл, найдвараа тавивал Тэрээр биднийг удирдаж, адислах бөгөөд ямар ч саад бэрхшээлийг даван гарахад туслах болно.

Тэнгэрийн адислалууд бид бүгдтэй хамт байх болтугай. Бидний гэр орон хайр, эелдэг даруу байдлаар болон Их Эзэний Сүнсээр дүүрэх болтугай. Бид сайн мэдээний гэрчлэлүүдээ байнга арчлан тордох болтугай. Тэгснээр тэдгээр нь дайсны тамлалын эсрэг биднийг хамгаалах болно. Чуулганы энэ хоёр өдрийн туршид мэдэрсэн Сүнс өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд маань бидэнтэй хамт байж, бид ч мөн Их Эзэний ажлыг байнга хийж байх болтугай.

Энэ ажил бол үнэн, бидний Аврагч амьд мөн Тэрээр энэ дэлхий дээрх Өөрийн сүмийг удирдан чиглүүлдэг гэдгийг би гэрчилж байна. Бидний Мөнхийн Эцэг Бурхан амьд бөгөөд биднийг хайрладаг гэсэн гэрчлэлээ би та нарт үлдээж байна. Тэр үнэхээр бидний Эцэг бөгөөд бодгальд бодитой оршдог. Түүнийг бидэнтэй хэр их ойрхон байдгийг, бидэнд туслахын тулд хэр их зүйлийг хийхэд бэлэн байдгийг мөн биднийг хэр их хайрладгийг бид ухаарах болтугай.

Ах, эгч нар минь, Бурхан та нарыг адислаг. Түүний амласан амар амгалан одоо болон үүрд та нартай хамт байг.

Зургаан сарын дараа дахин уулзтал та бүхэнд сайн сайхныг хүсье. Есүс Христ, бидний Их Эзэн, Аврагчийн нэрээр, амен.