2010–2019
Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна
Дөрөвдүгээр сар 2014


Ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэй хүмүүс хэрэгтэй байна

Бид Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай ажлыг яаравчлуулахын тулд тусламжийн гар болон зүрх сэтгэлээ зориулж чадна.

Хүндэт эгч нар аа, бид та нарт маш их хайртай. Энэхүү гайхалтай видео бичлэгийг үзэж байхдаа хэн нэгнийг гэрээнийхээ зам дээр үлдэхэд нь та туслахаар сунгаж буй гараа олж харав уу? Хүүхдийн хэсгийн Бринн охин ганцхан гартай боловч гэр бүл, хожмын үеийн гэгээнтэн болон өөр шашны найзуудаа адислахын тулд тэр гараа ашигладаг талаар би бодож байсан билээ. Тэр үзэсгэлэнтэй байгаа биз дээ? Та нар ч гэсэн үзэсгэлэнтэй шүү дээ! Эгч нар аа, бид Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай ажлыг яаравчлуулахын тулд тусламжийн гар болон зүрх сэтгэлээ зориулж чадна.

Судрууд дээрх Ева, Сара, Мэри болон бусад олон итгэлтэй эгч нар өөрсдийгөө хэн болох мөн ямар зорилготойгоо мэдэж байсны нэгэн адил Бринн Бурханы охин гэдгээ мэддэг.1 Бид ч бас Бурханы хайрт охидын хувьд өөрсдийн тэнгэрлэг өв болон Түүний бидэнд өгсөн чухал ажлыг мэдэж авч чаддаг билээ.

Аврагч “Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаалыг мэдэх болно”2 хэмээн заасан. “Түүнтэй хамт амьдрахын тулд”3 бид юу мэдэж мөн юу хийх хэрэгтэй вэ? Мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйгээ Есүсээс асуусан баян залуугийн түүхээс бид суралцдаг.

Есүс түүнд “Хэрэв чи амьтай болохыг хүсэж байгаа бол тушаалуудыг сахь” гэв.

Залуу эр аль тушаалыг сахих хэрэгтэйгээ Түүнээс асуув. Есүс бидний сайн мэддэг арван тушаалын заримыг нь түүнд сануулан хэлсэн юм.

Залуу “Энэ бүхнийг би сахьсан. Надад өөр юу дутагдаж байна?” гэхэд

Есүс “Хэрэв чи төгс байхыг хүсэж байвал, явж эд хөрөнгөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, намайг дага”4 гэлээ.

Есүс түүнийг ажлынхаа нэг хэсэг болох шавийн ажилд дуудсан. Бидний ажил ч адил юм. Бид “дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, … гэрээнүүдээ итгэлтэйгээр сахиж”5 мөн Христэд ирж, Түүнийг дагах ёстой. Энэ бол шавь нарын хийдэг зүйл билээ!

Эгч нар аа, Аврагч баян залууд төгс болох талаар ярьсан учраас өөрсдийгөө голоод эхэлж болохгүй шүү. Энэ түүхэнд гарч буй төгс гэдэг үгийг “бүрэн гүйцэд” гэсэн утгатай грек үгнээс орчуулагдсан. Бид гэрээнийхээ зам дээр урагшлахаар чадлаараа хичээснээр энэ амьдралдаа илүү бүрэн, төгс болдог билээ.

Есүсийн өдрүүдэд амьдарч байсан баян залуугийн нэгэн адил ганцаараа үүнийг хийж чадахгүй шүү дээ гэж бид боддог байж магадгүй учраас заримдаа бууж өгөх эсвэл замаасаа буцахаар уруу татагддаг. Ингэж бодох нь бидний зөв юм! Биднээс хийхийг хүссэн хэцүү зүйлсийг бид ямар нэгэн тусламжгүйгээр хийж чадахгүй. Тусламж нь Есүс Христийн Цагаатгал, Ариун Сүнсний удирдамж мөн бусдын үйлчлэлээр дамжин ирдэг.

Итгэлтэй, ганц бие нэгэн эмэгтэй хавдрын улмаас нас барсан эгчийнхээ дөрвөн хүүхдийг өсгөхөд тусламжийн гараа сунгах болон зүрх сэтгэлээсээ өгөх хүч чадлыг Цагаатгалаар дамжуулан олсон талаар саяхан гэрчлэлээ хуваалцсан юм. Энэ нь надад ахлагч Нийл А.Максвэллийн: “Сүмд хэрэгтэй байсан бүхий л амархан зүйлүүд нь хийгдээд дууссан. Үүнээс хойш энэ нь адал явдалтай байх бөгөөд дагалдагчид сонирхолтой зарим арга замуудаар соригдох болно”6 гэж хэлснийг санагдуулсан юм. Та нар хэн болох мөн юу хийхээр бэлтгэгдсэнээсээ шалтгаалан энэ эрин үед дэлхий рүү илгээгдсэн билээ! Биднийг хэн болох талаар Сатан юу ч гэж бодуулахыг ятгаж байлаа гэсэн, үнэндээ бид чинь Есүс Христийн дагалдагчид шүү дээ.

...“мөн зүрх сэтгэл болгон хатуурав, … тийм агуу ёсон бусын үйл Лихайн бүх хүүхдүүдийн дунд ч байсангүй”7 тэр өдрүүдэд амьдарч байсан Мормон жинхэнэ дагалдагч байсан юм. Та тийм цаг үед амьдрахыг хүсэх байсан уу? “Болгоогтун, Бурханы Хүү, Есүс Христийн шавь билээ би”8 хэмээн Мормоны зоригтой мэдэгдсэн билээ.

Та нар Мормонд хайргүй гэж үү? Тэр хэн гэдгээ мөн зорилгоо мэддэг байсан. Эргэн тойронд нь байсан хилэнцэт зүйлүүд түүнийг мохоогоогүй юм. Үнэндээ, тэр өөрийн дуудлагаа бэлэг гэж үздэг байсан.9

“Болгоогтун, Бурханы Хүү, Есүс Христийн шавь билээ би!” хэмээн үг болон үйлээрээ тунхаглан, өдөр бүр Их Эзэний дагалдагч байх бэлгийг өгөхөөр дуудагдах нь ямар агуу адислал болох талаар бодож үзээрэй.

Хүнсээ нөөцөл хэмээх бошиглогчийн зөвлөгөөг дагаснаасаа болж шоолуулсан нэгэн эмэгтэйн тухай ерөнхийлөгч Боид К.Пакэрын ярьсан түүхэнд би дуртай. Түүнийг шүүмжилсэн хүн цаг үе хэцүү болсон үед удирдагчид нь түүний хоол хүнсийг авч, бусдад өгөх болно хэмээн түүнд зөвлөжээ. Жинхэнэ дагалдагчийн хувьд тэрээр “ядаж л авчрах ямар нэгэн зүйл надад байна шүү дээ”10 хэмээн энгийнээр бөгөөд зоригтой хариулсан байна.

Хөгшин ч бай залуу ч бай би сүмийн эмэгтэйчүүдэд хайртай. Би та нарын хүч чадлыг харсан. Би та нарын итгэлийг харсан. Бусдад өгөх ямар нэгэн зүйл та нарт байдаг бөгөөд та нар үүнийгээ өгөхөд бэлэн байдаг. Та нар үүнийг олны өмнө эсвэл нийтэд мэдэгдэлгүйгээр, өөрсдөдөө биш харин шүтэн биширдэг Бурханд анхаарлыг нь татан, ямар нэгэн зүйлийг хариуд нь хүлээн авахыг хүлээхгүйгээр үүнийг хийдэг.11 Энэ бол дагалдагчдын хийдэг зүйл билээ!

Дөнгөж долоон настай байхад нь гэр бүл нь Сүмийн үйл ажиллагаанд идэвх султай болсноос, ням гараг бүр ганцаараа аюултай замаар сүм рүү явдаг байсан нэгэн залуухан эмэгтэйтэй би саяхан Филиппинд танилцсан юм. Тэр “санваарын хүч чадлаар адислагдсан” гэр оронд ирээдүйн гэр бүлээ өсгөхөд зохистой байхын тулд гэрээнүүддээ үнэнч үлдэхээр 14 настай байхдаа шийдсэн тухайгаа надад ярьсан юм.12 Одоогийн эсвэл ирээдүйн гэр бүлээ хүчирхэгжүүлэх хамгийн сайн арга зам нь бие биетэйгээ болон Бурхантай хийсэн гэрээ ба амлалтуудаа сахих явдал юм.

Энэ бол дагалдагчдын хийдэг зүйл билээ!

Нэгэн итгэлтэй япон эмэгтэй нөхрийнхөө хамт манай Солонгос дахь номлолд айлчлан ирсэн юм. Тэр эмэгтэй солонгосоор ярьдаггүй байсан бөгөөд англиар ярихдаа ч муу байв. Гэвч тэр Их Эзэний ажлыг хийхэд өөрийн онцгой бэлэг болон тусламжийн гараа ашиглах чин хүсэлтэй байсан юм. Энэ бол дагалдагчдын хийдэг зүйл билээ! Тэр манай номлогчдод нээгдэж, хаагддаг амтай цаасан дүрс хийх энгийн аргыг заасан юм. Тэрээр сайн мэдээг хуваалцахаар “амаа нээ” гэсэн бидэнд хэзээ ч мартагдахгүй хичээлийг номлогчдод заахдаа мэддэг хэдхэн англи үгээ ашиглан тайлбарлаж байсан билээ.

Түүний сүм дэх сая сая ах, эгч нартай та бид хамтдаа зогсон, зоригтойгоор урагшлан, Аврагчтай адил үйлчилж мөн хайрлан --- дагалдагчдын хийдэгтэй адил зүйлийг хийж байна гээд бүгдээрээ нэг минут төсөөлцгөөе. Есүс Христийн дагалдагч байна гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ?

Есүс Христийн олон мянган дагалдагч материаллаг үйлчлэлийг үзүүлэх боломжийг дуртайяа ашиглан, амь биеэ үл хайрлан, “Мормон тусламжийн гарын” хантааз болон цамцнуудыг өмсөж байсан билээ. Гэхдээ бидэнд бүхнээ зориулсан дагалдагчдын хувьд үйлчилж болох олон янзын арга зам бий. Авралын ажилтай холбоотой “хэрэгтэй байна” гэж үзэх зарим сүнслэг тэмдгүүдийг надтай хамт төсөөлөн бодно уу.

  • Гэрэл болон үнэнд хүүхдүүдээ хүмүүжүүлэх эцэг, эхчүүдийн тусламж хэрэгтэй байна

  • Багшийн хувиар зааж сурган үйлчилж, гэрээнийхээ зам дээр байхад нь тусламжийн гараа сунгах охин, хүү, эгч, ах, авга, нагац, үеэлүүд, эцэг, эх болон үнэнч найз нөхдийн тусламж хэрэгтэй байна.

  • Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонсон, тэдгээрээс төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэх тийм хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Сайн мэдээний дагуу жижиг бөгөөд энгийн арга замуудаар амьдардаг тийм хүмүүсийн тусламж хэрэгтэй байна

  • Гэр бүлүүдийг мөнхөд холбох гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилтнуудыэ тусламж хэрэгтэй байна

  • Есүс Христийн сайн мэдээ болон сайн сайхан мэдээг түгээх номлогчид болон гишүүдийн тусламж хэрэгтэй байна:

  • Замаасаа төөрсөн тэдгээрийг олох аврагчдын тусламж хэрэгтэй байна:

  • Үнэн болон зөв шударгын төлөө бат зогсон гэрээгээ сахигчдын тусламж хэрэгтэй байна:

  • Их Эзэн Есүс Христийн жинхэнэ үнэнч дагалдагчдын тусламж хэрэгтэй байна

Олон жилийн өмнө ахлагч Рассэл М.Баллард сүмийн эгч нарт хандан:

Одооноос эхлэн Их Эзэний дахин ирэх өдрийг хүртэл гэр бүл бүрд, тойрог бүрд, нийгэм бүрд, үндэстэн бүрд зөв шударгаар урагшлах мөн “Би энд байна, Намайг илгээ” гэж үг болон үйлдлээрээ хэлэх тийм эмэгтэйчүүд Түүнд хэрэгтэй байна.”

“Та нар эдгээр эмэгтэйчүүдийн нэг нь байх уу?”13 гэж би асууя.

Бидний хүн нэг бүр “Тийм ээ” гэж чангаар хариулж чадна гэдэгт би найдаж байна. Би үгээ хүүхдийн хэсгийн дуугаар дуусгая:

Бид өгөх бэлэгтэй гэрээнд орсон [охид]

Бид сайн мэдээг өөрсдийн амьдралаараа заана.

Бид үг, үйлдэл бүрээрээ гэрчлэх болно:

Бид Есүс Христэд итгэж, Түүнд үйлчилдэг билээ.14

Бид жинхэнэ дагалдагчдын хувьд Түүний ажлыг яаравчлуулахын тулд өөрсдийн зүрх сэтгэл болон тусламжийн гараа сунгах болтугай. Бриннтэй адил нэг гартай байх нь хамаагүй. Бид одоохондоо төгс бөгөөд бүрэн биш байгаа нь хамаагүй. Бид замаараа явахад нь бие биедээ гараа сунган тусалдаг, бүхнээ зориулдаг дагалдагчид билээ. Манай эгч нарын холбоо үе дамжин өмнөх үеийн итгэлтэй эгч нар дээрээ хүрч очдог. Бидний эгч нар сэргээгдсэн санваарын түлхүүрүүдтэй амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчидтэй хамтдаа нэгдэн, авралын ажлыг яаравчлуулах гар болон зүрх сэтгэлтэйгээр дагалдагч болон үйлчлэгчдийн хувьд нэгдэн алхаж чадна. Бид үүнийг хийснээр Аврагчтай адил болно. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. “Бринн,” lds.org/media-library/video/2011–01–007-brynn хуудсыг үзнэ үү.

  2. Иохан 7:17.

  3. “Би Бурханы хүүхэд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, #. 58; эсвэл Children’s Songbook, 2–3.

  4. Матай 19:16–22-ыг үзнэ үү.

  5. Сургаал ба Гэрээ 25:10, 13.

  6. Нийл А.Максвэлл, “The Old Testament: Relevancy within Antiquity” (“Хуучин Гэрээ: Эртний зүйлүүд дэх холбоо хамаарал”) (Сүмийн Боловсролын Системийн шашны зохицуулагчдад хандан хэлсэн үгс, 1979 оны 8-р сарын 16), 4; si.lds.org.

  7. Мормон 4:11–12.

  8. 3 Нифай 5:13.

  9. Моронай 7:2-ыг үзнэ үү.

  10. Боид К.Пакэр, “The Circle of Sisters,” (Эгч нарын тойрог) Ensign, 1980 оны 11-р сар, 111.

  11. 2 Нифай 26:29–30-ыг үзнэ үү.

  12. “Love Is Spoken Here,” (Хайр энд яригддаг) Children’s Songbook, (Хүүхдийн дууллын ном) 190–91.

  13. M. Рассэл Баллард, “Women of Righteousness,” (“Зөв шударга эмэгтэйчүүд”), ”Ensign, 2002 оны 4-р сар, 70; Лиахона, 2002 оны 12-р сар, 39.

  14. “Holding Hands around the World,” (Дэлхий даяар гар гараасаа барих) Friend, 2002 оны 7-р сар, 44–45; Liahona, 2003 оны 10-р сар, F12–13.