2010–2019
Чуулгандаа тавтай морилно уу
Дөрөвдүгээр сар 2014


Чуулгандаа тавтай морилно уу

Бид итгэлээрээ болон бидэнд өгөгдөх захиасуудыг сонсож, суралцах нэгэн хүслээр нэгдэн цуглараад байна.

Хайрт ах, эгч нар аа, би та бүхнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх энэ удаагийн чуулганд тавтай морилно уу хэмээн урьж байгаадаа туйлын баяртай байна. 15 сая гаруй гишүүнтэй агуу гэр бүл - бид итгэлээрээ болон бидэнд өгөгдөх захиасуудыг сонсож, суралцах нэгэн хүслээр нэгдэн цуглараад байна.

Өнгөрсөн зургаан сард сүмийн ажил саадгүй урагш ахиж, хурдан өнгөрлөө. Сар гаруйхны өмнө Аризонагийн Гилбэрт ариун сүмийг онцгойлон адислах агуу завшаан надад тохиосон билээ. Онцгойлон адислахын өмнөх орой Дискавэри цэцэрлэгт хүрээлэнд болсон соёлын үйл ажиллагаанд арванхоёр мянган залуу оролцож, 90 минутын тоглолт үзүүлсэн юм. Бүжиг, дуу, хөгжмийн үзүүлбэрүүд үнэхээр гайхамшигтай сайхан байлаа.

Энэ бүс нутагт цаг агаар маш хуурай байв. Иймээс амин чухал хэрэгтэй байсан хур бороог оруулж өгөхийг гуйсан маш олон залбирал өмнөх хэдэн долоо хоногийн туршид тэнгэр өөд илгээгдсэн гэдэгт би итгэлтэй байна. Харамсалтай нь, бороо яг тоглолт эхлэхийн өмнөхнөөс орж эхлээд соёлын хөтөлбөр дуустал үргэлжлэх нь тэр! Өсвөр үеийнхэн бороонд шалба цохиулан норж, сэрүүхэн байсны улмаас даарч байсан ч бид бүгдээрээ Их Эзэний Сүнсийг мэдэрч байлаа. Урам зоригоор жигүүрлэн, нүүрэнд нь инээмсэглэл тодорсон залуу эрэгтэй, эмэгтэйчүүд “Итгэлдээ үнэнч амьдар” хөтөлбөрийн уриаг тун гайхамшигтай дүрслэн харууллаа. “Итгэлдээ үнэнч амьдар” гэсэн энэ урианы талаар бодож үзээрэй. Бороо орж, хүйтэн байсан ч энэ нь итгэл дүүрэн, сүнслэг урам өгсөн үйл явдал болсон юм. Ирээдүйд залуу хүмүүс энэ үйл явдлын тухай үр хүүхэд, ач зээ нартаа үргэлж дурсан ярих биз ээ.

Маргааш нь бид Аризонагийн Гилбэрт ариун сүмийг онцгойлон адисаллаа. Энэ бол манай сүмийн үйл ажиллагаа явуулж буй 142 дахь ариун сүм юм. Тэр өдөр өмнөх оройтой огт адилгүй, нар шарсан сайхан өдөр байлаа. Үнэхээр сүнслэг урам хайрласан хуралдаанууд болсон билээ. Ариун сүмийн энэхүү онцгойлон адислалтад надтай хамт ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ахлагч Тад Р.Каллистэр болон Каллистэр эгч, ахлагч Виллиам Р.Вокэр болон Вокэр эгч, ахлагч Кэнт Ф.Ричардс болон Ричардс эгч нар оролцсон юм.

Бид тавдугаар сард Флоридагийн Форт Лодэрдэйл ариун сүмийг онцгойлон адисална. Оны сүүлчээр барьж дуусгаад онцгойлон адислах өөр ариун сүмүүд ч бий. Мөн 2015 онд бид дэлхийн олон хэсэгт шинэ ариун сүмүүдийг барьж дуусган, онцгойлон адислахаар төлөвлөж байна. Энэхүү үйл явц үргэлжилсээр байх болно. Одоо зарлагдаад байгаа ариун сүмүүд баригдаж дуусах үед бид дэлхий даяар, үйл ажиллагаа явуулж байгаа 170 ариун сүмтэй болно.

Бид эдүгээ зарлагдаад байгаа ариун сүмүүдийг барьж дуусгахад бүх хүчин чармайлтаа төвлөрүүлж, ойрын ирээдүйд шинэ ариун сүмүүдийг барих талаар зарлахгүй ч гэсэн, ариун сүмүүдийг барих хэрэгцээ шаардлагыг тогтоон, байршлыг тодорхойлох ажил маань үргэлжилсээр байх болно. Бид тэр үед нь, хойшдын Ерөнхий чуулганууд дээр ариун сүм барих талаар зарлах болно. Бид ариун сүм барьж босгодог мөн ариун сүмд очдог хүмүүс билээ.

Ах, эгч нар аа, бид өнөө, маргааш хоёр өдөрт бидэнд хандаж хэлэх захиасуудыг сонсохоор сэтгэл догдлон хүлээж байна. Бидэнд хандаж үг хэлэх хүмүүс захиасаа бэлтгэхдээ тэнгэрлэг тусламж ба удирдамжийг эрэлхийлсэн байгаа.

Бид бүгд энд эсвэл хаа нэгтээ байгаагаасаа үл хамааран захиасуудыг сонсож, суралцах үедээ Их Эзэний Сүнсээр дүүрч, урам зоригоор жигүүрлэн, сүнслэгээр нөлөөлөгдөх болтугай. Бидний Аврагч Есүс Христийн нэрээр, амен.