2010–2019
Чи юу бодож байна?
Дөрөвдүгээр сар 2014


Чи юу бодож байна?

Бусдын туршлагыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээж, “Чи юу гэж бодож байна ?” гэж асуудаг байгаасай хэмээн би та нараас хүсч байна

Би одоогоос 41 жилийн өмнө 18 дугуйтай том ачааны машиндаа эхнэр Жэн, нялх хүү Скот хоёрыгоо суулгаад хүнд барилгын материал тээвэрлэн, хэд хэдэн мужаар дайран явж билээ.

Тэр үед суудлын бүсээ хийж явах хатуу хууль дүрэм болон хүүxдийн суудал ч гэж байгаагүй. Эхнэр маань хайртай бяцхан хүүгээ өвөр дээрээ суулган явж байлаа. Эхнэрийгээ “Бид газраас нэлээн өндөрт байна шүү” гэж хэлэхэд нь муу зүйл тохиолдох вий гэж надад сануулж байсныг тэр үед би мэдэх хэрэгтэй байсан юм.

Алдарт Доннерын даваагаар доош уруудаж байтал замын огцом уруу хэсэгт кабин маань гэнэтхэн утаагаар дүүрэв. Юм харагдахгүй болж мөн бидэнд амьсгалахад ч хэцүү болсон юм.

Хүнд ачаатай болохоор тоормосоо гишгээд ч хурдаа түргэн сааруулах боломжгүй байлаа. Би сандарч тэвдэн, араагаа хүндрүүлж, мотороор нь тоормослон, машинаа зогсоохыг оролдсон юм.

Замын хажуу руу орж зогсох гээд бүрэн зогсож арай амжаагүй байтал эхнэр маань кабины хаалга онгойлгон, нялх хүүгээ гартаа тэвэрсэн чигээрээ үсэрчихэв. Тэр хоёрыг шороон дээр өнхрөхөд би юу ч хийж чадалгүй, хараад хоцорч билээ.

Aчааны машинаа зогсоонгуут утаагаар дүүрсэн кабинаасаа огло үсрэн гарлаа. Яаран сандчин, замд тааралдсан өвс чулуун дундуур туучин очиж, тэр хоёрыгоо тэврэн авав. Жэнийгийн гарын шуу болон тохой нь шалбарч гэмтэн, цус гарч байсан ч азаар эхнэр, хүү хоёр маань амьд байлаа. Замын хажуу дахь бужигнасан тоос намдтал тэднийгээ чанга тэврэн сууж билээ.

Зүрхний цохилт минь хэвийн болж, тайван амьсгаа авахтай болсныхоо дараа “Чи ер нь юу бодож байсан хүн бэ? Ямар аюул учирч болох байсныг чи мэдэж байна уу? Чи үхэж болох байлаа шүү дээ!” хэмээн би бодох ч сөхөөгүй, огцом хэлэв.

Тэрээр утаа хөөнд халтартсан, хацрыг нь даган урсах нулимстай нүүрээрээ над руу эргэж хараад “Би хүүгээ л аваръя гэж бодсон юм” гэж хэлсэн нь зүрхний минь гүнд маш хүчтэй нөлөөлсөн бөгөөд энэ нь одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм.

Яг тэр мөчид моторт гал авалцсан байх гэж эхнэр маань таамаглаад машин дэлбэрч, бид бүгд үхэх нь гэж бодсоныг би дараа нь ойлгосон юм. Харин би үүнийг цахилгааны гэмтэл байсан бөгөөд энэ нь аюул осол ихтэй ч үхэлд хүргэхгүй гэдгийг мэдэж байсан билээ. Би хайртай эхнэр рүүгээ харж, нялх хүүгийнхээ толгойг зөөлөн илэнгээ ямар эмэгтэй хүн гэхээрээ ийм зоригтой зүйл хийдэг байна аа хэмээн гайхширч билээ.

Энэхүү нөхцөл байдал нь яг моторын гэмтэл шиг сэтгэл санааны хувьд ч аюултай байж мэдэхээр байлаа. Тодорхой хугацаанд бид хоёр чив чимээгүй байж, дотроо бие биенийгээ буруутгаж байсны эцэст сэтгэл зүрхнийхээ угт байсан бүх зүйлээ уудлан гаргаж билээ. Хайрын мэдрэмж, айдсаа бие биенийхээ аюулгүй байдлын төлөө хуваалцах нь гэрлэлтийг маань cүйрүүлэх тэрхүү аюул ослоос хамгаалж байдаг билээ.

“Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө” хэмээн Паул анхааруулсан байдаг (Ефес4:29). Түүний хэлсэн үгс нь цэвэр ариун бай гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

“Ялзарсан үг” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? Бид бүгдэд өөрсдийн болон бусдын уурлаж уцаарлахыг мэдрэх үе гардаг. Олон нийтийн газар уураа барьж чадалгүй уурлаж байгаа нэгнийг ч бид харсан. Бид орон гэртээ ч, улс төрд ч мөн спортын талбарт ч гэнэт огцом уурлан бухимдах явдал гардгийг мэднэ.

Заримдаа хүүхдүүд хайртай эцэг эхээ гомдоох үг хэлэх тохиолдол ч байдаг. Амьдралынхаа хамгийн нандин бас сайхан туршлагуудыг хамтдаа хуваалцсан эхнэр, нөхрүүд ч тэвчээрээ барж, барьц алдан, дуугаа өндөрсгөх явдал ч гарах нь бий. Бид бүгд хэдийгээр Тэнгэр дэх хайрт Эцэгийн гэрээт хүүхдүүд ч гэсэн өөрөө өөрийгөө зөвтгөж, буруу шийдвэр гаргасандаа харамсдаг ба өөрсдийгөө бусдын байр сууринд тавьж үзэн, тухайн нөхцөл байдлыг ойлгохоосоо өмнө хатуу үг хэрэглэдэг. Сүйрүүлэгч муу үгс нь нөхцөл байдлыг aюултай байдлаас бүр илүү хор хөнөөлтэй байдалд хүргэж чаддаг талаар суралцах боломж бид бүгдэд олдсон.

Саяхны Тэргүүн Зөвлөлийн захиас бичигт “Есүс Христийн сургаал нь тухайн хүмүүстэй санаа нийлэхгүй байсан ч хүн бүрийг хайрлан, тэдэнтэй эелдэг боловсон харьцахыг бидэнд заадаг” гэж тодорхой хэлсэн юм (Тэргүүн Зөвлөлийн ижил хүйстний гэрлэлтийн талаар гаргасан захидал, 2014 оны 1-р сарын 10). Хэдийгээр бидний ертөнцийг үзэх үзэл өөр өөр ч гэсэн энэ захиас бидэнд үргэлж эелдэг найрсаг харьцах ёстойг зааснаараа ямар гайхалтай сануулга болдог гээч!.

“Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө” хэмээн Сургаалт зүйрлэлийг бичигч зөвлөсөн байдаг (Сургаалт үгс 15:1). “Эелдэг хариулт гэдэг нь ухаалгаар бодож, хариулахыг хэлдэг бөгөөд зүрх сэтгэлийнхээ угаас тун бодолтой хянуур гарах үгс байдаг. Энэ нь хэзээ ч шууд хэлж болохгүй юм уу сургаалын үнэнтэй эвлэрэхгүй гэсэн үг биш.” Хэлж байгаа үгс нь шулуун мөртлөө сүнсний хувьд зөөлөн байхыг хэлж байгаа юм.

Мормоны Номонд гэр бүлийн санал зөрчилдөөний үед баримтлах, тайтгаруулан дэмжих нэгэн гайхалтай хэл ярианы жишээг багтаасан байдаг. Лихай, Сариа хоёрын хөвгүүд Ерусалим руу алтан ялтас авчрахаар буцаж яваад эргэж ирсэнгүй тул Сариа хөвгүүддээ ямар нэг муу зүйл тохиолдсон гэдэгт итгэж байлаа. Тэрээр ихэд уурлан, үүнд хэн нэгнийг буруутгахыг хүсдэг.

Энэхүү түүхийг түүний хүү Нифайн дүрсэлснээр сонсоцгооё: “Учир нь [ээж минь] биднийг аглаг буйдад үрэгдсэн хэмээн бодсон ажээ; мөн тэрээр эцгийн минь эсрэг үглэн гомдоллож, тэр зөнч хүн байсныг нь түүнд дурдан; хэлсэн нь: Болгоогтун та биднийг өвлөж ирсэн нутгаас минь дагуулан гаргасан буюу, ингээд хөвгүүд минь үгүй болов, мөн бид аглаг буйдад үрэгдэх буюу” (1 Нифай 5:2).

Тэгвэл одоо Сариагийн юу гэж бодож байсныг хамтдаа авч үзье. Тэрээр хоорондоо муудалцдаг байсан түүний хөвгүүд нөхрийнх нь амь насанд аюул заналхийлэгдэж байсан тэр газар руу буцаж явах үед маш их санаа зовж байсан юм. Сариа алслагдсан эзгүй хээр газар майханд амьдрахаар хайртай орон гэр, найз нөхдөө орхисон бөгөөд тухайн орчинд байхдаа ч хүүхэд төрүүлж болох насан дээрээ байсан юм. Сариа тухайн тохиолдолд асар их айдсын дарамтанд орсноор хурдтай давхиж байсан тэр өндөр ачааны машинаас гэр бүлээ аврахын тулд баатарлаг зориг гаргасан ч гэх юм уу тун бодлогогүй үсэрсэнтэй адил санагдаж байна. Түүний санаа зовних нь зүй ёсны хэрэг боловч тэрээр энэ байдлаа нөхөртөө уурлаж, түүнд үл итгэн эргэлзсэн мөн түүнийг буруутгасан байдлаар илэрхийлсэн бөгөөд бүх хүн төрөлхтөн иймэрхүү хандлагыг гаргууд эзэмшсэн байдаг мэт санагддаг.

Бошиглогч Лихай эхнэрийнхээ айснаасаа болж уурлахыг нь сонсоод нигүүлслийн хэлээр тун нухацтай хариулт өгсөн юм. Тэрээр эхнэрийнхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрсний дараа: “Би зөнч хүн гэдгээ мэднэ; … харин Иерусалимд хоргодон, ах дүүстэйгээ хамт хөнөөгдөх байсан биз ээ” хэмээдэг (1 Нифай 5:4).

Дараа нь түүний нөхөр нь эхнэртээ хандан, хөвгүүдээ сайн байгаа гэдэг гэрчлэлийг Ариун Сүнсээр ямар ч эргэлзээгүй баттай хүлээн авснаа ийн хэлсэн билээ:.

“Гэвч болгоогтун, би амлалтын нутгийг олж авлаа, үүн дээр би эдгээр зүйлүүдэд баясна; тийм ээ, мөн Их Эзэн хөвгүүдийг минь Лебений савраас зайлуулна …

“Mөн иймэрxүү маягийн хэлээр миний эцэг, Лихай … эхийг минь … бидний тухайд тайтгаруулан байв” (1 Нифай 5:5–6).

Өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн итгэл, орчин, үйл хөдлөлөөс үл хамааран бие биендээ хүндэтгэлтэй хандаж байх шаардлагатай байна. Бидний оюун ухаанд болон зүрх сэтгэлд нөлөөлдөг тэр бүх хүчин зүйлсийг мэдэх боломжгүй бөгөөд бидний үзсэн зовлон шаналлын учрыг болон сонголтуудыг маань бүрэн ойлгоход хэцүү юм.

Хэрвээ бид бусдын зовлонг ойлгодог чанарaa нэн тэргүүнд тавьж үзвэл Паулын дурдсан “ялзарсан үг” гэдэг нь юу болж хувирах вэ? Алдаа дутагдлаа бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрөн, бусдын туршлагыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээж, “Чи юу гэж бодож байна?” гэж асуудаг байгаасай хэмээн би та нараас хүсч байна.

Их Эзэн Самуел болон Саулыг бяцхан хоньчноор, Бетлехемийн Давидыг Израилийн хаанаар сонгож гайхшруулсныг санагтун. Их Эзэн Өөрийн бошиглогчдоо “Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг” гэжээ. (1 Самуел 16:7).

Машины кабин маань утаагаар дүүрэх тэр үед эхнэр минь хүүгээ аврахын тулд төсөөлөхийн ч аргагүй зориг гаргасан. Би ч гэсэн түүний сонголтын талаар асуухдаа эгээ л авран хамгаалагч нь мэт авирлаж байсан юм. Гайхалтай нь энд хэний зөв болох нь тийм ч чухал биш бөгөөд бие биенээ сонсон, үзэл бодлоо ойлголцох нь л чухал байв.

Бие биенийхээ нүд рүү харан, санаа бодлоо ойлголцох хүсэлтэй байснаар “ялзарсан үгийг” “нигүүлслийг өгөгч ” болгон хувиргаж болно. Төлөөлөгч Паул үүнийг ойлгодог байсан бөгөөд өөр түвшинд бид ч бас үүнийг мэдрэх боломжтой юм. Энэ нь асуудлыг тэр даруй шийдэхгүй байж мэдэх ч нигүүлслийг өгөгч нь биднийг өөрчилж болно гэдэг л хамгийн чухал юм.

Би нигүүлслээр дүүрсэн хэл яриагаар дамжуулан “нигүүлслийг өгөхөд” өсгөж хөгжүүлсэн Ариун Сүнсний бэлэг бусдыг ойлгох чин хүслээр бидний зүрхийг зөөллөдөг гэсэн даруухан гэрчлэлээ үлдээж байна. Ингэснээр бид аюултай байж болох нөхцөл байдлыг амар тайван болгон өөрчлөх боломжтой билээ. Хайрт Аврагч маань бидний “зүрхийг харан”, бидний юу бодож байгааг маань мэдэж байдаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.