2010–2019
Таны дөрвөн минут
Дөрөвдүгээр сар 2014


Таны дөрвөн минут

Цагаатгалын гайхамшиг нь бидний үйлдлийн төгс бус байдлыг засаж залруулдаг.

Саяхан болж өнгөрсөн өвлийн олимпийн тоглолтод дэлхийн 89 орны тамирчид өөрсдийн орныг төлөөлөн 98 төрлийн спортоор өрсөлдөж, дэлхийг гайхшруулсан билээ. Гайхалтай нь тэдгээр тамирчны арав нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байсан ба тэдний дотроос Кристофэр Фогт, Ноэлл Пикус-Пэйс болон Тора Брайт гурав медаль хүртсэн юм.1 Тэдний тухай Сүмийн мэдээн дээр онцлон тэмдэглэсэн байна. Бид өрсөлдсөн бүх тамирчинд баяр хүргэж байна. Сайн байлаа!

Эдгээр тоглолтын талаар хэлэх гэж байгаа үг маань залуу эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд болон ганц бие залуучуудад хамааралтай бөгөөд та бүхэн амьдралынхаа зүг чигийг тодорхойлох чухал цаг үе дээрээ байгаа билээ. Та бүхэнд хандан яаралтай үг хэлэх агуу мэдрэмж надад төрсөн юм,

Яаралтай гэдгийг та бүхэнд мэдрүүлэхийн тулд би эхлээд тэдгээр Хожмын Үеийн Гэгээнтэн тамирчдын нэг болох Ноэлл Пикус-Пэйсийн түүхээс хуваалцъя. Ноэллын оролцсон спортын төрөл нь скэлэтон буюу тамирчин жижиг чарга түрэн эрчээрээ гүйж хурд аван, чарган дээрээ хэвтэх байв. Нүүр нь газраас хэдхэн сантиметр байх бөгөөд мөсөн замаар цагт 145 км хүртэл хурдлан уралддаг байна.

Гайхалтай нь, тэдний олон жилийн бэлтгэл сургуулилт нь нэг бол амжилт болж эсвэл тус бүр нь 60 секундын хугацаатай 4 уралдаанд хэр оролцсоноос шалтгаалан урам хугарах зүйл болж ч болдог.

Ноэллын 2006 оны олимпын мөрөөдөл нь талаар болсон юм. Учир нь тэр осолдож, хөлөө хугалсан байжээ. 2012 онын олимпод түүний мөрөөдөл мөн л бүтэлгүйтэж медаль хүртэхэд хэдхэн алхам дутсан юм.2

2014 оны олимпод анхныхаа гулгалтыг хийх тэр агшинд түүний сэтгэл санаа ямар их догдолж, сандарч байсныг та төсөөл дөө. Олон жилийн бэлтгэл сургуулилт хоромхон зуурт л гүйцэтгэгддэг. Нийт дөрвөн минут. Энэ дөрвөн минутад тэр олон жил бэлтгэсэн бөгөөд дараа нь тэмцээний тухай амьдралынхаа туршид ч бодож магадгүй юм.

Ноэллын сүүлчийн гулгалт нь бараг ямар ч өө сэвгүй байсан! Бид түүнийг барианы зурвас өнгөрөөд гэр бүлээ тэврэн “Бид хийж чадлаа!” гэж байсныг нь хэзээ ч мартахгүй. Олон жилийн бэлтгэл нь үр дүнгээ өгсөн юм. Түүнд мөнгөн медаль зүүлгэх үед Залуу Эмэгтэйчүүдийн зүүлт хүзүүнд нь байсныг бид харсан.3

Ноэллын олимпод амжилт гаргах мөрөөдөл нь ердөө дөрөвхөн минутад хийсэн зүйлээр хэмжигдэнэ гэдэг шударга бус байж болох юм. Гэвч тэр үүнийг мэдэж байсан бөгөөд тийм учраас л бэлтгэлээ маш шаргуу хийжээ. Тэрээр энэ дөрвөн минут нь ямар чухал болохыг мөн энэ нь түүний үлдсэн амьдралд ямар утга учиртайг мэдэрч байсан юм.

Бид түүнчлэн дөрвөн хүнтэй чарганы уралдаанд хүрэл медаль хүртсэн багийн гишүүн Кристофэр Фогтыг санаж байна. 2010 оны олимпод аймшигт осолд орсны дараа тэр бууж өгч болох байсан ч цөхрөөгүй юм. Дараа нь тэр гайхалтай мөн алдаагаа цайруулсан гулгалт хийж, хичээнгүйлэн зорьсон шагналаа хожсон билээ.4

Одоо та бүхний мөнхийн амьдралд хүрэх зам эдгээр тамирчны “дөрвөн минутын гүйцэтгэл”-тэй ямар төстэй болохыг бүгдээрээ төcөөлцгөөе. Та нар бол мөнхийн бодгалиуд. Төрөхөөсөө өмнө та нар сүнс байсан. Хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд байхдаа та бүхэн энэ дэлхийд богино хугацаагаар ирж, бие махбодтой болж, сайн гүйцэтгэхэд сургуулилж мөн бэлтгэсэн. Энэ амьдрал бол таны л дөрвөн минут. Таны энд байх хугацаандаа хийсэн үйлдэл мөнх амьдралын шагналыг авах эсэхийг тань тодорхойлно. “Энэ амьдрал бол … Бурхантай уулзахаар бэлтгэх үе; болгоогтун энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм”5 хэмээн бошиглогч Амюлек тайлбарласан байдаг.

Нэг үгээр хэлбэл, таны дөрвөн минут аль хэдийн эхэлчихсэн. Цаг хугацаа явсаар байгаа. Бошиглогч Паулын ялахын тулд та нар уралдаанд гүйцгээ хэмээн хэлсэн нь энэ үед яг тохирсон мэт санагдана.6

Олимпийн тамирчдын хувьд маш богино хугацаанд өндөр ур чадвар шаардсан үзүүлбэр үзүүлэхэд зарим нэг үйлдэл нь маш чухал байдаг ба эдгээр нь тэшүүрчдэд болон цасны гулсуураар гулгагчдын хувьд үсрэлт, эргэлт, уулын уруу туг сүлжин гулгах гэх мэт үйлдлүүд юм. Үүнтэй адил бидний амьдралд ч бас зарим нэг зүйл маш чухал байдаг ба хүрэх цэг нь дэлхий дээрх бидний сүнслэг байдлыг хөгжүүлж байдаг. Эдгээр сүнслэг байдлын цэг нь баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, санваарын томилолт, ариун сүмийн ёслолууд болон долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх зэрэг Бурханаас өгөгдсөн сайн мэдээний маш чухал ёслолууд юм.

“Үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.”7

Сургуулилтын сахилга бат нь тамирчдыг хийж буй зүйлээ өндөр түвшинд чанартай гүйцэтгэхэд бэлтгэдэгтэй адил зарлигуудыг дагах нь таныг авралын ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх болно.

Та бүхэн энэ яаралтай шамдуу байдлыг мэдэрч байна уу?

Залуу найзууд минь, та нар “дөрвөн минутынхаа” хаана нь ч байсан бай “шагналыг авахын тулд хийх дараагийн алхам чинь юу вэ?” гэдгийг тунгаан бодоорой. Энэ чуулганы үеэр Ариун Сүнс чамд ирээдүйн ёслолуудыг хүлээн авах эсвэл олон жилийн өмнө хүлээн авах ёстой байсан тэр ёслолоо хүлээн авахад илүү хянуур бэлтгэх талаар шивнэсэн байгаа. Та нарын дараагийн алхам юу ч байсан үүнийгээ л хий. Яг одоо хий. Битгий хүлээ. Чиний дөрвөн минут маш хурдан өнгөрнө. Мөн мөнх амьдралынхаа туршид та нар энэ амьдралдаа юу хийснээ бодох тийм үе ирэх болно.8

Хувийн сахилга бат бидэнд хэрэгтэй. Өдөр тутам залбирах, судраас судлах болон сүмд очих зэрэг нь та нарын бэлтгэлийн үндэс байх ёстой. Зарлигуудыг дуулгавартай дагаж, хийсэн гэрээгээ сахих мөн Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь Их Эзэний жишгүүдийг дагах тогтсон хэв маягтай байх шаардлагатай байна.

Та амьдралынхаа явцад сүнслэг байдлыг чинь удаашруулах юм уу зогсоохоор заналхийлсэн зүйлүүдийг мэдэрч байсан байж магадгүй. Хэрэв тийм бол “Аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе”9 гэсэн судрын зөвлөгөөг дагаарай.

Нүглээ наманчлахад хэт оройтоогүй байна. Гэхдээ одоо наманчлахгүй л бол оройтож магадгүй шүү, яагаад гэвэл бидний дөрвөн минут яг хэзээ дуусахыг хэн ч мэдэхгуй.

Та нар “За даа, би ч өнгөрсөн. Миний дөрвөн минут ч аль хэдийн өнгөрсөн биз. Нэг мөсөн буугаад өгчихье“ гэж бодож байж болох юм. Хэрэв тийм бол бүү тэгж бод. Тэгээд дахин хэзээ ч ингэж бүү бод. Цагаатгалын гайхамшиг нь бидний үйлдлийн төгс бус байдлыг засаж залруулдаг. Ахлагч Жэффри Р.Холланд:

“Tэдгээр хойш суусан хүмүүст Бурханы хайрын сэргээх хүч болон Түүний ач ивээлийн гайхамшгийг би гэрчилж байна. …

Хэзээ ч оройтоогүй шүү, цаг байна хэмээн Эзэн хэлж байна. Бүү хойшлуул.”10

“Ганцаараа биш гэдгээ сана. Аврагч та нарыг өнчрүүлж орхихгүй хэмээн амласан шүү дээ”11 гэж заажээ. Гэр бүл, найз нөхөд, удирдлагууд чинь та нарыг дэмжиж байгаа.

Хэдийгээр миний үг сүмийн залуучуудад хандаж байгаа ч эцэг эх болон өвөө, эмээ нарт би дараах зүйлийг санал болгож байна.

Саяхан ахлагч Дэвид А.Бэднар чухал ёслолуудаар гэрээн дэх өсөлт хөгжлөө тэмдэглэхийн тулд гэр бүлийн үнэлгээ хөтлөн явуулах энгийн аргыг тайлбарласан. Үүнийг хийхийн тулд цаасан дээр багана зурж, хоёр эгнээ болгоод нэгэнд нь “нэр”, нөгөөд нь “дараагийн төлөвлөгөө юм уу шаардлагатай ёслол” гэж бичнэ. Би саяхан гэр бүлийнхээ гишүүдийн нэрийг жагсааж, үүнийг хийсэн. Тэдний дунд удахгүй адислалаа авах гэж байгаа дөнгөж төрсөн болон баптисмдаа бэлтгэж байгаа 6 настай ач нар маань мөн санваар болон ариун сүмийн хишгээ хүлээн авахаар бэлтгэж буй 18 нас хүрэх хүү маань байгааг би анзаарсан юм. Энэ жагсаалтан дээрх хүн бүрт ариун ёслолын ёслолууд хэрэгтэй. Энэхүү энгийн үйлдэл нь Леса бид хоёрыг гэр бүлийн гишүүн болгондоо төлөвлөгөө гарган, тэднийг гэрээгээ сахихад нь туслах үүргээ биелүүлэхэд тусалсан. Магадгүй энэ нь та бүхэнд гэр бүлийн ярилцлага, гэр бүлийн үдшийн хичээл, бэлтгэл, тэр ч бүү хэл танай гэр бүлд шаардлагатай ёслолын урилга руу хөтлөх санаа ч байж болох юм.12

Цаначин, цасны тавцангаар гулгагч миний хувьд Австралийн Хожмын Үеийн Гэгээнтэн тамирчин Тора Брайтын хагас тойрогт цасны тавцант үзүүлбэрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “дөрвөн минутын” үзүүлбэр нь үнэхээр гайхалтай байсан. Тэрээр бараг л төгс эргэлт хийж араараа 720 градус эргэж дэлхийг гайхшруулсан юм. Бүр илүү гайхалтай хийгээд сэтгэл хөдөлгөм зүйл нь тэрээр өрсөлдөгчдөдөө Христийнхтэй адил хайрыг харуулж байсан. Тэр америкийн гулгагч Кэлли Кларкийг сүүлийн тойргийн эхний үзүүлбэрээ муухан хийснээс болоод дараагийн үзүүлбэрээ хийхдээ сандарч байсныг нь ажиглаад “түүнийг тэвэрсэн” гэнэ. Кларк “тэр намайг тайвширтал тэвэрсэн бөгөөд тэгснээр миний амьсгаа удааширч, хэвийн болж эхэлсэн. Найзаараа тэврүүлэхэд үнэхээр сайхан байсан шүү” гэжээ. Дараа нь Кэлли Кларк медалийн тавцaн дээр Торатай хамт гарч, хүрэл медаль хүртсэн юм.

Мөнгөн медалиа алдаж болохуйц алхам хийж, өрсөлдөгчдөө ийнхүү хандсан ер бусын мөртлөө эелдэг үйлдлийнх нь талаар түүнээс асуухад “Би өрсөлдөгч учраас хамгийн сайнаараа л хиймээр байна. Гэхдээ өрсөлдөгчид маань ч гэсэн хамгийн сайнаараа хийгээсэй гэж бас хүсч байна”13 гэсэн хариултыг өгчээ.

Үүнээс харахад, таны урам дэмжлэг хэрэгтэй байгаа хэн нэгэн байна уу? Гэр бүлийн гишүүн, найз, ангийнхан эсвэл чуулгын гишүүн чинь ч байж болно. Тэдний дөрвөн минутад та хэрхэн тусалж чадах вэ?

Хайрт найзууд минь, та нар баяр баясгалант аялалын дунд байна. Заримдаа та нар тэр хагас тойрог эсвэл чарганы замаар уруудан, уралдаж байж болох ба үзүүлбэрийн хэсгүүдийг хийх эсвэл эргэлт бүрийг жолоодоход амаргүй байж ч болох юм. Та нар энэ уралдаанд маш удаан хугацаанд бэлтгэл хийснээ санаарай. Энэ бол та нарын хийж чадах бүхнээ гүйцэтгэх мөч. Энэ бол таны дөрвөн минут. Цаг нь яг одоо юм!

Би та бүхний авьяас чадварт бүрэн итгэж байгаа. Дэлхийн Аврагч та бүхний дэргэд байна. Хэрвээ та нар Түүний тусламжийг эрэлхийлэн, удирдамжийг нь дагасан бол юу гэж ялагдах билээ дээ?

Амьд бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд байгаа нь агуу адислал гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ болон Аврагч, Цагаатгагчийн хувьд Түүний үүргийг би Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Notes

  1. Christine Rappleye, “Mormons in the Olympics: 3 Medals for LDS Athletes at the Winter Games,” deseretnews.com/article/865597546/Mormons-in-the-Olympics-3-medals-for-LDS-athletes-at-the-Winter-Games.html-г үзнэ үү

  2. Кристин Рэппли, “Mormons in the Olympics”-г үзнэ үү.

  3. Sarah Petersen, “Noelle Pikus-Pace Wears LDS Young Women Necklace throughout Olympics,” deseretnews.com/article/865596771/Noelle-Pikus-Pace-wears-LDS-Young-Women-necklace-throughout-Olympics.html-г үзнэ үү.

  4. Amy Donaldson, “Army, Faith Helped Push Mormon Bobsledder Chris Fogt to Olympic Success,” deseretnews.com/article/865597390/Army-faith-helped-push-Mormon-bobsledder-Chris-Fogt-to-Olympic-success.html-г үзнэ үү.

  5. Aлма 34:32.

  6. 1 Коринт 9:24-ийг үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээ 84:20.

  8. Aлмa 34:31–33-ыг үзнэ үү.

  9. Еврей 12:1.

  10. Жэффри Р.Холланд, “The Laborers in the Vineyard (Талбай дахь ажилчид),” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 33.

  11. Иохан 14:18-ыг үзнэ үү.

  12. Дэвид А.Бэднар, зохиогчтой хийсэн ярилцлага.

  13. Vidya Rao, “Snowboarder Kelly Clark: Hug from Competitor Helped Me Win Bronze,” today.com/sochi/snowboarder-kelly-clark-hug-competitor-helped-me-win-bronze-2D12108132.