2010–2019
Ухаалаг сонголт хий
Аравдугаар сар 2014


Ухаалаг сонголт хий

“Муугаас татгалзаж, сайныг сонго” (Исаиа 7:15).

Хайрт ах, дүү нар минь, энэ үдэш би шийдвэр ба сонголтын тухайд зөвлөгөө өгмөөр байна.

Би Сан Франциско Бэй бүсэд залуу хуульч байхдаа онцгой баяруудаар гаргадаг Чарлий Браун хүүхдийн нэвтрүүлгийг найруулдаг компанид хуулийн зөвлөгөө өгөх ажил хийж билээ.1 Чарльз Шүльц болон түүний бүтээлүүд болох Пийнатс,, Чарлий Браун, Люси, Снүүпи нар болон өөр бусад дүр миний дуртай дүрүүд болсон юм.

Миний дуртай инээдмийн хэсэгт Люси гардаг. Миний санаж байгаагаар, Чарлий Брауны бэйсболын баг маш чухал тэмцээнд тоглож байлаа. Люси баруун талд тоглож байсан ба дээшээ өндөрт цохигдсон бөмбөг түүнийг чиглэн ирэв. Өрсөлдөгч баг нь байраа эзэлсэн байсан бөгөөд энэ нь хамгийн сүүлийн тоглолт байлаа. Хэрэв Люси бөмбөгийг барьж авбал баг нь хожих байсан бөгөөд хэрэв бөмбөгийг барьж авч чадахгүй унагах юм бол нөгөө баг нь хожих байв.

Инээдмийн өгүүллэгт л тохиолддог шиг, бөмбөг доош бууж ирэх үед багийнхан нь Люсигийн эргэн тойронд зогсож байлаа. Люси дотроо “Хэрвээ би бөмбөгийг барьж чадах юм бол баатар болно, харин барьж авч чадахгүй бол элэг доог болно” гэж бодож байв.

Бөмбөг доошлон, түүний багийнхан тэвчиж ядан харах зуур Люси бөмбөгийг авч чадалгүй унагачихлаа. Чарлий Браун дургүйцсэндээ бээлийгээ газар шидэв. Тэгтэл Люси багийнхан руугаа харан, гараа ташаандаа аваад, “Би улс орныхоо гадаад бодлогод санаа зовж байхад та нар яахаараа намайг бөмбөгийг барьж авах ёстой гэж боддог байна аа?” гэж хэлдэг.

Энэ нь олон жилийн туршид Люсигийн барьж чадалгүй унагасан олон бөмбөгийн нэг байсан бөгөөд тэр бүтэлгүйтэх болгондоо өөр нэг шинэ шалтаг шалтгаан гаргаж ирдэг байлаа.2 Хэдийгээр инээдтэй байдаг ч, Люсигийн шалтгаанууд нь дандаа өөрийгөө зөвтгөсөн бөгөөд бөмбөгийг барьж чадаагүйн жинхэнэ шалтгаан нь биш байдаг байв.

Тохинууллынхаа туршид ерөнхийлөгч Томас С.Монсон шийдвэрүүд нь хувь заяаг тодорхойлдог гэж олонтоо зааж байсан.3 Зөв шийдвэр гаргахад, ялангуяа Есүс Христэд үйлчлэх шийдвэр гаргахад саад болж буй зөвтгөсөн тайлбаруудаас хэрхэн салах тухай би та нарт энэ үдэш зөвлөмөөр байна. Исаиад бид “муугаас татгалзаж, сайныг сонгох”4 ёстой гэж заадаг.

Сатан хүмүүний зүрхэнд шинэ, нарийн арга замаар нөлөөлж байгаа энэ үед бид өөрсдийн дагаж амьдардаг гэж хэлдэг зорилго, зорилтуудтайгаа дүйцэхүйц сонголт, шийдвэрүүдийг болгоомжтой гаргах нь энэ үед маш чухал ач холбогдолтой гэдэгт би итгэдэг. Бид зарлигуудыг нэг бүрчлэн дагаж, ариун нандин гэрээнүүдийг чанд сахих хэрэгтэй. Ариун сүмийн хишиг хүртэж, номлолд үйлчлэхгүй, мөн ариун сүмд гэрлэхгүй байгаагаа зөвтгөн тайлбарлах нь бидэнд хор хөнөөлтэй юм. Эдгээр зорилгод итгэдэг гэж хэлдэг мөртлөө тэдгээр зорилгод хүргэх өдөр тутмын үйлдлээ гаргуунд нь гаргаж байгааг харахад сэтгэл эмтрэм байдаг.5

Зарим залуу хүн ариун сүмд гэрлэх зорилготой гэж хэлдэг мөртлөө ариун сүмд орохуйц зохистой хүмүүстэй болзоонд явдаггүй. Шулуухан хэлэхэд, зарим нь бүр болзоонд ч явдаггүй! Ганц бие залуучууд аа, тодорхой насанд хүрсний дараа ганц бие хэвээр үлдэх юм бол ганцаараа байх нь илүү амархан мэт санагдах болдог юм шүү. Харин ч илүү хэцүү болох ёстой шүү дээ! Ариун сүмд гэрлэх та нарын зорилготой нийцэх олон нийтийн мөн сүнслэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой.6

Зарим нь боловсрол эзэмшиж, ажил олтлоо гэрлэлтээ хойшлуулдаг. Хэдийгээр энэ нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг ч, үүний шалтгаан нь итгэлийг харуулдаггүй, мөн орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөтэй ч нийцдэггүй бөгөөд үнэн сургаалтай таардаггүй.

Би саяхан өсвөр насны нэгэн сайн залуу эрэгтэйтэй уулзсан юм. Тэр номлолд явж, боловсрол эзэмших, мөн ариун сүмд гэрлэж, итгэлтэй аз жаргалтай гэр бүлтэй болох хүсэлтэй байв. Би түүний зорилгуудыг сонсоод, маш их баяртай байсан. Гэвч цааш ярилцах хооронд түүний хийж байгаа сонголтууд болон биеэ авч яваа байдал зорилготой нь нийцэхгүй байгаа нь илэрхий болсон юм. Тэр үнэхээр номлолд явахыг хүсэж, номлолд явахад саад болох ноцтой гэм нүглийг үйлдэхээс зайлсхийж байсан ч, хийж буй өдөр тутмын үйл ажиллагаа нь түүнийг тулгарах бие махбод, оюун санаа, нийгмийн болон боловсрол, сүнслэг байдлын саад бэрхшээлд бэлтгэхгүй байна гэж надад санагдсан юм.7 Тэр шаргуу хөдөлмөрлөж сураагүй, мөн сургууль, семинартаа нэг их санаа зовдоггүй байсан. Тэр сүмд явдаг ч Мормоны Номыг уншаагүй байлаа. Тэр ихэнх цагаа видео тоглоомд болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өнгөрөөж байв. Тэр номлолд явахаар очих нь л хангалттай гэж бодож байсан. Залуу эрэгтэйчүүд ээ, Их Эзэн, Аврагч, Есүс Христийнхээ төлөөлөгчид байхын тулд шаргуу бэлтгэж, өөрсдийгөө зохистой авч явах шийдвэрээ гаргаарай.

Би амьдралын замыг өөрчлөх том шийдвэрүүдэд төдийгүй, ихэнх цагаа зарцуулан гаргадаг өдөр тутмын, энгийн мэт санагдах шийдвэрүүдэд ч бас санаа зовж байна. Бид эдгээрт тохирох тэнцвэртэй байдлыг, ялангуяа мэргэн ухааныг ашиглах хэрэгтэй. Зөвтгөсөн тайлбараасаа салж, хамгийн сайн сонголтуудыг хийх нь чухал юм.

Тохирсон тэнцвэртэй байдал болон мэргэн ухааныг ашиглах нэг сайн жишээ нь интернэтийн хэрэглээ юм. Интернэтийг номлогчийг олох, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэх, ариун сүмийн нандин ёслолуудыг гүйцэтгэхийн тулд өвөг дээдсээ олох гэх мэтчилэн олон зүйлд хэрэглэж болдог. Сайныг хийх бололцоо хэмжээлшгүй юм. Бас энэ нь цахим хэрэгслээр дамжуулан8 бусдад авчирч болох харгислал, хэрцгийлэл, порнограф, өөрийгөө бусдад мэдэгдэхгүй чатаар холбогдох зэрэг ёс бус зүйлийг ч дамжуулдаг гэдгийг бид мэднэ. Энэ нь бас мунхаглалд ч хүргэж болох юм. Сүүлийн Ерөнхий чуулган дээр Рандалл Л.Ридд ах интернэтийн талаар ярихдаа заасан шиг “цаг завыг тань үрж, сайныг үйлдэх чадварыг тань мохоох, ач холбогдолгүй үй түмэн зүйлээр өөрийгөө дарж ч мэдэх юм”.9

Шударга байдлыг эсэргүүцэх, үүнээс сатааруулах зүйл зөвхөн интернэт дээр л байдаг юм биш; энэ нь хаа сайгүй байдаг. Тэдгээр нь зөвхөн өсвөр үеийнхэнд биш, бид бүгдэд ч нөлөөлдөг. Бид үнэндээ үймээн самуун бүхий дэлхийд амьдарч байна.10 Бид эргэн тойрондоо “хөгжилтэй, гоё” болгож харагдуулсан, ёс суртахуунгүй, үнэ цэнэгүй дүр зургаар хүрээлэгдэж байдаг. Эдгээр нь мэдээллийн хэрэгслүүдэд энгийн зүйл мэт дүрслэгддэг.

Саяхан ахлагч Дэвид А.Бэднар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд чин сэтгэлээсээ хандаж ашиглахыг сануулсан билээ.11 Артур С.Брүкс энэ сэдвийн талаар онцолж ярьсан юм. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрсдийн амьдралын аз жаргалтай мөчийг зарлаад, харин ажил, сургууль дээрх хэцүү үеэ зарладаггүйг тэр ажиглажээ. Бид амьдралыг зөвхөн нэг талаас нь, заримдаа бүр хуурамч байдлаар дүрслэн харуулдаг. Бид амьдралын тэр хуурамч талыг л хуваалцаж, мөн тэгээд бас “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан найзалдаг найзуудынхаа амьдралын хуурамч талыг” л олж хардаг ажээ. Брүкс “зарим цагаа өөрийгөө бодит байдал дээрхээ бодвол илүү аз жаргалтай мэт харагдуулахад, нөгөө хэсэг цагаа бусад хүн чамаас хэр илүү аз жаргалтай байгааг харахад зарцуулбал, энэ нь чамайг илүү сэтгэлээр унагахад хүргэхгүй гэж үү?” 12 хэмээн хэлсэн юм.

Заримдаа бид утгагүй дэмий зүйл, хэрэггүй сатааралд болон дуусашгүй зөрчилдөөнд живж байгаа мэт санагддаг. Бид дууг нь багасгаад, энэ нь үнэндээ юу болохыг хянаж үзвэл, зөв шударга зорилго руу мөнхөд чиглүүлэх замд маань туслах зүйл бараг байхгүй биз ээ. Хүүхдүүд нь эдгээр сатаарсан зүйлд оролцохыг хүсэж, ахин дахин асуухад нэгэн ухаалаг аав “Энэ нь чамайг илүү сайн болгох юм уу?” хэмээн хариулдаг аж.

Бид сэргээгдсэн сайн мэдээтэй үл зохицох их, бага аль нь ч бай, буруу сонголтуудаа зөвтгөх үедээ өөрсдөд маань хэрэгтэй адислалуудыг болон хамгаалалтаа алддаг бөгөөд нүгэлд олонтоо баригдаж, эсвэл замаа алддаг.

Би ялангуяа мунхаглалд13 болон “шинэ зүйл болгонд” донтох тухайд санаа зовж байна. Сүмд бид янз бүрийн үнэн болон мэдлэгийг урамшуулж, дэмждэг. Гэхдээ соёл уламжлал, мэдлэг болон нийгмийн дадал нь Бурханы аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн чухал үүргээс салангид болох үед нийгэм доройтдог нь илэрхий байдаг14. Манай энэ үед ялангуяа шинжлэх ухааны болон харилцаа холбооны салбарууд маш эрчимтэй хөгжсөн хэдий ч чухал үндсэн зарчмууд буурч, аз жаргалтай сайн сайхан байдал багассан юм.

Төлөөлөгч Паул Афиний Марс толгод дээр үг хэлэхээр уригдахдаа өнөөдрийн үетэй адил, ухаалаг биш мөртлөө ухаантай мэт дүр үзүүлэх зарим хүнийг харжээ.15 Үйлс номон дээрээс бид “Афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдаг байжээ”16 хэмээн уншдаг. Паул Есүс Христийн сэргээлтийн талаар ярьсан. Цугласан олон түүний шашны үгсийг ухаарах үед зарим нь түүнийг шоолж; зарим нь үл ойшоон, “Бид танаас энэ талаар дахиад сонсоно” 17 гэж байлаа. Паул Афинаас ямар ч амжилт ололтгүй буцсан юм. Дийн Фредерик Фаррар энэ зочлолын талаар “Тэр Афинд ямар ч сүм байгуулаагүй, тэр Афиныханд захиа ч бичээгүй, мөн тэр олонтоо хажуугаар нь өнгөрсөн ч дахин хэзээ ч Афинд хөл тавиагүй юм”18 гэсэн байдаг.

Ахлагч Даллин Х.Өүксийн сүнслэгээр удирдагдсан “Сайн, илүү сайн, хамгийн сайн”19 сэдэвт хэлсэн үг нь өөрсдийн сонголтуудыг болон чухал зүйлсээ шалгах үр нөлөөтэй арга замыг хангаж өгдөг гэдэгт би итгэдэг. Бидний олон сонголт илт ёс бус биш байдаг ч гэсэн, хэрэв тэдгээр нь биднийг хамгийн сайн сонголтоос маань холдуулж, бүх цаг завыг маань эзэмшиж байвал аюултай болдог.

Тэр байтугай зарим сайн зорилго ч гэсэн хамгийн сайн зорилгууддаа хүрэхэд сатааруулж байгаа эсэхийг бид анхаарч үзэх ёстой. Би арван хэдэн настай байхдаа аавтайгаа одоо ч мартаагүй тийм нэгэн яриаг өрнүүлж билээ. Ихэнх өсвөр үеийнхэн ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээх зэрэг удаан хугацааны чухал зорилгодоо бэлтгэж, анхаарал тавихгүй байна гэж тэр бодож байсан юм.

Манай аавын эн тэргүүнд санал болгодог зүйл нь үр дүнтэй суралцах, ажлын бэлтгэлтэй болох явдал байлаа. Тэр сурагчдын зөвлөл болон мэтгэлцээн гэх мэт сургуулийн гадуурх үйл ажиллагаа нь миний өөртөө тавьсан чухал зорилгуудын заримтай шууд холбоотой байдагт дуртай байсан. Гэхдээ аав маань намайг америк хөл бөмбөг, сагс, бэйсбол тоглоход эсвэл гүйлтийн спортод их цаг зориулахад санаа нь зовдог байлаа. Спорт нь хүч чадал, тэсвэр тэвчээрийг авчирч, багаар ажиллахад тусалдаг ч, нэг спортод арай бага цаг зарцуулах нь дээр байх гэж аав маань хэлдэг байв. Түүний бодлоор спорт нь сайн зүйл ч, миний хувьд хамгийн сайн зүйл биш байлаа. Зарим спорт нь орон нутагтаа нэртэй хүн болох тал дээр л хэрэгтэй болохоос биш, амьдралын удаан хугацааны зорилгуудыг гаргуунд нь хаяхад хүргэдэг гэж тэр санаа зовж байсан юм.

Би Люсигийн бэйсбол тоглож байгаа хэсэгт дуртай байдгийн шалтгаан нь, аавын хэлдэгчлэн гадаад харилцааг судалж, харин бөмбөг барьж авч чадах эсэхдээ санаа зовохгүй бай гэсэнтэй адил учраас юм. Гэхдээ ээж маань спортод маш их дуртай хүн байсан гэдгийг би тодорхойлж хэлмээр байна. Тэр эмнэлэгт хэвтээгүй л бол миний тэмцээнийг байнга ирж үздэг байлаа.

Би аавынхаа зөвлөгөөг даган, коллежийн спортоор хичээллэхгүй байхаар шийдсэн юм. Тэгтэл ахлах сургуулийн америк хөл бөмбөгийн дасгалжуулагч маань надад Стэнфордын их сургуулийн дасгалжуулагч Мэрлин Олсэн бид хоёртой хамт өдрийн хоол идье гэж дамжуулж байна гэж хэлсэн юм. Та нарын дундаас залуучууд Мэрлинийг хэн гэдгийг мэдэхгүй байж магадгүй. Тэрээр Логан ахлах сургуулийн америк хөл бөмбөгийн багт хамгаалагч нь байсан бөгөөд би тэр багт довтлогч нь байсан юм. Ахлах сургуульд байхдаа Мэрлин улс даяарх хөл бөмбөгийн шилдэг хүмүүсийн дасгалжуулдаг багт уригддаг байв. Коллежид байхдаа мөн улсын шилдэг тоглогчоор шалгарч, Аутланд цомыг хүлээн авч байсан. Мэрлин яваандаа Улсын хөл бөмбөгчдийн холбоонд шилдэг тамирчдын жагсаалтын 3-т орж, мэргэжлийн хөл бөмбөгт 14 удаа дараалан тоглосон. Тэр 1982 онд мэргэжлийн хөл бөмбөгчдийн алдартнуудын эгнээнд орсон билээ.20

Би Стэнфордын дасгалжуулагчтай Юта мужийн Логан дахь Блүбөрд гэдэг ресторанд өдрийн хоол идэв. Бид гар барьсны дараа, тэр дахиж над руу хараагүй юм. Тэр Мэрлинд хандан ярьж, намайг огтхон ч тоосонгүй. Хоол идээд дуусахад, тэр анх удаагаа над руу харсан боловч миний нэрийг ч тогтоогоогүй байв. Тэгээд тэр Мэрлинд хандан “Хэрвээ чи Стэнфордыг сонгоод, найзыгаа мөн авчирмаар байвал, найзын чинь дүн гайгүй сайн юм чинь, оруулж болох л юм” гэж хэлж билээ. Энэ явдал надад аавынхаа зөвлөгөөг дагах ёстойг харуулсан юм.

Залуу хүний хийх дуртай зүйл болох спортод оролцож болохгүй, мөн интернэтийг ашиглаж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Эдгээр нь тохирсон тэнцвэртэй байдлыг болон мэргэн ухааныг шаарддаг үйл ажиллагаанууд гэдгийг л хэлмээр байна. Хэрэв ухаалаг ашиглах юм бол тэдгээр нь бидний амьдралыг баяжуулах болно.

Гэхдээ би хөгшин, залуу хүн бүрийг зорилго, зорилтоо дахин хянаж, сахилга батаа сайжруулахыг хичээгээсэй хэмээн урамшуулж байна. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа болон сонголтууд зорилготой маань нийцэж байх ёстой. Бид сатаарал хийгээд зөвтгөх тайлбаруудаас салах хэрэгтэй. Есүс Христэд шударга байдлыг харуулан үйлчлэх гэрээтэй маань зохицох сонголтуудыг хийх нь нэн чухал билээ.21 Бид ямар ч шалтгаанаар энэ зорилгоос нүдээ салгаж; өөрөөр хэлбэл, бөмбөгийг унагаж болохгүй юм шүү.

Энэ амьдрал нь Бурхантай уулзахаар бэлтгэх цаг үе билээ.22 Бид аз жаргалтай, баяр хөөртэй хүмүүс. Бид хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөхийг эрмэлздэг. Гэхдээ бидний сонголт болон хэрхэн амьдарч байгаагийн маань үндсэн зорилго илүү чухал гэдгийг бид санах ёстой. Сатаарал, өөрийгөө зөвтгөх зэрэг нь хөгжил дэвшилд маань саад болж байвал аюултай хэдий ч, Есүс Христэд болон Түүний Сүмд итгэх итгэлийг маань багасгаж байвал бүр их хор хөнөөлтэй.

Санваартнуудын хувьд бид өөрсдийгөө Эзэний үйлчлэлд байгаа хүмүүсээс шаардагдах эрхэмсэг зорилготой дүйцэхүйц байлгаасай гэж би залбирч байна. Бид аливааг хийх бүрдээ “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй”23 байх нь селестиел болон террестриел хаант улсуудын хоорондох гол ялгаа байдгийг санах ёстой. Бид эдгээрийн селестиел талд нь байхыг л хүсдэг. Түүний төлөөлөгчдийн нэгний хувьд би Есүс Христ болон Аврагчийн Цагаатгал ба тэнгэрлэг байдал бодит гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Lee Mendelson-Bill Melendez Production TV Specials.

  2. Сатурны сар саад болсон, мөн бээлийн дотор нь хорт бодис байж болох талаар санаа зовсон гэх мэтээр Люси бөмбөг барьж чадалгүй унагах болгондоо өөрийгөө зөвтгөх шалтаг шалтгааныг хайж олдог.

  3. “Decisions Determine Destiny,” chapter 8 in Pathways to Perfection: Discourses of Thomas S. Monson(1973), 57–65-ыг үзнэ үү.

  4. Исаиа 7:15.

  5. “If to do were as easy as to know what were good to do, chapels had been churches, and poor men’s cottages princes’ palaces” (William Shakespeare, The Merchant of Venice, act 1, scene 2, lines 12–14).

  6. Сургаал ба Гэрээ 58:27.

  7. Adjusting to Missionary Life (booklet, 2013), 23–49-ийг үзнэ үү.

  8. Стефани Розэнблүүм, “Dealing with Digital Cruelty,” New York Times, Aug. 24, 2014, SR1-ийг үзнэ үү.

  9. Рандалл Л.Ридд, “Сонгогдсон үеийнхэн,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 56

  10. Сургаал ба Гэрээ 45:26-г үзнэ үү.

  11. Дэвид А.Бэднар, “To Sweep the Earth as with a Flood” (Бригам Янгийн Их Сургууль дээрх Боловсролын долоо хоног, 2014 оны 8-р сарын 19); lds.org/prophets-and-apostles/unto-all-the-world/to-sweep-the-earth-as-with-a-flood.

  12. Артур С.Брүүкс, “Love People, Not Pleasure,” New York Times,, 2014 оны 7-р сарын 20, SR1.

  13. Муу нь юу вэ гэвэл, манай өдрүүдэд нэмэгдсэн нэг сатаарал нь мунхаглал юм. Хүмүүнийг бузарлах зарим зүйлийн талаар Аврагч ярихдаа мунхаглалын тухай дурдсан байдаг (Марк 7:22-ыг үзнэ үү).

  14. Энэ нь эртний Грек, Ромын болон Мормоны Номын иргэншлийн үед тохиож байсан.

  15. Frederic W. Farrar, The Life and Work of St. Paul (1898), 302. Тэнд епикуреэн, стоик гэх мэт олон төрлийн философичид, эсэргүүцэгч бүлгийнхэн байсан. Түүнчлэн Квинтин Л.Күк, “Looking beyond the Mark,” Ensign, 2003 оны 3-р сар, 41–44; Лиахона, 2003 оны 3-р сар, 21–24-ийг үзнэ үү.

  16. Үйлс 17:21.

  17. Үйлс 17:32.

  18. Farrar, The Life and Work of St. Paul, 312.

  19. Даллин Х.Өүкс, “Сайн, илүү сайн, хамгийн сайн,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 104–8-ыг үзнэ үү.

  20. Мэрлин Олсэн шилдэг хөл бөмбөгч, жүжигчин мөн NBC сувгийн Улсын хөл бөмбөгийн холбооны тайлбарлагч байсан. Тэр Юта мужийн их сургуулийн багт байхдаа, Аутланд цомыг хүлээн авсан. Тэр Лос Анжелес Рамс багт мэргэжлийн америк хөл бөмбөг тоглодог байсан. Тэрээр телевизээр Little House on the Prairie нэвтрүүлэгт Майкл Ландоны эсрэг Жонатан Гарвигийн дүрд тоглож байсан ба өөрийн Father Murphy гэдэг телевизийн нэвтрүүлэгтэй байв. Тэр 2010 оны 3-р сарын 11-нд насан өөд болсон бөгөөд бид түүнийг ихэд дурсан санадаг.

  21. Сургаал ба Гэрээ 76:5-ыг үзнэ үү.

  22. Алма 34:32-ыг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 76:79.