2010–2019
Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь
Аравдугаар сар 2014


Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь

Христийг дагалдагчийн хувьд бидний эрхэмлэдэг зүйлсийг хуваалцдаггүй, мөн тэдгээрийн суурь сургаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүстэй энх тайван байдлаар зэрэгцэн амьдрах хэрэгтэй.

I.

Есүс мөнх бус амьдралынхаа тохинууллын сүүлчийн өдрүүдэд “шинэ тушаал” хэмээн нэрлэсэн нэгэн тушаалыг төлөөлөгчдөдөө өгсөн байна (Иохан 13:34). “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биенээ хайрлагтун” хэмээн гурван удаа давтан хэлсэн тэрхүү тушаал нь энгийн мөртлөө үлэмж хэцүү тушаал байв (Иохан 15:12; мөн 17-р шүлгийг үзнэ үү). Бие биенээ хайрлах сургаал нь Аврагчийн тохинууллын хамгийн чухал сургаал байсан юм. Хоёр дахь нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн агуу тушаал байв (Матай 22:39). Тэр ч бүү хэл “Дайснуудаа хайрла” гэж Есүс заасан байдаг (Матай 5:44). ХаринТэрээр өөрийн сүргээ хайрладаг байсан шиг бусдыг хайрла хэмээх тушаалыг зөвхөн Өөрийн төлөөлөгчдөд болон бидэнд зориулан өгсөн ба энэхүү тушаал нь өөрийн гэсэн өвөрмөц сорилтыг дагуулдаг юм. Өнгөрсөн 4-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон “Үнэн хэрэгтээ бол хайр нь сайн мэдээний хамгийн чухал хэсэг бөгөөд Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ юм”1 гэж бидэнд заасан билээ.

Бие биенээ Христийн адил хайрлах нь яагаад ийм хэцүү байдаг вэ? Бид итгэлээс маань хуваалцдаггүй, өөр зүйлсийг эрхэмлэн үздэг, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага нь ялгаатай хүмүүсийн дунд амьдардаг учраас энэ нь хэцүү байдаг билээ. Есүс цовдлогдохынхоо өмнөхөн, шавь нарынхаа өмнөөс өргөсөн агуу залбиралдаа “Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм” (Иохан 17:14). хэмээн дагалдагчдынхаа төлөө залбирсан. Дараа нь Тэрээр Эцэгтээ хандан “Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна” (15-р шүлэг) хэмээн гуйсан байдаг.

Бид дэлхий дээр амьдрах ёстой ч дэлхийнх байх ёсгүй. Бид Есүс Өөрийн Хаант улсын гурилыг бүхэлд нь исгэх чадалтай “хөрөнгө лугаа адил” хэмээн сургаалт зүйрлэлдээ заасан шиг, энэ ертөнц дээр амьдрах ёстой (Лук 13:21; Матай 13:33; мөн 1 Коринт 5:6–8-ыг үзнэ үү). Хэрэв Түүний дагалдагчид зөвхөн өөрсөдтэйгээ адил итгэл үнэмшил, дэг жаяг бүхий хүмүүстэй уулзаж харьцдаг байсансан бол энэ бүхнийг хийж чадахгүй байх байсан юм. Гэтэл Аврагч хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь хэмээн заасан байдаг шүү дээ (Иохан 14:15-ыг үзнэ үү).

II.

Өөр өөр итгэл үнэмшил, дэг жаяг бүхий хүмүүсийн дунд амьдрахдаа тушаалуудыг хэрхэн дагах тухай сургаал сайн мэдээнд олон байдаг. Зөрчилдөөний талаар заасан сургаалууд ч олон бий. Нифайчууд баптисмын зан үйлийн талаар өөр хоорондоо зөрчилдөж байхыг олж мэдсэн, амилсан Христ тэрхүү зан үйлийг хэрхэн гүйцэтгэх талаар тэдэнд тодорхой чиглэл өгсөн юм. Дараа нь Тэрээр энэхүү агуу зарчмын талаар:

“Та нарын дунд өмнө нь байсан шиг ямар ч сөргөлдөөн байх ёсгүй, бас өмнө нь байсан шиг сургаалын минь заалтуудын талаар та нарын дунд сөргөлдөөнүүд байх ёсгүй.

“Учир нь үнэнээр, үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг.

“Болгоогтун, энэ ... иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” гэж заажээ (3 Нифай 11:28–30; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Аврагчийн өгсөн зөрчилдөөний эсрэг сануулга нь зөвхөн баптисмын талаарх тушаалыг дагадаггүй хүмүүст өгөгдөөгүй юм. Тэрээр хэнд ч болов зөрчилдөхийг хориглосон байдаг. Тушаалуудыг дагадаг хүмүүс ч гэсэн бусдыг уурлуулж, өдөөн хатгах ёсгүй. “Зөрчилдөөний эцэг” бол чөтгөр, харин Аврагч бол Амар амгалангийн Ханхүү юм.

Үүнтэй адилаар “мэргэн хүмүүс уур хилэнг зайлуулна” гэж Ариун Библид сургасан байдаг (Сургаалт үгс 29:8). Эртний төлөөлөгчид биднийг “амар тайванг тогтоодог зүйлсийн хойноос мөшгөж” (Ром 14:19), “хайр дотор үнэнийг [ярь]” (Ефес 4:15), “учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй” (Иаков 1:20) хэмээн сургасан билээ. Орчин үеийн илчлэлтүүдэд сэргээгдсэн сайн мэдээний “баярт мэдээ”-г “хүн бүр хөршдөө, эвтэй зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдлаар” (С ба Г 38:41), “бүхий л даруу байдлаар, … хорт муу үгээр яригчдын өөдөөс хорт муу үгээр ярихгүйгээр” (С ба Г 19:30) тунхаглахыг Их Эзэн тушаасан юм.

III.

Бид номхон дөлгөөн байж, сөргөлдөөнөөс зайлсхийхдээ өөрсдийн ойлгож хүлээн авсан үнэн зүйлст итгэх итгэл үнэмшлээ сулруулах юм уу, үүнд бууж өгөх ёсгүй. Бид өөрсдийн байр сууринаас эсвэл эрхэмлэх зүйлсээсээ татгалзах ёсгүй. Есүс Христийн сайн мэдээ ба бидний хийсэн гэрээнүүд нь яах аргагүй биднийг үнэн, худал хоёрын хоорондох мөнхийн тулаанд байлдагчид болгодог. Энэхүү тулаанд дундыг баримтлагчид гэж үгүй юм.

Аврагчийг эсэргүүцэгчид “завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан” эмэгтэйг Түүний өмнө авчрахад Тэрээр сөргөлдөөн гарах үед яах ёстойг бидэнд үзүүлсэн (Иохан 8:4). Хоёр нүүр гаргасандаа ичсэн буруутгагчид бүгдээрээ гарч явахад Есүс тэр эмэгтэйтэй хоёулхнаа үлддэг. Тэгээд Тэрээр эмэгтэйг буруутгалгүй, харин ч түүнд өгөөмөр сэтгэлээр хандсан юм. Гэхдээ Есүс тэр эмэгтэйд “дахин нүгэл бүү үйлд” хэмээх хатуу удирдамж өгсөн билээ (Иохан 8:11). Өгөөмөр хайр зайлшгүй байх шаардлагатай ч Христийн дагалдагч нь Их Эзэнтэйгээ адил, үнэний талд хатуу зогсох ёстой юм.

IV.

Аврагчийн адилаар Түүний дагалдагчид зарим үед нүгэлт байдалтай нүүр тулдаг бөгөөд буруу, зөвийн талаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь тэднийг “сохроор дагагчид”, “хэт шүтлэгтэнгүүд” хэмээн цоллодог. Дэлхийн зүйлсийг эрхэмлэгч олон тооны үзэл бодол, зан үйлүүд нь хожмын үеийн гэгээнтнүүдийн замд сорилт болдог юм. Эдгээрийн дотроос өнөөдөр хамгийн хүчтэй түрэн орж ирж байгаа зүйл бол Нэгдсэн Улсад болон Канадын олон мужид мөн дэлхийн өөр олон улс оронд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрч байгаа явдал билээ. Үүнээс гадна бид гэрлэлтэд огтхон ч итгэдэггүй хүмүүсийн дунд амьдарч байна. Зарим нь хүүхэдтэй болох шаардлагагүй ч гэж үздэг. Гэтэл зарим нь садар самууныг болон хор хөнөөлт мансууруулах бодисын хэрэглээг хязгаарлах гэсэн ямар ч хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрдөггүй. Ихэнх итгэгчдийн сайн мэдэх өөр нэгэн жишээ бол сүсэг бишрэлгүй хань ижил, гэр бүлийн гишүүдтэйгээ хамт амьдрах, эсвэл сүсэг бишрэлгүй хамтран зүтгэгчтэйгээ буюу өөр бусадтай хамт ажиллах асуудал юм.

Бид ариун сүм, шүтлэг бишрэлийн байр, өөрийн гэр орон зэрэг онцгойлон адислагдсан газруудад сэргээгдсэн сайн мэдээгээр дамжуулан бидэнд илчлэгдсэн авралын төлөвлөгөөнөөс ойлгосон үнэн зүйл, зарлиг тушаалуудыг бусдад энгийн мөн бүрэн дүүрэн заах ёстой. Бидний энэхүү үг хэлэх, шашин шүтэх эрх Үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд албан ёсны Үндсэн хуульгүй оронд ч энэ нь хүндлэн дээдэлдэг хувь хүний эрх чөлөөгөөр хамгаалагддаг юм.

Сүсэгтэн хүн олон нийтийн газар үг хэлж, үйл ажиллагаа явуулахдаа өөр бусад хүчин зүйлийг харгалзан үзсэн байх ёстой байдаг. Шашин шүтэх эрхийн дагуу олон нийтийн ихэнх үйл ажиллагаа хамгаалагдсан байдаг ч, бусдын сүсэг бишрэл, дэг жаягийг хүндлэх ёстой гэсэн заалтууд ч мөн дагалдаж орсон байдаг. Шашны үйл хэргийн нэрэн дор хийгдсэн байсан ч бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл юм уу, алан хядах үйл ажиллагаа зэрэг гол төлөв буруу эсвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй бусад үйлдлийг хуулиар хориглож болдог. Харин сүсэгтэн хүний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй ч, Мормоны Номон дахь бошиглогчийн нэрлэсэнчлэн “хүмүүсийн саналаар” хуульчлан баталсан тохиолдолд зарим хор уршиг багатай гэж үзсэн үйлдлийг бид тэсвэрлэн өнгөрөөхөөс өөр аргагүй юм (Мозая 29:26).

Олон нийтэд хандаж үг хэлэх сэдвийн тухайд, бид хөршөө хайрлах болон зөрчилдөөнөөс зайлсхийх зэрэг сайн мэдээний сургаалуудыг дагах хэрэгтэй. Христийг дагалдагчид бол зөв боловсон байдлын үлгэр жишээ байх ёстой. Бид бүх хүнийг хайрлан, сайн сонсогч нь байж, чин сэтгэлээсээ шүтэж байгаа сүсэг бишрэлийг нь үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах ёстой. Бид санал нийлэхгүй байж болох ч адайр зөрүүд байж болохгүй юм. Маргаантай сэдвийн талаарх бидний байр суурь, үг хэл хэрүүл маргаан үүсгэхээр байж болохгүй. Бид өөрсдийн байр суурийг ойлгуулж, тайлбарлахдаа, мөн хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхдөө ухаалаг хандах ёстой. Ингэхдээ бид шашны талаарх өөрсдийн чин сэтгэлийг тэдэнд ойлгуулан; үзэл бодлоо илэрхийлж, шашнаа эрх чөлөөтэй шүтсэнд гомдох хэрэггүй гэдгийг тэднээс хүсэх нь зүйтэй юм. “Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд” ((Матай 7:12) гэсэн Аврагчийн алтан дүрмийг дагаасай хэмээн би та бүхнийг урьж байна.

Нийтэд түгээмэл үзэл бодол, хууль журам нь бидний байр суурь, жишигт таарахгүй байх нь бидэнд тааламжгүй байсан ч үр дагаврыг нэр төртэй хүлээн авч, сөрөг талынхантайгаа зөв боловсон харьцаж байх нь зүйтэй. Ямар ч үед бид бүх зүйлд өгөөмөр сэтгэлээр хандаж; арьс өнгө, гарал үүсэл, хүйс, шашин шүтэх, эс шүтэх зэргээр ялгаварлан гадуурхах ямар ч хэлбэрийн мөрдлөг хавчлагыг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

V.

Би ерөнхий зарчмуудын талаар ярилаа. Харин одоо Аврагчийн сургаалуудыг илүү итгэлтэй дагавал зохих, бидний мэдэх олон янзын нөхцөл байдалд эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярья.

Бидний бяцхан хүүхдүүд тоглож байхдаа ямар зүйл сурч байгаа талаар яриагаа эхэлье. Энд, Юта мужид амьдардаг мормон биш ихэнх хүн өөр шашин шүтлэгтэй айлын хүүхдүүдтэй үр хүүхдүүдээ найзлахыг хориглодог манай зарим гишүүнээс болж ихэд гомдсон байдаг. Үнэндээ биднээс өөр үзэл бодол, жишиг бүхий хүмүүсээс үр хүүхдүүддээ заавал хөндийрүүлж холдуулалгүй, эрхэмлэх зүйлс ба биеэ авч явах жишгийг, эсвэл бүх хүнийг адилхан хүндлэх талаар бид зааж сургах боломжтой.

Сүм болон сургуулийн олон багш зарим өсвөр үеийнхнийг, тухайлбал зарим ХҮГ хүүхдүүдийг нэг нэгэнтэйгээ хэрхэн харьцаж байгааг хараад сэтгэл зовнидог. Шашин шүтлэг, арьс өнгө, соёл, санхүүгийн нөхцөл байдлаас хамааралгүйгээр нэг нэгнийгээ хайрлаж, хүндлэх нь бие биенээ хайрла гэсэн тушаалд яах аргагүй орно. Бусдыг дээрэлхэж, доромжлох, эсвэл бусдыг өвтгөж, сэтгэлийг нь сэвтүүлэх үг хэллэг, үйлдлийг санаатайгаар хийхгүй байхыг бид бүх өсвөр үеийнхнээс хүсэж байна. Энэ бүх үйлдэл нь бие биенээ хайрла хэмээх Аврагчийн тушаалыг зөрчиж байгаа хэрэг юм.

Зөрчилдөөн бол чөтгөрийн багаж хэрэгсэл хэмээн Аврагч сургасан. Энэ нь яах аргагүй өнөө үед хэрэглэгдэж буй үг хэллэг ба улс төрийн хуйвалдааны эсрэг зүйлийг заадаг. Улс төрийн бодлогын зөрчилтэй амьдрах нь улс төрийн салшгүй нэгэн хэсэг боловч бодлогын ялгаа нь засгийн газрын үйл ажиллагааг доголдуулж, оролцогчдыг шийтгэх гэсэн хувийн шинжтэй дайралт байх ёсгүй. Бид бүгдээрээ өөр хоорондоо үзэн ядсан үг хэллэг хэрэглэхгүй байж, үзэл бодлын ялгаагаа зөв боловсон аргаар шийдвэрлэх ёстой.

Зөрчилдөөнийг үгүй хийж, өөр хоорондын ялгааг хүндлэх талаар зааж сургахад хамгийн тохиромжтой газар бол бидний гэр орон болон гэр бүл доторх харилцаа юм. Зарим үед жижиг, зарим үед том зөрчил гарах нь гарцаагүй. Томоохон зөрчил гэвэл танай гэр бүлийн нэг гишүүн хэн нэгэнтэй хамтран амьдрагч маягаар амьдардаг байж болох юм. Энэ нөхцөлд гэр бүлийнхээ гишүүнийг хайрлах бидний хайр, тушаалуудыг дагана гэсэн бидний амлалт хэмээх хоёр чухал эрхэм зүйл зөрчилдөхөд хүрдэг. Аврагчийн үлгэр жишээг дагаж бид хайр энэрлээ үзүүлэх ёстой ч, болж байгаа үйл явдлыг дэмжихгүй юм уу, хүлээн зөвшөөрсөн үйлдэл хийхгүй байснаараа бид үнэний талд хатуу зогсож чадна.

Гэр бүл доторх харилцааны өөр нэгэн жишээг татсанаар би хэлэх үгээ төгсгөе. Бараг 10 жилийн өмнө Америкийн Баруун төв хэсэгт болсон гадасны чуулган дээр би нэгэн эгчтэй уулзсан бөгөөд нөхөр нь 12 жилийн туршид түүнтэй хамт сүмд ирдэг байсан ч Сүмийн гишүүн болоогүй тухай тэрээр хэлсэн юм. Тэр эгч би юу хийх ёстой вэ? гэж надаас асууж билээ. Би түүнд бүх зөв гэснээ үргэлжлүүлэн хийж, нөхөртөө тэвчээртэй, сайхан хандаж байгаарай гэж хэлсэн.

Бараг сарын дараа тэр эмэгтэй: “Ер нь бол 12 жилийн турш хүлээх нь миний тэвчээрийг хангалттай харуулсан гэж бодож байсан ч, түүнд сайхан хандаж байснаа би тийм ч сайн санахгүй байлаа. Тэгээд би нэг сарын турш маш их чармайж хичээсний үр дүнд нөхөр маань баптисм хүртсэн” гэж надад бичиж явуулсан байв.

Өгөөмөр сайхан сэтгэл нь, тэр тусмаа гэр бүлд маш их хүч нөлөөтэй байдаг. Тэр эгч цааш нь “Энэ жил бид хоёр ариун сүмд лацдан холбогдохоор бэлдэж байгаа тул одоо би түүнд улам сайхан хандахыг хичээж байгаа!” гэж бичсэн байлаа.

Зургаан жилийн дараа тэрхүү эмэгтэй надад дахин захидал бичиж, “Нөхөр маань [дөнгөж сая] [манай тойргийн] бишопоор дуудагдан томилогдлоо”2 гэсэн байв.

VI.

Бид амьдралд тохиолдох олон төрлийн харилцаа холбоо, нөхцөл байдалдаа дасан зохицож амьдрах ёстой. Хэдийгээр үзэл бодлын зөрчил гарах үед бид амин чухал эрхэм нандин зүйлсээсээ татгалзаж, орхихгүй байх ёстой бөгөөд Христийг дагалдагчийн хувьд бидний эрхэмлэдэг зүйлсийг хуваалцдаггүй, мөн тэдгээрийн суурь сургаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүстэй энх тайван байдлаар зэрэгцэн амьдарч сурах хэрэгтэй. Бошиглолын илчлэлтээр ирсэн Эцэгийн авралын төлөвлөгөөний дагуу бид Түүний тушаалуудын дагуу амьдарвал зохих мөнх бус амьдралаар амьдарч байна. Тэрээр биднийг хайрладаг байсан шиг өөр соёл, шашин шүтлэгтэй хөршүүдээ хайрлах нь ч мөн энэхүү тушаалуудад ордог. Мормоны Ном дахь бошиглогчийн зааснаар бид “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг” агуулан урагш тэмүүлэх ёстой (2 Нифай 31:20).

Эмх замбараагүй байдлын дунд амьдрах хэцүү ч, Аврагч биднийг хайрладаг шиг бие биенээ хайрла гэсэн Түүний тушаалыг дагах нь бидний хувьд хамгийн том сорилт ч байж магадгүй юм. Бид энэхүү тушаалыг сайн ойлгож, бүхий л харилцаа холбоо, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг эрэлхийлэх болтугай хэмээн би залбирч байна, Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Хайр бол сайн мэдээний үндсэн зарчим,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 91

  2. Даллин Х.Өүкст ирсэн захидлууд, 2006 оны 1-р сарын 23, 2012 оны 10-р сарын 30