2010–2019
Нэгдмэл байж, аврах нь
Аравдугаар сар 2014


Нэгдмэл байж, аврах нь

Бид Аврагчид туслахын тулд нэгдмэл байж, эв найрамдалтай хамтран ажиллах ёстой. Хүн нэг бүр, бүх албан тушаал, мөн бүх дуудлага чухал билээ.

Бид ерөнхийлөгч Томас С.Монсоны “Аварч болохын тулд хүмүүст хүрч ажилла”1 гэж хэлдгийг үргэлж сонсдог. Шинэ Гэрээн дэх нэгэн түүх санаанд минь орж байна. Энэ нь гишүүд болон номлогчид хамтран хүмүүст хүрч, мөн тэднийг аврахын тулд тойргийн зөвлөлөөр дамжуулан хэрхэн нэгдэн ажиллаж болох төгс жишээ юм. Уг түүх Марк 2:1–5-д гардаг. Бидэнд тодорхой сургаал юм уу, зарчмыг заахад Есүсийн ашигладаг байсан туршлагууд үргэлж хамгийн сүнслэг бөгөөд ойлгоход амар байдгийг би ойлгосон.

Энэ түүхэн дэх нэг дүр нь бусдын тусламжгүйгээр хөдөлж чадахаа больсон саа өвчтэй хүн юм. Энэ хүнд тусламж хүлээн, гэртээ байхаас өөр арга байгаагүй юм.

Бидний өдрүүдэд үүнтэй адил зүйл тохиолдож болно. Тухайлбал, дөрвөн хүн бишопынхоо өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж, саа өвчтэй хүн дээр гэрт нь очих ёстой байсан. Тэдний нэг нь Халамжийн Нийгэмлэгийг, өөр нэгэн нь ахлагчдын чуулгыг төлөөлөх ба тэдэнтэй хамт Аароны санваартан, бүрэн цагийн номлогч хоёр байна гэдэгт би эргэлзэхгүй байна. Бишоп хамгийн сүүлийн тойргийн зөвлөлийн хурлаар тойрог дахь тодорхой хүмүүст ямар тусламж хэрэгтэй байгааг хамтдаа зөвлөлдсөнийхөө дараа “аврах” үүрэг даалгавар өгчээ. Тийнхүү энэ дөрвөн хүн саа өвчнөөсөө болж зовон шаналж байгаа тэр эрэгтэйд туслах үүрэг авсан байна. Тэд түүнийг сүмд өөрөө ирэхийг нь хүлээж болохгүй бөгөөд гэр рүү нь явж, түүн дээр зочилж очих ёстой байв. Тэд түүнийг хайж олохоор аян замдаа гарч, тэрхүү эрэгтэйг Есүст авчирсан юм.

“Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ” (Марк 2:3).

Гэвч өрөөнд дэндүү олон хүн байсан учраас тэд хаалгаар орж чадсангүй. Тэд хийж чадах бүх зүйлээ хийсэн боловч орж чадаагүй гэдэгт би итгэлтэй байна. Төлөвлөсөн зүйлс нь тийм ч амархан бүтсэнгүй. Тэдний “аврах” замд саад учрав. Гэвч тэд бууж өгөөгүй билээ. Тэд саа өвчтэй хүнийг хаалганы дэргэд орхиод явсангүй, харин юу хийж болох талаар болон түүнийг хэрхэн Есүс Христэд авчирч, эдгээж болох талаар хамтдаа зөвлөлджээ. Бодгалиудыг аврахаар Есүс Христэд туслах ажил нь тэдний хувьд хэзээ ч тэгтлээ хүнд хэцүү байгаагүй юм. Тиймээс тэд амархан биш нэгэн төлөвлөгөөг гаргаж, үүнийхээ дагуу үйлдсэн билээ.

“Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав” (Марк 2:4).

Тэд түүнийг дээвэр рүү авч гарлаа. Дээшээ авирах шат байхгүй байсан болохоор тэднийг дээш гарахад мэдээж цаг хугацаа орсон нь тодорхой юм. Тэд дараах маягаар дээш гарсан болов уу гэж би бодож байна. Тухайлбал, тойргийнх нь залуу эрэгтэй хамгийн түрүүнд дээвэр рүү авирч гарсан ба залуухан, бас эрч хүчтэй учраас түүнд тийм ч хэцүү байгаагүй байх. Ахлагчдын чуулгаас томилогдсон гэрийн багшийн хамтрагч болон өндөр мөн хүчтэй бүрэн цагийн номлогч хоёр нь түүнийг дээшээ хүчлэн, түлхэж өгч, харин Халамжийн Нийгэмлэгийн эгч тэдэнд болгоомжтой байхыг сануулан, урам зориг өгсөн үгсийг хэлж байсан байж таараа. Нөгөөх эрэгтэй өөрөө чөлөөтэй хөдөлж чаддаг болохын тулд эдгэхээ хүлээх үед нь эгч түүнийг тайтгаруулж, тэр хооронд ах нар дээврийг нь хуулж авсан болов уу.

Энэхүү аврах үүрэг даалгавар нь хүн бүрийн хамтын хичээл зүтгэлийг шаардсан юм. Хамгийн чухал цаг мөч болох саа өвчтэй хүнийг дээврээс доошоо буулгахад хамтдаа тун болгоомжтой ажиллах шаардлагатай байсан нь лавтай. Дөрвөн хүн нэгдмэл байж, эв найрамдалтай хамтран ажиллах ёстой байсан. Тэр дөрвийн дунд ямар нэгэн зөрчилдөөн байж болохгүй байв. Тэд саа өвчтэй хүнийг яг адил хурдаар нэгэн зэрэг доош буулгах ёстой байсан бөгөөд хэрэв хэн нэгэн нь олсыг бусдаасаа хурдан буулгах юм бол нөгөөх эрэгтэй орноосоо унах байв. Тэрээр сул дорой биетэй учраас өөрөө юмнаас зуурч авч чадахгүй билээ.

Бид Аврагчид туслахын тулд нэгдмэл байж, эв найрамдалтай хамтран ажиллах ёстой. Хүн нэг бүр, бүх албан тушаал, мөн бүх дуудлага чухал. Бид Их Эзэн Есүс Христэд нэгдэх ёстой.

Эцэст нь саа өвчтэй хүн Есүсийн өмнө авчрагдсан юм. “Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд, Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв” (Марк 2:5). Есүс түүнийг энэрэн, зөвхөн бие махбодынх нь хувьд төдийгүй сүнсийг нь эдгээж, “Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан” хэмээжээ. Энэ нь гайхамшигтай биш гэж үү? Бид үүнийг өөрсдөдөө бас тохиолдоосой гэж хүсэхгүй байх байсан гэж үү? Мэдээж, би бол хүсэх байсан.

Өөрсдөө Сүмд ирж чадахгүй байгаа, сүнсний саа өвчин туссан хэн нэгнийг бид амьдралдаа мэддэг үү? Тэдгээр нь бидний хүүхдүүдийн болон эцэг эхийн маань нэг эсвэл хань ижил, найз нөхөд маань ч байж болно.

Сүмийн нэгж бүрд маш олон бүрэн цагийн номлогч байгаа учраас бишоп, салбарын ерөнхийлөгчид тойрог болон салбарын зөвлөлөө илүү сайн ашиглах нь ухаалаг хэрэг юм. Бишоп тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн нэрийн жагсаалтыг авчрахыг тойргийн зөвлөлийн гишүүн бүрээс хүсэж болно. Тойргийн зөвлөлийн гишүүд хэрхэн хамгийн сайн тусалж болох талаар хамтдаа анхааралтай зөвлөлдөх бөгөөд бишопууд гарсан санаануудыг анхааралтай сонсож, үүрэг даалгавруудыг хуваарилна.

Бүрэн цагийн номлогчид эдгээр аврах хичээл зүтгэл дэх агуу эх сурвалжууд юм. Тэд залуу мөн эрч хүчээр дүүрэн байдаг. Тэд ажиллаж болох тодорхой хүмүүсийн нэрийн жагсаалтыг гаргах, мөн тойргийн гишүүдтэй хамтран ажиллах дуртай байдаг. Мөн тэд тэрхүү хүмүүсийг сургаалаас хуваалцах шинэ хүнийг олох агуу боломжууд гэдгийг мэддэг юм. Тэд Их Эзэний хаант улсыг байгуулахад зориулагдсан. Тэд эдгээр аврах хичээл зүтгэлд оролцсоноор Христтэй илүү адилхан болно гэсэн хүчтэй гэрчлэлтэй байдаг.

Эцэст нь би та бүхэнд судраас өөр нэгэн нуугдмал эрдэнэсийг хуваалцах гэсэн юм. Энэ нь 5-р шүлэг дээр гардаг “Есүс тэдний итгэлийг хараад” гэсэн хэсэг юм. Би тэдний итгэл гэдэг хэсгийг өмнө нь анзаараагүй байв. Үнэхээр бидний нэгдмэл итгэл л бусдын сайн сайханд нөлөөлөх болно.

Есүс тэд гэж хэнийг хэлсэн бэ? Тэд гэдэг нь саа өвчтэй хүнийг авчирсан дөрвөн хүн ба саа өвчтэй хүн, мөн түүний төлөө залбирсан болон Есүсийн номлолыг сонсож, удахгүй ирэх гайхамшигт зүрх сэтгэлдээ баярлаж байсан хүмүүс юм. Тэд бол эхнэр эсвэл нөхөр; эцэг эх ба хүү, эсвэл охин; номлогч, чуулгын болон Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, бишоп, түүнчлэн хол байгаа найз чинь ч байж болно. Бид бүгд нэг нэгэндээ тусалж чадна. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олох ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулах ёстой.

Би Есүс Христ бол гайхамшгуудын Бурхан гэдгийг гэрчилж байна. Есүс Христ бид бүгдийг хайрладаг бөгөөд бие махбод ба сүнсний аль алиныг нь аварч, эдгээх хүчтэй. Бид бодгалиудыг аврах номлолд нь Түүнд туслахдаа өөрсдөө ч мөн аврагдах болно. Би Түүний ариун нэрээр, бүр Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Тухайлбал, Томас С.Монсон, “Авралын ажил дахь бидний үүрэг,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 10-р сар, 5-ыг үзнэ үү.