2010–2019
Бошиглогчдыг дэмжин батлах нь
Аравдугаар сар 2014


Бошиглогчдыг дэмжин батлах нь

Бошиглогчдыг батлан дэмжих гэдэг нь бидний хувьд тэднийг бошиглолын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь өөрийн зүгээс чадах бүхнээрээ дэмжин туслахад бэлэн гэдгээ харуулж байгаа хэрэг юм.

Ерөнхийлөгч Айринг, таны сэтгэл догдлуулсан захиасанд бид талархаж байна. Хайрт ах эгч нар аа, бид та бүхний итгэл болон үнэнч байдалд тань талархаж байдаг билээ. Өчигдөр, Томас С.Монсоныг Их Эзэний Сүмийн ерөнхийлөгч мөн Түүний бошиглогч хэмээн дэмжин батлахыг биднээс хүссэн. Бид “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя”1 дууллыг байнга дуулдаг. Энэ нь үнэн хэрэгтээ ямар утга учиртай болохыг бид бүгд бүрэн дүүрэн ойлгодог болов уу? Бидэнд өө сэвгүй, хувийн ашиг сонирхолгүй, ил тод бөгөөд үнэхээр үнэн зөвлөгөөг өгөх Их Эзэний бошиглогчийг дэмжин батлах онцгой эрхийг Их Эзэн бидэнд олгосон гэдгийг төсөөлөн бод доо!

Тэгэхлээр бид бошиглогчийг хэрхэн жинхэнээсээ дэмжин баталдаг вэ? Сүмийн ерөнхийлөгч болохоосоо олон жилийн өмнө, ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Сүмийн эрх мэдэлтнүүдийг дэмжин батлахдаа Гэгээнтнүүд зөвхөн гараа өргөж үзүүлэх төдийгүй, үйлдлээрээ, чин сэтгэлээсээ оролцох нь тэдний хувьд нэн чухал үүрэг хариуцлага юм”2 гэсэн тайлбар өгсөн байдаг.

Миний хувьд бошиглогчийг дэмжин баталсан хамгийн өвөрмөц нэгэн “үйлдлийнхээ” талаар би маш тод санадаг юм. Эмч, зүрхний мэс засалч хүний хувьд надад1972 онд, тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэгт албыг гүйцэтгэж байсан ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллд зүрхний нээлттэй мэс засал хийх хариуцлагатай үүргийг даалгасан билээ. Түүнд маш нарийн мэс засал хийх шаардлагатай байв. Гэвч 77 настай, зүрхний хүнд доголдолтой өвчтөнд тиймэрхүү мэс засал хийж байсан туршлага надад байхгүй байлаа. Би мэс засал хийхийг дэмжихгүй байсан учраас өөрийн бодлыг ерөнхийлөгч Кимбалл болон Тэргүүн Зөвлөлд мэдэгдсэн юм. Гэвч Тэргүүн Зөвлөлийнхөн мэс засал хийлгэх нь зөв хэмээн зөвлөсөн учраас ерөнхийлөгч Кимбалл мэс засал хийлгэхээ итгэлтэй шийдсэн юм. Энэхүү үйлдэл нь тэрээр өөрийн удирдагчдыг хэрхэн дэмжин баталдаг болохыг харуулж билээ! Харин түүний энэ шийдвэр тэр үед намайг ихээхэн сандаргасан юм!

Их Эзэний ивээлээр, мэс засал амжилттай болсон. Ерөнхийлөгч Кимбаллын зүрх дахин маш их эрч хүчтэй цохилж эхэлсэн билээ! Яг тэр мөчид би энэ хүн хэзээ нэгэн өдөр Сүмийн ерөнхийлөгч болох юм байна гэсэн Сүнсний тод томруун гэрчлэлийг хүлээн авсан юм!3

Та нар дараа нь юу болсныг нь мэдэж байгаа. Хорьхон сарын дараа ерөнхийлөгч Кимбалл, Сүмийн ерөнхийлөгч болсон. Түүнчлэн тэрээр Сүмийг олон жилийн туршид эрч хүчтэй бөгөөд зоригтой удирдсан юм.

Түүнээс хойш бид ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, Ховард В.Хантэр, Гордон Б.Хинкли болон эдүгээ Томас С.Монсоныг Сүмийн ерөнхийлөгчдөөр дэмжин баталсаар байгаа билээ. Тэд бүгдээрээ бүрэн утгаараа бошиглогчид юм!

Хайрт ах эгч нар аа, Сэргээлт болсноор хийгдсэн нэг зүйл бол Бурхан Өөрийн хүүхдүүдтэй ярихаа больсон хэмээх эртний домгийг яах аргагүй үгүйсгэсэн явдал юм. Үүн шиг худал хуурмаг зүйл байсангүй. Бүхий л эрин үед, Адамаас өнөөг хүртэл, Бурханы Сүмийн тэргүүнд бошиглогчид байсаар ирсэн юм.4 Бошиглогчид Есүс Христийн талаар, Түүний Бурханлаг байдал, Түүний энэ дэлхий дээрх номлол болон үйлчлэлийн талаар гэрчилдэг.5 Бид бошиглогч Иосеф Смитийг энэ эрин үеийн бошиглогч хэмээн хүндлэн дээдэлдэг. Мөн бид түүний дараа Сүмийн ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг хүлээн авсан хүн бүрийг хүндэтгэдэг юм.

Биднийг бошиглогч, удирдагчдаа дэмжин батлах үед6, нийтийн хууль хэрэгжиж эхэлдэг. Учир нь Их Эзэн “Эрх мэдэл бүхий хэн нэгнээр томилогдсон, мөн тэрээр эрх мэдэлтэй, бас сүмийн тэргүүнээр зохих ёсоор томилогдсон гэдэг нь сүмд мэдэгдэхээс бусдаар миний сайн мэдээг тунхаглах, эсвэл миний сүмийг өсгөн бэхжүүлэхээр урагш одох нь хэнд ч өгөгдөх ёсгүй”7 хэмээн хэлжээ.

Энэ нь Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бидэнд Эзэний зарц нар, эш үзүүлэгчдийн дуу хоолойгоор ирэх Түүний дуу хоолойг8 сонс хэмээх сүнслэг тушаалыг биелүүлэхэд зориг болон итгэлийг өгдөг9. Их Эзэний Сүмийн удирдагчид бүгд зохих эрх мэдэлтнээр дуудагдсан байдаг. Тэр ч байтугай Их Эзэний Сүмийн ямар ч бошиглогч эсвэл өөр ямар ч удирдагч өөрөө өөрийгөө сонгож, дуудаж байгаагүй. Бошиглогч хэзээ ч сонгуулиар сонгогдож байгаагүй. Их Эзэн “Та нар намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон”10 хэмээн тодорхой хэлсэн билээ. Бид бүгдээрээ Сүмийн ямар ч түвшний удирдагчдыг сонгох “санал өгдөггүй”. Гэхдээ бидэнд тэднийг дэмжин батлах онцгой эрх өгөгдсөн байдаг билээ.

Их Эзэний арга замууд нь хүмүүний арга замаас өөр байдаг билээ. Хүмүүний арга зам бол хүмүүс хөгширч эсвэл ажлын чадваргүй болоход үүрэгт ажлаас нь чөлөөлдөг. Үүнчлэн хүмүүний арга зам нь Их Эзэний арга зам биш бөгөөд хэзээ ч Түүний арга зам болохгүй. Бошиглогчдыг дэмжин батлах гэдэг нь бидний хувьд тэднийг бошиглолын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь өөрийн зүгээс чадах бүхнээрээ дэмжин туслахад бэлэн гэдгээ харуулж байгаа хэрэг юм. Бид тэднийг батлан дэмжсэнээрээ тэдний бошиглогч гэх дуудлагыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа тангараг маягаар харуулж байгаа юм.

Сүмийн ерөнхийлөгч болохоосоо 26 жилийн өмнө, тухайн үед ахлагч байсан Жорж Альбэрт Смит “Гараа өргөснөөрөө өгсөн бидний амлалт нь … маш ариун амлалт юм. Энэ нь бид Их Эзэний бошиглогч энэхүү ажлыг удирдана хэмээн найдан чимээгүй өнгөрөхийг хэлж байгаа биш юм аа, харин энэ нь … бид түүнийг дэмжиж; түүний төлөө залбирч; түүний сайн нэрийг хамгаалж мөн түүний өгсөн зааварчилгааг Их Эзэний тушаасны дагуу гүйцэтгэхээр эрэлхийлнэ гэсэн үг юм аа”11 хэмээн хэлсэн байдаг.

Амьд Их Эзэн Өөрийн амьд Сүмийг удирддаг юм!12 Их Эзэн Сүмийн талаарх Өөрийн хүслийг бошиглогчдодоо илчилдэг. Өчигдөр, биднийг Томас С.Монсоныг Сүмийн ерөнхийлөгчөөр батлан дэмжихийг хүссэний дараа, түүнийг мөн Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүд болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч мөн эш үзүүлэгчид хэмээн батлан дэмжих аз завшаан бидэнд олдсон билээ. Бодоод үз дээ! Бид 15 хүнийг Бурханы бошиглогчоор дэмжин баталдаг! Тэд бүгдээрээ энэхүү эрин үед хүмүүнд өгөгдсөн бүхий л санваарын түлхүүрүүдийг атгадаг.

Арван таван хүнийг ариун төлөөлөгчдөөр дуудах нь Сүмийн гишүүдийн хувьд бидэнд агуу хамгаалалтыг авч ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл энэ удирдагчид санал нэгдэж байж шийдвэр гаргадаг.13 Арван таван хүний саналыг нэгтгэхийн тулд Сүнс ямар их хөдөлмөрлөдөг болохыг та нар төсөөлж байна уу? Энэ 15 хүн өөр өөрийн гэсэн боловсрол, мэргэжилтэй бөгөөд олон зүйл дээр өөр өөрийн гэсэн санал бодолтой. Надад итгээрэй! Энэхүү 15 бошиглогч, үзмэрч, эш үзүүлэгчид санал нэгдсэн үедээ Их Эзэний хүсэл юу болохыг мэддэг! Тэд Их Эзэний хүслийг чин сэтгэлээсээ биелүүлэхийг хүсдэг. “Таны таалал тэнгэрт гүйцэлддэг шигээ газар дээр ч тэгэх болтугай”14 хэмээх Их Эзэний Залбирал эл 15 хүнд хэзээ залбирах ёстой болох загварыг өгдөг.

Төлөөлөгчийн албанд хамгийн удаан хугацаагаар ахалж байгаа Төлөөлөгч Сүмийг удирддаг.15 Энэхүү ахмад настан нь удирддаг тогтолцооны дагуу ихэнхдээ ахимаг насны хүмүүс Сүмийн ерөнхийлөгчийн албанд дуудагддаг.16 Энэ тогтолцоо нь Их Эзэний удирдлага дор залгамж халаа, буурь суурь, арвин туршлага болон он удаан жилийн бэлтгэлийг хангаж өгдөг.

Өнөөдрийн энэхүү Сүмийг Их Эзэн Өөрөө зохион байгуулсан юм. Тэрээр олон сонголт бүхий, ямар ч үед бэлтгэлтэй байх боломжийг олгодог удирдлагын гайхалтай тогтолцоог бий болгожээ. Уг тогтолцооны дагуу бошиглогч нас ахихын хэрээр өвчин тусах, чадавхаа алдах үед ч гэсэн бошиглолын удирдлагыг гартаа авах хүмүүс бэлэн байдаг юм.17 Эрх мэдлийг тэнцвэржүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан учраас хэн ч гэсэн Сүмийг ганцаар төөрөгдөлд оруулах боломжгүй юм. Хэзээ нэгэн өдөр зөвлөлийн хамгийн дээд суудлыг эзлэхэд бэлэн байхын тулд ахмад насны удирдлагууд үргэлж сурч, боловсорч байдаг. Тэд Сүнсний шивнээгээр дамжуулан Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсож сурах талаар суралцдаг юм.

Мөнх бус амьдралынхаа төгсгөлд ойртож байсан ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны нэгдүгээр зөвлөхөөр ерөнхийлөгч Гордон Б.Хинкли үйлчилж байхдаа:

“Их Эзэн Өөрийн Сүмийн засаглалд ашигласан зарчим болон үйл явц нь … ямар ч нөхцөл байдалд бэлтгэлтэй байхад маань зориулагдсан билээ. Ерөнхийлөгч өвчтэй эсвэл үүрэгт ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй тохиолдолд Сүмийн засаглал болон бошиглолын бэлгүүдийг ашиглах, үүнд Сүмийн хөтөлбөрүүд болон ажил хэргийг явуулахад шаардагдах илчлэлт болон сүнслэг удирдамжийг авах эрхийн талаар ямар ч эргэлзээ эсвэл асуудал төрөхгүй … байна гэдэг нь маш чухал зүйл юм.

“Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Зөвлөл нь санваарын түлхүүрүүдийг атгахаар дуудагдан томилогдож, Сүмийг удирдах, түүний ёслолуудыг гүйцэтгэх, сургаалыг танилцуулах болон Сүмийн дэг жаягийг тогтоож, хэвээр хадгалан үлдээх эрх мэдэл болон үүрэг хариуцлагыг үүрдэг” хэмээн тайлбарласан байдаг.

Ерөнхийлөгч Хинкли цааш нь үргэлжлүүлэхдээ:

“Ерөнхийлөгч өвчтэй эсвэл өөрийн хүлээсэн үүрэгт ажлын бүх үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй тохиолдолд түүний хоёр Зөвлөх нийлж Тэргүүн Зөвлөлийн Чуулгыг бий болгодог. Тэд хамтдаа Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлыг хариуцан явуулдаг. …

“… Гэхдээ бодлого, журам, хөтөлбөр эсвэл сургаалтай холбоотой аливаа асуудал гарах тохиолдолд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр хамтдаа хянамгай хандаж, залбирсны эцэст шийдвэрлэнэ.”18

Өнгөрсөн жил ерөнхийлөгч Монсон, Сүмийн ерөнхийлөгчөөр дуудагдсаны 5 жилийн ой болсон бөгөөд энэ үеэр төлөөлөгчийн хувьд үйлчилсэн 50 жилийн үйлчлэлээ дүгнэхдээ: “Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ хөгширнө. Гэсэн хэдий ч, “… би та нарын адил, биед мөн оюунд байх янз бүрийн мөн сул дорой байдлын харьяат болой; гэвч би … сонгогдож, мөн эцгээрээ адислагдан томилогдсон билээ, … мөн Их Эзэн надад хайрласан бүхий л хүч, оюун мөн чадлаараа та бүхэнд үйлчлэхээр түүний зүйрлэшгүй хүчээр хадгалагдаж мөн хамгаалагдсаар буй” (Мозая 2:11) хэмээн хэлсэн Хаан Бэнжаминтай бид өөрийн дуу хоолойг нэгтгэцгээе.

Ерөнхийлөгч Монсон цааш үргэлжлүүлэн: “Бидэнд эрүүл мэндийн ямар ч асуудал үүсч, бие махбод болон оюун ухааны ямар ч доройтолд орлоо гэсэн бид өөрт буй бүх чадвараа дайчлан үйлчилдэг. Сүм найдвартай гарт байгаа гэдгийг би та нарт баттайяа хэлье. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр [Төлөөлөгчийн] Чуулгад зориулан энэхүү тогтолцоог бий болгосон тул Сүм үргэлж найдвартай гарт байдаг учир ямар ч зүйл тохиолдлоо гэхэд та бүхэн санаа зовж, айх шаардлагагүй. Бидний дагаж, шүтэн биширч, үйлчилдэг бидний Аврагч, Есүс Христ үргэлж Сүмийг удирдаж байдаг юм”19 гэж хэлсэн байдаг.

Бидэнд өгсөн эдгээр үнэний тань төлөө ерөнхийлөгч Монсон танд бид талархаж байна! Мөн амьдралынхаа турш үзүүлсэн үлгэр жишээ, чин сэтгэлийн үйлчлэлд тань бид талархаж байна. Мөн миний бие, дэлхийн олон улс оронд амьдарч буй Сүмийн гишүүдийнхээ дуу хоолойтой нэгдэн, чин сэтгэлийн баяр талархлаа илэрхийлж байна. Бид таныг хүндэтгэдэг! Бид танд хайртай! Бид таныг зөвхөн гараа өргөн дэмжин батлаад зогсохгүй, бүх сэтгэл зүрх, хичээл зүтгэлээрээ дэмжиж байдаг билээ. Даруухан, итгэлтэй байдлаар “хайрт бошиглогч таныхаа төлөө бид залбирнам”!20 Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя,” Сүмийн дуулал, 36-р хуудас.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 211; нэмэлт тайлбарууд. Энэ мэдэгдлийг Ерөнхийлөгч Смит 1898 оны үед, Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх байхдаа хийжээ.

  3. Илүү мэдээллийг Spencer J. Condie, Russell M. Nelson: Father, Surgeon, Apostle (2003), 153–56 үзнэ үү.

  4. Библийн толь бичиг, “Бошиглогчдын эрин үеүд.”

  5. Их Эзэний ирэлтийн талаар олон бошиглогчид зөгнөсөн байдаг. Лихай (1 Нифай 1:19-ийг үзнэ үү), Нифай (1 Нифай 11:31–33; 19:7–8-ыг үзнэ үү), Иаков (Иаков 4:4–6-г үзнэ үү), Бенжамин (Мозая 3:5–11, 15-ыг үзнэ үү), Абинадай (Мозая 15:1–9-ийг үзнэ үү), Алма (Алма 40:2-ыг үзнэ үү), Лемен үндэстэн Самуел (Хиламан 14:12-ыг үзнэ үү). Аврагчийг Бэтлэхэмд төрөхөөс өмнө тэд Түүний цагаатгагч золиослол болон Түүний Амилалтыг зөгнөн харжээ.

  6. Удирдагчдыг дэмжин батлах нь Их Эзэний Сүмийн үндсэн чухал зарчмуудын нэг юм. Дуудлагад дуудагдаж эсвэл санваарын албан үүрэгт томилогдохоос нь өмнө тухайн хүнийг дэмжин баталдаг.

  7. Сургаал ба Гэрээ 42:11. Удирдагчдаа дэмжин батлах зуршил нь Сүмийн зохион байгуулагдсан өдөр болох 1830 оны 4-р сарын 6-нд хэрэгжиж эхэлсэн ба 1836 онд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бошиглогч, үзмэрч болон илчлэгчдээр дэмжин батлагджээ. (History of the Church, 1:74–77; 2:417-г үзнэ үү )

  8. Мормоны ном нь бошиглогчдын сургаалыг үл тоох нь ямар аюултай үр дагавартай болох талаар сэрэмжлүүлдэг бөгөөд “тэр агуу хийгээд нүсэр барилга нь дэлхийн бардамнал байсан … мөн энэ нь унав, мөн түүний уналт үлэмж аймшигтай буюу. Мөн Их Эзэний тэнгэр элч … хэлрүүн: Хурганы арванхоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэх бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүсийн устгал ийн тохиох ажгуу” (1 Нифай 11:36) гэснийг уншиж болно.

  9. Даниел 9:10; Амос 3:7; Сургаал ба Гэрээ 21:1, 4–5; 124:45–46-г үзнэ үү.

  10. Иохан 15:16. Итгэлийн тавдугаар тунхаг нь: “Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг” хэмээн тодорхойлж өгсөн байдаг.

  11. Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 64; нэмэлт тайлбарууд. Энэ үгийг Ахлагч Жорж Алберт Смитийн 1919 оны ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс иш татав. Тэрээр 1945 онд Сүмийн Ерөнхийлөгч болжээ.

  12. Сургаал ба Гэрээ 1:30, 38-ыг үзнэ үү.

  13. Сургаал ба Гэрээ 107:27-г үзнэ үү.

  14. 3 Нифай 13:10; мөн Матай 6:10; Лук 11:2-ыг үзнэ үү.

  15. Сүмийн Ерөнхийлөгч нас барахад, Тэргүүн Зөвлөл тарж, зөвлөхүүд нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга дахь өөрсдийн суудалдаа эргэн ордог. Арванхоёрын Чуулга нь Тэргүүн Зөвлөлийг дахин зохион байгуулагдах хүртэл Сүмийг удирддаг. Энэ үеийг төлөөлөгч хоорондох үе гэж нэрлэдэг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр энэхүү завсрын үе дөрвөн өдрөөс гурван жил хагас хүртэл үргэлжилж байжээ.

  16. Мэдээж энэхүү залгамжлан удирдах загвар нь Сүмийн анхны Ерөнхийлөгч болон Сэргээлтийн бошиглогч байхаар урьдаас томилогдсон байсан Иосеф Смитийн дуудлагад хамаараагүй болой (2 Нифай 3:6–22; мөн Абрахам 3:22–23-ыг үзнэ үү).

  17. Их Эзэн бидний хэнийг ч Өөрийн сонгосон цагтаа гэр лүүгээ буцаж ир хэмээн дуудаж чадна гэдгийг бид мэднэ.

  18. Гордон Б.Хинкли, “God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5 сар, 54; түүнчлэн Гордон Б. Хинкли, “He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, 1983 оны 5 сар, 6 үзнэ үү.

  19. “Message from President Thomas S. Monson,” Church News, 2013 оны 2-р сарын 3, 9.

  20. “We Ever Pray for Thee,” Hymns, no. 23.