2010–2019
Мацгийн хууль: ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага
Аравдугаар сар 2014


Мацгийн хууль: ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага

Бид Аврагчийн дагалдагчдын хувьд, ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах хувь хүний үүрэг хариуцлага хүлээдэг.

Хүндэт ах нар аа, би санваарт хайртай бөгөөд та нартайгаа хамт байх дуртай билээ. Би Бурханы агуу ажилд хамт үйлчлэх боломжтой байгаадаа талархаж явдаг.

Бид гайхалтай цаг үед амьдарч байна. Анагаахын болон шинжлэх ухаан, технологийн салбарт гарч буй дэвшлүүд нь маш олон хүний амьдралын шинж чанарыг сайжруулж байна. Гэсэн хэдий ч хүмүүний зовлон, шаналал хаа сайгүй байгаа нь илэрхий. Дайн дажин, дайны тухай цуурхлуудаас гадна үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлт, өвчин эмгэг зэрэг байгалийн гамшиг ихэссээр байгаа нь дэлхий даяарх сая сая хүний амьдралд нөлөөлж байна.

Сүмийн удирдагчид дэлхийн өнцөг булан бүр дэх Бурханы хүүхдүүдэд ямар зүйл тохиолдож байгааг мэдэж байгаа бөгөөд тэдний сайн сайхны төлөө санаа тавьж байдаг. Сүм тусламж хэрэгтэй байгаа ямар ч газарт, мөн ямар ч цагт яаралтай тусламжийг илгээж байдаг билээ. Жишээлбэл, өнгөрсөн 11-р сард Хайян нэртэй далайн хар шуурга арлын улс Филиппинийг дайрч өнгөрлөө.

Хайян гэх, 5-р зэрэглэлийн буюу хамгийн хүчтэй далайн шуурга нь ихээхэн гарз хохирол, гай зовлонг авчирсан. Хотууд бүхэлдээ сүйрч, олон сая хүний амь үрэгдэн, сая сая байшин барилга сүйдэх буюу нурж; цэвэр, бохир усны шугам хоолой, цахилгаан эрчим хүч зэрэг нийтийн үндсэн үйлчилгээнүүд ажиллагаагүй болсон байна.

Гамшиг болсноос хэдхэн цагийн дараа Сүмийн тусламж ирсэн юм. Филиппинд амьдардаг Сүмийн гишүүд ах дүүсээ аврах ажилд нэгдэж, гишүүн ба гишүүн бус хүмүүст хоол хүнс, ундны ус, хувцас, ариун цэврийн хэрэгслүүдийг тараажээ.

Сүмийн цуглааны байрууд нь орон гэргүй болсон мянга мянган хүний толгой хоргодох газар болж байв. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн болон бүх зүйлээ алдсан орон нутгийн санваарын удирдагчдын удирдлага дор сүмийн гишүүдийн нөхцөл байдлын болон аюулгүй байдлын үнэлгээ хийгджээ. Гишүүдийн амьдарч буй нөхцөл байдал, бие даах чадварыг сайжруулахад туслах сүнслэгээр өдөөгдсөн төлөвлөгөөнүүд гарч эхлэв.

Модон оромж барьж босгоход болон байр сууцаа дахин барихад нь зориулж Сүмийн гишүүдэд бага ч болов тусламж олгогдсон байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг үнэгүй тусламж байгаагүй юм. Гишүүд сургалтад сууж, эхлээд өөрсдөдөө, дараа нь бусдад зориулан шаардагдах бүх ажлыг хийсэн.

Үүний үр дүнд ирсэн нэгэн адислал бол гишүүд мужаан, сантехник ба бусад барилгын ажлын ур чадваруудыг эзэмшсэн явдал байлаа. Мөн ойр хавийн хот, суурин газруудад сэргээн босголтын ажил эхэлснээр, тэдэнд ажиллах боломжууд гарч ирсэн байна.

Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах нь сайн мэдээний үндсэн сургаал бөгөөд мөнхийн авралын төлөвлөгөөний амин чухал хэсэг мөн.

Иехова мөнх бус тохинууллынхаа өмнө Өөрийн бошиглогчоор дамжуулан: “Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна”1 хэмээн тунхаглажээ.

Өнөө үед ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах нь хувь хүн, гэр бүлүүдийг өргөмжлөлд хүрэхэд тусалдаг, тэнгэрлэгээр өгөгдсөн, Сүмийн дөрвөн үүрэг хариуцлагын нэг нь юм.2

Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах үйлсэд бие махбодын болон сүнслэг аврал аль аль нь ордог. Энд санваарын эрх мэдлийн дагуу үзүүлдэг Сүмийн албан ёсны халамжийн ажил төдийгүй, Сүмийн гишүүдийн хувь хүнийхээ зүгээс үзүүлж буй үйлчлэл ч мөн ордог билээ.

Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах Их Эзэний төлөвлөгөөний нэг чухал хэсэг нь мацгийн хууль юм. “Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замуудаар тэднийг хангахын тулд мацгийн болон мацгийн өргөлийн хуулийг бий болгосон юм.”3

Бид Аврагчийн дагалдагчдын хувьд, хувь хүнийхээ зүгээс ядуусыг болон гачигдагсдыг халамжлах үүрэг хариуцлага хүлээдэг. Дэлхийн өнцөг булан бүр дэх Сүмийн итгэлтэй гишүүд сар бүр хоол унднаасаа 24 цагийн туршид татгалзаж, мацаг барин, энэ хоолонд зарцуулах байсан мөнгөө Сүмд өргөл болгосноор гачигдагсдад тусалдаг билээ.

Исаиагийн дараах үгсийг залбиралтайгаар сайтар тунгаан бодож, айл гэр бүрд заах ёстой:

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?

“Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?”4

Исаиа цааш нь мацгийн хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст амласан Их Эзэний гайхалтай адислалуудаас дурдахдаа Тэрээр:

“Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, Эзэний цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

“Tэгэхэд чамайг дуудахад Эзэн хариулж, чамайг хашхирахад Тэр “Би энд байна” гэж айлдана…

“Хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, чиний гэрэл нь харанхуйд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно.

“Эзэн чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө”5 гэж хэлжээ.

Энэ судруудын талаар ерөнхийлөгч Харолд Б.Лий: “[Мацаг барьснаар ирдэг] гайхалтай адислалуудын талаарх илчлэлтүүд үе үеийн хүмүүст өгөгдсөн байдаг бөгөөд яг энд энэхүү агуу бошиглогчоор дамжуулан яагаад мацаг барих ёстой тухай, мөн мацаг барьснаар ямар адислалууд ирдэг талаар Их Эзэн бидэнд хэлж байна… Хэрэв та нар Исаиагийн номын 58-р бүлгийг анхааралтай уншвал Их Эзэн яагаад биднээс мацаг барихыг хүсдэг, мөн яагаад мацгийн өргөл өргөхийг биднээс хүсдэг нууцыг олж мэднэ. Яагаад гэвэл, энэхүү шаардлагыг хангаснаар л бид Их Эзэнийг дуудаж, Тэр ч мөн бидэнд хариулах юм. Бид Түүнд хандаж залбирвал Их Эзэн ‘Би энд байна’ гэж хариулах болно” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч Лий цааш нь хэлэхдээ: “Биднийг дуудахад тэрээр хариулахгүй байх тийм нөхцөл байдалд бид орохыг хүснэ гэж үү? Зовлон бэрхшээлтэй үедээ бид залбирахад, тэрээр бидэнтэй хамт байхгүй байхыг та хүсэж байна гэж үү? Шүүлтүүд хольцгүйгээр дэлхий дээр юүлэгдэх тэр үед амьдралд маань Их Эзэний адислалууд илүү ихээр шаардагдах өдрүүд ирэх учраас бид эдгээр үндсэн зарчмын талаар бодох цаг болсон гэж би үзэж байна”6 гэжээ.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон эдгээр зарчмын талаар хувийнхаа туршлагаар хүлээн авсан гэрчлэлээ бидэнтэй хуваалцсан билээ. Тэрээр: “Тусламж шаардлагатай хэн нэгэнд тусалсан сүмийн ямар ч гишүүн олж авсан туршлагаа мартах юм уу, түүндээ харамсана гэж хэзээ ч байдаггүй. Ажилч хичээнгүй, арвич хямгач, бие даасан байх, бусадтай хуваалцах зэрэг чанарууд нь бидний хувьд шинэлэг зүйл биш юм”7 хэмээн хэлсэн.

Ах нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бол гэрээ хийдэг, зарлигуудыг сахидаг хүмүүс мөн. Хэрвээ мацгийн хуулийг итгэлтэй сахиж чадвал энэ хуулиас илүү сахихад амар төдийгүй, илүү их адислал авчирдаг өөр ямар ч хууль, ямар ч зарлиг байхгүй гэдгийг би мэднэ. Бид мацаг барьж, мацгийн өргөлөө шударгаар өгснөөр, хоол хүнсэнд зарцуулах байсан мөнгөөрөө Их Эзэний агуулахыг дүүргэхэд хувь нэмэр оруулж байгаа юм. Хоол хүнсэндээ зарцуулах байсан мөнгөнөөс илүү их мөнгө өргөж, золиослол гаргахыг шаарддаггүй. Гэсэн хэдий ч, өмнө нь дурдсанаар бидэнд агуу их адислалууд амлагдсан байдаг.

Мацгийн хууль нь Сүмийн бүх гишүүнд хамаатай. Бяцхан хүүхдүүдэд ч гэсэн, тэднийг ухаан сууж, бие махбодын хувьд уг хуулийг дагаж чадахуйц болоход нь эхлээд нэг, дараа нь хоёр хоол идүүлэхгүйгээр мацаг хэрхэн барихад сургаж болно. Эхнэр нөхрүүд, ганц бие гишүүд, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд амьдралд нь өгөгдсөн адислалууддаа талархаж, мацаг барих хугацаандаа Их Эзэний адислалуудыг эрэлхийлэн, хүч чадлыг өгөх болтугай хэмээн гуйж залбиран мацгаа эхлэх ёстой. Мацгийн өргөлийг Их Эзэний төлөөлөгч болох бишоптоо өгснөөр мацгийн хуулийг бүрэн хэрэгжсэнд тооцно.

Бишопууд аа, та нар тойргийнхоо халамжийн ажлыг удирдан зохион байгуулдаг. Та нарт ядуусыг эрж олон, тэднийг халамжлах тэнгэрлэг үүрэг хариуцлага оногдсон. Халамжийн Нийгэмлэгийн болон Мелкизедек санваарын чуулгын удирдагчдын дэмжлэгтэйгээр бие биедээ тусалж, мөн бие даах чадвартай болоход туслах нь таны зорилго мөн. Та мацгийн өргөлийг түр зуурын дэмжлэг болгож, мөн гэр бүл ба орон нутгийн эх сурвалжуудаас олгогдсон тусламж дээр нэмэлт маягаар ашиглаж өгснөөрөө гишүүдийнхээ материаллаг болон сүнслэг хэрэгцээг нь хангахад тусалдаг юм. Та ядууст болон гачигдагсдад туслахдаа санваарын түлхүүрүүдийг, мөн ялган таних чадвараа залбирал хийж ашиглавал мацгийн өргөл нь амьдралын хэв маягийг бус, харин амьдралыг тэтгэхэд зориулагддаг гэдгийг ойлгох болно.

Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчид өө, та нар гаднах ёслолуудыг гүйцэтгэх түлхүүрүүдийг болон хүч чадлыг атгадаг. Та нар бишоптойгоо хамтран ажиллаж, чуулгын гишүүдэд санваарын үүрэг хариуцлагыг нь зааж сургасны дараа мацаг барихад хувь нэмрээ оруулах боломжийг Сүмийн гишүүдэд олгохын тулд гишүүдийг олох ажлыг удирддаг. Aароны санваартнууд та нар санваарын үүрэг хариуцлагаа эрхэмлэн биелүүлж, энэхүү боломжийг Сүмийн бүх гишүүнд олгосноор мацаг барьснаар ирэх амлагдсан адислалуудыг хамгийн их хэрэгтэй хүмүүст нь ойртуулж өгдөг билээ. Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах сүнс нь хатуурсан зүрхийг зөөлрүүлж, Сүмд тогтмол явдаггүй хүмүүсийн амьдралыг нь адислах хүчтэйг гэрчлэх болно.

Ерөнхийлөгч Монсон “Аароны санваарын чуулгуудыг зохион байгуулж, мацгийн өргөлийг цуглуулах ажилд оролцуулдаг бишопууд нь энэхүү ариун нандин үүрэг хариуцлагаа хийж гүйцэтгэхдээ илүү их амжилт олох болно”8 гэж хэлсэн.

Бишопууд аа, газар газрын, улс болгоны нөхцөл байдал их ялгаатай байдгийг бодолцож үзээрэй. Таны амьдардаг газарт Аароны санваарын чуулгын гишүүд Сүмийн гишүүдийн гэрээр явах нь зохимжгүй байж болно. Гэхдээ бошиглогчийн зөвлөгөөг залбирч, тунгаан бодож, тойргийнхоо Аароны санваартнуудыг мацгийн өргөл цуглуулах ажилд оролцуулах, санваарын дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд нь тэдэнд туслах өөр арга замуудыг олохын тулд Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлэхэд бид та нарыг урьж байна.

Их Эзэн 3 Нифай 27-р бүлэгт: “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” хэмээн асуусан байдаг. Тэр энэ асуултад “бүр миний адил буюу”9 гэж хариулсан билээ. Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг дагахыг хичээснээрээ бид Түүний дүр төрхийг авч, Түүнтэй илүү адил болдог юм. Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах нь Аврагчийн тохинууллын салшгүй хэсэг юм. Энэ нь Түүний хийсэн бүх зүйлээс харагддаг. Тэрээр бүгдэд гараа сунгаж, биднийг дээш өргөдөг билээ. Түүний буулга амархан, мөн Түүний ачаа хөнгөн. Ядуус хийгээд гачигдагсдыг халамжилж, мацгийн хуулийг итгэлтэй сахин, мацгийн өргөлөө өгөөмрөөр хандивласнаар та бүхэн Аврагчтай илүү адил болоосой хэмээн би та бүхнээс хүсье. Тэднийг итгэлтэйгээр халамжлах нь таны сүнслэг өсөлтийг харуулж байгаа бөгөөд өгч байгаа, авч байгаа хоёрын аль алиныг нь Бурхан адислах болно гэдгийг би даруухнаар гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Дэд хууль 15:11.

  2. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.2-ыг үзнэ үү.

  3. Гарын авлага 2, 6.1.2

  4. Исаиа 58:6–7.

  5. Исаиа 58:8–11.

  6. Харолд Б.Лий, “Listen and Obey” (Welfare Agricultural Meeting, 1971 оны 4-р сарын 3), бичвэрийн хувь, 14, Сүмийн түүхийн номын сан, Солт Лэйк хот

  7. Tомас С.Монсон, “Бид бэлтгэлтэй байна уу?” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 9-р сар, 4

  8. Tомас С.Монсон, Тэргүүлэх бишопын зөвлөлтэй хийсэн хурал, 2014 оны 2-р сарын 28

  9. 3 Нифай 27:27.