2010–2019
Доод санваар
Аравдугаар сар 2014


Доод санваар

Сургаалын дагуу амьдрах үлгэр жишээ нь үгийг ашиглан сургаалыг заахаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.

Би дэлхий даяар цуглаад байгаа Бурханы санваартнуудтай хамт байгаадаа баяртай байна. Та бүхний итгэл, үйлчлэл болон залбиралд талархаж байна.

Өнөө орой та бүхэнд өгөх миний захиас бол Аароны санваарын тухай юм. Энэхүү захиас нь сударт “доод санваар”1 хэмээн дүрсэлсэн санваарыг атгадаг ах нарт Их Эзэний амлалтуудыг тохиолгон авчрахад нь тусалдаг бид бүгдэд хандсан юм. Доод санваарыг мөн “бэлтгэл” санваар гэдэг. Би өнөө орой энэхүү гайхалтай бэлтгэлийн талаар ярих болно.

Өөрийн ажилд зориулсан Их Эзэний төлөвлөгөө бэлтгэлээр дүүрэн байдаг. Тэрээр бидэнд мөнх бус байдлын шалгуур, боломжуудыг биеэр туулж, туршлага суулгахын тулд энэ дэлхийг бэлтгэж өгсөн юм. Бид дэлхийд байх хугацаандаа судруудад нэрлэсэнчлэн “бэлтгэх нөхцөлд”2 байдаг билээ.

Бид Бурхан Эцэг, Есүс Христ хоёртой хамт гэр бүлээрээ үүрд амьдрах мөнх амьдралд энэхүү бэлтгэл нь шийдвэрлэгч ач холбогдолтойг бошиглогч Алма дүрсэлсэн байдаг.

Тэрээр бэлтгэл ямар шаардлагатайг “Мөн үхэл, тийм ээ, Амюлекээр яригдсан зуурдын үхэл гэгдэх тэрхүү үхэл хүмүүн төрөлхтний дээр ирдгийг бид харж байна; гэсэн хэдий ч хүмүүн наманчилж болно хэмээн түүнд хугацаа өгөгдсөн юм; тиймийн тул энэ амьдрал нь сорилтын нөхцөл; Бурхантай уулзахаар бэлтгэх цаг; нас барагсдын амилуулалтын дараа ирэх, биднээр хэлэгдсэн тэрхүү төгсгөлгүй байдалд бэлтгэх цаг болсон ажгуу”3 хэмээн тайлбарласан байдаг.

Мөнх бус байдалд амьдрах нь бидэнд өгөгдсөн Бурхантай уулзахад бэлтгэх хугацаа байдаг шиг Аароны санваараар үйлчлэхээр бидэнд өгөгдсөн хугацаа нь шаардлагатай тусламжийг бусдад үзүүлж сурахад бэлтгэх боломж юм. Их Эзэн бидэнд мөнх бус амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулахад шаардлагатай тусламжийг өгдгийнхөө адил санваарын бэлтгэлд маань бас тусалдаг.

Миний захиас Аароны санваартнуудыг бэлтгэхэд туслуулахаар Их Эзэний илгээдэг хүмүүс мөн Аароны санваартнууд аль алинд нь хандсан юм. Би аавуудад бас бишопуудад хандан ярьж байна. Мөн би санваарын бэлтгэл үед байгаа залуу эрэгтэйчүүдийн багш болон хамтрагч байхаар итгэмжлэгдсэн Мелкизедек санваартнуудад хандан ярьж байна.

Би энэхүү захиасыг дараа нь үзэж, унших хүмүүсийг болон дэлхий даяар цуглаад байгаа та бүхнийг магтан, талархал илэрхийлж байна.

Би өсвөр үеийнхнийхээ бишоп, салбарын ерөнхийлөгчдөд хандан ярихгүй бол алдаа болох биз ээ. Би 12 насандаа Нэгдсэн Улсын зүүн хэсэгт орших жижиг салбарт дикон болсон юм. Тэр салбар маш жижиг байсан бөгөөд салбарын ерөнхийлөгч аав минь хижээл насны нэг ахыг сүмд урих хүртэл зөвхөн ах бид хоёр л Аароны санваар атгагчид байлаа.

Шинэ хөрвөгч Аароны санваарыг үүнийг хамгаалах дуудлагын хамт хүлээн авсан. Ах бид хоёрыг даган тэр шинэ хөрвөгч нэгэн бэлэвсэн эгчид туслахаар очиход намрын навчис хэчнээн үзэсгэлэнтэй сайхан харагдаж байсныг би ердөө өчигдөрхөн болсон юм шиг санаж байна. Бид яг юу хийж туслахаар очсоноо би санадаггүй ч, санваарын хүч бидний хийсэн зүйлст тусалсныг одоо ч санадаг юм. Энэ нь нүглээ өршөөлгөх болон Түүнтэй уулзахын тулд биднийг хий хэмээн Их Эзэний бидэнд хэлсэн зүйлс болохыг би хожим нь ухаарсан.

Одоо эргэн санахад хэзээ нэгэн цагт бишопоор дуудагдаж, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүсийг асарч, доод санваарыг удирдах тэр хоёр хөвгүүний бэлдэхэд нь Их Эзэнд туслуулахаар сайхь шинэ хөрвөгчийг дуудсан салбарын ерөнийлөгчид би талархдаг.

Манайх Юта муж дахь том тойрог руу нүүж очиход би дикон хэвээрээ л байлаа. Тэнд би Аароны санваарын чуулгын бүрэн хүчийг анх удаа мэдэрсэн юм. Үнэндээ би анх удаа үүнийг мэдэрсэн юм. Мөн дараа нь пристийн чуулгыг тэргүүлдэг байсан бишопын хүч ба адислалыг би анх мэдэрсэн.

Бишоп намайг пристийн чуулгын нэгдүгээр туслахаар дуудсан. Тэрээр завгүй байсан бөгөөд авьяаслаг бусад залууг бидэнд заах дуудлага өгч, хийлгэж болох байсан ч чуулгын хичээлийг өөрөө заадаг байсныг би санаж байна. Тэрээр анги дахь сандлуудыг тойрог болгон тавьж, намайг өөрийнхөө баруун талын сандал дээр суулгадаг байсан.

Би түүнийг хичээл зааж байхад мөрөн дээгүүр нь хардаг байлаа. Тэрээр өвөр дээрх жижиг савхин хавтсан дахь нямбайлан бичсэн тэмдэглэлээсээ үе үе харахын ялдамд нөгөө өвдөг дээрээ элэгдэж хуучирсан, эрээн цоохор болтол нь тэмдэглэсэн судраа нээн суудаг байсан. Түүнийг Даниелийн номон дахь баатарлаг зоригийн түүх болон Аврагч, Их Эзэн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалцахдаа сэтгэл нь их хөдөлдөг байсныг би санадаг.

Их Эзэн сонгогдсон доод санваар атгагчдынхаа хамтрагчдыг хэрхэн анхааралтай сонгодгийг би үргэлж санаж явах болно.

Манай бишоп маш хүчирхэг зөвлөхүүдтэй байсан бөгөөд тэрээр олон удаа манай гэр рүү утасдаж, “Хаал, чи миний хамтрагч болж, хэдэн айлаар орох хэрэгтэй байна” гэж ямар шалтгааны улмаас хэлдэг байсныг би тухайн үедээ ойлгоогүй. Нэгэн удаа тэрээр намайг дагуулан ганцаараа амьдардаг, гэртээ хоол ундгүй бэлэвсэн эгчийнд очсон юм. Биднийг гэртээ харих замд тэрээр машинаа зогсоон, судраа гарган яагаад тэрээр бэлэвсэн эгчид өөрийгөө асрах хүч чадал байгаа гэдгийг ойлгуулаад зогсохгүй тэр хэзээ нэгэн өдөр бусад хүмүүст ч тусалж чадна гэдгийг надад тайлбарлаж өгдөг байсан.

Бидний айлчилж очсон өөр нэгэн хүн нь Сүмд удаан хугацаанд очоогүй ах байсан юм. Бишоп түүнийг гэгээнтнүүдтэй буцаж нэгдэхийг урихад хайрлаж боломгүй тэрслүү дайсан мэт надад санагдсан тэр хүнийг гэх бишопын хайрыг би мэдэрч билээ.

Бид өөр нэг удаа согтуу аав, ээж нь бага насны хоёр охиноо хаалга руу очуулж, аав, ээж хоёр унтаж байна гэж хэлүүлдэг байсан нэг айлд очсон. Бишоп тэдэн рүү инээмсэглэн тэдний эелдэг занг болон зоригийг магтаж ярьсан нь 10 гаруй минут болох шиг надад санагдаж билээ. Тэрээр буцах замдаа надад чимээгүйхэн “Сайхан уулзалт боллоо. Энэ охид бидний ирснийг хэзээ ч мартахгүй” гэж билээ.

Санваарын ахлах хамтрагчийн өгч чадах хоёр адислал нь итгэл хүлээлгэх болон энэрэнгүй үйлсийн жишээ юм. Би үүнийг хүүгээ өөрөөс нь санваарын илүү туршлагатай хүнтэй хамт гэрийн багшлалт хийхэд нь анзаарсан юм. Түүний ахлах хамтрагч нь хоёр удаа номлолын ерөнхийлөгч байснаас гадна удирдах бусад дуудлагад үйлчилсэн хүн юм.

Сайхь туршлагатай санваарын удирдагч хуваарилагдсан гэр бүлүүдийнхээ нэгэнд нь очихоос өмнө хүүтэй минь уулзахаар манайд ирсэн юм. Ахмад хамтрагч надад өөрсдийг нь сонсох боломж олгосон бөгөөд тэд тусламж гуйн залбирлаар эхэлсэн. Дараа нь тэрээр хүүд минь хандан “Бид энэхүү гэр бүлд наманчлахыг уриалсан өнгө аястай хичээл заах хэрэгтэй гэж бодож байна. Тэд энэ талаар надаас тийм ч сайн ойлгохгүй байх. Тэд намайг биш, харин чамайг илүү сайн сонсоно гэж би бодож байна. Чи юу гэж бодож байна? гэх мэтийн зүйлсийг ярьсан.”

Би хүүгийнхээ нүдэн дэх айдсыг санадаг. Хүү минь тийнхүү итгэл хүлээсэн мөчид хэчнээн их баяртай байснаа би одоо ч гэсэн санадаг.

Бишоп тэрхүү хоёр хамтрагчийг сонгосон нь тохиолдлын зүйл байгаагүй юм. Ахлах хамтрагч нь заах гэр бүлийнхээ талаар нарийн мэдрэмжтэй байх нь маш анхааралтай бэлтгэлээс ирдэг юм. Тэрээр өөрөө оролцолгүй, туршлагагүй залуу хүнээр Бурханы ахимаг насны хүүхдүүдийг наманчлал болон аюулгүй байдалд уриалан дуудуулах гэсэн нь сүнслэг удирдамжаар дамжин ирсэн ажээ.

Би тэдний айлчлалын үр дүнг мэдэхгүй ч тэрхүү бишоп, Мелкизедек санваартан болон Их Эзэн хөвгүүнийг санваартан мөн хэзээ нэгэн өдөр бишоп болоход нь бэлтгэж байсныг би мэднэ.

Одоо та амьдралдаа харсан болон биеэр үзэж туулсан зүйлсээс санваарын бэлтгэлийн талаар амжилт олсон түүхийг мэддэг боллоо. Та бүгд өөрсдөө ийм бишоп, хамтрагч болон аав, ээж байгаа эсвэл тийм хүмүүсийг таньдаг байгаа. Та бүхэн санваарын үүргүүддээ бэлтгэхдээ Их Эзэний тусламжийг нүдээр харсан. Тэрээр эдгээр үүрэг та нарын өмнө тавигдах болно гэдгийг мэддэг байсан.

Санваар атгагч бид бүгд бусдыг бэлтгэхэд нь Их Эзэнд туслах үүрэгтэй. Бидний хийж чадах хамгийн чухал зарим зүйлс байдаг. Сургаалын дагуу амьдрах үлгэр жишээ нь үгийг ашиглан сургаалыг заахаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.

Бидний санваарын үйлчлэл дэх хамгийн чухал хэсэг нь хүмүүсийг итгэл, наманчлал, баптисм болон Ариун сүнсний бэлгээр дамжуулан Христэд урих явдал юм. Жишээлбэл, Ерөнхийлөгч Томас С.Монсон тэдгээр сургаал бүр дэх сэтгэлийг догдлуулах сургаал айлдсан юм. Түүний Торонто дахь номлолыг тэргүүлж байхдаа хүмүүс болон номлогчид, сүмийн найзуудынхаа төлөө хийсэн зүйлс нь намайг үйлдэл хийхэд урамшуулдаг юм.

Санваарын бэлтгэлд үлгэр жишээгээр үзүүлэх нь үгээр хэлэхээс илүү чухал байдаг.

Тийм ч учраас биднийг санваарт бэлтгэхэд судрууд маш чухал үүрэгтэй юм. Судрууд жишээгээр дүүрэн байдаг. Алма тэнгэр элчийн зарлигаар Аммонайхагийн хот дахь өөрийг нь эсэргүүцсэн ёс бус хүмүүст номлохоор яаравчлан явсныг би төсөөлөн харж байна.4 Бурхан бошиглогч Иосеф Смитэд зоригтой байхыг болон түүнийг харж хандаж байгаа хэмээн хэлэхэд шоронд ямар хүйтэн байсныг би мэдэрч байна.5 Бид энэхүү судрыг оюун ухаандаа зураглан дүрсэлснээр бидний үйлчлэл хүнд хэцүү санагдсан үед хүлцэн тэвчихээр бэлтгэгдэж чадна.

Аав нь байна уу, бишоп байна уу, эсвэл айлчлагч багшийн ахлах хамтрагч байна уу ялгаагүй, залуу санваартанд итгэл хүлээлгэсэн тэр хүн түүний амьдралыг өөрчилдөг. Нэг удаа Aрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг гишүүн манай ааваас шинжлэх ухаан ба шашин гэсэн сэдвээр богино хэмжээний сонины өгүүлэл бичиж өгөхийг хүсжээ. Аав минь нэртэй эрдэмтэн бөгөөд итгэлтэй санваартан байсан юм. Тэрээр бичсэн өгүүллээ надад өгөөд “намайг илгээхээс өмнө үүнийг чи уншаад өгөөч. Зөв эсэхийг нь чи уншаад л мэднэ шүү дээ” гэж хэлэхийг нь би одооч гэсэн санадаг. Аав надаас 32 насаар ах, надаас хамаагүй илүү ухаантай, асар их мэдлэгтэй хүн байсан юм.

Санваартан, агуу эцэг хүний надад хүлээлгэсэн итгэл одоо ч гэсэн надад хүч чадал өгдөг билээ. Тэрээр надад итгэл хүлээлгэсэнд биш харин Бурхан надад юу зөв болохыг хэлж өгөх болно, мөн ингэж чадна гэдгийг би мэдэж байсан. Та туршлагатай хамтрагчийн хувьд залуу санваартны бэлтгэлд тэрхүү итгэлийг үзүүлж чадах эсэхээс хамааран тэднийг адисалж чадна. Энэ нь түүнд сүнслэг удирдамжийн намуун зөөлөн мэдрэмждээ итгэж, нас барна хэмээн эмч нарын хэлсэн хүүхдийг эдгээхийн төлөө адислалыг лацдахаар нэгэн өдөр гар тавихад туслах болно.

Бусдыг санваарт бэлтгэх бидний амжилт нь бид тэдэнд хэр их хайртайгаас шалтгаалдаг. Энэ нь бид тэднийг засаж залруулах ёстой үед илүү тод харагдах болно. Аароны санваартан ариун ёслолын ширээн дээр ёслол гүйцэтгэхдээ алдаа гаргасан үеийн талаар бодож үзнэ үү. Энэ бол ноцтой хэрэг. Зарим үед тэдний алдааг олны өмнө магадгүй дургүйцлээ илэрхийлэн, сэтгэл дундуур байгаагаа хэлж, тэр ч бүү хэл чухал ажилд тэнцэхгүй байна шүү гэдгийг анхааруулан залруулах шаардлагатай байж болно.

Их Эзэн, “Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн үед хурц тодоор, цагаа олж шүүмжил; мөн тэрээр чамайг дайснаа гэж үзэхгүйн тулд, тэгээд та нар шүүмжилсэн түүнийг хайрлах хайраа дараа нь нэмэгдүүлснээ харуул”6хэмээн зөвлөснийг санагтун.

Нэмэгдүүлэх гэдэг үг санваартнуудыг бэлтгэх явцад шаардлагатай залруулга хийх тал дээр онцгой утга учиртай юм. Энэхүү үг нь аль хэдийн оршин байгаа хайрыг нэмэгдүүлэх талаар сануулдаг. Нэмэгдүүлсэн хайраа харуулах нь мөн чухал. Та нарын бэлтгэж байгаа санваарнууд өөрсдийгөө алдаа гаргасныг ойлгох нь лавтай. Тэд таны залруулгыг хүлээн авахаасаа өмнө тэднийг та анхнаасаа л тууштай хайрласаар байгааг мэдрэх ёстой. Тэд таны залруулгыг хүлээн авахаасаа өмнө та тэднийг үнэн голоосоо магтаж байгааг мэдэрсэн байх ёстой.

Их Эзэн Өөрөө доод санваар атгагчдын чадавхад хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг Өөрт нь үнэ цэнтэй хүмүүс гэж үздэгийнх юм. Аароны санваарыг сэргээх үед Иохан Баптистын хэлсэн эдгээр үгсийг сонсоцгооно уу: “Миний нөхөд үйлчлэгч та нарт би Мессиагийн нэрээр, тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгагч Аароны санваарыг хүргэж байна; мөн энэ нь Левийн хөвгүүд Их Эзэнд зөв шударга байдалд дахин өргөл өргөх хүртэл дэлхийгээс хэзээ ч дахин авагдахгүй байх болно.”7

Аароны санваар нь дээд Мелкизедек санваарын хавсралт юм.8 Сүмийн ерөнхийлөгч нь бүх санваарын ерөнхийлөгчийн хувьд доод санваарыг мөн тэргүүлдэг. Түүний олон жилийн турш хуваалцсан захиасууд нь наманчлалын болон баптисмын сайн мэдээг бусдын амьдралд хүргэх зарлигтай төгс нийцдэг билээ.

Диконы, багш нарын болон пристийн чуулгууд нь чуулгынхаа гишүүн бүрийг Их Эзэнд ойр байлгахын төлөө тогтмол зөвлөлддөг. Ерөнхийлөгчийн зөвлөлүүд итгэл болон хайраар хүрч үйлчлэх гишүүдийг томилдог. Диконууд ариун ёслолыг итгэлээр, хүндэтгэл бишрэлтэй түгээхэд гишүүд Цагаатгалын үр нөлөөг мэдэрч, ариун нандин бэлгэдлүүдийг хүлээн авснаар зарлигуудыг дагах шийдвэр гаргадаг.

Багш нар болон пристүүд Сүмийг харж хандах үүргээ биелүүлэхийн тулд хамтрагчидтайгаа хүн нэг бүрийн төлөө залбирдаг. Хүн бүр хамтрагчтайгаа гэр бүлүүдийн хэрэгцээ болон өрхийн тэргүүлэгчдийн итгэл найдварын төлөө залбирдаг. Ингэснээрээ тэд агуу өдөр ирэхэд өөрсдийн гэр бүлийг эцгийн хувиар, итгэлээр тэргүүлэхэд бэлтгэгдсэн байх болно.

Санваараар хамтдаа үйлчилдэг бүх ах, хүмүүсийг Их Эзэнд болон Түүний Сүмд ирэхэд бэлтгэдэг гэдгийг би гэрчилж байна. Бурхан Эцэг амьд. Би Есүс бол Христ бөгөөд бидэнд хайртайг мэднэ. Ерөнхийлөгч Томас С.Монсон бол Их Эзэний бошиглогч. Би энэ бүхнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.