2010–2019
Чуулганд тавтай морилно уу
Аравдугаар сар 2014


Чуулганд тавтай морилно уу

Биднийг сонсох үед тэдний үгс зүрх сэтгэлд хүрч, итгэл маань өсөх болтугай.

Ах, эгч нар аа, би та бүхнийг энэхүү дэлхий даяар болж буй агуу чуулганд тавтай морилно уу хэмээн урьж байгаадаа таатай байна. Бид Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд болон Сүмийн ерөнхий албан тушаалтнууд хэмээн дэмжин баталсан ах, эгч нараасаа сурч, тэднийг сонсохоор дэлхий даяар нэгдэн цуглараад байна. Тэд хуваалцах захиасдаа тэнгэрийн тусламжийг эрэлхийлж, хэлэх үгийнхээ талаар сүнслэг удирдамж хүлээн авсан юм.

Энэхүү чуулганаар Ерөнхий чуулганыг радиогоор анх нэвтрүүлсний 90 жилийн ой тохиож байна. 1924 оны 10-р сарын чуулганы үеэр хуралдаануудыг сүмийн эзэмшлийн KСЛ долгионоор анх цацаж байсан билээ. Мөн энэ чуулганаар чуулганы телевизийн нэвтрүүлгийн 65 жилийн ой тохиож байна. 1949 оны 10-р сард болсон чуулганыг Солт Лэйк хотын бүс нутагт телевизийн КСЛ сувгаар анх нэвтрүүлж байжээ.

Бид Сүмийн сая сая гишүүнд Ерөнхий чуулганыг сонсож, үзэх боломж олгож байгаа орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр адислагдсандаа талархалтай байна. Энэ амралтын өдрүүдийн хуралдааныг телевиз, радио, хиймэл дагуулын системээр болон зөөврийн хэрэгслүүдийг оролцуулан интернэтээр нэвтрүүлж байна.

Биднийг хамгийн сүүлд уулзсанаас хойш сүүлийн зургаан сард нэг ариун сүм онцгойлон адислагдаж, өөр нэг ариун сүм дахин онцгойлон адислагдаад байна. 5-р сард ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Форд Лаудэрдали Флорида ариун сүмийг онцгойлон адисалсан билээ. Онцгойлон адислахаас өмнө өсвөр үеийнхний соёл урлагийн гайхамшигтай сайхан тоглолт болсон юм. Дараагийн өдөр нь буюу 5-р сарын 4-ний ням гарагт ариун сүмийг гурван хуралдаанаар онцгойлон адисаллаа.

Анх 1972 онд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн онцгойлон адисалж байсан Огдэн Ютагийн ариун сүмийг хоёрхон долоо хоногийн өмнө дахин онцгойлон адислах боломж надад олдсон юм. Онцгойлон адислахын өмнөх өдөр олон өсвөр үеийнхнийг оролцуулсан, өөр өөр оролцогчтой, хоёр тусдаа тоглолт бүхий гайхамшигт соёл урлагийн тоглолт болж, энэ тоглолтод нийтдээ 16000 өсвөр үеийнхэн оролцлоо. Дараагийн өдөр нь онцгойлон адислах үйлчлэл болж, Сүмийн олон удирдагч, мөн туслах бүлгийн удирдагчид ба ариун сүмийн ерөнхийлөгч, түүний зөвлөх болон тэдний эхнэрүүд хамт оролцсон юм.

Бидний шинэ ариун сүмүүдийг барих ажил эрчимтэй урагшилсаар байна. Ирэх сард Финикс Аризона ариун сүм онцгойлон адислагдах бөгөөд 2015 онд доод тал нь таван ариун сүмийг онцгойлон адислахаар болон дахин онцгойлон адислахаар төлөвлөсөн. Мөн барилгын үйл явцаас хамаараад, үүнээс ч олныг онцгойлон адислах боломжтой гэж төлөвлөөд байгаа билээ.

4-р сард хэлсэнчлэн, өмнө нь зарлагдсан бүх ариун сүм баригдаж, онцгойлон адислагдсаны дараа бид дэлхий даяар нийтдээ үйл ажиллагаагаа явуулж буй 170 ариун сүмтэй болох болно. Учир нь бид өмнө нь зарласан ариун сүмүүдийг барьж дуусгахад өөрсдийн хичээл зүтгэлийг төвлөрүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн шинэ ариун сүмийг зарлахгүй. Гэхдээ ирээдүйд бид хэрэгцээгээ тодорхойлж, байршлуудаа тогтоосны дараа шинэ ариун сүмүүдийг зарлах болно.

Сүм өсөж хөгжсөөр байна. Бид тооны хувьд өсөн, одоогийн байдлаар 15 саяд хүрч, хүчирхэгжээд байна. Манай номлогчдын хичээл зүтгэл ч саадгүй урагшилж байна. Дэлхий даяар үйлчилж, сайн мэдээг хуваалцаж буй 88000 номлогч бидэнд байна. Номлогчийн ажил бол санваарын үүрэг хариуцлага бөгөөд бид бүх зохистой бөгөөд үйлчилж чадах залуу эрэгтэйг номлолд үйлчлэхэд урамшуулан дэмжиж байна. Мөн бид үйлчилж буй залуу эмэгтэйчүүдэд тун их талархаж байна. Хэдийгээр тэд залуу эрэгтэйчүүдийн адил үйлчлэх үүрэг хариуцлагагүй ч чухал хувь нэмэр оруулж байгаа билээ.

Мөн би та бүхнийг өнөөдрийн болон маргаашийн чуулганы хуралдаануудад оролцох ах, эгч нарт анхаарлаа хандуулаасай хэмээн урьж байна. Ингэснээр үг хэлэхээр уригдсан хүн бүр агуу үүрэг хариуцлагыг мэдэрдэг. Биднийг сонсох үед тэдний үгс зүрх сэтгэлд хүрч, итгэл маань өсөх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.