2010–2019
Гэр бүлийн Тунхгийн хамгаалагчид
Дөрөвдүгээр сар 2015


Гэр бүлийн Тунхгийн хамгаалагчид

Бүгд зоригтой зогсож, гэрлэлт, эцэг эх байх эрхийн, мөн гэр орныхоо хамгаалагчид нь байснаар Бурханы хаант улсыг байгуулахад гар бие оролцон тусалцгаая.

Би энэхүү гайхалтай охид, эмэгтэйчүүдийн цуглааны нэгэн хэсэг байгаадаа маш их баярлан талархаж байна. Бид энэ үдэш эмэгтэй хүнийхээ хувьд төдийгүй, хайр энэрлээрээ нэгдэх боломжтой байгаа нь ямар их агуу адислал вэ.

Зураг
Old portrait of Marie Madeleine Cardon

1850 онд Италид үйлчлэхээр дуудагдсан анхны номлогчдоос Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг гэр бүлийнхэнтэйгээ хамт хүлээн авсан Мэри Майдэлин Кардоны түүхийг би саяхан уншсан юм. Тэднийг баптисм хүртэх үед тэрээр 17, 18 настай залуу эмэгтэй байжээ. Түүнийг гэр бүлээрээ нэгэн ням гарагт Италийн хойд хэсгийн Алпийн нуруунд байрлах гэртээ ариун ёслолын үйл ажиллагаанд оролцож байхад орон нутгийн зарим сахилтан оролцсон, уурлаж хилэгнэсэн бүлэг танхайрагч гэрийнх нь гадаа цугларч, хашгирч орилон, номлогчдыг гарч ирэхийг шаардсан байна. Тэд сайн мэдээг заалгахыг хүссэндээ биш, харин тэдний бие махбодод гэмтэл учруулахыг санаархаж байсан аж. Танхайрагчидтай нүүр тулахаар гэрээсээ гарсан хүн нь залуу охин Мэри байжээ.

Тэд балмад бүдүүлэг авирлан, хашгирч, номлогчдыг гарч ирэхийг шаардсаар байв. Мэри барьсан Библиэ дээш өргөж, тэднийг тэндээс явахыг шаарджээ. Тэрээр, ахлагчид өөрийнх нь хамгаалалтад байгаа бөгөөд та нар тэдний толгойноос ширхэг ч үс унагаж чадахгүй гэж хэлсэн байна. Түүний үгийг сонсоод, “Бүгд гайхаж, алмайран зогсжээ. … Мэригийн хэлснээр, Бурхан түүнтэй хамт байсан. Тэрээр эдгээр үгийг түүний амаар хэлүүлсэн бөгөөд тэр өөрөө зүрхэлж ч хэлж чадахгүй байв. Тэр даруй бүгд нам гүм болж, сул дорой, чичирч байсан хэдий ч эрэлхэг зоригт энэ охины өмнө хүч чадал, омог бардам тэдгээр эр хүчин мөхөсдөж зогссон юм.” Сахилчид танхайрагчдаас явахыг хүсэхэд тэд ичиж, айн, гэмшсэн байдалтай, чимээгүй холдон оджээ. Мэригийн гэр бүл болон тэнд байсан хүмүүс цуглаанаа тайван явуулж, дууссан байна.1

Та нарын ихэнхтэй нас чацуу тэрхүү эрэлхэг залуу эмэгтэйг шинээр олсон итгэлээ эр зориг, итгэл үнэмшилтэй хамгаалан, танхайрагчдын эсрэг зогсож байгаагаар та бүхэн төсөөлж чадах уу?

Эгч нар аа, уурлаж хилэгнэсэн танхайрагчидтай нүүр тулах хэрэг бидний ихэнхтэй тохиолдохгүй биз ээ. Гэхдээ энэ дэлхийд бидний хамгийн их эрхэмлэдэг үндсэн сургаалуудыг маань дайрч довтлох дайн болж байна. Би гэр бүлийн тухай сургаалыг онцгойлон хэлэх гэсэн юм. Гэр орны ариун нандин байдал, гэр бүлийн үндсэн зорилгуудыг бүхий л талаар эргэлзээнд оруулан, шүүмжилж, дайран доромжилж байна.

Одоогоос 20 жилийн өмнө ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг анх уншихад бид энэхүү илчлэлтээр өгөгдсөн баримтын тодорхой, энгийн, үнэн үгсийг үнэлж, талархаж байсан билээ. Тэр үед бид энэ үндсэн тунхгийг хэвлэл мэдээлэл, интернэт, зурагт, кино зэргээс болон эрдэмтэд, хууль тогтоогчдын зүгээс хуйлран ирэх дэлхийн хоосон шинэ сургаал бүрийг шүүх шалгуур нь болно гэж бүрэн ойлгоогүй байсан юм. Гэр бүлийн тунхаг нь дэлхийн гүн ухааныг шүүх бидний жишиг хэмжүүр болон хувирсан бөгөөд энэхүү мэдэгдэл дээрх зарчмууд 20 жилийн өмнө Бурханы бошиглогчоор бидэнд өгөгдөж байсантай адил өнөөдөр ч гэсэн үнэн хэвээр гэдгийг би гэрчилж байна.

Би хүн болгоны мэдэх нэгэн зүйлийг онцлон хэлье. Амьдрал хүн болгоны төлөвлөсний дагуу байх нь ховор бөгөөд тунхагт тусгагдсан зүйлсийг эмэгтэй хүн бүр амьдралдаа үзэж туулаагүй гэдгийг бид ч мөн ойлгож байгаа. Хэдий тийм ч гэсэн, Их Эзэний загварыг ойлгож, зааж сурган, хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах нь чухал юм.

Хүн бүр уг төлөвлөгөөнд гүйцэтгэх өөр өөрийн үүрэг хариуцлагатай бөгөөд Их Эзэний хувьд хүн нэг бүр эн тэнцүү үнэ цэнэтэй билээ. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг зөв шударга хүслийг маань мэддэг бөгөөд гэрээгээ итгэлтэй сахигчдаас юуг ч харамлахгүй гэсэн амлалтаа биелүүлнэ гэдгийг бид санаж байх ёстой. Тэнгэрлэг Эцэгт бидний хүн нэг бүрд зориулсан үүрэг даалгавар, төлөвлөгөө байдаг ч, Тэрээр Өөрийн гэсэн цагийн хуваарьтай. Мөнх бус амьдрал дахь хамгийн хүнд хэцүү сорилтуудын нэг бол Их Эзэний цаг хугацаанд итгэж найдах явдал юм. Дор бүрнээ хоёр ба түүнээс дээш төлөвлөгөөтэй байх нь маш зөв санаа бөгөөд тэгж чадвал бидний амьдрал аль ч замаар явлаа гэхэд бид гэрээгээ сахигч, мөн энэрлээр дүүрэн, Бурханы хаант улсыг байгуулагч зөв шударга эмэгтэй хэвээр байхад тусална. Бид өөрийн охидод төгс байдал руу тэмүүлэхийг мөн урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдлуудад мөн бэлтгэлтэй байхыг зааж өгөх ёстой.

Би гэр бүлийн тунхгийн 20 жилийн ой тохиож буй энэ жилийн турш Сүмийн бүх эмэгтэйчүүдэд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хамгаалагчид байцгаая хэмээн уриалмаар байна. Яг Мэри Майдэлин Кардон шиг, тэрээр шинэ итгэлээ болон номлогчдыг хэрхэн эрэлхэг зоригтой хамгаалсан шиг бид ч мөн гэрлэлт, гэр бүл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлага ба ариун газар болох гэр орны чухал ач холбогдол зэрэг зарчмыг дэлхий бидний чихэн дээр эдгээр нь хоцрогдсон, хязгаарлагдмал, хамааралгүй болсон хэмээн орилон хашгичиж байсан ч зоригтой хамгаалж байх ёстой. Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох, мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамаараад хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. Хэрэв энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм бол, мөн бидний ч төлөвлөгөө байх ёстой!

Миний бодлоор тууштай хамгаалагчид онцгойлон хамгаалж байх ёстой гурван зарчим уг тунхаглалд бий. Эхнийх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын гэрлэлт юм. Судрууд бидэнд “Гэвч Эзэн дор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм”2хэмээн заасан байдаг. Эхнэр, нөхөр хоёр санваарын бүрэн байдлын адислалуудыг хүлээж авахын тулд Их Эзэний өргөөнд лацдан холбогдож, хамтдаа зөв шударга хөдөлмөрлөж, гэрээнүүддээ үнэнч хэвээр үлдэх ёстой. Энэ бол үр хүүхдүүддээ зориулсан Их Эзэний төлөвлөгөө бөгөөд Түүний тунхагласан зүйлийг ямар ч олон нийтийн яриа, шүүмжлэл өөрчлөхгүй. Бид гэрлэлтийн зөв зохистой үлгэр жишээг үзүүлж, амьдралдаа адислалуудыг нь үргэлжлүүлэн эрэлхийлж байх ёстой, мөн тэдгээр нь ирэхгүй, хүлээлгэж байсан ч, итгэлтэй хэвээр үлдэх хэрэгтэй. Өөр үзэл бодолтой хүмүүст хайр энэрэл, нинжин сэтгэлээ үзүүлэхийн зэрэгцээ Их Эзэний томилсноор гэрлэлтийн энэхүү жаягийн хамгаалагчид байцгаая.

Бидний хамгааллын дуу хоолой хэрэгтэй байгаа дараагийн зарчим бол эцэг эхийн тэнгэрлэг үүргийг өргөмжлөх явдал юм. Бид үр хүүхдүүддээ энэ амьдралдаа ихийг хийж бүтээхэд тэмүүл хэмээн идэвхтэй зааж сургадаг. Ялангуяа бодож санасан ямар ч зүйлдээ хүрч, хүссэн зүйлээ хийх боломжтой гэдгийг охиддоо мэдрүүлэхийн тулд онцгойлон санаа тавьдаг билээ. Бид тэднийг сурч мэдэх дуртай, боловсролтой, авьяаслаг нэгэн болж, магадгүй дараагийн Мэри Кюри юм уу, Элиза Р.Снөү болоосой хэмээн найддаг.

Бид өөрийн охид хөвгүүдэд энэ амьдралд эцэг эсвэл эх байхаас илүү агуу хүндлэл, өндөр цол хэргэм, мөн үүнээс илүү чухал үүрэг хариуцлага байхгүй гэдгийг зааж сургаж байна уу? Бид үр хүүхдүүдээ энэ дэлхийн хамгийн сайн сайхан зүйлсээс хүртэхэд нь урамшуулан дэмжихийн зэрэгцээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эцэг эхийнхээ үүргийг хүндэтгэн, өргөмжлөн дээдэлж байхыг мөн зааж байгаа хэмээн найдаж байна.

Манай бага охин Абби эх хүний үүргийг хамгаалах онцгой нэгэн боломжийг олж харсан юм. Нэг өдөр хүүхдүүдийнх нь сургууль дээр мэргэжил сурталчлах өдөр болох тухай мэдэгдэл түүнд иржээ. Эцэг эхчүүдийг сургууль дээр нь ирж, өөрийн ажил мэргэжлийн талаар хүүхдүүдэд заах хүсэлтэй байвал маягт бөглөж явуулна уу хэмээн урьсан байсан бөгөөд очиж, ээж байх тухай ярихаар маягт бөглө гэсэн мэдрэмж Аббид төржээ. Тэрээр сургуулиас хариу аваагүй бөгөөд мэргэжил сурталчлах өдөр ойртоход, түүний бөглөсөн маягт алга болсон байж магадгүй гэж бодон, сургууль руу нь утсаар ярив. Зохион байгуулагчид нь хичээн хөөцөлдсөнөөр, мэргэжил сурталчлах өдрийн төгсгөлд Аббиг ангид нь ирж заахыг зөвшөөрсөн хоёр багшийг олжээ.

Абби хүүхдүүдэд зориулсан хөгжилтэй илтгэлдээ өөр бусад зүйлээс гадна ээж байхын тулд эм зүй, сэтгэл судлал, шашин шүтлэг, заах арга барил, хөгжим, утга зохиол, урлаг, санхүү, засал чимэглэл, үс засалт, жолоодлого, спорт, хоолны урлаг гээд маш олон зүйлд ямар нэгэн байдлаар гаршсан байх хэрэгтэй хэмээн заажээ. Энэ нь хүүхдүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Төгсгөлд нь тэр ээжүүдийнхээ өдөр бүр хийдэг, хайраар дүүрэн олон үйлчлэлд баярлаж талархснаа илэрхийлсэн зурвасыг хүүхдүүдээр бичүүлжээ. Хүүхдүүд өөрийнхөө ээжийг өөр өөр өнцгөөс харж, эцэг эх байх нь хэчнээн үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгосон болохыг Абби харсан байна. Тэр энэ жил энэ сэдвээр дахин хуваалцах хүсэлтээ цэцэрлэг рүү явуулсан бөгөөд зургаан ангид заахаар уригдсан юм.

Зураг
Sister Oscarson's daughter, Abby, holding a portrait of her children

Абби өөрийн туршлагын талаар хэлэхдээ “Надад энэ дэлхийд эцэг эх байх нь хоёрт тавигдах ажил юм уу, зарим үед бултах аргагүй түвэгшээх зүйл гэсэн ойлголтыг хүүхдүүд олж авч байгаа мэт санагдаж байсан. Би хүүхэд бүр эцэг эхийнхээ хувьд хамгийн эрхэм зүйл нь гэдгээ мэдрээсэй гэж хүссэн. Мөн би тэдэнд эцэг эх байх нь хэчнээн чухал зүйл болохыг хэлснээр тэднийг эцэг эхийнхээ өөрсдийнх нь төлөө хийдэг бүх зүйлийн талаар, мөн яагаад хийдэг болохыг ухаарч ойлгоход нь тусалж магадгүй” гэсэн юм.

Бидний хайртай бошиглогч Томас С.Монсон эмэгтэй хүнийг болон эх хүнийг, ялангуяа өөрийн ээжийг хүндэтгэн дээдлэхийн гайхалтай үлгэр жишээ билээ. Дэлхийн ээжүүдийн тухай тэрээр “Хүн ээжийгээ мартсан байтлаа Бурханаа сэтгэл зүрхэндээ хадгална гэж үгүй. Хэн ч ээжийгээ сэтгэл зүрхэндээ хадгалсан мөртлөө Бурханаа мартана гэж үгүй гэж хэлсэн энэ үнэнийг хүн бүр эрхэмлэн дээдэлж яваасай гэж би хүсэж байна. Яагаад дээдлэх ёстой вэ? Яагаад гэвэл, Бурхан болон [энэ дэлхий дээрх бидний] ээж гэсэн ариун нандин энэ хоёр хүн бүтээлт, хайр, золиослол ба үйлчлэлд нэгэн бие адил хамтран оролцдог юм”3 хэмээн хэлсэн байдаг.

Бидний хамгаалах хэрэгтэй сүүлчийн зарчим бол гэр орны маань ариун нандин байдал юм. Бидний зарим үед тоглоом тохуу маягаар хэрэглэдэг нэгэн нэр томьёог өндөрт өргөх хэрэгтэй байна. Энэ нь гэрийн эзэн, эзэгтэй хэмээх нэр томьёо юм. Бид эрэгтэй, эмэгтэй, өсвөр үеийнхэн болон хүүхдүүд, мөн ганц бие юм уу, гэрлэсэн байхаас үл хамааран бүгд гэрийн эзэн эсвэл эзэгтэй байх боломжтой. Бид өөрийн “гэр орныг” дэг журам болоод цэвэр ариун, аюулгүй газар болгох ёстой. Бидний гэр орон Их Эзэний Сүнсээр бялхсан, судраас болон сайн мэдээнээс суралцдаг, мөн зааж сургаж, хэрэгжүүлдэг газар байх ёстой. Бүх хүн өөрийгөө зөвт байдлын өргөөг бий болгогч хэмээн харж чаддагсан бол энэ дэлхий хэрхэн өөрчлөгдөх бол? Бүгдээрээ өөрийн гэр орныг цэвэр ариун байдлаараа ариун сүмийн дараа орох газар болгон хамгаалцгаая.

Эгч нар аа, би энэхүү хожмын үед эмэгтэй хүн болж төрсөндөө талархаж явдаг. Бидэнд энэ дэлхий дээрх аль ч үеийн эмэгтэйчүүдэд урьд өмнө байгаагүй өргөн боломж, бололцоо өгөгдсөн байна. Бүгд зоригтой зогсож, гэрлэлт, эцэг эх байх эрхийн, мөн гэр орныхоо хамгаалагчид нь байснаар Бурханы хаант улсыг байгуулахад гар бие оролцон тусалцгаая. Бид Их Эзэний төлөвлөгөөг хамгаалж, Түүний үнэнийг хойч үедээ зааж сургадаг, зоригтой, гуйвшгүй, бат дайчид нь байх ёстой.

Би Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд бидний хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг гэрчилж байна. Түүний Хүү Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн. Би энэхүү гэрчлэлээ та бүхэнд Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Эшлэлүүд

  1. “Marie Madeline Cardon Guild: An Autobiography,”-ыг үзнэ үү. cardonfamilies.org/Histories/MarieMadelineCardonGuild.html; түүнчлэн Marie C. Guild autobiography, circa 1909, Сүмийн түүхийн номын сан, Юта муж, Солт Лэйк хот-ыг үзнэ үү.

  2. 1 Коринт 11:11

  3. Томас С.Монсон, “Behold Thy Mother,” Ensign, 1974 оны 1-р сар, 32.