2010–2019
Эцэг байх нь—бидний мөнхийн хувь заяа
Дөрөвдүгээр сар 2015


Эцэг байх нь—бидний мөнхийн хувь заяа

Бид энэ амьдралдаа Эцэг байснаар ирэх адислалуудын бүрэн дүүрэн байдалд мөн мөнхөд гэр бүлдээ эцэг байснаар ирэх Түүний ажил болон алдар суугийн биелэлтэд баясах болтугай.

Намайг залуу байхад аав маань нэгэн чухал сургамж өгсөн юм. Тэр намайг дэлхийн зүйлст хэт их санаа тавьж байгааг анзаарчээ. Би мөнгөтэй болмогцоо л ихэнхдээ өөртөө зориулан үрдэг байлаа.

Зураг
Painting of a father talking to son in front of window with a view of the city below

Нэг өдөр тэр шинэ гутал худалдаж авахаар намайг дагуулж явсан юм. Дэлгүүрийн хоёр давхарт гараад, надаас, цонхоор харахыг хүслээ.

Тэр “Чи юу харж байна?” гэж асуув.

Би “барилга, тэнгэр, хүмүүс” гэж хариуллаа.

Түүнийг “Хэр олон байна?” гэж асуухад нь

би “маш олон!” гэж хариулав.

Тэр энэ зоосыг халааснаасаа гаргаж ирээд, надад өгөхдөө “Энэ юу вэ?” гэж асуусан юм.

Би тэр даруй “Нэг долларын мөнгөн зоос!” гэдгийг мэдэв.

Тэрээр химийн мэдлэгээ ашиглан “Хэрэв чи энэ мөнгөн зоосыг хайлуулаад, тохирох найрлагуудтай нь холивол азот хүчлийн мөнгө болно. Хэрэв бид энэ цонхыг азот хүчлийн мөнгөөр бүрхвэл чи юу харж чадах вэ?” гэв.

Надад хэлэх зүйл байгаагүй учраас тэр намайг өөрийгөө бүтнээр нь харж болох нэг толины өмнө авчраад, “Чи одоо юу харж байна?” гэж асуув.

Зураг
Father and son looking in a mirror at a clothing store.

“Би өөрийгөө харж байна” гэж хариулав.

Тэр “Үгүй ээ. Чи мөнгөн дээрх өөрийн тусгалыг харж байна. Хэрэв чи мөнгөнд хэт их анхаарал хандуулаад байвал зөвхөн өөрийгөө л харах болно. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн чамд бэлтгэсэн мөнхийн хувь заяагаа ил тод харахад чинь яг л хөшиг шиг саад болох болно” гэж хэлсэн юм.

Тэрээр “Ларри, ‘энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл … юуны түрүүнд Бурханы хаант улсыг …, түүнчлэн [Түүний] зөв шударга ёсыг үндэслэн бий болгохыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэх болно’” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:38 [in Матай 6:33, зүүлт тайлбар a]) гэж хэлж билээ.

Тэр надад мөнгөн зоосыг өгөөд, хэзээ ч битгий хаяарай гэж хэлсэн. Би энэ зоосыг харах бүрдээ Тэнгэрлэг Эцэгийн надад зориулсан мөнхийн хувь заяаны тухай боддог юм.

Би аавдаа мөн түүний заасан зүйлст хайртай. Би түүнтэй адил болохыг хүссэн. Тэр сайн эцэг байх хүслийг зүрх сэтгэлд минь суулгаж өгсөн бөгөөд миний хамгийн их найдаж хүсдэг зүйл бол түүний үлгэр жишээг дагах явдал юм.

Бидний хайрт бошиглогч Томас С.Монсон, шийдвэр хувь заяаг тодорхойлдог ба мөнхийн үр дагавруудтай байдаг гэж заасаар ирсэн (“Шийдвэрүүд хувь заяаг тодорхойлдог” [Сүмийн боловсролын системийн галын дэргэдэх цугларалт, 2005 оны 11-р сарын 6], 2, lds.org/broadcasts).

Өөрсдийнхөө мөнхийн хувь заяаг, тэр тусмаа Тэнгэрлэг Эцэгийн биднээс хүсэн хүлээдэг мөнхөд эцэг байх талаар бид тодорхой ойлголттой байх хэрэгтэй. Мөнхийн хувь заяа маань бидний бүх шийдвэрийг удирдан чиглүүлдэг байх болтугай. Тэдгээр шийдвэр хэр хэцүү байх нь хамаагүй Эцэг биднийг дэмжин туслах болно.

Би 12, 13 настай 2 хүүтэйгээ хамт 50/20 тэмцээнд оролцохдоо ийм ойлголтын талаар мэдэж авсан юм. 50/20 нь 80 км газрыг 20 хүрэхгүй цагт явган туулахыг шаарддаг. Бид оройн 21:00  цагт эхлээд, шөнөжингөө мөн маргааш өдрийг бараг дуустал алхав. Ингэж 19 цаг алхахад маш хүнд байсан ч бид амжилттай дуусгаж чадсан.

Бид гэр рүүгээ бараг л мөлхөж орж билээ. Миний гайхалтай эхнэр мөн хүүхдүүдийн маань ээж сайхан оройн хоол бэлтгээд хүлээж байсан боловч бид идэж чадаагүй юм. Бага хүү маань туйлдаа хүртэл ядарсан болохоор бараг л ухаангүй байсан ба том хүү маань өрөө рүүгээ дөрвөн хөллөж орсон.

Би зовиурандаа хэсэгхэн хугацаанд амарсны дараа бага хүүгээ эсэн мэнд эсэхийг нь шалгахаар очсон юм.

Намайг “Чи зүгээр үү?” гэж асуухад,

тэрээр “Аав аа, энэ миний хийж байсан зүйлүүдээс хамгийн хэцүү нь байлаа. Би дахиж хэзээ ч хийхийг хүсэхгүй байна” гэж хариулсан юм.

Би ч бас хийхийг хүсэхгүй байна гэж би хэлээгүй. Харин би тийм хэцүү зүйлийг хийсэнд нь хүүгээрээ бахархаж байгаагаа хэлсэн . Энэ нь ирээдүйд тулгарах бусад хэцүү зүйлст түүнийг бэлтгэснийг мэдсэн юм. Би энэ бодлыг тээн, “Хүү минь, би чамд нэг зүйлийг амлая. Чи номлолд явахдаа хэзээ ч нэг өдөрт 80 км алхах шаардлагагүй байх болно” гэж хэлэв.

Тэр “Сайн байна, аав аа! Тэгвэл би явна” гэж хариулав.

Тэдгээр энгийн хэдэн үг миний бодгалийг баяр талархлаар дүүргэсэн билээ.

Дараа нь би том хүү рүүгээ очоод, хажууд нь хэвтэн—түүнд хүрээд “Хүү минь, чи зүгээр үү?” гэж асуулаа.

“Аав аа, энэ миний хийж байсан зүйлүүдээс хамгийн хэцүү нь байлаа. Би дахиж хийхийг хүсэхгүй байна” гэж хэлээд, дараа нь нүдээ нээгээд— “Хэрэв миний хүү л надаас явахыг хүсвэл явна” гэж хэлэв.

Би түүнд ямар их талархаж байгаагаа хэлтэл нүдэнд минь нулимс цийлэгнэв. Тэр надаас хавьгүй илүү аав болох болно гэдгийг мэдэж байгаагаа би түүнд хэллээ. Тэр бага залуу насандаа эцэг байх хамгийн ариун нандин үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаад миний зүрх баясаж байв. Биднийг Бурханд хандан ярихад Тэрээр Өөрийгөө дуудуулахыг хүсдэг нэр мөн үүрэг хариуцлагаас айдаггүйтэй адил тэрхүү нэр, үүрэг хариуцлагаас хүү маань айхгүй байлаа. Би хүүгийнхээ дотор асч буй эцэг байх хүслийг улам бадраах үүргээ мэдэж байв.

Аврагчийн эдгээр үгс нь эцэг хүний хувьд надад илүү гүнзгий утга учиртай санагдах болсон:

“Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг” (Иохан 5:19).

“Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар” (Иохан 8:28).

Би тэнгэрлэг эцэг, эхийн сонгогдсон охинтой гэрлэсэн нөхөр мөн эцэг байхад дуртай. Би түүндээ хайртай. Энэ нь миний амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг юм. Тэрхүү орой таван хүү маань болон тэдний эгч, дүүс мөнхийн гэрлэлт, эцэг, гэр бүлээс ирдэг баяр баясгаланг надаас хардаг байгаасай гэж би найдаж хүссэн.

Аав нар аа, та нар “Сайн мэдээг бүх цаг үед номло мөн шаардлагатай бол үгийг ашигла” (attributed to Francis of Assisi) гэж хэлэхийг сонсож байсан байх. Та нар өдөр бүр хүүхдүүддээ эцэг байх нь ямар байдгийг зааж байдаг. Та нар дараагийнхаа үр удмын суурийг тавьж байдаг. Танай хөвгүүд эдгээр үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас тань хамааран нөхөр мөн аав байхад суралцах болно. Жишээлбэл:

Ээжийг нь хэр сайн хайрлаж, хүндэтгэдгийг мөн аав байхдаа хэр дуртай байдгийг чинь тэд мэддэг үү?

Та нарыг тэдний хүн нэг бүрд Тэнгэрлэг Эцэгтэй адил хандаж байгааг хараад ирээдүйн эхнэр, хүүхдүүддээ хэрхэн хандахаа тэд мэддэг.

Тэд та нарын үлгэр жишээгээр эмэгтэй хүнийг хэрхэн хайрлаж, хүндэтгэж, хамгаалахыг мэддэг.

Тэд та нарын гэрт гэр бүлээ хайр, зөв шударга байдалд удирдахад суралцаж чадна. Тэд гэр бүлийнхээ материаллаг болон сүнслэг хэрэгцээг хангаж, хамгаалахад суралцаж чадна (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү).

Ах нар аа, би бодгалийнхаа бүхий л эрч хүчээр та нараас энэ асуултыг бодож үзэхийг хүсч байна: Тэнгэрлэг Эцэгийн тэднээр хийлгэхийг хүсч байгаа зүйлийг хийхийг хичээж байгааг тань танай хөвгүүд хардаг болов уу?

Тийм гэж хариулна гэж найдаж байна. Хэрэв үгүй гэж хариулсан бол өөрчлөхөд оройтоогүй байна. Гэхдээ та нар өнөөдрөөс эхлэх ёстой. Мөн Тэнгэрлэг Эцэг та нарт тусална гэдгийг би гэрчилж байна.

Миний хайртай залуу эрэгтэйчүүд ээ, та нар Мелкизедек санваарыг болон ариун нандин ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, бүрэн цагийн номлолд үйлчлэх үүрэг, хариуцлагаа биелүүлэхэд мөн дараа нь их удалгүйгээр ариун сүмд Бурханы охинтой гэрлэж, гэр бүлтэй болоход бэлтгэж байгаа. Та нар тийн гэр бүлээ Ариун Сүнсний удирдамжаар сүнслэг байдалд удирдах болно (С ба Г 20:44; 46:2; 107:12-ыг үзнэ үү).

Би дэлхий өнцөг буланд байдаг олон залуу эрэгтэйгээс “Та нар яагаад энд байгаа юм бэ?” гэж асууж байсан.

Одоогийн байдлаар хэн ч “Би Тэнгэрлэг Эцэгт байгаа бүх зүйлийг хүлээн авахад бэлтгэж, зохистой байж болохын тулд эцэг байхад суралцахаар энд байна” гэж хэлээгүй байна.

Сургаал ба Гэрээ 20-р хэсэгт тодорхойлсон Аароны санваарын үүргүүдээ бодож үз. Би эдгээр үүргийг гэр бүлдээ үйлчлэх үйлчлэлтэй чинь холбох үед юу мэдэрч байгаагаа анзаараарай.

“Христэд ирэхэд [гэр бүлийнхнийгээ бүгдийг] урь” (59-р шүлэг).

“[Тэднийг] ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх нь болой” (53-р шүлэг).

Гэр бүлийнхээ гишүүдэд “заах, тайлбарлах, ухуулах, мөн баптисм хүртээх … нь болой” (46-р шүлэг).

“Чанга дуугаар болон чимээгүй залбирахыг, мөн гэр бүлийн бүх үүргээ гүйцэтгэхийг тэдэнд ухуулах нь болой” (47-р шүлэг).

“[Гэр бүлд тань] алдас байхгүй, мөн бие биендээ хахир хатуу хандахгүй, мөн худал хэлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй, мөн шүүмжлэхгүй байхад анхаарах нь болой” (54-р шүлэг).

“[Гэр бүл тань] хамтдаа олонтаа цуглахыг … анхаарах нь болой” (55-р шүлэг).

Аав нартаа патриархын үүрэгт нь тусал. Аав тань байхгүй үед ээжийгээ санваарын хүчээр тэтгэ (52, 56-р шүлгийг үзнэ үү).

Хэрэв та нараас хүсвэл гэр бүлдээ “бусад санваартнууд, багш нар хийгээд диконуудыг томилж болно” (48-р шүлэг).

Энэ нь эцгийн ажил мөн үүрэг шиг сонсогдохгүй байна гэж үү?

Зураг
A young man reading a a Church publication.

Аароны санваарын үүргүүд нь залуу эрэгтэйчүүд та нарыг эцэг байхад бэлтгэж байгаа. Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эх сурвалж та нарт үүргүүдээ гүйцэтгэх тодорхой төлөвлөгөөнүүдэд суралцаж, төлөвлөхөд туслах болно. Та нарыг Тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрэлхийлж, биелүүлэх зорилгууд тавих үед энэ нь та нарын удирдамж мөн тусламж болдог.

Тэнгэр дэх Эцэг энэ цаг үед та нарыг тодорхой ажил мөн мөнхийн зорилгын төлөө энд авчирсан. Тэрээр та нарыг энэ зорилго нь юу болохыг тодорхой харж, ойлгоосой хэмээн хүсдэг. Тэр бол та нарын Эцэг бөгөөд та нар удирдамжийн төлөө үргэлж Түүнд хандаж болно.

Тэнгэрлэг Эцэг бид бүгдэд нэг бүрчлэн санаа тавьдаг бөгөөд бидэнд мөнхийн зорилгодоо хүрэхэд туслах төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдгийг би мэднэ. Биднийг сул дорой чанаруудаа Цагаатгалаар дамжуулан ялахад туслахын тулд Тэрээр Өөрийн Төрсөн Ганц Хүү, Есүс Христийг илгээсэн юм. Биднийг хэрэв Өөрт нь найдвал, гэрч, хамтрагч байж, мөнхийн хувь заяа руу мааньудирдах Ариун Сүнсээр Тэр адисалсан билээ. Бид энэ амьдралд Эцэг байснаар ирэх адислалуудын бүрэн дүүрэн байдалд болон мөнхөд гэр бүлдээ эцэг байснаар ирэх Түүний ажил болон алдар суугийн биелэлтэд баясах болтугай (Мосе 1:39-ийг үзнэ үү). Есүс Христийн нэрээр, амен.