2010–2019
Та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу?
Дөрөвдүгээр сар 2015


Та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу?

Сайн мэдээний гайхамшгуудыг гайхаж бишрэх нь итгэлийн тэмдэг юм. Энэ нь бидний амьдралд мөн эргэн тойронд бүх газарт байгаа Их Эзэний мутрыг таньж мэдэх явдал юм.

Эхнэр бид хоёр таван хүүхдээ гайхамшигт Парис хотод агуу баяр баясгалантайгаар өсгөсөн юм. Тэдгээр жилүүдэд бид тэдэнд энэ дэлхийн олон гайхамшигт зүйлсийг нээж олох боломжийг өгөхийг хүсч байсан. Зуны улирал болгон бид гэр бүлээрээ Европын хамгийн чухал дурсгалт, түүхэн газрууд, байгалийн гайхамшгийг үзэхээр урт удаан аялалд явдаг байв. Бид 22 жилийн турш Парист амьдарсныхаа дараа нүүхэд бэлэн болсон юм. Хүүхдүүд маань над дээр ирээд, “Аав аа, үнэхээр ичмээр юм аа! Бид энд насаараа амьдарсан ч хэзээ ч Эйфелийн цамхагийг үзэж байгаагүй шүү дээ!” гэж хэлснийг санаж байна.

Дэлхий дээр маш олон гайхамшигт зүйлс байдаг. Гэсэн хэдий ч тэдгээр нь бидний нүдний өмнө үргэлж байвал бид тэдгээрийг үнэлэхээ больж, үргэлж байх ёстой юм шиг л боддог. Бид хардаг ч үнэндээ сайн харж чаддаггүй; бид сонсдог ч үнэндээ сайн сонсож чаддаггүй.

Есүс мөнх бус үйлчлэлийнхээ үеэр шавь нартаа:

“Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерөөлтэй:

“Би та нарт хэлье. Та нарын харж байгаа зүйлсийг олон эш үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй, мөн та нарын сонсож байгаа зүйлсийг сонсохыг хүссэн авч сонсоогүй юм”1 хэмээн айлдсан байдаг.

Би Аврагчийн үед амьдарсан бол ямар байх байсан бол гэж хаяа хаяа боддог. Та нар Түүний хөлд сууж байгаагаа төсөөлж чадах уу? Түүний тэврэлтийг мэдэрч байгаагаа төсөөлж чадах уу? Түүнийг бусдад номлож байгааг гэрчилж байгаагаа төсөөлж чадах уу? Дэндүү олон хүн Бурханы Хүү тэдний дунд амьдарч байгааг “харж”, таньж чадаагүй юм.

Бид ч мөн адил онцгой цаг үед амьдрах боломжийг хүлээн авсан. Эртний бошиглогчид Сэргээлтийн ажил, “гайхамшигт ажлыг, тийм ээ, ер бусын үйлийг”2 харсан юм. Урьд өмнөх эрин үед хэзээ ч ийм их номлогч дуудагдаж, ийм олон үндэстэн сайн мэдээний захиасыг сонсож, ийм олон ариун сүм дэлхий даяар баригдаж байгаагүй.

Хожмын үеийн гэгээнтэн бидний хувьд гайхамшгууд хувийн амьдралд маань тохиолдож байдаг. Тэдгээр нь хувийн хөрвөлт, залбирлын хариулт, Бурханы өдөр тутам бидэн дээр юүлж байдаг гайхамшигт адислалуудыг багтаадаг.

Сайн мэдээний гайхамшгуудыг гайхаж бишрэх нь итгэлийн тэмдэг юм. Энэ нь бидний амьдралд мөн эргэн тойронд бүх газарт байгаа Их Эзэний мутрыг таньж мэдэх явдал юм. Биднийг гайхширч, бишрэх үед сүнслэг хүч чадал бий болдог. Энэ нь бидэнд итгэлийн хүчтэй гэрчлэлтэй байж, өөрсдийгөө авралын ажилд оролцуулах хүч тэнхээг өгдөг.

Сэргэг, сэрэмжтэй байцгаая. Бидний гайхан бишрэх чадвар хэврэг байдаг. Олон жилийн туршид зарлигуудыг хайнга дагах, үл тоомсорлох эсвэл бүр залхуурах зэрэг нь бидэнд хачиг шиг шигдэж, биднийг сайн мэдээний хамгийн чухал тэмдгүүд болон гайхамшгуудад сэтгэл хөдлөлгүй болгодог.

Мормоны Ном Мессиа Америкчууд дээр ирэхээс өмнөх бидний цаг үетэй маш адилхан үеийн талаар дүрсэлсэн байдаг. Гэнэт Түүний төрөлтийн тэмдгүүд тэнгэрт үзэгдэж эхлэхэд хүмүүс гайхамшгуудыг хараад гайхаж, цочирдон, өөрсдийгөө даруусгасан ба бараг бүх хүн хөрвөгдөв. Гэсэн хэдий ч дөрөвхөн жилийн дараа “хүмүүс өөрсдийн сонссон тэмдгүүд болоод гайхамшгуудыг мартаж эхлэв, мөн тэнгэрээс ирэх аливаа тэмдэг эсвээс гайхамшигт улам багаар цочирдон гайхах болж эхлэв … тэд мөн сонссон мөн харсан бүхэндээ итгэхгүй болж эхлэв.”3

Ах, эгч нар аа, та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу? Та нар харж, сонсоод, мэдэрч, чичрэн, гайхаж цочирдож байна уу? Эсвэл таны сүнслэг мэдрэмж буурсан уу? Та нарын хувийн нөхцөл байдал ямар ч байсан би та бүхнийг гурван зүйлийг хийхэд урьж байна.

Нэгдүгээрт, сайн мэдээний үнэнүүдийг дахин дахин нээж олохоос бүү татгалз. Зохиолч Марсэл Прауст “Ололт нээлтийн жинхэнэ аялал нь шинэ зүйлсийг эрэлхийлэх биш шинэ нүдээр харах явдал юм”4 гэж хэлсэн байдаг. Та нар анх судрын шүлгийг уншихад Их Эзэн та нартай ярьж байгаа мэт санагдаж байсныг санаж байна уу? Та нар анх Ариун Сүнс гэж мэдээгүй байхад тань Ариун Сүнсний гайхамшигт нөлөө та нар дээр ирж байсныг санаж чадах уу? Эдгээр нь ариун нандин, онцгой үе биш гэж үү?

Бид өдөр бүр сүнслэг мэдлэгийн араас өлсөж, цангах хэрэгтэй. Судалж, бясалгаж, залбирснаар сүнслэг мэдлэг ирдэг. Заримдаа бид “Би өнөөдөр судар судлахгүй байж болно; Би бүгдийг нь уншчихсан” эсвэл “Би өнөөдөр сүмд явахгүй байж болно; надад шинээр сурах зүйл байхгүй” гэж бодоход уруу татагдаж магадгүй.

Сайн мэдээ бол хэзээ ч хатаж хуурайшдаггүй мэдлэгийн усан оргилуур юм. Ням гараг бүр, цуглаан мөн судрын шүлэг бүрд үргэлж сурах шинэ зүйл байдаг. Бид итгэлээр “хай, тэгвэл … олно”5 хэмээх амлалтаас зууран барьдаг.

Хоёрдугаарт, өөрсдийн итгэлийг сайн мэдээний тодорхой мөн энгийн үнэнүүдэд суурилуул. Бид итгэлийнхээ үндсэн зарчмууд, сүсэг бишрэлийнхээ хамгийн энгийн үйлдлүүдийг гайхан, бишрэх ёстой.

Нэгэн номлогч эгч Африк дахь дүүргийн чуулганы үеэр гурван залуутай уулзсан түүхээ ярьсан юм. Тэд Сүм байдаггүй суурин газраас алслагдсан тосгоноос ирсэн ба тэнд бараг 15 итгэлтэй гишүүн, 20 сонирхогч байсан байна. Эдгээр эрэгтэй бараг хоёр долоо хоногийн турш шавар шалбаагтай замаар 480 км явган алхаж, чуулганд оролцсон ба тосгоныхоо гишүүдийн аравны нэгийг авчирсан байв. Тэд тэндээ долоо хоног байрлаж, дараагийн ням гарагт ариун ёслолоос баяртайгаар хүртэж, хайрцагтай Мормоны Номыг толгой дээрээ тавин, тосгоныхоо хүмүүст өгнө гэж найдаж байлаа.

Уг номлогч эдгээр ах нарын гайхан биширч буй байдалд болон түүнд үргэлж байдаг байсан зүйлсийг авахын тулд гаргасан агуу хичээл зүтгэлд нь хэрхэн сэтгэл нь хөдөлснөө гэрчилсэн юм.

Тэр “Би өөрөөсөө ингэж асуусан: Хэрэв би Аризонад нэг ням гаргийн өглөө сэрээд, машин маань ажиллахгүй байвал гэрээс маань хэдхэн гудамжны цаана байдаг сүм рүү алхаж явах болов уу? Хол байдаг болохоор эсвэл бороо орж байгаа болохоор гэртээ үлдэх болов уу?”6 гэж хэлсэн юм. Эдгээр нь бид бүгдийн бодож үзэх ёстой сайхан асуултууд байна.

Эцэст нь би та нарыг Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлж, үүнийг нандигнахад урьж байна. Сайн мэдээний ихэнх гайхамшгуудыг эгэл ухамсраар ойлгох боломжгүй байдаг. Тэдгээр нь “нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, … Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст [бэлдсэн]”7 зүйлс юм.

Биднийг Сүнстэй байгаа үед бидний сүнслэг мэдрэмж хурцлагдаж, бидний дурсамж сэргэж, ингэснээр бид өөрсдийн гэрчилсэн гайхамшгууд, тэмдгүүдийг мартаж чадахгүй. Ийм учраас Есүсийг явах гэж байгааг мэдээд Түүний Нифай шавь нар “хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирав; мөн Ариун Сүнс өөрсдөд нь өгөгдөхийг тэд хүсэв”8.

Тэд хэдийгээр Аврагчийг нүдээрээ харж, Түүний шарханд гараараа хүрсэн боловч Бурханы Сүнсний хүчгүйгээр гэрчлэл нь мөхөх болно гэдгийг мэдэж байв. Ах, эгч нар аа, үнэ цэнэтэй, гайхамшигт бэлэг болох Ариун Сүнсний нөхөрлөлийг алдах эрсдэлд хүргэх юу ч хэзээ ч битгий хий. Ариун Сүнсний нөхөрлөлийг чин сэтгэлийн залбирал, зөв шударга амьдралаар эрэлхийл.

Бидний оролцож буй ажил “ер бусын ажил мөн гайхамшиг” гэдгийг гэрчилж байна. Бид Есүс Христийг дагах үед Бурхан бидэнд “тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр”9 гэрчилдэг билээ. Энэхүү онцгой өдөр би сайн мэдээний гайхамшгууд нь Бурханы бүх бэлгийн хамгийн агуу нь болох Аврагчийн Цагаатгалд тулгуурласан байдаг гэдгийг гэрчилж байна. Энэ нь зорилгоороо нэгдсэн Эцэг, Хүү хоёрын хүн нэг бүрд санал болгодог хайрын төгс бэлэг юм. Би та нартай хамт “Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна. … Өө, энэ их гайхалтай, үнэхээр гайхалтай!”10

Бид үргэлж энэхүү гайхамшигт сайн мэдээний гайхамшгийг харах мэлмийтэй, сонсох сонортой, мэдрэх зүрх сэтгэлтэй байгаасай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Лук 10:23–24.

  2. 2 Нифай 27:26.

  3. 3 Нифай 2:1.

  4. “Marcel Proust,” Guardian, July 22, 2008, theguardian.com/books/2008/jun/11/marcelproust.

  5. Матай 7:7.

  6. Lorraine Bird Jameson, “The Giants of Kinkonkja” (article on Africa Southeast Area website, 2009)-өөс авав; web.archive.org/web/20101210013757/http:/www.lds.co.za/index.php/news-a-events/news/aseanews/91-the-giants-of-kinkondja-г үзнэ үү.

  7. 1 Коринт 2:9.

  8. 3 Нифай 19:9.

  9. Еврей 2:4.

  10. “Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас.