2010–2019
“Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?”
Дөрөвдүгээр сар 2015


“Үүний тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?”

Таны мацгийн өргөл бие махбодыг хооллож, хувцаслахаас илүү их зүйлийг хийх болно. Энэ нь зүрх сэтгэлийг эдгээж, мөн өөрчилнө.

Хайрт ах, эгч нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн энэхүү Ерөнхий чуулганаар би та бүхэнд өөрийн хайрыг илэрхийлэх боломжтой байгаадаа баяртай байна. Энэ баяр баясал нь Аврагчийн хайр та нарын хүн нэг бүрд, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хүрдэг хэмээх Сүнсний гэрчээс ирж байгаа билээ. Бидний Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг сүнслэг болон материаллаг байдлаар адислахыг хүсдэг. Тэрээр бидний хүн нэг бүрийн хэрэгцээ, өвчин зовлон, итгэл найдварыг мэддэг.

Биднийг хэн нэгэнд туслахад, Аврагч биднийг Өөрт нь тусалсан мэт боддог.

Тэр энэ нь үнэн гэдгийг, бидний дэлхийн амьдрал төгсгөл болж, Түүнтэй уулзах ирээдүй цаг үеийг дүрслэхдээ бидэнд хэлсэн юм. Би энэ өглөө хэлэх үгийнхээ тухай бодож, мацаг барин, залбирч байсан тэр өдрүүдэд энэхүү өдрийн дүр зураг миний оюун ухаанд улам тодорч ирсэн билээ. Их Эзэн ирээдүйн тэр нэгэн өдрийн ярилцлагын дүр зургийг шавь нартаа өгсөн бөгөөд бидний бүх зүрх сэтгэлээсээ хүссэн зүйл нь бидний хувьд ч мөн үнэн болохыг дүрсэлсэн байдаг:

“Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгсдад хандан хэлэх нь ‘Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай:

“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан:

“Нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ’ гэхэд,

“Зөвт хүмүүс Түүнд ‘Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ?

“Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ?

“Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?’ гэх болно.

“Тэгэхэд Хаан тэдэнд ‘Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг’ гэж хэлнэ.”1

Аврагч биднийг ийнхүү халуун дотно угтан аваасай хэмээн бид хүсэж байгаа. Гэхдээ бид ингэж угтуулахын тулд юу хийх ёстой вэ? Бидний тусламж хэрэгтэй байгаа, Тэнгэрлэг Эцэгийн өлссөн, гэр оронгүй, ганцаардсан олон хүүхэд бий. Тэдний тоо өдөр ирэх тусам өссөөр байна.

Тиймээс Их Эзэн бидний хийж чадах нэг зүйлийг өгсөн юм. Энэ нь балчир хүүхдэд ч ойлгомжтой, энгийн нэгэн зарлиг билээ. Энэ нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүст болон бидэнд зориулсан гайхамшигт амлалт бүхий зарлиг юм.

Энэ бол мацгийн хууль. Исаиагийн номон дахь үгс нь Их Эзэний Сүмд харъяалагддаг бидэнд зориулсан зарлиг болон адислалуудыг тодорхойлдог.

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?

“Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?

“Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

“Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр ‘Би энд байна’ гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэн, зэрлэг балмад яриагаа боливол,

“Хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, чиний гэрэл нь харанхуйд мандаж, чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэт байх болно.

“Чамайг ямагт удирдан, хатсан газарт чиний хүслийг хангаж, чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй ундаргатай булаг мэт байх болно.”2

Тэгэхээр Их Эзэн бидэнд гайхамшигт амлалт бүхий энгийн нэгэн зарлигийг өгсөн байна. Өнөө үед бидэнд сард нэг удаа Сүмд мацаг барьж, бишоп эсвэл салбарынхаа ерөнхийлөгчөөр дамжуулан мацгийн өгөөмөр өргөлийг ядуу болон ядарч зүдэрсэн нэгэнд өгөх боломжтой байдаг. Заримыг нь та нарын эргэн тойронд байгаа хүмүүст, магадгүй танай гэр бүлийн хэн нэгэнд туслахад хэрэглэж болох юм. Их Эзэний үйлчлэгчид хэнд туслах, мөн ямар тусламж үзүүлэх талаар илчлэлт авахын тулд залбирч, мацаг барьдаг. Танай орон нутгийн Сүмийн нэгжийн хүмүүст туслаад, хэрэглэгдэхгүй үлдсэн өргөлийг дэлхийн нөгөө өнцөгт байгаа Сүмийн бусад гишүүнийг адислахад ч хэрэглэх боломжтой юм.

Ядуучуудад зориулж мацаг барь хэмээх энэхүү зарлигийг олон адислал дагалддаг. Ерөнхийлөгч Кимбалл, тэрхүү хуулийг дагахгүй байх нь хайхрамжгүй байдлын нүгэл бөгөөд ноцтой шийтгэлтэй гэсэн билээ. Тэр “Мацаг барьж, зүдэрсэн нэгэнд тусалдаг хүмүүст Их Эзэн агуу их адислал амалсан. … Зөв шударга байдал хийгээд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойртох боломж нь Сүнсний өдөөлтөөр болон сүнслэг удирдамжтай хамт ирэх болно. Бид мацаг барих энэ шударга үйлдлийг хийхгүй бол эдгээр адислалыг авч чадахгүй” хэмээн бичжээ.3

Хэдхэн хоногийн өмнө би тэдгээр адислалын нэгийг хүлээн авсан юм. Ерөнхий чуулган гол төлөв мацаг барьж, гэрчлэлээ хуваалцах амралтын өдрүүдэд болдог тул би тусламж хэрэгтэй хүмүүст туслах зарлигийг хэрхэн дагах ёстой талаар мацаг барьж, залбирлаа.

Би бямба гарагт мацаг барьсан хэвээр байсан бөгөөд өглөөний зургаан цагт босож, дахин залбирсан юм. Дэлхийн мэдээг үз гэсэн мэдрэмж надад төрж, би дараах мэдээг уншиж билээ.

Халуун бүсийн Пам хар салхи нь Вануатугийн нийслэл Порт Вилаг дамжин өнгөрөхдөө олон тооны байр, сууцыг сүйтгэв. Хар салхи Вануатуд нуранги үүсгэж, хамгийн багаар бодоход зургаан хүний аминд хүрсэн анхны хүчтэй хар салхи хэмээн тэмдэглэгджээ.

“Хар салхи Номхон далайн арлын улсаар шууран өнгөрөхдөө ардаа босоо мод бараг үлдээсэнгүй.4

Дэлхийн Зөнгийн гамшгийн хохирлын хэмжээг тооцоолох баг хар салхи намжсаны дараа хохиролтой танилцахаар төлөвлөжээ. 

Тэд оршин суугчдад дунд болон их, дээд сургуулийн байр зэрэг бат бөх байранд хоргодохыг зөвлөсөн байна.

Тэгээд “‛Тэнд байгаа хамгийн бат бөх барилгууд нь цементэн сүмийн барилгууд юм. Зарим газарт ийм барилга ч байхгүй. Цагт 300 гаруй км хурдтай хар салхийг тэсвэрлэн үлдэх барилгыг олоход хэцүү’ хэмээн CARE интернэйшнл олон улсын энэрлийн байгууллагын ажилтан Инга Мэфам хэлсэн” гэж тэд хэлэв.5

Би үүнийг уншсаныхаа дараа Вануатугийн хүмүүсийн гэрт очиж, тэдэнтэй уулзаж байснаа саналаа. Би хүмүүсийг салхинд нурж буй гэр орондоо бөөгнөрөн сууж байгаагаар төсөөлөв. Дараа нь Вануатугийн хүмүүс намайг хэрхэн халуун дотно угтан авч байсныг саналаа. Би тэднийг болон хөршүүдийг нь манай Сүмийн найдвартай цементэн барилгын хамгаалалтан доор хоргодохоор ирж байгаагаар төсөөлөн бодов.

Дараа нь би бишоп, Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр тэдний дунд байж, зарим нэгнийг тайвшруулж, тэдэнд нөмрөх хөнжил, идэх хоол, уух ус өгч байгаа байх гэж төсөөллөө. Би мөн айсан хүүхдүүд бөөгнөрөн сууж байгааг дүрслэн бодсон юм.

Тэд мэдээ уншаад, сууж буй гэрээс минь хэчнээн хол байсан ч гэлээ, Их Эзэн Өөрийн үйлчлүүлэгчдээр дамжуулан юу хийхийг би мэдэж байлаа. Хол амьдарч байгаа боловч Их Эзэнтэй ойр байдаг шавь нарынх нь харамгүй өгсөн мацгийн өргөлүүд Тэнгэрлэг Эцэгийн тэдгээр хүүхдэд туслах боломжийг энэ удирдагчдад олгосон гэдгийг би мэдэж байв.

Иймээс би ням гараг болохыг хүлээлгүй, өглөө нь мацгийнхаа өргөлийг бишоптоо аваачиж өгөв. Миний өргөлийг бишоп, Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр хөрш зэргэлдээ хэн нэгэнд туслахад хэрэглэж болохыг би мэднэ. Гэхдээ би тэднийг сайн мэднэ. Тэд Их Эзэний өмнөөс Түүний хайртай хүмүүсийг дэмжиж туслахаар Сүнсээр өдөөгдөх болно гэдгийг ч бас мэднэ. Өчүүхэн бага өргөл маань миний гэр бүлийн амьдардаг газрын эргэн тойрны хүмүүст хэрэглэгдэхгүй, мөн миний өргөлөөс илүү гарсан мөнгө Вануатуд хүрэхгүй ч байж болох юм.

Гэвч Их Эзэний хайрладаг, зовлон шаналлыг нь мэдэж байгаа хүмүүст өөр хар салхи, гай гамшиг дэлхий даяар тохиолдох л болно. Таны болон миний энэ сарын мацгийн өргөлийн нэг хэсгийг Их Эзэн Өөрийг нь дэмжиж буйг мэдрэх хэн нэгэнд, аль нэгэн газарт туслахад хэрэглэнэ.

Таны мацгийн өргөл бие махбодыг хооллож, хувцаслахаас илүү их зүйлийг хийх болно. Энэ нь зүрх сэтгэлийг эдгээж, мөн өөрчилнө. Сэтгэлийнхээ угаас өгсөн таны өргөлийн үр жимсийг хүртсэн хүн зүрх сэтгэлдээ тусламж хэрэгтэй байгаа бусад хүнд тусламжийн гараа сунгах хүсэлтэй болж ч болох юм. Ийм зүйл дэлхийн өнцөг булан бүрд тохиосоор байна.

Ийм явдал Сиерра Леонд амьдардаг Абий Турэй эгчийн амьдралд тохиосон юм. Энд 1991 онд иргэний дайн эхэлжээ. Энэ нь улс орныг олон жилийн туршид нуранги болгон хувиргав. Сиерра Леон дайны өмнө ч гэсэн дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг байсан. “Дайны үеэр хэн улс орныг удирдаж байгаа нь ч тодорхой биш байв. Банкууд үйл ажиллагаагаа  зогсоож, төрийн байгууллагууд хаалгаа хаан, хууль сахиулах байгууллага [босогчдын эсрэг хүч хүрэхээ больж,] улс орон үймээн самуун, алан хядлага, зовлон зүдгүүрт нэрвэгдсэн байлаа. Хэдэн арван мянган хүн амь насаа алдаж, хоёр сая гаруй ард иргэд амь насаа алдахгүйн тулд гэр орноо орхин дүрвэсэн байна.”6

Ийм хэцүү цагт ч гэсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өссөөр байсан юм.

Анхны салбаруудын нэг нь Турэй эгчийн амьдардаг хотод байгуулагджээ. Түүний нөхөр анхны салбарын ерөнхийлөгч байв. Иргэний дайны үеэр тэрээр дүүргийн ерөнхийлөгчөөр үйлчилж байлаа.

“Хүмүүсийг Турэй эгчийн гэрт зочлоход, тэрээр дайны үеэс хадгалж ирсэн хоёр үнэт зүйлийг үзүүлжээ. Нэг нь Сүмийн гишүүдийн илгээсэн хуучин хувцаснаас авсан цэнхэр, цагаан судалтай цамц, нөгөө нь хуучирч цоорсон хөнжил хоёр юм.”7

Тэр хэлэхдээ, “Энэ цамц бол надад өгсөн хамгийн анхны  хувцас юм. Би үүнийг ажилдаа явахдаа өмсдөг байлаа. Энэ цамц надад их таалагддаг байсан. [Энэ хувцас намайг үзэсгэлэнтэй харагдуулдаг байсан.] Надад өөр өмсөх хувцас ч байхгүй байсан юм.”

“Дайны үед энэ хөнжил намайг болон миний хүүхдүүдийг дулаацуулдаг байв. Босогчид бидэн рүү дайрах үед бут руу зугтан гүйхдээ миний гартаа авч явах боломжтой цорын ганц зүйл бол энэ хөнжил байлаа. Бид хөнжлөө л авч явдаг байсан. Энэ нь биднийг дулаацуулж, шумуулаас хүртэл хамгаалдаг байв” гэжээ.8

“Турэй эгч дайны хөлд нэрвэгдсэн улсад, халаасандаа мөнгө хийгээд ирдэг байсан номлолын ерөнхийлөгчид хэчнээн их талархаж байгаагаа ярьж байлаа.” Та бидэн шиг хүмүүсийн мацгийн өргөлийн сангийн тэр мөнгө Сиерра Леоны ихэнх хүн худалдан авч чадахгүй тийм үнээр гэгээнтнүүдэд хоол хүнс худалдаж авах боломжийг олгосон юм. “Уг мөргөлдөөний үеэр Сүмийн ямар ч гишүүн … өлсгөлөнгөөр үхээгүй билээ.”9

Тэдэнд амьд гарахад нь хүрэлцэхүйц, өгөөмөр хандив өгсөн хүмүүсийн тухай Турэй эгч ярихдаа “Жирийн хүмүүс бидний төлөө ийм их хүнлэг зүйл хийсэн учраас би энэ хүмүүсийг Бурханаас илгээгдсэн хүмүүс л гэж мэдэрдэг” гэв.10

Саяхан Нэгдсэн Улсаас нэгэн зочин Абий эгчийнд очжээ. Түүнтэй хамт байх үед ширээн дээрх судрууд нь зочны анхаарлыг татсан байна. Тэдгээр нь сайн бичиж тэмдэглэгдсэн, үнэт зүйл болох нь мэдэгдэж байв. Хуудаснууд нь элэгдэж, зарим нь урагдсан байлаа. Хавтас нь салж унах шахсан байв.

Тэр судруудыг гартаа барьж, хуудсыг болгоомжтой эргүүлжээ. Тэгж байхдаа тэр аравны нэгийн өргөлийн шар хуудсыг олов. Нэг долларын үнэ цэнэ алтаар хэмжигддэг энэ оронд Абий Турэй эгч нэг долларыг аравны нэгийн өргөлд, нэг долларыг номлогчдын санд, мөн нэг долларыг түүний хэлснээр “үнэхээр ядуу” хүмүүст зориулж мацгийн өргөлд төлсөн байлаа.

Зочин Турэй эгчийн судрыг хаагаад, энэ итгэлтэй африк ээжтэй хамт зогсож байхад түүнд ариун газар зогсож байгаа мэт санагдсан гэдэг.11

Таны болон миний мацгийн өргөлийн төлбөрийн баримт зүрх сэтгэлийг өөрчилж чаддаг шиг, хэн нэгний сайн сайхны төлөө мацаг барих нь ч мөн адил өөрчилж чадах юм. Хүүхдүүд ч гэсэн үүнийг мэдэрдэг.

Ихэнх хүүхдэд, мөн зарим насанд хүрсэн хүнд ч гэсэн 24 цаг мацаг барих нь хэцүү зүйл байдаг. Энэ нь хэцүү байж болно. Исаиагийн хэлсэнчлэн, мацаг барих нь “сэтгэлийг нь зовоодог” байна. Ухаалаг эцэг эх ийм байж болохыг хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн “Тэдэнд зарчмыг зааж, өөрийн ухаанаар сонголт хийж чадахуйц том болсных нь дараа тэднээр сахиулах нь зүйтэй” гэсэн зөвлөгөөг анхааран, дагадаг.12

Би тэрхүү зөвлөгөөний адислалыг саяхан харлаа. Миний нэг ач хүү 24 цаг мацаг барих нь түүний хүч чадлаас давсан зүйл гэж боддог байв. Гэсэн хэдий ч, түүний ухаалаг эцэг эх хүүгийнхээ зүрх сэтгэлд зарчмыг суулгаж чадсан байжээ. Түүний сургуулийн найзуудын нэг нь үеэлээ гэнэтийн ослоор алдсан байв. Нэгэн мацгийн өдөр ач хүү маань мацаг барихаа үргэлжлүүлэхэд хэцүү юм гэж бодож эхлэх яг тэр мөчид, мацгаа үргэлжлүүлбэл түүний гашуудаж буй найзыг тайвшруулах болов уу гэж ээжээсээ асуужээ.

Түүний асуулт ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн зөвлөгөөг нотлов. Миний ач хүү мацаг барих зарчмыг ойлгоод зогсохгүй, энэ нь түүний сэтгэл зүрхэнд суулгагдсан байв. Тэрээр мацаг барих, залбирах нь тусламж хэрэгтэй хэн нэгэнд Бурханы адислал болж очно гэдгийг мэдэрч эхэлжээ. Хэрэв тэр үргэлж энэ зарчмаар амьдарвал Их Эзэний амласан гайхамшигт үр дагаврыг өөрийн амьдралд авчрах болно. Тэрээр Сүнсний удирдамжийг хүлээн авч, уруу таталтыг тэвчин гарах сүнслэг адислалын хүчийг авах болно.

Бид Есүс Христ яагаад цөл рүү явж, мацаг барьж, залбирсан бүх шалтгааныг мэдэхгүй. Гэхдээ бид түүний нэг үр дүнг мэднэ. Аврагч бурханлаг чадварыг нь буруугаар ашиглуулах гэсэн Сатаны уруу таталтыг бүрэн тэвчиж чадсан юм.

Сар болгон хэсэг хугацаагаар мацаг барьж, ядууст багахан хэмжээний өргөл өгөх нь бидэнд хилэнцэт зүйл хийх хүсэлгүй болж, эгэл зан чанараа бага ч гэсэн өөрчлөх боломжийг олгох юм. Гэхдээ залбирч, мацаг барин, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулан хандивлахаар чадах бүхнээ хийвэл, үүнээс ч илүү агуу адислал амлагдсан байдаг билээ:

“Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цацарч, чиний эдгэрэлт үтэр түргэн болж, чиний үнэн зөв өмнө чинь явж, ЭЗЭНий цог жавхлан чиний арын хамгаалалт болно.

“Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр ‘Би энд байна’ гэж айлдана.”13

Бид эдгээр агуу адислалыг өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ хүлээн авах болтугай хэмээн би залбирч байна.

Би Есүс бол Христ, мөн бид Түүний Сүмд Түүнтэй адилаар мөн Түүний арга замаар ядууст туслахаар ирсэн гэдгийг, түүнчлэн Тэрээр бидний тусламж дамжин мөнхийн адислалууд ирнэ хэмээн амласан болохыг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Maтай 25:34–40.

  2. Исаиа 58:6–11.

  3. Спэнсэр В. Кимбалл, The Miracle of Forgiveness (1969), 98

  4. Стив Алмаси, Бэн Брүмфилд, ба Лора Смит-Спарк, “Cleanup Begins in Vanuatu after Cyclone Batters Islands,” 2015 оны 3-р сарын 14, edition.cnn.com үзнэ үү.

  5. Шон Моррис, Стийв Алмаси, Лаура Смит-Спарк, “‘Unbelievable Destruction’ Reported in Tropical Cyclone Pam’s Wake,” 2015 оны 3-р сарын 14, edition.cnn.com үзнэ үү.

  6. Петр Ф.Эванс, “Sister Abie Turay’s Story,” хэвлэгдээгүй гар бичмэл.

  7. Петр Ф. Эванс, “Sister Abie Turay’s Story.”

  8. Abie Turay, quoted in Evans, “Sister Abie Turay’s Story.”

  9. Петер Ф.Эванс, “Sister Abie Turay’s Story.”

  10. Abie Turay, quoted in Evans, “Sister Abie Turay’s Story.”

  11. Петер Ф. Эванс, “Sister Abie Turay’s Story,” a video about Sister Turay, “We Did Not Stand Alone,” lds.org/media-library-г үзнэ үү.

  12. Жозеф Ф.Смит, “Editor’s Table,” Improvement Era, 1903 оны 12-р сар, 149.

  13. Исаиа 58:8–9