2010–2019
Их Эзэнийг эрэлхийлэх нь
Дөрөвдүгээр сар 2015


Их Эзэнийг эрэлхийлэх нь

Бид Аврагчийг илүү гүнзгий ойлгож мэдсэнээрээ баяр баясгалантай амьдрах илүү их хүсэлтэй мөн боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй болдог.

Хайрт ах, эгч нар аа, би та нартай хамт энэхүү Ерөнхий чуулганд оролцож, та бүхний өмнө зогсож байгаадаа туйлын их баяртай байна. Олон жилийн туршид Ерөнхий чуулганаар өгөгдсөн мэргэн ухаан, зөвлөгөө, тайтгаруулж, сэрэмжлүүлсэн үгсийг сонсох нь надад төдийгүй Тэйксэйра эгчид мөн манай гэр бүлийнхэнд хэмжээлшгүй их адислал байсан билээ.

Би жилийн энэ онцгой үеэр, ялангуяа Христийн амилсны баярын ариун өдрөөр Аврагчийн сургаал ба Түүний нинжин сэтгэл, хайрын гайхамшигт жишээ миний амьдралд ямар чухал ач холбогдолтой болохыг эргэцүүлэн бодохоос өөр аргагүй байдаг.

Есүс Христийг илүү гүн гүнзгий ойлгох нь бидний ирээдүйд илүү их найдварыг мөн төгс бус байдлаасаа үл хамааран зөв шударга зорилгодоо хүрэх илүү их итгэлтэй байх боломжийг өгдөг билээ. Түүнчлэн энэ нь ойр дотныхондоо үйлчлэх тун их хүсэл эрмэлзлийг төрүүлдэг юм.

Их Эзэн “Санаа бодол болгондоо над уруу [харагтун]; бүү эргэлз, бүү ай1 хэмээн хэлжээ. Их Эзэн рүү харж, Түүний оршихуйг мэдрэх нь өдөр тутмын эрэл хайгуул, үр дүнтэй хүчин чармайлтын үр дүн билээ.

Ах, эгч нар аа, өнөөдөр бидэнд Есүс Христийн сургаал, Түүний Цагаатгалын тухай ойлголтоо гүнзгийрүүлэх урьд урьдынхаас илүү их, ер бусын боломж, эх сурвалжууд өгөгджээ. Эдгээр эх сурвалжийг зохих ёсоор ашиглах нь бидэнд баяр баяслаар дүүрэн, үр өгөөжтэй амьдрахад тусална.

Их Эзэн усан үзмийн мод, мөчрүүдийн тухай сургаалт зүйрлэлдээ “Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно”2 хэмээн хэлсэн байдаг.

Бид өөрсдийн амьдрал дахь Христийн онцгой үүргийг илүү сайн ойлгох тусам энэхүү мөнх бус дэлхийд баяр баясгалантай байх зорилгоо илүү их ухамсарлан ойлгодог билээ. Гэхдээ тэрхүү баяр баясал нь биднийг бэрхшээл, хүнд хэцүү байдлыг даван туулахаас сэргийлдэггүй бөгөөд зарим үед ийм нөхцөл байдалд аз жаргалтай байх боломжгүй хэмээх бодолд ч хүргэж магадгүй юм.

Би мөнх бус амьдралын мөн чанар болох саад бэрхшээлээс үл хамааран зөв шударга амьдарч, Христэд үнэнч хэвээр үлдэх боломжтой гэдгийг өөрийн туршлагаас мэднэ. Эцсийн эцэст эдгээр саад бэрхшээл нь биднийг баяжуулж, цэвэршүүлэн, энэ мөнх бус байдал дахь амьдралын зорилго ба Есүс Христийн Цагаатгалыг илүү гүн ойлгоход хүргэдэг. Үнэндээ, бид зөвхөн Есүс Христээр дамжуулан баяр баясгалангийн бүрэн байдалд хүрч чадах юм.3

Тэрээр “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй”4 хэмээн хэлжээ.

Бид Аврагчийг илүү гүнзгий ойлгож мэдсэнээр баяр баясгалантай амьдрах илүү их хүсэлтэй мөн боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй болдог гэдэгт би итгэдэг. Ингэснээр бид хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч өдөр бүр Бурханы тушаалуудыг дагаж, амьдрах илүү их урам зоригтой байх болно.

Өнөөдөр хийх зүйлээ маргааш хэмээн бүү хойшлуул. Бид яг энэ цаг мөчид Христ рүү очих ёстой, учир нь “хэрэв [бид] [Түүнд] итгэх аваас, энэ нь өнөөдөр хэмээн нэрлэгдэж байхад [бид] хөдөлмөрлөх болно.”5

Бид хэрхэн өдөр бүр Христийн сургаалуудтай байнга холбоотой байж болох талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй юм. Өдөр тутмын энгийн дохио зангаа, үйлдэл нь:

  1. Их Эзэн бидний амьдралд ямар ач холбогдолтойг илүү их ойлгуулдаг.

  2. Энэхүү ойлголтыг өсч өндийж буй үеийнхэнтэй хуваалцахад бидэнд тусалдаг. Тэд үнэхээр сайн мэдээний дагуу амьдарч байгаа бидний жишээг харснаараа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн хайрыг гарцаагүй мэдрэх болно.

Тэгэхээр энэ орчин үед Христийн болон Түүний зорилгын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд бидний бодгальд гавар болох ямар энгийн зан чанарууд байдаг вэ?

Зураг
Woman on a train with a cell phone illuminating her face.

2014 онд Нэйшнл Жеографикийн гэрэл зургийн уралдаанд дэлхийн 150 гаруй орны, мэргэжлийн болон сайн дурын гэрэл зурагчид 9200-аас илүү бүтээл ирүүлжээ. Тэргүүн байр эзэлсэн зурган дээр дүүрэн зорчигчтой галт тэрэгний гол хэсэгт яваа эмэгтэйн дүрсийг буулгасан байна. Гар утасных нь гэрэл эмэгтэйн нүүрийг гэрэлтүүлж байв. Хэдийгээр бие нь тэнд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэр байхгүй юм гэсэн санааг тод томруун илэрхийлсэн байлаа.6

Гар утасны дата, смартфон болон олон нийтийн сүлжээнүүд дэлхий дээрх бидний оршихуйг мөн бусадтай харилцах арга замыг үндсээр нь өөрчилсөн.

Бид энэхүү цахим эринд, үүрдийн баяр баяслаар дүүрэн амьдрахад маань чухал зүйлсээс маш хурдан холдуулах газар, үйл ажиллагаанууд руу асар хурдацтай шилжин орох боломжтой юм.

Хэрвээ хянаж чадахгүй бол энэхүү сүлжээнд холбогдсон амьдрал нь биднийг хамт амьдарч буй хүмүүстэйгээ буюу гэр бүлийнхэнтэйгээ биш харин таньж мэдэхгүй юм уу хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй тогтоосон харилцаа холбоондоо илүү их ач холбогдол өгөхөд хүргэдэг!

Нөгөө талаар, бид ариун судрууд болон Ерөнхий чуулганы бичмэл ба аудио хувилбарууд, мөн Есүс Христийн амьдрал, сургаалын талаарх видео бичлэг, гэр бүлийн түүхийг бичих хэрэглээний программ, сүнслэг дуу хөгжим сонсох боломжууд зэрэг Сүмээс өгөгдсөн гайхамшигт онлайн эх сурвалжуудаар адислагдсан гэдгээ бүгд мэдэж байгаа.

Цахим ертөнцөд цагаа хэрхэн зарцуулж буй сонголтууд ба нэн тэргүүнд тавигдах зүйлс бүгд шийдвэрлэгч ач холбогдолтой. Тэдгээр нь сүнслэгээр өсөж, сайн мэдээнд төлөвшин, илүү сайн дэлхийг бий болгож, илүү үр дүнтэй амьдрахад хувь нэмрээ оруулах бидний хүсэл эрмэлзлийг тодорхойлдог юм.

Иймээс би өнөөдөр та нарт эрүүл онлайн үйл ажиллагааны суурийг тавьж өгөх энгийн гурван дадал хэвшлийг хэлж өгье. Эдгээр хэвшил нь Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христийн сургаалуудад биднийг илүү ойртуулах өдөр тутмын, өөрөө өөрийгөө шалгах шалгуур болох юм.

1-р хэвшил: Сүмийн албан ёсны вэб сайтуудад зочилж, эх сурвалжуудыг эрэлхийлэх

Долоо хоногийн туршид эдгээр эх сурвалжид байнга зочилж байх нь сайн мэдээний сургаалуудыг хүлээн авахад бидэнд туслах бөгөөд гэр бүл, найз нөхдийг маань нэн чухал зүйлсийн талаар тунгаан бодоход урамшуулан дэмжинэ.

2-р хэвшил: Сүмийн албан ёсны олон нийтийн цахим сүлжээнүүдэд бүртгүүлэх

Энэ сонголт нь таны дэлгэцэн дээрх Их Эзэн ба Түүний сургаалуудын талаарх эрэл хайгуулыг гүнзгийрүүлж, сайн мэдээг ойлгохсон гэсэн хүсэл эрмэлзлийг тань хүчирхэгжүүлэх нэн чухал сан хөмрөгийг авчрах болно. Хамгийн чухал нь, энэ нь Христ биднээс юу хүсэн хүлээж байгааг санаж байхад бидэнд тусална.

“Сайн фермер байхгүй бол сайн хөрс гэж байхгүй”7 гэдэгтэй яг адил, бид юу руу орж болохоо гар хуруугаараа төдийгүй оюун ухаандаа эхнээс нь эрэмбэлж тогтоохгүй бол онлайнаар сайн ургац хурааж авах боломжгүй юм.

3-р хэвшил: Зөөврийн хөдөлгөөнт хэрэгслээ хойш тавьж, цаг гаргах

Электрон хэрэгслээ хэсэг хугацаанд хойш тавьж, оронд нь судрын хуудас эргүүлэх юм уу гэр бүл, найз нөхөдтэйгээ яриа өрнүүлэх цаг гаргаснаар бид амарч, сэтгэлээ сэргээх боломжтой болно. Нэн ялангуяа Их Эзэний өдөр шинэ мессеж эсвэл захидал ирсэн эсэхийг үзэх гэж яаралгүй, ариун ёслолын цуглаандаа оролцож, амар амгаланг мэдэр.

Амьдрал 10 см-ийн хэмжээтэй дэлгэцээр хязгаарлагддаггүй тул зөөврийн хэрэгслээ хэсэг хугацаанд хойш тавьж сурах дадал хэвшил нь амьдралын талаарх бидний үзэл бодлыг өргөжүүлэн баяжуулна.

Их Эзэн Есүс Христ “Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун”8 хэмээн хэлсэн. Бурхан биднийг баяр баясгалантай байж, Түүний хайрыг мэдрээсэй хэмээн хүсдэг. Христ энэхүү баяр баясгаланг хүн бүхний хувьд боломжтой болгодог. Бидэнд Түүнийг илүү сайн таньж мэдэх, Түүний сайн мэдээний дагуу амьдрахад туслах олон арга хэрэгсэл бий.

Бид зарлигуудыг дагавал баяр баясгалантай болдог гэдгийг мөн бид Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний Хүү, Аврагчийнхаа хайранд байснаар амар амгалан байж, хамгаалалтад буйгаа мэдэрдэг гэдгийг би гэрчилмээр байна. Есүс Христийн нэрээр, амен.