2010–2019
Тайтгаруулагч
Дөрөвдүгээр сар 2015


Тайтгаруулагч

Амьд Есүс Христ, тайтгаруулна хэмээн бидний амласан хүмүүст Тайтгаруулагч буюу Ариун Сүнсийг илгээдэг болохыг би гэрчилж байна.

Хайрт эгч нар минь ээ, та нартай хамт байгаа маинь миний хувьд баяр баясал билээ. Би энд байгаа ээж, эхнэр, охин, бэр, ач зээ охидынхоо тухай бодож байна. Энэхүү гайхамшигтай хөтөлбөр тэдэнд илүү их талархах сэтгэлтэй болгож байна. Ийм гэр бүл, ийм гайхамшигтай гэр бүлийн амьдралтай байгаа нь тэд Аврагчийг амьдралынхаа төвд байлгаснаас ирдэг гэдгийг би ойлгож ухаарч байна. Бид энэ үдэш Түүнийг дуу хөгжим, залбиралдаа мөн сүнслэгээр өдөөсөн захиасуудаар дурсан саналаа. Бидний хамгийн их талархалтай байдаг Аврагчийн нэг зан чанар бол Түүний хязгааргүй хайр энэрэл юм.

Тэрээр таныг мэддэг бас хайрладаг гэдгийг та энэ орой мэдэрсэн билээ. Таны эргэн тойронд сууж байгаа хүмүүсийг хайрладаг Түүний хайрыг та мэдэрсэн. Тэд таны эгч дүүс бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн маань сүнсэн охид билээ. Тэрээр таныг халамжилдаг шигээ тэднийг халамжилдаг. Тэрээр тэдэнд тулгарч байгаа ямар ч гуниг зовлонг ойлгодог бөгөөд тэдэнд туслахыг хүсдэг.

Би өнөөдөр та нарт хандан, тайтгарал хэрэгтэй байгаа хүмүүст Тэрээр тайтгарлыг өгөхөд нь бид чухал хэсэг байх ёстой гэдэг талаар ярих гэсэн юм. Тусламж гуйн залбирахад Тэрээр хэрхэн хариулдгийг та илүү сайн мэдэж байвал өөрийн хийх зүйлийг хамгийн сайн хийх болно.

Олон хүн Тэнгэрлэг Эцэгт хандан уй гашуу, ганцаардал, айдсынхаа улмаас үүрч байгаа ачаа дарамтдаа тусламж, тайвшрал гуйн залбирч байгаа. Тэнгэрлэг Эцэг тэдгээр залбирлыг сонсдог бөгөөд тэдэнд юу хэрэгтэй байгааг мэддэг. Тэр мөн Түүний Хайрт Хүү, амилсан Есүс Христ хоёр тусална гэдгээ амласан юм.

Есүс Христ:

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

“Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн”1 хэмээх гайхалтай амлалтыг бидэнд өгсөн билээ.

Итгэлтэй үйлчлэгчдийнх нь үүрэх ёстой ачаа дарамт нь Түүний Цагаатгалаар хөнгөрдөг. Гэм нүглийн ачаа дарамт нь авагддаг, гэхдээ мөнх бус энэ амьдралд сайн хүмүүст тулгарч буй сорилт бэрхшээлүүд, хүнд дарамт хэвээр л байдаг.

Та нар иймэрхүү сорилтыг өөрсдийн хайрладаг сайн хүмүүсийн амьдралаас хардаг. Та нар тэдэнд туслах хүсэлтэй байдаг. Тэр хүмүүсийг энэрэн хайрлах сэтгэл төрж байгаа нь ямар нэгэн учир шалтгаантай байдаг.

Та Есүс Христийн Сүмийн гэрээт гишүүн шүү. Таныг Түүний Сүмд элсэх үед зүрх сэтгэлд тань маш том өөрчлөлт гарч эхэлсэн юм. Таны төрөлх чанарыг өөрчилж эхэлсэн гэрээг та байгуулж, амлалт хүлээн авсан билээ.

Алма Мормоны Усны дэргэд хэлсэн үгээрээ таны амласан зүйл юу болох, энэ зүйл таны болон таны эргэн тойрны хүмүүсийн хувьд ялангуяа таны гэр бүлд ямар утга учиртай болохыг дүрсэлжээ. Тэрээр таны хийсэн тэрхүү гэрээг хийх гэж байсан хүмүүст хандан ярьж байсан бөгөөд тэд Их Эзэний танд амласан амлалтыг мөн хүлээн авчээ:

“Болгоогтун, Мормоны Ус энэ байна (учир нь энэ нь тийн нэрлэгдсэн байв) мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд буюу.”2

Чухамхүү ийм учраас та уй гашуу, бэрхшээл бүхий ачааг үүрэн урагш тэмүүлэхээр тэмцэж буй хүнд туслахыг хүсдэг. Та тэр хүмүүсийн ачаа дарамт хөнгөн байж, тэднийг тайвшруулахад нь Их Эзэнд тусална хэмээн амласан. Та Ариун Сүнсний бэлэг хүлээн авахдаа тэдгээр ачааг хөнгөлөхөд нь туслах хүчийг хүлээн авсан билээ.

Аврагч цовдлуулахынхаа өмнөхөн ачааг хөнгөлж мөн тэдгээрийг үүрэх хүч чадлыг өгөхөд тусалдаг Өөрийн арга замыг тодорхойлон хэлсэн. Тэрээр шавь нараа гашуудах болно гэдгийг мэдэж байсан. Тэднийг ирээдүйд тохиох зүйлээс айж эмээнэ гэдгийг Тэрээр мэдэж байв. Тэд өөрсдийн үргэлжлүүлэн үйлдэх чадавхад итгэлгүй байх болно гэдгийг Тэрээр мэдэж байлаа.

Тиймээс Тэрээр бүх үнэнч шавь нартаа болон бидэнд өгдөг амлалтыг тэдэнд өгсөн:

“Би Эцэгээсээ гуйхад, Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.

“Тэр бол үнэний Сүнс мөн бөгөөд Түүнийг харахгүй, мэдэхгүйгээсээ болж, ертөнц Түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар Түүнийг мэднэ. Яагаад гэвэл Тэр та нартай хамт үргэлж байх бөгөөд та нарын дотор байна.”3

Тэгээд Тэрээр:

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”4

Сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор гэхэд би ачаа дарамтаа хөнгөрүүлэхийн төлөө гуйн залбирсан Бурханы хүүхдүүдийн амьдралд, Ариун Сүнсээ илгээнэ гэсэн энэ амлалт биелж байхыг харлаа. Ачаа дарамт хөнгөрсөн гайхамшиг нь Их Эзэний амласны дагуу тохиож байлаа. Их Эзэн болон Тэнгэрлэг Эцэг, Ариун Сүнсийг Өөрийн шавь нартаа туслуулахаар Тайтгаруулагчаар явуулсан юм.

Саяхан нэгэн гэр бүл гурван удмаараа таван настай хүүг алдсандаа гашуудаж байв. Тэр хүү гэр бүлтэйгээ амралтанд явж байгаад ослоор нас баржээ. Их Эзэн итгэлт хүмүүсээ тэвчих хүч тэнхээ болон халамжаар хэрхэн адисалдаг болохыг дахин харах боломж надад олдсон юм.

Би Их Эзэн тэдний ачаа дарамтыг хөнгөлж байгааг нь харсан юм. Та нар амьдралдаа олон удаа тийн үйлдэхийн адил Их Эзэний гэрээт үйлчлэгчийн хувиар би тэнд байсан бөгөөд “гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахаар”5очсон билээ.

Би үүнийг үнэн гэдгийг мэдэж байсан учраас, оршуулгын ажлаас өмнө хүүгийн өвөө эмээ нь намайг хүүгийн эцэг эхтэй нь хамт уулзахаар урихад нь би таатай мэдрэмж, амар амгаланг мэдэрч байв.

Тэднийг Их Эзэн тайвшруулахад нь би хэрхэн тусалж болохоо мэдэхийн тулд залбирав. Тэд надтай хамт манай зочны өрөөнд суулаа. Жихүүн хүйтэн тэр орой өрөөгөө дулаацуулах гэж би камен зуухандаа гал түлсэн байсан юм.

Би тэдэнд хайртай гэдгээ мөн Их Эзэний тэднийг хайрлах хайрыг мэдэрснээ тэдэнд хэлэхээр сүнслэгээр удирдагдав. Би тэдэнд цөөн хэдэн үгээр тэдэнтэй хамт гашуудаж байгаагаа, гэхдээ зөвхөн Их Эзэн л тэдний зовлон, гашуудлыг бүрэн дүүрнээр мэдэрч чадна хэмээн хэлэхийг хичээсэн юм.

Тийн цөөн хэдэн үг хэлснийхээ дараа, тэдний дотоод сэтгэлийг үгсийг хайраар сонсох хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж надад төрөв.

Бидний хамтдаа суусан нэг цагийн туршид тэд надаас хавьгүй илүү ярьсан юм. Би тэдний дуу хоолой болон нүдээр нь Ариун Сүнс зүрх сэтгэлд нь хүрч байгааг мэдэрч, харж байлаа. Тэд юу тохиолдсоныг мөн юу мэдэрч байснаа энгийн гэрчлэлийн үгээр ярив. Тэдний гэм нүгэлгүй нас барсан хүү нь мөнхөд өөрсдийнх нь байх болно хэмээх мөнхийн амьдралын найдвараас ирэх амар амгаланг Ариун Сүнс тэдэнд аль хэдийн өгсөн байсан юм.

Би тэдэнд нэг бүрчлэн санваарын адислал өгөхдөө тэнд Ариун Сүнсний нөлөө байсанд нь талархлаа илэрхийлсэн билээ. Тайтгаруулагч найдвар болон зоригийг мөн илүү нэмэлт хүч чадлыг бидэнд авчирсан байлаа.

Их Эзэн Өөрийн хүмүүсийн ачаа дарамтыг хөнгөлөхийн тулд бидэнтэй хэрхэн ажилладгийг би тэр орой харсан юм. Та нар Мормоны Номонд Түүний хүмүүс хянагчдын учруулсан нуруун дээрх ачаа дарамтаас болж сүйрэхэд хүрснийг санаж байгаа.

Тэр хүмүүс бидний хайрладаг мөн үйлчилдэг хүмүүстэй адил тусламж дэмжлэг гуйн залбирчээ. Би өөрийн үнэн гэж мэддэг нэг цэдгийг энд дурдья:

“Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, бүр та нарыг боолчлолд байх үед би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсох болно, мөн та нар, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно.

“Мөнхүү эдүгээ улиран тохиох дор Алма болон түүний ах дүүсийн дээр тавигдаж асан ачаанууд хөнгөлөгдсөн байлаа; тийм ээ, тэд ачаагаа амархан дааж чадахын тулд Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлсэн билээ, мөн тэд баяртайгаар мөн тэвчээртэйгээр Их Эзэний бүх тааллуудад захирагдсан болой.”6

Би тэрхүү гайхамшгийг ахин дахин харж байсан. Бид бусдыг хүчирхэгжүүлэхэд нь Их Эзэнд тусалснаараа бусдын ачааг илүү сайн хөнгөлдөг. Ийм учраас Их Эзэн бидэнд бусдыг тайтгаруулахыг үүрэг болгохдоо байгаа бүхий л газартаа үргэлж Түүний гэрчүүд байх зарлигийг өгсөн билээ.

Тэр бяцхан хүүгийн эцэг эх хоёр манай зочны өрөөнд Аврагчийн талаар гэрчлэлээ хуваалцсан юм. Тэгэхэд Ариун Сүнс ирсэн бөгөөд бид бүгд тайвширсан. Эцэг эх хоёулаа хүчирхэгжсэн юм. Уй гашуудлын ачаа нь алга болоогүй ч тэд зовлон шаналлаа тэсвэрлэх чадварыг авав. Тэдний итгэл нэмэгдсэн юм. Мөн тэдэнд ирсэн хүч чадал тэднийг гуйх бүрд, түүгээр амьдрах болгонд нь ирсээр байх болно.

Тэр орой ирсэн Цагаатгалын Сүнсний тэр л гэрч Иовыг ачаагаа үүрэхэд нь бас хүчирхэгжүүлсэн:

“Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ:

“Aрьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой.”7

Түүнд тэвчиж гарах хүч чадал өгсөн нь Сүнсний энэхүү гэрч байв.Тэрээр сорилт бэрхшээлийг итгэлтэй давдаг хүмүүст ирдэг баяр баяслыг харахын тулд гуниг зовлон дундуур өөрийнхөө эргэн тойронд байсан хүмүүсээс ирэх тайтгарал гуцуу үеийг туулсан.

Энэ бол Иовын хувьд үнэн байсан. Адислалууд түүний амьдралд ирсэн. Иовын түүх энэхүү гайхамшгаар төгсдөг:

“Эзэн Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ. …

“Бүх нутаг даяар Иовын охид шиг тийм үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Тэдний эцэг тэдэнд ах нарынх нь дунд өв өгчээ.

“Үүний дараа Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач нар болох дөрвөн үеэ үзжээ.

“Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.”8

Хожим нь улиран тохиох Цагаатгалын Сүнсний энэхүү гэрч, Иовын амьдралд тохиохоор төлөвлөгдсөн сорилтуудын дундуур тэсвэрлэж, тэсэн гарахад нь түүнд тусалсан бөгөөд энэ амьдрал бид бүгдэд ч гэсэн төлөвлөгдсөн байдаг. Энэ бол Эцэгийн бидэнд өгсөн аз жаргалын агуу төлөвлөгөөний хэсэг юм. Тэрээр Өөрийн Хүүд Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан бидний төлөө найдвар өгөхийг зөвшөөрсөн. Энэ найдвар Түүнд буцаж очих зам хичнээн хүнд хэцүү байж болох байсан ч бидэнд тайтгарал өгдөг.

Эцэг, Хүү хоёр Багшийн шавь нарыг аян замд нь тайтгаруулж, хүчирхэгжүүлэх Ариун Сүнсийг илгээсэн юм.

Би бяцхан хүүгийн оршуулгын ажил явагдах гэж байсан Сүмийн цуглааны байрны гадаа хүрэлцэн ирэхдээ тайтгаруулах ийм гайхамшгийг харсан юм. Танихгүй нэгэн сайхан эмэгтэйг намайг зогсоов. Тэрээр гашуудахаар мөн чадлаараа тайвшрал өгөхөөр ирснээ хэлэв.

Тэрээр бас нэг талаас өөртөө тайвшрал олохоор ирж байна гэж хэлсэн юм. Түүний том хүүхэд нь саяхан нас барсан гэж тэр надад хэлэв. Тэр нэгэн үзэсгэлэнтэй бяцхан охиныг тэвэрч байв. Би уг бяцхан охины инээмсэглэх царайг харахаар түүн рүү тонгойсон юм. Би уг бяцхан охины ээжээс нь түүний нэрийг асуухад “Түүний нэрийг Жой (баяр баясал гэсэн утгатай нэр) гэдэг. Уй гашуудлын дараа баяр баясал үргэлж ирдэг” хэмээн тэрээр тааламжтай инээмсэглэн хэлэв.

Тэр эмэгтэй надад гэрчлэлээ хуваалцаж байсан бөгөөд би түүнд баттай ганцхан эх сурвалжаас амар амгалан болон тайтгарал ирсэн гэдгийг харсан юм. Зөвхөн Бурхан л зүрх сэтгэлийг мэддэг, тийм ч учраас ганцхан Тэр л “Чамд ямар байгааг би мэднэ” хэмээн үнэнээр хэлж чадна. Тиймээс би уг эмэгтэйд ирсэн баяр хөөр болон гашуудлыг зөвхөн төсөөлж л чадах байв. Харин түүнийг хайрладаг Их Эзэн л түүнийг мэддэг билээ.

Та, Түүний шавийн хувьд Тэнгэрлэг Эцэгийн нэг хүүхдэд амар амгалан болон баяр хөөрт мөчийг авчрахад нь Түүнд туслах бүрд Тэрээр ямар их баяр хөөрийг мэдэрдгийг би хагас дутуу л мэднэ.

Их Эзэн Өөрийн шавь болох бид бүгдээс ачаа дарамтаа хөнгөлөхөд нь нэг нэгэндээ туслахыг хүссэн гэдгийг би гэрчилж байна. Бид ийн хийнэ хэмээн амласан билээ. Их Эзэн Өөрийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан үхлийн хүчийг ялан дийлсэн гэдэг гэрчлэлээ би хуваалцаж байна. Түүнд тайтгаруулахад нь тусална хэмээн бидний амласан хүмүүст амьд Христ Ариун Сүнсийг буюу Тайтгаруулагчийг илгээдэг гэдгийг би гэрчилж байна.

Миний ээжийн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий хорооны гишүүн байхдаа 20 гаруй жилийн турш зүүсэн тэмдэг дээрх үгсийн үнэний гэрч нь та бид бүгдээрээ билээ. Үүн дээр “Энэрэл хэзээ ч мөхөхгүй”9 гэж бичсэн байдаг. Би одоо ч энэхүү үгийн бүрэн дүүрэн утгыг мэдэхгүй. Гэхдээ би ээжийгээ гачигдагсдад тусалж байгааг нь харахдаа үүний зах зухаас нь харж авсан юм. Судрууд бидэнд “Энэрэл бол Христийн цэвэр хайр”10хэмээх үнэнийг заадаг билээ.

Түүний хайр хэзээ ч мөхөхгүй бөгөөд бид нар “гашуудах тэдний хамт гашуудах …тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах”11 хүслийг зүрх сэтгэлдээ мэдрэхээ хэзээ ч болихгүй. Бас бид Түүний төлөө бусдад үйлчлэх зуур Түүний амар амгалангийн амлалт хэзээ ч биднийг орхихгүй билээ.

Би Түүний гэрчийн хувиар, сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгож, доош унжсан гарнуудыг өргөхөд нь амьд Их Эзэн, Есүс Христэд мөн Ариун Сүнс, Тайтгаруулагчид туслахын тулд та бүхний хийж буй бүхий л сайн зүйлийн тань төлөө талархлаа илэрхийлж байна.12 Надад тусалсан, намайг Есүс Христийн үнэн шавь байхаар минь адисалсан, амьдралд минь учирсан эмэгтэйчүүдийн төлөө бүхий л зүрх сэтгэлээсээ талархалтай байна. Есүс Христийн нэрээр, амен.