2010–2019
Залуучуудын хамгийн агуу үеийнхэн
Дөрөвдүгээр сар 2015


Залуучуудын хамгийн агуу үеийнхэн

Одоо бидэнд Сүмийн түүхэн дэх залуучуудын хамгийн агуу үеийнхэн хэрэгтэй байна. Бидэнд та бүхний бүхий л сэтгэл зүрх, бодгаль хэрэгтэй байна.

Дэлхий даяар аялан явахад миний сэтгэлд хамгийн их баяр цэнгэл авчирдаг зүйлсийн нэг бол агуу номлогчидтойгоо уулзан, мэндчилэх боломж юм. Энэ гайхамшигтай ахлагчид болон эгч нар Христийн Гэрэлийг цацруулж байдаг бөгөөд Их Эзэн Есүс Христийг хайрладаг хайр, Түүнд зориулсан үнэнч үйлчлэл нь надад үргэлж урам зориг өгдөг билээ. Би тэдэнтэй гар барин мэндчилэх бүрийдээ тэдний онцгой сүнс хийгээд итгэлийг мэдрэн, өөртөө “Энэ охид, хөвгүүд бол жинхэнэ гайхамшиг!” хэмээн хэлдэг.

Би 2002 оны Ерөнхий чуулганы санваарын хуралдааны үеэр бишоп, эцэг эх, номлолд гарахаар бэлтгэж байсан залуучуудад хандан, бүрэн цагийн номлолын үйлчлэлдээ “жишгээ өндөрсгө” хэмээн уриалж байсан.

Би тэр үед “одоо бидэнд … Сүмийн түүхэн дэх номлогчдын хамгийн агуу үеийнхэн хэрэгтэй байна. Бидэнд зохистой, чадварлаг, сүнслэг байдлын хувьд эрч хүчтэй номлогчид хэрэгтэй.” …

“… Бидэнд та бүхний бүхий л сэтгэл зүрх, бодгаль хэрэгтэй байна. Бидэнд ухамсартай, аливаад сэтгэлээсээ ханддаг, мөн Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн сонсож, хариулахаа мэддэг эрч хүчээр дүүрэн номлогчид хэрэгтэй байна” гэж хэлж байсан.”1

Өнөөдөр дэлхий олон талаараа 13 жилийн өмнө байснаасаа илүү их сорилттой болсон байна. Манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд номлол ба ирээдүйн аз жаргалтай амьдрал хоёрын аль алинд бэлтгэх замаас нь гажуудуулах илүү олон саад бэрхшээл тулгарч байна. Технологи өргөжин хөгжиж, Бурханы хүмүүний гэр бүлийн анхаарлыг сайн ба муу аль ч тал руу нь эргүүлж чадах зөөврийн хэрэгслийг бараг хүн бүр гартаа барих боломжтой болжээ.

Энэ орой би номлолд одоо үйлчилж байгаа болон ирээдүйд үйлчлэх, мөн эргэж ирсэн номлогчдод болон Сүмийн бүх эрэгтэйд хандан ярих болно. Та бүхэн одоо миний хэлэх гэж байгаа зүйлийг ойлгож, амьдралынхаа энэхүү сэтгэл хөдөлгөм, хатуу бэрх он жилүүдэд тун нухацтай хандаасай хэмээн би залбирч байна.

Сүм зохион байгуулагдсан эхний үед номлолын талбарт номлогчдыг гарахаас өмнө ерөнхий эрх мэдэлтэн хүлээн авч, ярилцлага хийдэг байсан. Харин өнөөдөр та бүхэн номлогчоор үйлчлэхээсээ өмнө бишоп, гадасны ерөнхийлөгчтэйгөө уулзаж, ярилцлагад ордог бөгөөд та нарын ихэнх нь бүхий л амьдралынхаа туршид ерөнхий эрх мэдэлтэнтэй уулзаж ярилцах боломжгүй. Энэ нь дэлхий даяар 15 сая гаруй гишүүнтэй Сүмийн бодит байдал юм. Бид та нарын хүн нэг бүрийг хувь хүнийх нь хувьд таньж мэдэн, та нарт хайртай, мөн та нарыг дэмждэг гэдгээ хэлэх боломж байсан ч болоосой хэмээн хүсдэг гэдгээ ах нарынхаа нэрийн өмнөөс, мөн өөрийн зүгээс хэлж байна.

Их Эзэн бидэнд та нарт хүрч болох арга замуудыг өгсөн нь тун завшаантай хэрэг билээ. Тухайлбал: Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын нэг гишүүн номлогч бүрийг номлол хийх газарт нь томилдог. Хэдийгээр энэ нь уламжлалт ёсоор нүүр тулж уулзан, ярилцах маягаар явагддаггүй ч илчлэлт, технологи хоёр ер бусын гүн гүнзгий, хувийн шинж чанартай туршлагыг бий болгодог. Энэ нь хэрхэн болж өнгөрдгийг би та нарт хэлье.

Таны гэрэл зураг бишоп ба гадасны ерөнхийлөгчөөс тань өгсөн мэдээлэлтэй цуг компьютерийн дэлгэцэн дээр гарч ирдэг. Таны зургийг гарч ирэхэд, бид таны нүд рүү харж, номлогчийн тодорхойлолтон дахь хариултуудтай тань танилцдаг. Яг энэхэн агшинд та нар тэнд байж, бидэнд шууд хариулж байгаа мэт болдог.

Бид таны зураг руу харахдаа, таныг өнөө үеийн итгэлтэй, амжилттай номлогчдод тавигдаж буй “өндөрсгөсөн жишигт” бүхий л талаараа нийцсэн гэдэгт итгэдэг. Дараа нь бид Их Эзэний Сүнсний хүчээр, мөн ерөнхийлөгч Томас С.Монсоны удирдлаган доор таныг Сүмийн дэлхий даяарх 406 номлолын аль нэгэнд томилдог.

Энэ нь биечлэн уулзах ярилцлагатай адил биш ч, түүнтэй тун дөхөж очдог.

Видео хурал нь Сүмийн удирдах газраас хол байгаа Сүмийн удирдагч ба гишүүдтэй биднийг уулзуулах өөр нэг арга зам юм.

Үүнтэй уялдуулан, би та нарын дунд буй, номлолд үйлчлэхээр бэлтгэж байгаа, мөн номлолоосоо эргэж ирсэн болон бүх залуус та бүхнийг яг одоо надтай ярилцаж байгаа мэт видео бичлэгээр хэдэн минутыг хамт өнгөрүүлэхийг хүсэж байна. Энэ орой та хаана ч байсан бай, өрөөнд та бид хоёр хоёулхнаа байгаа мэт над руу харна уу.

Миний хувьд би таны нүд рүү харан, Бурханд итгэх итгэл, зүтгэл тань хэр гүнзгий тухай надад олон зүйлийг хэлж өгөх цөөн хэдэн асуултынхаа хариултыг сонсоод сууж байна гэж төсөөлье. Би арван гурван жилийн тэртээ номлогчдод хандан хэлсэн үгээ дахин хэлмээр байна. Бидэнд одоо Сүмийн түүхэн дэх залуучуудын хамгийн агуу үеийнхэн хэрэгтэй байна. Бидэнд та бүхний бүхий л сэтгэл зүрх, бодгаль хэрэгтэй. Бидэнд орчин цагийн хожмын үеийн гэгээнтний хувьд өдөр бүр тулгардаг саад бэрхшээл, уруу таталтан дундуур алхаж байхдаа аливаад сэтгэлээсээ ханддаг, мөн Ариун Сүнсний өдөөлтийг хэрхэн сонсож, хариулахаа мэддэг ухамсартай, эрч хүчээр дүүрэн залуучууд хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн номлогчид төдийгүй, эргэж ирсэн номлогчид, мөн танай үеийнхэн бүхэлдээ жишгээ өндөрсгөх цаг болжээ. Иймээс дараах асуултуудад хариулахдаа зүрх сэтгэлдээ тунгаан бодно уу:

  1. Та судраа тогтмол судалдаг уу?

  2. Та өглөө бүр, мөн орой болгон Тэнгэрлэг Эцэгтээ хандан ярихдаа өвдөг сөгдөн залбирдаг уу?

  3. Та ихийг хандивлаж чадахгүй ядуу оюутан байсан ч гэсэн сар болгон мацаг барьж, мацгийн өргөлөө хандивладаг уу?

  4. Танаас ариун ёслолыг бэлтгэж, адисалж, түгээхийг, эсвэл хүртэхийг хүссэн учраас л та Аврагчийн тухай, мөн Түүний цагаатгагч золиослолын талаар нухацтай боддог уу?

  5. Та цуглаандаа очиж, хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалахыг хичээдэг үү?

  6. Та гэр орон, сургууль, Сүм, ажил дээрээ үнэнч шударга байдаг уу?

  7. Та оюун санаа, сүнслэг байдлын хувьд цэвэр ариун байна уу? Та порнограф юм уу, таны эцэг эх, Сүмийн удирдагчид эсвэл Аврагч Өөрөө харсан бол ичмээр вэбсайт, сэтгүүл, кино үзэхээс, эсвэл Тиндэр, Снапчат зэрэг программ руу орохоос зайлсхийдэг үү?

  8. Таны сүнслэг мэдрэмжинд саад болох видео тоглоом гэх мэт зохисгүй технологи, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэргээс зайлсхийж, цагаа ухаалгаар зарцуулдаг уу?

  9. Таны амьдралд өнөө оройноос эхлэн өөрчилж, засах хэрэгтэй зүйл байна уу?

Энэхүү богино хугацааны хувийн айлчлал хийлгэсэнд та нарт баярлалаа. Би та нарыг эдгээр асуулт бүрд үнэн зөв, тунгаан бодож хариулсан гэдэгт найдаж байна. Хэрэв та нар эдгээр энгийн зарчмын аль нэгийг бүрэн дагаж чадахгүй байвал үүнийгээ зориг гарган наманчилж, амьдралаа үнэнч шавь байх сайн мэдээний жишгүүд рүү эргүүлэн авчрахад уриалж байна.

Ах нар аа, одоо би та нарт сайн мэдээний гэрчлэлээ сэтгэл зүрх, бодгалийнхаа гүнд авчрахад тань туслах зөвлөгөөг нэмж өгөхийг зөвшөөрнө үү.

Эргэж ирсэн номлогчдод сануулахад, та нар амьдралд төдийгүй гэр бүлтэй болоход үргэлжлүүлэн бэлтгэх ёстой. “RM” гэдэг нь “retired Mormon буюу халагдсан Мормон” гэсэн үг биш шүү! Та нар эргэж ирсэн номлогчдын хувьд, “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо ихийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой.”2

Номлолд үйлчилж байхдаа олж авсан чадвараа өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралыг адислахад өдөр бүр ашигла. Бусдад үйлчлэхэд төвлөрүүлэх ёстой анхаарлаа дан ганц сургууль, ажил эсвэл нийгмийн үйл ажиллагаа руу бүү хандуул. Харин үүний оронд бусдад өдөр бүр үргэлжлүүлэн үйлчлэхийг тань сануулж, бэлтгэдэг сүнслэг туршлагуудаар амьдралаа тэнцвэржүүл.

Та нар номлолд байхдаа бусдын гэр оронд айлчилж очих нь ямар их чухал болохыг мэдэж авсан. Залуучууд та нар бүгдээрээ бүрэн цагийн номлол хийсэн эсэхээсээ үл хамааран, ганцаардсан, өвдсөн юмуу, урам нь хугарсан хүмүүс дээр зөвхөн даалгавар, үүрэг учраас биш, харин Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний хүүхдүүдийг чин сэтгэлээсээ хайрладаг учраас айлчилж очих нь чухал гэдгийг ойлгож байгаа хэмээн найдаж байна.

Номлолд үйлчлэхээр бэлтгэж буй ахлах сургуулийн сурагчид та бүхнийг би семинарт хамрагдан, төгсөхөд урамшуулан дэмжиж байна. Залуучууд та нар шашны институтэд бүртгүүлсэн байх хэрэгтэй.3 Хэрэв та Сүмийн ямар нэгэн сургуульд сурч байгаа бол улирал болгонд шашны боловсролын нэг хичээлийг оруулж бай. Нас бие хүрсэн хүний хувьд номлол, мөнхийн гэрлэлт ба амьдралдаа бэлтгэх энэ чухал үедээ та суралцаж, өсөж хөгжих, мөн Ариун Сүнсээр дамжуулан илчлэлт, удирдамж хүлээн авах арга замуудыг үргэлжлүүлэн хайж олох ёстой. Институт, семинарын эсвэл шашны боловсролын ангиудаар дамжуулан сайн мэдээний талаар хичээнгүйлэн, залбирч судлах нь зорилгодоо хүрэхэд тань та нарт туслах болно.

Та Сүмийн сургуульд болон коллежид сурдаг ч бай, үгүй ч бай, сайн мэдээнээс судлах цаг зав гарахгүй байна гэж бүү бод. Институт, семинар эсвэл шашны боловсролын ангиуд нь судраас болон бошиглогч, төлөөлөгчдийн сургаалаас судлах өөр нэгэн боломжийг танд гаргаж өгснөөр амьдралыг тань тэнцвэртэй болгон, таны иргэний боловсролд тус болно. Залуучууд та нарыг анхааралтай бодож үзээд, хамрагдаасай хэмээн миний урамшуулан дэмжихийг хүссэн дөрвөн гайхамшигтай анги шинээр нээгдээд байгаа.4

Танай орон нутгийн институтээс, эсвэл ганц бие залуучуудын тойрог эсвэл гадаснаас санал болгосон анги, үйл ажиллагаанууд нь та бүхэнд суралцаж, сүнслэг байдлаараа өсөж хөгжих, мөн хоорондоо харьцах үедээ бусад залуу эрэгтэй, эмэгтэйтэй хамт байж, нэг нэгнийгээ өргөн дэмжиж, сүнсээр нөлөөлөх газар байх болно гэдгийг бүү мартаарай. Ах нар аа, та нар гар утсаа хойш тавин, эргэн тойрноо сайн харвал, институт дээр ирээдүйн мөнхийн ханиа ч олж болох юм.

Ийм учраас би та нарын мэдэх нэгэн өчүүхэн зөвлөгөөг өгье. Ганц бие залуучууд та нар болзоонд явж, гэрлэх хэрэгтэй. Бүү хойшлуул! Би та нарын зарим нь гэр бүлтэй болохоос айж байгааг мэдэж байна. Гэхдээ та нар зөв хүнтэйгээ, зөв цагтаа, зөв газраа гэрлэх юм бол үүнээс айх хэрэггүй. Үнэндээ, та нар зөв байдлаар болзож, дотносон, гэрлэхэд “санаа сэтгэлээ бүрэн зориулбал” өөрт тулгарах олон асуудлын хажуугаар өнгөрч чадна. Эмэгтэйдээ мессеж битгий бич! Харин эргэн тойрондоо байгаа, Бурханы зөв шударга охидод өөрийнхөө дуу хоолойгоор өөрийгөө танилцуул. Бодит дуу хоолойг сонсох нь уг эмэгтэйг тийм гэж хэлэхэд нөлөөлж болох юм.

Ах нар аа, та бүхний амьдрал дахь засаж залруулах шаардлагатай бүх зүйлийг шийдвэрлэхэд тань Их Эзэн Есүс Христ Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан тусалж чадна гэдгийг би гэрчилж байна.

Энэхүү үдэш, маргаашийн Христийн амилсны баярын ням гаргийг тэмдэглэхээр бэлтгэж байхдаа та бүхэн надтай хамт цаг гарган, Христийн Цагаатгалын бэлгийг дурсан санана уу. Бидний Тэнгэрлэг Эцэг болон Аврагч Есүс Христ та нарыг хамгийн сайн мэддэг, мөн хамгийн их хайрладаг гэдгийг санаж байгаарай.

Цагаатгалаар дамжуулан Гэтэлгэгч бидний саад бэрхшээл, өвчин зовлон, гэм нүглийг Өөр дээрээ авсан билээ. Дэлхийн Аврагч Гетсемани дахь болон загалмай дээрх Өөрийн шаналлаар дамжуулан бидний унтарсан найдвар, туулсан сорилт бэрхшээл, амссан гай зовлонг мэдэрсэн учраас бидний хүн нэг бүрийг хувь хүнийх нь хувьд ойлгохын тулд ирсэн.5 Тэрээр биднийг хайрлах хайрынхаа эцсийн илрэл болгон амиа өгсөн бөгөөд тэрхүү шийдвэрлэх шөнө Түүнийг шинэ булшинд оршуулсан билээ.

Ням гаргийн өглөө Есүс үхэгсдээс амилж, бидний хүн нэг бүрд шинэ амьдралыг амласан. Амилсан Их Эзэн дараа нь Христэд итгэж, нүглээ наманчлахыг болон баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчихийг хүн бүрд заах эрх мэдлийг шавь нартаа өгсөн юм. Ах нар аа, бидний Бурхан Эцэг, цорын Ганц Хүүтэйгээ хамт бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн бөгөөд түүгээр дамжуулан Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн гэдгийг бид мэднэ.

Ах нар аа, хүчтэй бай. Бурханы тушаалуудыг сахь. Их Эзэн Есүс Христ зөв шударгаар хийхийг хүссэн бүхий л зүйл тань та нарынх байх болно хэмээн амласан байдаг. Сүмийн удирдагчид та бүхэнд найдаж байна. Залуучууд та бүхэн гэрлэж, үйлчилж, ирээдүйд тэргүүлэн удирдахад өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй байна. Үүний төлөө би Их Эзэн Есүс Христийн нэрээр даруухан залбирч байна, амен.