2010–2019
Эзэн бол миний гэрэл
Дөрөвдүгээр сар 2015


Эзэн бол миний гэрэл

Тойрог болон салбаруудын маань Христэд төвлөрсөн нэгдмэл байдал болон зөв шударга гэр бүлүүд гуйвшгүй, үнэнч байж, амьдралын өөд, уруугаас үл хамааран Аврагчийг дагах бидний чадварыг агуу ихээр хүчирхэгжүүлдэг

Энэхүү Христийн амилсны баярын үеэр бид Аврагч Есүс Христийн цагаатгалыг тунгаан бодож мөн үүнд баясдаг билээ.1

Дэлхийн ёс бус байдал нь хэврэг өртөмтгий, сул дорой байдлыг бий болгож байгаагаас дэлхий даяар эмх замбараагүй байдал тархжээ. Өнөөгийн харилцаан дахь ёс бус, тэгш бус мөн шударга бус байдал нь олон хүнийг амьдрал шударга биш гэж бодоход хүргэж байна. Эдгээр зовлон бэрхшээл нь хүнд хэцүү байж болох ч бидний төлөөх Христийн тэнгэрлэг өмгөөлөлд баясч мөн үүнийг тэмдэглэхэд бидэнд саад болох ёсгүй. Аврагч чухамдаа “үхлийг даван ялалтыг олно.” Тэрээр ач ивээл болон нигүүлслээр бидний гэм зэм болон нүглийг Өөр дээрээ авсан ба тийнхүү биднийг гэтэлгэж, наманчилж мөн Түүний нэрэнд итгэх хүн бүрийн төлөө шударга ёсны шаардлагыг хангасан юм.2

Түүний гайхамшигт цагаатгах золиослол нь мөнх бус хүмүүн ойлгож үл чадах онцгой ач холбогдолтой зүйл юм. Ач ивээлийн энэхүү үйлдэл нь ойлголтоос давсан амар амар амгаланг авчирдаг.3

Бид хэрхэн биднийг хүрээлсэн хатуу ширүүн бодит байдалтай нүүр тулах вэ?

Зураг
Some yellow flowers on a mound of dirt.

Миний эхнэр Мэри наран цэцэгт үргэлж дуртай байдаг. Эхнэр маань замын хажууд санаанд оромгүй газраар наранцэцэгс харагдахад маш их баярладаг юм. Бид өвөө, эмээгийнхээ амьдардаг байсан гэр рүү шороон замаар очдог байсан ба биднийг уг замаар явах үед Мэри “Бид өнөөдөр наран цэцэгсийг харах болов уу?” гэж уулга алддаг байлаа. Зэрлэг цэцэгс ургахад тийм ч таатай бус эд материалууд хөглөрсөн, тракторт нухлагдсан хөрсөнд наран цэцгүүд ихээр ургасан нь биднийг гайхшруулдаг байв.

Зураг
Yellow flowers by some water

Зэрлэг наран цэцэгсийн тохиромжгүй хөрсөнд ургаж чаддагаас гадна өөр нэг гайхалтай шинж чанар нь шинэхэн нахиа нь нарыг даган эргэдэг явдал юм. Ингэснээр нахиа амьдралыг тэтгэгч эрч хүчийг аван, дур булаам шар цэцэг болон дэлгэрдэг.

Бид яг л залуу наран цэцэг шиг дэлхийн Аврагч, Бурханы хүүг дагах үедээ биднийг хүрээлэх аймшигт нөхцөл байдлаас үл хамааран өсч хөгжин, бахдам сайхан хүмүүс болдог. Тэр үнэхээр л бидний гэрэл мөн амь билээ.

Аврагч үр тариа ба зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлдээ бусдыг гомдоож, ёс бусыг үйлддэг хүмүүс Түүний хаанчлалаас гаргагдах болно гэж шавь нартаа хэлсэн байдаг ба4 харин итгэлтэй хүмүүсийн талаар, “зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно”5 хэмээн хэлсэн байдаг. Бид хувь хүн, Христийн дагалдагчийн хувьд үймээн дундах дайсагнасан дэлхийд амьдарч байгаа бөгөөд хэрэв бид Аврагчийг хайрлах хайранд бат суулгагдаж, Түүний сургаалыг даруухнаар дагах юм бол өсч өндийн, цэцэглэх боломжтой юм.

Тойрог болон салбаруудын маань Христэд төвлөрсөн нэгдмэл байдал болон зөв шударга гэр бүлүүд гуйвшгүй, үнэнч байж, амьдралын өөд, уруугаас үл хамааран Аврагчийг дагах бидний чадварыг агуу ихээр хүчирхэгжүүлдэг.6

Гэрт хэдэн цаг болж байна

Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлийн үүрэг нь “Бидэнд аз жаргалыг авчирч, хайраар дүүрэн орчинд зөв зарчмуудад суралцаж, мөнх амьдралд бэлтгэгдэхэд туслахын тулд” юм.7 Гэр бүл дэх шашны гайхалтай уламжлал нь хүүхдүүдийн маань зүрх сэтгэлд гүн суулгагдах хэрэгтэй.

Миний нагац ах Ваун Робэрт Кимбалл сайн оюутан, хүсэл эрмэлзэлтэй зохиолч мөн Бригам Янгийн Их сургуулийн америк хөл бөмбөгийн багийн дамжуулагч байсан юм. Тэр 1941 оны 12-р сарын 8 буюу Сувдан Эрэг рүү довтолсны дараагийн өдөр Америкийн Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт элссэн юм. Тэрээр Нью-Иорк мужид томилогдсон үедээ Reader’s Digest сэтгүүлд богино өгүүлэл явуулсан байна. Сэтгүүл түүнд 200 доллар төлж, түүний “Гэрт хэдэн цаг болж байна” гэсэн өгүүллийг 1944 оны 5-р сарын нийтлэлдээ хэвлэжээ..

Reader’s Digest сэтгүүлд тэрээр нэгэн усан цэргийн үүднээс ингэж бичжээ:

“Гэрт хэдэн цаг болж байна:

Нью-Иоркийн Албанид нэгэн орой би нэг усан цэргээс цаг хэд болж байгааг асуув. Тэр халааснаасаа том гэгчийн цаг гаргаж ирээд, ‘7 болж байна’ гэлээ. Түүний цаг хоцорч байгааг би анзаараад, ‘Цаг чинь зогсчихсон юм биш үү?’ гэж асуусан юм.

“Тэр ‘Үгүй ээ, би Ютад хэдэн цаг болж байна, тэр цагаар явдаг юм. Би өмнөд Ютагаас ирсэн. Намайг тэнгисийн цэрэгт элсэхэд аав маань энэ цагийг надад өгсөн юм. Тэр энэ цаг надад гэр орноо дурсан санахад тусална гэж хэлсэн.

‘Цаг маань өглөөний 5-ыг заахад аав маань үнээнүүдээ саахаар явж байгааг би мэддэг юм. Бас энэ цаг оройн 7:30-ийг заахад гэр бүл маань хоол ундаар дүүрэн ширээ тойрж суугаад, аав маань ширээн дээрх хоолны төлөө Бурханд талархаж, Түүнээс намайг харж хандахыг гуйдаг юм … Би хүссэн үедээ цаг хэд болж байгааг мэдэж чадна. Миний мэдэхийг хүсч байгаа цаг бол Юта дахь цаг шүү дээ’”8 хэмээн хариуллаа.

Уг өгүүллийг явуулсныхаа дараахан нагац ах маань Номхон далайд үйлчлэхээр томилогдсон юм. 1945 оны 5-р сарын 11-нд түүнийг Окинава арлын ойролцоо USS Bunker Hill хөлөг онгоцонд үйлчилж байхад хөлгийг нь хоёр онгоц бөмбөгдсөнөөс болж9 400 шахам багийн гишүүд, түүний дотор миний нагац ах Ваун амиа алдсан юм.

Ахлагч Спэнсэр В.Кимбалл Вауны аавд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлээд, Вауны зөв зохистой байдал ба “надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно”10 хэмээх Их Эзэний баталгааг дурдсан юм. Вауны аав хэдийгээр Ваун тэнгист нойрссон ч Бурханы гар түүнийг тэнгэрлэг гэрт нь аваачсан гэж эелдгээр хэлсэн билээ.11

28 жилийн дараа Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл ерөнхий чуулганаар Вауны тухай ярихдаа “Би энэ гэр бүлийг сайн мэднэ. … Би [тэдэнтэй] хүчит залбиралд өвдөг сөгддөг байлаа. … Гэр бүлийн хүмүүжил нь энэхүү өнөр гэр бүлд мөнхийн адислалыг авчирсан юм” гэж хэлсэн юм. Тэр мөн “гэр бүл бүрийг өвдөг сөгдөн, өдөрт хоёр удаа охид, хөвгүүдийнхөө төлөө залбирч”12 байхад уриалсан билээ.

Ах эгч нар аа, хэрэв бид итгэлээр гэр бүлийн шашны уламжлал буюу—гэр бүлээрээ залбирч, судар судлан, гэр бүлийн үдэш хийж, санваарын адислалуудыг хүлээн авч, Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэвэл хүүхдүүд маань гэрт хэдэн цаг болж байгааг мэдэх болно. Тэд хүнд бэрх дэлхийд тэднийг унагах юу ч тохиолдлоо гэсэн тэнгэр дэх мөнхийн гэртээ бэлтгэгдсэн байх болно. Хүүхдүүд маань хайрлуулдаг гэдгээ мөн гэртээ аюулгүй байгаагаа мэдэх нь туйлын чухал юм.

Эхнэр, нөхрүүд адил тэгш хамтрагчид билээ.13 Тэд өөр өөр ч гэсэн хоорондоо уялдаатай үүрэг хариуцлагуудтай байдаг. Эхнэр нь бүхэл гэр бүлийг адисалдаг хүүхдүүд төрүүлж болно. Нөхөр нь мөн л бүхэл гэр бүлийг адисалдаг санваарыг хүлээн авч болно. Харин гэр бүлийн зөвлөлд эхнэр, нөхрүүд адил тэгш хамтрагчдын хувьд хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тэд хүүхдүүд нь хэрхэн сурч, хүмүүжихийг мөн санхүүгээ хэрхэн зарцуулж, хаана амьдрах зэрэг гэр бүлийн олон шийдвэрийг гаргадаг. Тэд эдгээр шийдвэрээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн, хамтдаа гаргадаг. Эдгээрийн зорилго нь мөнхийн гэр бүл юм.

Христийн гэрэл Бурханы бүх хүүхдийн зүрх сэтгэлд гэр бүлийн мөнхийн мөн чанарыг суулгадаг. Манай сүмийн гишүүн биш миний дуртай зохиолчдын нэг “Амьдралд маш олон зүйл ямар ч ач холбогдолгүй байдаг, [харин] … гэр бүл бол бодит, чухал, мөнхийн зүйл бөгөөд харж хандан, халамжилж, үнэнч байх ёстой зүйл юм”14 гэж хэлсэн байдаг.

Сүм нэгдмэл гэр бүлийн хувьд Аврагчид төвлөрөхөд бидэнд тусалдаг.

Гэр бүлээс гадна Сүмийн үүрэг нь чухал ач холбогдолтой юм. “Сүм Есүс Христийн сайн мэдээг Бурханы бүх хүүхдэд заах зохион байгуулалт, арга хэрэгслээр хангадаг. Авралын болон өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах хүсэлтэй бөгөөд зохистой бүх хүнийг адислах санваарын эрх мэдэл Сүмд байдаг”15.

Дэлхий дээр зөрчилдөөн, ёс бус байдал газар авч, ялгаатай соёлууд мөн шударга бус байдалд ихээр анхаарах болжээ. Харин сүмд дохионы хэлтэй нэгжүүдээс бусад тойрог, салбар газарзүйн хувьд л ялгаатай байдаг. Бид зиндаа эсвэл зэрэглэлээрээ хуваагддаггүй.16 Бид бүх үндэстэн мөн соёл нэгэн зөв шударга цуглаанд нэгдсэн байдагт баясдаг. Тойргийн маань гэр бүл бидний өсөлт хөгжилт, аз жаргал болон Христтэй илүү адил болох хувийн хичээл зүтгэлд маань чухал ач холбогдолтой байдаг.

Соёл уламжлал нь ихэнхдээ хүмүүсийг хооронд нь тусгаарлаж, заримдаа хүчирхийлэл болон гадуурхлын эх сурвалж болдог.17 Мормоны номонд хүчирхийлэл, дайн, чөтгөрийн үйлс, шударга бус байдал, бүр хүмүүс болон үндэстний сүйрэл рүү хөтөлсөн ёс бус эцгүүдийн уламжлалыг дүрслэхдээ хамгийн сэрдхийм хэллэгүүдийг хэрэглэсэн байдаг юм.18

Бид бүгдэд тун чухал Сүмийн соёл уламжлалыг 4 Нифай судрууд дундаас хамгийн сайн тайлбарладаг юм. 2-р шүлэгт “нутгийн бүх гадаргуу дээр, уг хүмүүс, нифайчууд болон леменчүүд аль аль нь, бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдэв, мөн тэдний дунд зөрчилдөөн мөн арцалдаан байсангүй, мөн хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа” хэмээн гардаг. Мөн 16-р шүлгээс бид “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” хэмээн уншдаг. Мөн “хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир” ямар ч зөрчилдөөн байгаагүй юм.19 Энэ л бидний хүсэж хүлээдэг соёл уламжлал билээ.

Соёл уламжлалын гүн гүнзгий үнэ цэнэ, итгэл үнэмшил нь биднийг тодорхойлох гол зүйл юм. Бид золиослол, талархал, итгэл болон зөвт байдлын уламжлалыг хайрлаж, хамгаалах ёстой. Итгэлийг хүчирхэгжүүлдэг уламжлалуудаа гэр бүлүүд хайрлаж, хамгаалах ёстой.20

Аливаа соёлын хамгийн чухал хэсгийн нэг бол хэл юм. Намайг Калифорнийн Сан Францискод гадасны ерөнхийлөгчөөр үйлчилсэн 15 жилийн хугацаанд тэнд 7 өөр хэлтэй нэгжүүд байсан юм. Сүмийн гарын авлагад эдгээр нэгжийг Өөр хэлээр ярьдаг нэгжүүд гэдэг. Бидний сургаал хэлүүдийг хүндэлдэг бөгөөд энэ талаар Сургаал ба Гэрээний хэсэг 90, 11-р шүлэг дээр: “тэрхүү өдөр хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно” хэмээдэг.

Бурханы хүүхдүүд Түүнд төрөлх хэлээрээ залбирах үед энэ нь тэдний зүрх сэтгэл дэх гүн гүнзгий бодол, мэдрэмжээ илэрхийлэх хэл нь байдаг юм. Зүрх сэтгэл дэх гүн гүнзгий бодол, мэдрэмжээ илэрхийлдэг хэл нь бүх хүнд эрхэм зүйл гэдэг нь тодорхой.

Миний ах Жосеф Сан Францискод тэнгисийн эрэгт олон жил дадлага туршлага олж авсан анагаахын эмч билээ. Нэгэн өдөр шинэ өвчтөн болох ахимаг насны Самоа үндэстэн сүмийн гишүүн түүний өрөөнд ирсэн ба биеийн байдал нь хүнд байв. Тэрээр бөөрний чулуутай нь оношлогдсон ба зохих эмчилгээг хийлгэжээ. Итгэлтэй гишүүний ирсэн жинхэнэ зорилго нь юу болохгүй байгааг ойлгох л байсан ба тэгснээр тэр Тэнгэрлэг Эцэгтээ эрүүл мэндийнхээ талаар Самоа хэлээр залбирч чадах байлаа.

Гишүүд сайн мэдээг зүрх сэтгэл дэх хэл дээрээ ойлгох нь чухал бөгөөд тэгснээр тэд сайн мэдээний зарчмуудын дагуу залбирч мөн үйлдэж чадна.21

Хэдийгээр гайхалтай урам зориг өгдөг соёл уламжлал болон хэлнүүдийн ялгаатай байдал байдаг ч бид хайр болон нэгдмэл байдалд сэтгэл зүрхээрээ холбоотой байх ёстой.22 Их эзэн “хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг. … нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой”23 хэмээн онцолсон байдаг. Бид зохих соёлын ялгаануудыг хүндэтгэдэг ба бидний зорилго бол бүх арга замаар Есүс Христийн сайн мэдээний уламжлал, заншил болон соёлд нэгдмэл байх явдал юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүм нь хэзээ ч ийм хүчирхэг байгаагүй

Зарим гишүүн өөрсдийн итгэл болон гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг эрэлхийлэх үедээ асуулт болон асуудлуудтай тулгардгийг бид мэднэ. Бид их ч бай, бага ч бай асуудалтай байгаа хүмүүст шүүмжилсэн, шүүсэн байдлаар хандахгүй байх хэрэгтэй. Мөн асуудал бэрхшээлтэй байгаа хүмүүс итгэл болон гэрчлэлээ өсгөхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Асуулт болон асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сайн аргууд нь тэвчээртэй байж, даруухнаар суралцаж, тунгаан бодож, залбирч, сайн мэдээний зарчмуудаар амьдран, зохих удирдагчаасаа зөвлөмж авах явдал юм.

Өнгөрснийг бодвол өнөө үед илүү олон гишүүн Сүмийг орхиж байна бас илүү их эргэлзээ, итгэлгүй байдал байна гэх зарим хүмүүс байна. Энгийнээр хэлэхэд энэ нь үнэн биш юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүм нь хэзээ ч ийм хүчирхэг байгаагүй. Сүмийн бүртгэлээс нэрээ хасуулахыг хүссэн гишүүдийн тоо нь үргэлж маш бага байсан ба сүүлийн жилүүдэд бүр өмнөхөөсөө ч илүү бага байна.24 Ариун сүмийн эрхийн бичигтэй хувийн хишгээ хүртсэн гишүүд, аравны нэгээ бүрэн төлдөг насанд хүрэгчид болон номлолд үйлчилж буй гишүүдийн тоон үзүүлэлт нь үнэхээр өндөр байгаа. Би Сүм хэзээ ч ийм хүчирхэг байгаагүй гэж дахин хэлмээр байна. Гэхдээ “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун.”25 Бид хүн бүхэнд туслахыг хүсдэг.

Хэрэв танд тулгарсан хүнд хэцүү байдал нь найдваргүй, бэрхшээлтэй, даван туулах бараг боломжгүй мэт санагдаж байгаа бол Аврагч Гетмеманид сүнсээрээ тарчлан, Калварийн толгод дээр ухааршгүй ихээр зовж шаналан, цагаатгалыг гүйцэлдүүлсэн ба ингэснээрээ бидний амьдралын хамгийн хүнд бэрхшээлүүдийг шийдэж өгсөн гэдгийг санаарай. Христ үүнийг таны төлөө бас миний төлөө хийсэн юм. Тэр бидэнд хайртай учраас мөн Эцэгтээ хайртай, Түүнд дуулгавартай байдаг учраас үүнийг хийсэн юм. Бид бүр тэнгисийн гүнд байсан ч үхлээс аврагдах болно.

Энэ амьдрал болон мөнх амьдрал дахь бидний аюулгүй байдал нь хувь хүний болон гэр бүлийн зөв шударга байдал, Сүмийн ёслолууд ба Аврагчийг дагаснаар ирэх болно. Энэ нь биднийг аюулаас хамгаалах бэхлэлт юм. Ганцаараа мэт санагдаж байгаа хүмүүсээ, Цагаатгал та бүхнийг хамгаалж, ойлголтоос чинь илүүгээр адислах болно гэдгийг мэдсэнээр та нар зөв шударга байдалд тууштай байж чадна.

Бид Аврагчийг санаж, гэрээнүүдээ сахин, залуу наран цэцэг нарны туяаг дагадаг шиг Бурханы Хүүг дагах хэрэгтэй. Аврагчийн гэрэл болон үлгэр жишээг дагах нь бидэнд баяр хөөр, аз жаргал, амар амгаланг авчирна. Дуулал 27 болох миний дуртай сүмийн дуулалд “ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм”26 хэмээн тунхагладаг.

Энэхүү Христийн амилсны баярын өдрүүдээр Аврагчийн төлөөлөгчдийн нэгнийх нь хувьд би Есүс Христийн цагаатгалыг чин сэтгэлээсээ гэрчилж байна. Тэр амьдыг би мэднэ. Түүний дуу хоолойг би мэднэ. Би Түүний бурханлаг байдал болон Цагаатгалын бодит байдлыг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. 2 Nephi 9:20–22-ыг үзнэ үү.

  2. Мозая 15:8–9-ийг үзнэ үү.

  3. Филиппой 4:7-г үзнэ үү.

  4. Матай 13:41-ийг үзнэ үү.

  5. Матай 13:43.

  6. Сургаал ба Гэрээ 115:5–6-г үзнэ үү.

  7. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.1.4.

  8. Ваун Робэртс Кимбалл,“Гэрт хэдэн цаг болж байна,” Reader’s Digest, 1944 оны 5-р сар, 43.

  9. Letter from G. A. Seitz, Captain, U.S. Navy, USS Bunker Hill, dated May 25, 1945, to Vaughn Kimball’s father, Mr. Crozier Kimball, Draper, Utah.

  10. Спэнсэр В.Кимбаллын 1945 оны 6-р сарын 2-нд Крозийр Кимбалл руу бичсэн захидлыг үзнэ үү; Сургаал ба Гэрээ 42:46.

  11. Крозийр Кимбалл, Марва Жийн Кимбалл Пэдэрэн, Vaughn Roberts Kimball: A Memorial (1995), 53.

  12. Спэнсэр В.Кимбалл, “The Family Influence,” Ensign,, 1973 оны 7-р сар. Тэр үед Спэнсэр В.Кимбалл Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч байсан юм.

  13. “Гэр бүл:Дэлхий дахинаа өргөх тунхаг” Ensign эсвэл Лиахона,и2010 оны 11-р сар, 129.

  14. Карла Карлисл, “Pray, Love, Remember,” Country Life,, 2010 оны 9-р сарын 29, 120

  15. Гарын авлага 2, 1.1.5.

  16. 4 Нифай 1:26-г үзнэ үү.

  17. Соёлын талаар өнөөгийн дэлхийд их ярилцдаг. 2014 онд соёл гэдэг үг нь бүр Merriam-Webster.com-ын оны хамгийн чухал үгээр шалгарсан юм.

  18. Алма 9; Хиламан 5-ыг үзнэ үү.

  19. 4 Нифай 1:15.

  20. Германы философич Гёте, “Эцгээсээ өвлөж ирсэн зүйлийг чи үнэхээр эзэмшихийг хүсвэл чи үүнийг өөрийнхөө төлөө авах хэрэгтэй” (Johann Wolfgang von Goethe, Faust, trans. Bayard Taylor [1912], 1:28) гэж бичжээ.

  21. Энэ нь Сүм яагаад 50 хэлээр сайн мэдээг түгээж, 110 хэлээр Мормоны номыг орчуулсан шалтгаануудын нэг юм. Гэсэн хэдий ч дэлхий даяарх нэгэн бэрхшээл бол таны амьдардаг улсын хэлийг сурах юм. Эцэг, эхчүүдийн хувьд бид өсч буй үеийнхнийг амьдрарч байгаа улсынхаа хэлийг сурахад нь туслахын тулд золиослол гаргах хэрэгтэй. Тэр хэлийг зүрх сэтгэлийнхээ гүнд шингээхэд тэдэнд тусал.

  22. Мозая 18:21-ийг үзнэ үү.

  23. Сургаал ба Гэрээ 38:25, 27.

  24. Сүүлийн 25 жилд Сүмийг орхисон гишүүдийн тоо багасч, Сүм бараг хоёр дахин өргөжсөн. Орхисон гишүүдийн хувь маш багассан.

  25. Сургаал ба Гэрээ 18:10.

  26. Дуулал 27:1; мөн “The Lord Is My Light,” Hymns, 89-р дууллыг үзнэ үү.